Monday, March 21, 2011

Хувирамтгай гибискус

Hibiscus mutabilis
Латин нэр: Hibiscus mutabilis
Oрос нэр: Гибискус изменчивый
Хувирамтгай гэсэн нэр нь цэцэгний дэлбээний өнгө өөрчлөгддөгөөс үүдэлтэй гэнэ. Анх дэлбээлэхдээ зөөлөн цагаан өнгийн цэцэг гардаг бол дараа өдөр нь ягаарсаар, хөгшрөх тусам гүн ягаан болно. Хувирамтгай гибискус гэж навчаа гөвдөг бут, мөн 3-5 м өндөр ургадаг мод байдаг. Навч нь том (ойролцоогоор 20х20 см), шүдэлсэн, хим цэцэгний навчтай төстэй.
Malvaceae бүлийн олон наст ургамал. Бусад нэршил: Лотос мод, хятад гибискус, өөрчлөгддөг гибискус, галзуу сарнай (rosa loca), хөвөн сарнай. Хятадын дулаан бүс нутагт ургадаг. Хятадад үүнийг өвчин намдаагч болгож хэрэглэдэг байна.
Дэлбээлсэн цэцэг ойролцоогоор 1-2 хоног болоод унадаг. Энэ хугацаанд цагаанаас - үзмэн ягаан хүртэл өнгө нь хувирдаг байна. Хувирамтгай гибискус нь давхар дэлбээтэй бас байдаг байна. Давхар дэлбээтэй сортууд нь энгийн дэлбээтийг бодвол удаж дэлгэрдэг ба цэцэг нь 3-4 хоног байдаг байна. 
Гибискус нь ургахдаа хурдан. Нэг жилийн дотор 35 см дээшээ, 35-40 см өргөөшөө ургадаг байна. Ургах нөхцөл нь бусад гибискустай адилхан. Нарлаг газар байх дуртай, маш халуун зун хагас сүүдэрxэг газар байлгана. Зундаа сайн шүршинэ. Хөрс сайн дренажилсан, сул хүчилтэй, тэжээллэг байна. Усалгаа - тохируулж, багавтар. Сүүдэрт байлгавал маш олон навч гаргаад, цэцэглэхгүй байгаад байна. Иймээс нарны гэрэлд байлгах хэрэгтэй. Хурц үдийн нарнаас халхална.

Үрээр болон хагас модорхог мөчирөөр (7-10 см) үржүүлдэг. Мөчир нь хятад сарнайг бодвол амархан үндэслэдэг (усанд эсвэл хөрсөнд). Үрслүүлж байгаа мөчрөө хүлэмжинд байлгана. Урт мөчир үндэслүүлэх бол навчны талыг тайрч, уурших талбайг багасгах хэрэгтэй.
 
Үрээр тарих бол 1-2 өдөр бүлээн усанд дэвтээх, мөн дээр нь хурдан ургуулах бодис нэмэж болно. Жижгэвтэр саванд дренаж хийгээд, дээр нь бага зэрэг хүчилтэй, хөвсгөр хөнгөн хөрс дүүргэнэ. Үрнүүдээ хөрсөнд шигтгэж тавьна, гүн булах хэрэггүй. Услаад гэрэл ихтэй газар (шууд нарны хурц гэрэлд бус) байршуулна. Агаарын хэм +20-25 С байна. Хэдэн өдрийн дотор задарч ургадаг. Эхний жилдээ цэцэглэнэ.
Дан дэлбээтийг үрээр тарьвал давхарыгаа бодвол түрүүлж цэцэглэдэг. Давхар цэцэгт нь дэлгэрээд 3 хонож байж хагдардаг. 
Тасалгаанд ургуулахад усалгаа бага зэрэг, хөрсний дээд хэсгийг хатаасхийж байгаад дараагийн усалгааг хийнэ. Зун гадаа тагтан дээр гаргадаг ба усалгааг халуун нар гарахаас өмнө өглөө эрт хийдэг. Ургах тасалгааны хэм +20-26С байна.
Агаар чийглэг байх тусам сайн. Зуны халуунд навчны товгор хээ алга болдог. Сэрүүн болонгуут буцаад товгор хээтэй болно. Өвөл зунгүй усаар шүршиж өгөх хэрэгтэй. Гэхдээ ургамлыг өөрийг нь бус орчин тойрны агаарыг манантуулж шүршинэ.
Үрсэлгээ салаалахдаа муу тул чимхэлт үе үе хийж байна. Хавар эрт тайралт хийж хэлбэржүүлдэг. Залуу модыг жил бүр хавар шилжүүлж суулгана. Хөгшин модны хөрсний дээд хэсгийг нь хусаж, шинэ хөрсөөр сольж байна. Бордоог 4 сараас 9 сарын хооронд 10 хоногт нэг удаа цэцгээр гоёсон ургамлын бордоогоор борддог (калий, фосфор илүү агуулсан бордоо байна). Бусад үед сард 2 удаа.
Бонсай хийхэд тохирсон төрөл.
Тасалгаанд ургуулахад өвөл бүх навчаа гөвдөг гэдэгийг анхаараарай. Маш бага, цөөн услаж, үндэс бүүр хатаахгүй байх үүднээс өлөн чийгтэй төдий л байлгана. Хэт услаад байвал ууршуулах навч байхгүй тул үндэс илжирнэ. Бага услаад, сэрүүн газар өвөжүүлнэ. Хавар өөрөө навчлаад ирнэ. Ургуулж байсан цэцэгчид навчаа гөвөнгүүт үхчихлээ гээд хаяаад байдаг.
Hibiscus mutabilis - Confederate Rose

Энэ цэцэгний тайлбар "Ялалт дагуулсан хайр", "өөртөө итгэлтэй", "өгөөмөр, өглөгч", "инээмсэглэх дуртай" гэнэ. 
Ашигласан материал:
http://toptropicals.com/cgi-bin/garden_catalog/cat.cgi?uid=hibiscus_mutabilis&lang=ru
http://www.adenium-sib.ru/shop/304/desc/hibiscus-mutabilis-ili-gibiskus-izmenchivyj-semena

No comments:

Post a Comment