Monday, June 27, 2011

Баримгана: арчилгаа, амралт үе, булцуу хадгалах, суулгах


Монгол нэршил - Баримгана.
Баримгана нь хүн бүрийн нүд унадаг гоёмсог энхрий цэцэгтэй тасалгааны ургамал юм. Арчилгаа нь Геснерын (Gesneriaceae) овгийн бусад (нил, юүлүүргэнэ зэрэг) цэцгүүдтэй адил.
Sinningia cardinalis (Cardinal Flower, Helmet Flower)
1785 онд Бразилийн ширэнгэн ойд анх энэ ургамлыг нээхдээ Германы ботаникч Петер Глоксиний нэрээр нэрлэжээ - Gloxinia/Глоксиния. Харин 1825 онд өөр нэгэн төстэй ургамлыг нээсэн нь глоксиниягаас цэцгийн хэлбэр болон доороо булцуутайгаараа ялгаатай байсан байна. Шинээр нээсэн цэцгийг Германы эрдэмтэн Вильгельм Синнингийн нэрээр нэрлэж - Sinningia/Синнингия. Олон жилийн дараа ургамлуудын ангилал цэгцлэх явцад энэ хоёр нэг ургамaл гэдгийг тогтоожээ. Гэвч аль аль нэрийг хэрэглээд хэвшсэн байсан тул хоёуланг үлдээх болжээ. Ингэж энэ ургамал хоёр нэртэй явдаг байна.
Арчилгаа
Гэрэл: Баримгана гэрэлсэг цэцэг ч нарны шууд тусгалыг сарниулах хэрэгтэй. Баруун болон зүүн талын цонхны тавцан хамгийн зохимжтой. Урд зүгрүү харсан цонхонд тавихдаа заавал нарны гэрлийг хааж өгөөрэй. Гэрэл ихэдсэн үед ургалтын явц удааширж навчин дээр түлэгдсэн шар толбо үүсдэг, мөн цэцэгний иш богино болж, цэцэгний бундуй навчны доор нуугддаг байна. Хойд талын цонх хангалттай гэрэл өгч чаддагүй тул иш, мөчир сунаж, гарах бундуйны тоо цөөхөн, хэмжээ жижигхэн, цэцэгний өнгө тод бус, гандсан болдог.
Агаарын чийгшилт: Агаарын чийгшилт 70-80%-тай байх баримганд хамгийн тааламжтай нөхцөл болдог. Навч болон цэцэг дээр ус дусахад дургуй. Агаарын чийгшилтийг ихэсгэх арга хэмжээ авах хэрэгтэй. 
Усалгаа: Хавар эхлэнгүүт усалгааг хангалттай сайн хийж өгдөг. Услахдаа савны ханаар дагуулж усаа хийнэ, эсвэл доогуур усалгаа, мөн "утсан" усалгаа хэрэглэж болно. Услаад хагас цагийн дараа цэцэгний суурь тавганд тунасан усыг асгадаг. 
Хэт их ус цэцгэнд хөнөөлтэй. 2-3 өдөр задгай том амсартай саванд байлгасан усаар усладаг. Ус агаарын температураас 2-3°C бүлээн байх ёстой. Ийм нөхцөлд үндэс илүү хурдан усыг сорж авдаг, улмаар булцуу илжрэхээс сэргийлдэг. 
Цэцэглэлт дуусмагц усалгааг аажмаар багасгаж цөөлөөд яваандаа бүүр зогсооно. Баримгана аажмаар “амралт үе”-д ордог. 
Бордоо: 4 сараас 8 сарын сүүл хүртэл баримганыг 7-10 өдөрт нэг удаа цэцэгт ургамлын бордоогоор дээр нь бичсэн зааварт заасан хэмжээг хоёр дахин багасгаж найруулаад бордоно. Амарч байх үед борддоггүй.
Цэцэглэлт: Зөв арчилвал 2-4 настай булцуу томроод хүч чадалтай болсон байдаг тул цэцэглэлт нь их тансаг болж ирнэ. Маш олон тооны бундуй гаргаж, зэрэг цэцэглэж, навч харагдхааргүй үзэсгэлэнтэй харагддаг. Цэцэгний хэмжээ том, дэлбээний өнгө тод, хурц, цэцэглэлт маш удаан үргэлжилдэг. Цэцэглэх хугацаа 5 сараас 9 сарыг дуустал. Цэцэгний дэлбээ муудаж эхлэнгүүт иштэй нь тасдаж авна. Энэ нь булцууны хүчийг хэмнэдэг ба дараа дараагийн бундуй задрах, олон шинэ цэцэг гархад сайнаар нөлөөлж, цэцэглэлтийн хугацааг уртасгаж өгдөг юм. 
Амралт үе: Бусад булцуут ургамлуудын адил баримгана амардаг. Цэцэгний голоос эхэлж навч нь хатаж эхэлвэл "амралт үе" эхлэж байна гэсэн үг. Энэ үеээс эхлээд услалтаа цөөлөх хэрэгтэй. Цэцэглэж дуусахад навч мөчирийг нь тайрах хэрэггүй. Цэцэглэлтэнд зарцуулсан хүч тэнхээгээ булцуу нөхөж авч байж амралт үедээ орох ёстой. Тэгэхгүй бол хавар сайхан цэцэглэхгүй. 
   
Ухаж авсан булцууг цэвэрлээд, хатаагаад хадгална
Иймд цэцэглэсний дараа усалгааг арай багасгаад, навч өөрөө хагдартал хүлээнэ. Амрах үед хөрсөн доор мөн адил зөөлөн жижиг үндэснүүд хатаж үхдэг. Навч хатаад дуусахлээр булцууг ухаж аваад цэвэрлээд, хатаагаад, хуурай элстэй хайрцаг, эсвэл хуурай модны үртэс дотор хийж хадгална.
Булцууг өвөл +10-15°С хэмд хадгална. Хөргөгчний хаалганы хэсэг, мөн ногоо хадгалдаг хэсэгт байж болно. Хөргөгчний хамгийн доор +12-16С дулаантай орчин байдаг. Энэ нь булцууг хадгалахад таарсан температур. Үүнээс дулаан газар байлгавал булцуу амарч чадалгүй ургаад эхэлнэ. Хөргөгчинд хадгалах амар байдаг. Булцууг хэзээ сэрээхээ та өөрөө зохицуулж болдог. Хөргөгчинд 2-3 сар хадгалж байгаад гаргаад гэрэлтэй газар тавьхад сэрээд ургаад эхэлнэ.
  
Мөн ингээд цоожтой уутанд үл ялиг чийгтэй хүлэрт хөрс булцуутай хамт хийгээд сэртэл нь нээхгүй хадгалж болно. Булцууг гялгар уутанд амраах бол зөвхөн сэрүүн газар хадгална! Услах хэрэггүй. Ус чийг огт хүргэхгүй! 

Савнаас нь гаргалгүй хөрсөнд нь амраах баримганууд  
Арай хялбар арга бол булцууг савнаас нь гаргалгүй сэрүүн харанхуй газар амраадаг. Энэ аргын сайн тал нь булцуу дассан нөхцөлдөө амардаг. Үүний тулд цаасанд боогоод, эсвэл цаасан хайрцганд хийгээд сэрүүн газар тавина. Өвөл халаалттай байранд 22-26С орчим дулаан, агаар хэт хуурайшсан байдаг тул сард 2-3 удаа услаж байх хэрэгтэй. Ийм газар хадгалахдаа хөрс бүүр хатхаас болгоомжилж үе үе шалгаж байгаарай. Хэрэв +16-18°С сэрүүн газар тавьсан бол сард дээд тал нь 1-2 удаа усална. +10-15°C хэмд байлгаж байгаа бол хөрсийг сард нэг удаа үл ялиг чийглэж өгч байна.
Эсвэл зураг дээр үзүүлсэн шиг доод суурь тавагаар таглаад гялгар уутанд хийж сэрүүн газар байлгана. Мөн л ойр ойрхон шалгаж, хатсан бол услаж байна, ургаж эхэлсэн үгүйг харна, булцуу илжирсэн, хөгц ургасан зэрэгийг хянаж байх хэрэгтэй.
Гялгар уутанд савтай нь хадгалах бол зөвхөн харанхуй газар хадгалдах ёстойг анхаарна уу! 
        
Жишээ нь 5 сард цэцэглүүлэхийн тулд булцуугаа 1 сард хөрсөнд суулгадаг. Өөрөөр хэлвэл цэцэглүүлэх хугацаанаасаа 5 сарын өмнө суулгах нь. Амралт үе заавал өвөл гэж бас байдаггүй. Миний олон баримганууд зун амарч өвөл ургадаг. 
Сав: Хэт том булцуу биш л бол ихэнхдээ 12 см голчтой сав тохирдог. Сав өндөр биш, намхандуу далбагар өргөн байвал таардаг. Том булцуунд савны хана булцуу хоёрын зай 4-5 см байхад тохирдог. Жижиг булцуунд савны хана хүртэл 3-4 см зайтай байхад болно. Саваа ариутгасан байх ёстой. Доор нь дренаж хийнэ.
Хөрс: Голын элс, хөвд, ялзмаг, ширгэн хөрсийг хольж ариутгана. Перлит, вермикулит хүсвэл нэмэж болно.
Суулгахдаа булцууг 1-2 см зузаан хөрсөөр булна. Эсвэл булцууны дээд хэсгийг ил үлдээж болно. Ингээд услаж эхэлнэ. 
Шинэ нахиа, навч ургаж гарах явцад аажмаар усалгаагаа нэмсээр ердийн хэмжээнд хүргэнэ. Навч томрох, олноор гарах үед бага багаар бордож эхэлдэг. 
  
Уутанд амраасан булцуу мөн  өөрөө ургаад ирдэг. 
Сэрээх хэрэгтэй бол хөргөгчнөөс гаргаад гэрэлтэй газар (гэхдээ наранд тавьж болохгүй) байрлуулахад ургаад эхэлнэ. Саванд суулгахдаа дээр бичсэний дагуу хийнэ. 
    
Заримдаа булцуунууд өөрсдөө сэрээд ургаад эхэлсэн байдаг. Ийм булцууг шууд шинэ хөрстэй саванд суулгана.

Шинээр үрслүүлсэн баримганыг өөрөөр хэлвэл нэг нас хүрээгүй булцууг хүчээр амраах гээд хэрэггүй. Усалгааг багасгаад жирийн аргаар ургуулж өвөлжүүлнэ. Гэхдээ зарим тохиолдолд нялх булцуу өөрөө навчнуудаа хатаагаад унтаад өгдөг. Булцуугаа амарч байх үед сайн шалгаж байна. Жижиг булцуу илжрэхдээ амархан байдаг.
Савандаа амарсан булцууг хэрхэн арчлах тухай олон булцууны зарим гэмтэл өвчлөлийн талаар дараагийн бичлэг дээр уншина уу.
Бусад бичлэгүүд:

2 comments:

  1. Utsaar uslahaar tsetseg bainga ustai bdiin bn lee teheer barimgand tohiromjtoi bolyy ta utsaar usalj bsan yy

    ReplyDelete
    Replies
    1. Sain baina uu, utsan usalgaatai barimganuud hiij bolno. Herev hurs n het usarhag, noiton, chiigleg geed baigaad baival utsaa soliod uzeerei. Yag taarsan utastai baihad mun usnii hemjee, sav, usnii hoorondoh zainaas hamaarch hursnii chiigleg yanz bur baidag gedeg. Teriigee ajiglaj bgaad ulun chiigtei l baihaar hiichihed bolohgui yum bhgui.

      Delete