Wednesday, June 29, 2011

Баримгана: Үргэлжлэл - арчилгааны онцлогууд, булцуу эмчлэх, суулгах

Суулгалт: Эхний бичлэгт "Амралт үе" дуусаад булцуу сэрж эхнээс нь шинэ хөрсөнд суулгаж эхэлсэн байгаа. Одоо хөрстэй савандаа амарсан булцууг хэрхэн арчлах тухай авч үзъе.
Савандаа амарсан булцууг гаргаад, хөрс шорооноос цэвэрлээд, хэдэн том үндсийг үлдээж бусад хатсан жижгүүдийг тасдаж авна. Булцуугаа сайтар шалгах хэрэгтэй. Хэрэв булцуун дээр илжирсэн муудсан, харалсан зөөлөрсөн хэсгүүд илэрвэл хурц хутгаар зүсэж/ухаж авна. Зүсэлт хийсэн шархтай хэсэгт зориулалтын модны нүүрсний нунтаг түрхэж өгнө.  
Хэрэв зориулалтын нүүрс байхгүй бол эмийн сангаас доорх эмийг аваад нунтаглаад түрхэж болно.

      
Дараагийн нэг арга нь мөн эмийн сангаас шарханд хэрэглэдэг ногоон шингэн "зелёнка" авч булцууны зүссэн хэсгүүдэд түрхэнэ. Үүнийг хүүхэд салхин цэцэг тусахад шарханд нь түрхээд байдаг.
Нунтаг нуурс, эсвэл энэ ногоон шингэн аль аль нь ариутгагч, халдвар тархуулахгүй антисептикууд. Шархтай газруудад түрхээд булцуугаа ил тавьж хатаах хэрэгтэй. 
Хэрэв булцуу удаан хугацаагаар усгүй байснаас чийгээ алдаад үрчийсэн, зөөлөрсөн бол үүнийг сэргээж болдог.
Эпин-Экстра идэвхижүүлэгч бодис: үр булцуу дэвтээдэг, суларсан ургамлыг шүршдэг 
Үүний тулд идэвхижүүлэгч шингэнээс 10 дусал нэг стакан усанд найруулж булцууг хийгээд нэг хонуулна. Хэрэв булцуун дээр навч цухуйж эхэлсэн бол энэ уусмалд зөвхөн булцууг л дүрнэ, навчин хэсэг ил байх ёстой.
Мөөгний болон бактерийн гаралтай өвчлөл, хөгц, илжрэлт зэргийн эсрэг бодис 
Хөрсөнд суулгахын өмнө булцууг илжрэхээс сэргийлж мөөгөнцөрийн эсрэг уусмалд хагас цаг дүрж байлгана. Энэ нь цэцгийн дэлгүүрээс авсан мөөгөнцөрийн тусгай хор байж болно, эсвэл марганцын гүн ягаан уусмал байж болно. 
Баримганы булцуу биш, марганцын уусмалыг хэр зэрэг өтгөн найруулахыг харуулах гэж энэ зургийг орууллаа.
За одоо булцуу маань суулгахад бэлэн боллоо. Суулгах сав, хөрсөө мэдээж ариутгана. Савны доор дренаж хийх чухал. Булцуут цэцэг байнга нойтон хөрсөнд байх муу. Хөрс бэлдэхдээ нил, юүлүүргэнэ, хайтан зэрэг цэцгүүдтэй ижил хөрс найруулж болно. Ер нь бол тэжээлтэй элсэрхэг хөнгөн хөрс байхад тохирно.
Хөрсөнд булцууны 2/3-ыг булаад, хөрсөө маш бага чийглээд, савны дээгүүр гялгар уутаар хучаад гэрэлтэй дулаан газарт тавина. Өглөө оройдоо энэ уутыг хагас цагаар нээж өгч байгаарай. Эхний навч гарч ирэнгүүт гялгар уутыг бүр мөсөн авч болно. Булцуугаа 1 см зузаан хөрсөөр дээрээс нь булна. 
Булцууг услахдаа маш бага усаар усалдаг, булцуу бүрэн сэрж шинэ үндэс гартал хугацаа шаардагдна, тиймээс их ус илжрүүлж болно. 
Арчилгааны онцлого: 
Баримганыг ургуулах маш хялбар – дулаанд дуртай, хуурай агаарт зохицож чаддаг. Зөв арчилхад 4 сараас 9 сарыг дуустал тасралтгүй цэцэгтэйгээ байдаг ба гэрэлтүүлэг нэмж өгвөл 12 сар хүртэл ч цэцэглэнэ. 
Үсэрхэг навчтай цэцгийг усаар шүршдэггүй гэдэг ч зуны хэт халуунд өглөө оройдоо бүлээн зөөлөн усаар холоос манантуулж шүрших юм бол баярладаг. 
Сайн цэцэглүүлэхийн тулд цэцэг бүрийг гандаж муудангуут ишнийх нь доогуур тасдаж авч байх хэрэгтэй.
Тансаг цэцгэн бүрхүүлтэй байхын тулд баримганыг бордох ёстой. 4 сараас 9 сар хүртэл долоо хоног бүр калий, фосфор илүү агуулсан цэцгээр гоёдог ургамлын бордоогоор бордоорой. 
Булцуут цэцгийг хэт их услах хэрэггүй. Гэхдээ бүүр хатаахаас мөн болгоомжил. Навч хатаад хорчийгоод байдаг. Ус багадвал хөрс амархан хатдаг, ус хэтэрвэл хөрс эсэж илжирнэ. 
Цэцэгний савыг зөв шилж авах хэрэгтэй. Том жижиг нь таарсан сав цэцэг элбэг гархад нөлөөлнө. Сав багадвал цэцэгний хэмжээ багасдаг. 
Эрүүл, цэцэг ихтэй баримганатай болохын тулд тод хурц нь таарсан гэрлээр хангалттай их удаан гэрэлтүүлэх хэрэгтэй. Гэрэл дутсан цэцэгний иш сунаж, навч нарийсна, цэцэг жижгэрч, өнгө нь бүдэг болдог. Эсрэгээр нь хэт хурц тод гэрэлд байлгавал цэцэг, навчны иш богиносоод, навч хатуурч дардаах, цэцэгний бундуй навчны араар нуугдах, цэцэг амархан хагдрах гэх мэт зүйлүүд болдог. Гэрэлийн урт хоногт 12-15 цаг байхад болно. Нарны шууд тусгалд навч түлэгддэг тул торон хөшиг, өнгөгүй хуулга зэргээр хамгаалж өгөөрэй. 
Онгорхой цонх, нэвт салхинд тавьж болохгүй. 
Булцууг хөрсөнд гүнзгий суулгавал ганцхан иш ургана. Олон нахиатай өтгөн бут гаргаж авах бол булцуугаа 1 см гүн суулгахад болно. 
Ашигласан мэдээлэл:
http://gloxin.ru/
http://domsad.kiev.ua/
http://www.vazony.com/
http://dimetris.com.ua/


Бусад бичлэгүүд:

No comments:

Post a Comment