Monday, March 22, 2010

Арилдий - Гладиолус

Гладиолус (Gladiolus L.) Монгол нэршил нь АРИЛДИЙ (төвд гаралтай үг: жад, сэлэм). 
Суулгах газраа сонгох 
Гладиолус гэрэл, хөрс, чийгэнд өндөр шаардлага тавьдаг байна. Гладиолусын суулгасан талбай байнга гэрэлтэй байх ёстой гэнэ. Хэрэв өглөөгүүр сүүдэртэй байдаг газар ургуулавал цэцэг 15-20 хоног хоцорч гарна. Хэрэв огт нар үзэхгүй бол бүүр ч цэцэглэхгүй байж болно. Агаарын солилцоо муу явагддаг газар өвчиллөх дуртай. Нэг газар хэдэн жил дарааллаад ургуулаад байж болохгүй. Буруу сонгосон газарт цэцэглэх нь муу байхаас гадна дараа жил ургах бүрэн бүтэн сонгино гаргахгүй юм байна. 
Булцуугаа шилж авах
Гладиолус доороо булцуутай байдаг. Булцууг шилэхдээ сортыг нь болон булцууг нь өөрийг нь сайн харж авна. Монгол хүйтэн, зун богино тул эрт цэцэглэдэг сорт сонгосон нь дээр. Жишээ нь, америкийн сортууд манайд ургахдаа муу байдаг, амархан өвддөг, ихэнхдээ үхдэг, дараа жил ургах эрүүл, хүч тэнхээтэй булцуу өгдөггүй.
Булцуу хатуу, элдэв үнэргүй байна
Анх тарьж үзэж байгаа бол энгийн сортоос эхэлсэн нь дээр. Сонгиныг авахдаа Монголын уур амьсгалд дассан, нутагшсан цэцэгний булцуу авах нь дээр. Эсвэл манайхтай төстэй уур амьсгалтай орны сортууд дээр. Өвчтэй, далий, гэмтэлтэй зэрэг сонгиныг шууд хаях хэрэгтэй. Хамгийн сайн нь том хэмжээтэй, урд нь суулгаж байгаагүй, цэцэглүүлж байгаагүй булцуу байдаг. Ийм булцуу нь цилиндр хэлбэртэй жижигхэн ёроолтой байдаг. Харин хөгшин булцуу нь хавтгай, ёроол том байдаг. Хөгшин булцуу муу ургадаг, заримдаа намар үхдэг. Хөгширөх тусам булцуу навтайдаг. Үүгээр нь бас хөгшин залууг мэдэж болно.
Урд нь цэцэглэж байгаагүй булцуунаас нэг цэцэг гардаг бол 1-2 цэцэглэж байсан булцуу дээрээ хэд хэдэн цэцгийн иштэй байдаг. 1-2 цэцэглэж байсан дунд насны сонгино нь огт суулгаж байгаагүй сонгиныг бодвол арай навтгардуу, ёроол томорсон, 2-3 цэцэг гаргах чадвартай байдаг. Харин 5 дээш насны хөгшин булцуу нь бүүр хавтгай, дарагдсан мэт, ёроол нь том - 2,5см-ээс дээш хэмжээтэй. Ийм булцууг шууд устгасан нь дээр.
Үүнээс гадна залуу, гэхдээ жижигхэн булцуу авч болохгүй. Эхний жил та зүгээр томруулах ажилтай болно. Ийм булцууг цэцэглүүлж болдоггүй.
Нэг булцуу 4-5 нас насладаг гэж бодоход ийм жижиг сонгино 2-3 удаа л цэцэглэнэ гэсэн үг. Мөн залуу, жижиг булцуунаас жижигхэн, намхан, хүч муутай цэцэг гардаг. Ихэвчлэн 9 сард цэцгийн сумаа гаргадаг. Үүнээс болоод ийм булцуу томорч амждаггүй.
Монголын нөхцөлд халуун бүсийн орнуудад ургуулж байсан булцуу нутагших нь муу байдаг. Хичнээн том хэмжээтэй байсан ч манайд дасдаггүй талтай. Дулаан зун байвал сайхан цэцэглэдэг ч дараа нь маш амархан хөгширч, үхдэг байна. Харин бороо ус ихтэй хүйтэн зунд ийм булцууг хөрсөнд суулгангуут шууд үхдэг.
Суулгахад бэлдэх
Манайд зун нь богинохон, цэцэглэхийг харах гэсээр байтал намар болдог. Иймд булцуут цэцгүүдийг урьдчилж томруулж бэлдэх хэрэгтэй. Хөрсөнд суулгахаас нэг сарын өмнө хадгалсан газраас гаргаад маш болгоомжтой, цухуйж байгаа соёог хугалалгүй хуучин хальснаас цэвэрлэнэ. Дараа нь хайрцаганд нэг үеээр өрж тавьна. Байрлуулах газар дулаан, нарлаг, хуурай байх ёстой - соёолж гарч ирсэн навч хурдан ургана, харин үндэс ургахгүй байх ёстой. Цэвэрлэх явцад өвчтэй булцууг ялгаж хаядаг.
Хэрэв гэмтсэн талбай жижиг бол тэр хэсгийг тайрч, зүссэн газар шарханд түрхэдэг ногоон уусмал түрхэж өгнө.
  
Хөрс бэлдэх
Бага зэрэг хүчилтэй, шаварлаг, элсэрхэг хөрс тохирдог байна. Задгай талбайд ургуулдаг бол намраас гладиолус тарих гэж байгаа талбайгаа ялзмагаар бордож өгнө. Гладиолусын үндэс хөрсрүү гүн ургадаг.
 
Суулгалт
Хөрс гэсэж 20 см-ийн гүнд +8-10 С хэмтэй болж ирэхэд (6 сард) суулгаж эхэлдэг. Эхний хоёр долоо хоног булцуу үндэслэж байдаг тул бага зэргийн цочирол хүйтрэлтийг тоохгүй гэнэ. Суулгацаа гялгар уутаар бүтээж болно. Дулаан цаг агаар тогттол гялгар уутыг авахгүй. Булцууны хэмжээнээс болон хөрснөөс шалтгаалж хэр гүн суулгах вэ гэдэгийг шийддэг. Булцууны хэмжээ том байх тусам гүнзгий суулгадаг (7 - 15 см).
Хүнд хөрстэй газар гүн суулгадаггүй, хөвсгөр хөрстэй газар илүү гүн суулгадаг. Булцуу хоорондын зай мөн л хэмжээнээс нь хамаардаг. 6-15 см эгнээндээ, 20-25 см эгнээ хоорондын зай. Том, жижиг булцууг ялгаж тус тусад нь суулгасан нь дээр. Хэрэв ямар нэгэн шалтгаанас болж заавал хамтад нь суулгахаар бол жижиг булцууг урд талаар нь (нар илүү үзэхээр) суулгадаг.
Сетка-нд хийгээд задгай талбайд суулгахад намар ухаж авахад амар байдаг.
Арчилгаа
Гладиолусын арчилгаанд: усалгаа, хөрс сийрэгжүүлэх, бордоо гэх зүйлүүд орно. Гладиолусыг долоо хоногт 1-2 удаа сайн усалдаг. Бүлээн усаар усална. Усалгаа болгоны дараа хөрсийг сийрэгжүүлнэ. Гладиолус нь гадаа ургадаг цэцэг тул 17 цагаас өмнө усалдаг. Харанхуй болохоос өмнө навч хатсан байх ёстой.
Бордооны хэмжээ хөрсний тэжээллэг чанараас шалтгаалдаг. Дараах бүдүүвчийг дагаж болно:
1. Хоёр дахь жинхэнэ навч гарч ирэнгүүт азотоор бордож өгнө;
2. Цэцгийн бундуу үүсэж байхад (гурав дахь жинхэн навч ургаж дуусахад) азот+фосфор+калий гэсэн бордоогоор;
3. Гурав дахь бордоо нь цэцэг гарч ирэхэд - калий+фосфор;
4. Дөрөв дэх тэжээл цэцэг дэлгэрэхэд - калий+фосфор;
5. Тав дахь нь - цэцэглэж дуусахад - фосфор+калий
Минерал болон органик бордоог ээлжилж хэрэглэж болно.
Сүүлийн тэжээлийг ухаж авахаас нэг сарын өмнө өгдөг.
Цэцэг тайрах
Том цэцэгтэй сортыг уяагаар дээш сойх, эсвэл тулгуур модонд боох зэрэг арга хэмжээ авахгүй бол далий ургадаг.
Цэцэг зөв тайрч авна - цэцгийн ишийг хоосон, навчгүй үлдээж болдоггүй. Аль болох ишийг навч ихтэй үлдээдэг. Зөв тайрах арга байдаг: тайрах газраа навчийг хумиж дээш бариж байгаад хурц хутгаар цэцэгний ишийг нэвт хатгана, дараа нь цэцэгний ишийг хоёр тийш эргүүлж байгаад татаж авна. Навчны гаднаас нэвт хатгаж байгаа тул навч зөвхөн зүсэлттэй үлддэг байна. Гладиолусыг өглөө үүрээр, эсвэл орой нар жаргасны дараа тайрдаг.
Усанд хийсэн цэцэг
Гладиолусын цэцэг усанд 10-15 өдөр болдог. Нэг нэгээр нь цэцэгээ дээш дэлбээлээд байдаг. Усанд дотор цэцгийн үзүүрийг шинээр тайрч өгдөг. Эхний цэцэг дэлгэртэл хүлээнэ. Сэрүүн газар, нарны шууд тусгалаас хол байлгавал цэцэг удаан байдаг. Усанд модны нүүрс, эсвэл мөнгөн эдлэл хийдэг. Мөн зарим эх сурвалжууд зөвлөхдөө элсэн чихэр (50 г 1 литрт), нашатыр спирт, аспирин, алка-зелтцер, эсвэл давс хийх сайн гэсэн байдаг. 
Булцуу хураах
Хэзээ хураахаа мэдэж байх чухал. Жирийн нөхцөлд цэцэглэлт дууссанаас хойш, эсвэл цэцэг тайрснаас хойш 4 долоо хоногийн дараа булцуу бүрэлдэж дуусдаг. Хугцаанаас өмнө ухаж авах хэрэггүй. Нөгөө талын сонгинон булцуут ургамал хөрсөнд удаан байх тусам өвчлөх магадлал их байдаг. Манай намар хүйтэн, шөнө өдрийн агаарын температур эрс хэлбэлздэг, үүнээс болоод мөөг мөөгөнцрийн гаралтай өвчин их гардаг.
Юуны түрүүнд эрт цэцэглэдэг болон мөөгөнд тэсвэр муутай сортуудын булцууг хураана. Энэ нь цэнхэр, чернилэн ягаан, цайвар чернилэн ягаан, тод улаан, улаан хүрэн зэрэг өнгийн цэцгүүд байдаг байна. Ухаж авсан булцуугаа хөрснөөс нь салгаад, хэрэгтэй гэж үзвэл угаагаад, үндэсийг нь тасдаад, дээрх ишнээс 5 см үлдээгээд бусадыг тайрна.
Зулзагнуудыг эх  булцуунаас шууд салгаж болно, эсвэл хөрснөөс ухаж гаргаснаас 7 хоногийн дараа салгаж болно.
Хатаах, хадгалах явцад доод ёроолоор хамаг чийг ууршиж алга болдог. Иймд жижиг болон гүйцэт ургаагуй булцууны үндэсийг тайрах хэрэггүй.
Дараа нь 2 долоо хоног 35-40С хэмд булцуугаа хатаадаг. Үүний дараа 2-3 долоо хоног жирийн тасалгааны хэмд ил хаддгална. Эхнээс нь тасалгааны хэмд хадгалж болно. Гэхдээ хатаах хугацаа 2 сар байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар булцуут сонгиныг дутуу хатааж байснаас хэт хатаасан нь дээр гэнэ. Учир нь дутуу хатаасан сонгино бага зэрэг хадгалалтын горимыг алдахад шууд өвчлөөд, ялзраад эхэлдэг байна.
Булцуу хадгалах нөхцөл
Үрсэлгээний булцууг +4-7С хэмд, 80% чийгтэй газар хадгална. Гэрийн нөхцөлд энэ нь хөргөгчний доод тавцан байж болно. Хасах хэмтэй газар булцуу хөлддөг, халуун дулаан, хуурай газар булцуу бүүр хатаж үхнэ, халуун дулаан чийгтэй газар булцуу хугацаанаасаа өмнө амралт үеэсээ гарч ургаж эхэлнэ. Булцууг сортоор нь, том жижиг хэмжээгээр нь ангилаад цаасан уутанд эсвэл даавуун уутанд савлаж хийнэ. Үүнийг залхууралгүй хийгээрэй!
Булцууг ялгалгүй бөөнөөр нь хадгалах тохиодолд хавар үүнээсээ хамгийн томоос нь шилж авч суулгаад, 8 сард адилхан нэг төрлийн цэцэг гараад байна.
Нууц нь маш амархан - сорт бүр өөр өөрийн үржих онцлогтой, өөр өөр хугацаанд цэцэглэдэг, нэг нь зулзаган булцуу гаргаж амжсан бол нөгөө нь гаргаагүй г.м. Ихэнхдээ хамгийн том, эрүүл булцуу хамгийн энгийн, "царай муутай" сортынх байдаг. Иймд сорт бүрийг тус тусад нь өөр өөрийн онцлогт нь тааруулж хадгалах ёстой. Өвөлдөө хэд хэдэн удаа гаргаж шалгана. Өвчилсөн булцууг шууд хаяна. Хадгалж байгаа хүүдийтэй булцуун дунд сармисны хумс хэд хувааж хийж болно.
Үржүүлэх арга
Гладиолусын булцуу жил бүр олон зулзага өгдөг. Булцуу ойролцоогоор 4-5 жил ургуулдаг байна. Иймээс зулзаган булцууг томруулж сортоо шинэчилж байдаг. 
Зулзаган булцууг том сонгиноос эрт суулгадаг. Хэрэв хэт их зулзаган булцуу байвал хамгийн томоос шилж суулгаж болно. Суулгахын өмнө хальснаас нь цэвэрлэнэ. Энэ нь их ажиллагаатай байдаг ч хэрэгтэй зүйл юм. Цэвэрлээгүй булцуу 60 хонож байж ургаж эхэлдэг бол арилгасан нь 7-14 хоноод соёолдог байна.
Үүнээс гадна суулгахаас өмнө ургалт хурдасгадаг идэвхижүүлэгч бодис шингээсэн нойтон даавуунд булцууг боож байлгадаг. Эсвэл идэвхижүүлэгчтэй чийгтэй элсэнд байлгадаг. Идэвхижүүлэгчтэй усанд сонгиноо хийж болохгүй.
Хуваасан булцууны хэсэг бүр дээрээ нэг болон түүнээс дээш ургах цэг байх ёстой.
Зулзаган булцууг нэг зуны дотор сайн томруулахын тулд байнга арчилж байх хэрэгтэй байдаг. Залуу цэцгийг 5-6 хоногт нэг удаа бордож өгдөг, 10-12 хоноод навчаар нь борддог - ургалт идэвхижүүлэгчийг усанд найруулж шүршиж байна. Хөрс тогтмол чийглэг байх ёстой. Хатааж болохгүй.
8 сараас эхэлж калий, фосфортой бордоогоор борддог. Хэрэв намар дулаан байвал зулзаган булцууг 9 сар дуустал хөрсөнд нь байлгаж болно.
Зулзаган булцууг хамгийн сүүлд ухаж авдаг. Үндэсийг нь тайрах хэрэггүй, богиносгоод үлдээнэ. Булцууг хатааж хадгална. Зулзаган булцууг 2 долоо хоног хатаадаг. Хадгалах горим: +2-4С хэм 90-95% чийгтэй газар.
Өөр нэг үржүүлэх арга - булцуу хуваах. Дээрээ нэгээс дээшургах цэгтэй булцууг доорх аргаар хуваана:
 
Хоёр ургах цэг байна
 
Хуваагаад, зелёнка түрхээд хэдэн өдөр хатаагаад суулгана.

4 comments:

  1. Сайн уу Урнашка? Арилдийг монголоор бас Хонгорзул гэдэг юмуу? Хонгорзул гэж өөр цэцэг биш билүү? Өнөөдөр нэг монгол номон дээрээс тэгж уншлаа. 1000

    ReplyDelete
    Replies
    1. Sain bn u, 1000ashka. Zee n ochih geed zavgui bgaa bh gesen chin bas tsetseg navcnii ner unshaad baigaa yum bainadaa. :-))))
      Mongol nershil uneheer hetsuu yum bilee. Monstera gehed l alban yosnii 3 nertei baih jisheenii. Tegeed bi Botanic neriig n barihaar shiidsiishdee suuldee. Arildiig humuus hongorzul gej nerleed bdg yum baina lee. Gehdee alban yosnii ner gej medeegui, Yarian dundaa l tegej nerleed bhiig hed hed sonsson.

      Delete
    2. Зээ маань ирчихээд найз нь хөөрүү байнаа хөөрүү байна. Гэхдээ зарим юмыг завчилаад л байна. Тэр ном Шүүдэрцэцэг гэдэг зохиолчийн "Хүслийн цахлай" гэдэг нэртэй. Гэхдээ надад нэг их таалагдсангүй, санасныг бодвол сулхан бичдэг хүн юм байна. За тэр ч яахав. Харин энэ номныхоо сүүл хэсгээр хэдэн цэцгийн тухай цухас юм оруулж, домог голдуу өгүүлсэн байна. Тэр нь ч тийм их сонирхолтой биш юм. Нэг өгүүлэлдээ л энэ Арилдийг Хонгорзул гэж нэрлэсэн байхаар нь би гайхаад. Тэнд бичигдсэнийг би албан ёсны гэж бодохгүй байна. Харин чи минь л ёстой найдвартай мэдээлэл агуулагч шүү дээ. За энэ Гладиолусыг Арилдийгаар нь л үлдээе. Баярлалаа Урнашка. 1000

      Delete
    3. kkkkk, baahan gantsaaraa ineelee. Hugjiltei shuu.

      Delete