Monday, August 20, 2012

Араукария - Araucaria

Араукария - Araucaria
Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Америкаас гаралтай Араукарийн овогийн ургамал. Нийт 19 төрөл зүйл байдаг. Тасалгааны нөхцөлд дасан зохицсон цорын ганц шилмүүст ургамал. Араукария гэрийн интерьерийг чимэж өгдөг. Агаарт фитонцид бодисууд ялгаруулдаг (энэ нь агаарын бүтэцийг сайжруулдаг юм байна). Шилмүүст модны зөөлөөн таатай үнэр гардаг. Ургуулахад хялбар гээд олон сайн талуудтай юм байна.
Байгальд 60 метр өндөр хүртэл ургадаг бол тасалгаанд ургалт удаан, сайндаа л 1,5-2 м хүрдэг. Араукария гэрт байхад шинэ жилээр гацуур мод хэрэггүй. Гарал үүслээрэй жинхэнэ гацуур модтой төрөл гэнэ.
Хотын орон сууц, офисын өрөөний нөхцөлд Araucaria heterophylla (excelsa), Бразиль араукария болон Araucaria angustifolia гэх төрлүүд ургадаг байна. 
Гэрэл: Араукария ургахдаа удаан. Жилд нэг тойрог-бүслүүр л нэмдэг. "Ургах цэг" болох модны дээд үзүүрт маш болгоомжтой хандаарай. Ургах цэгийг гэмтээсэн, хугалсан бол модны хэвийн ургалт алдагдаж, хэлбэр нь өөрчлөгдөж эхэлнэ.
Үзэмжийг нь хадгалахын тулд сайн гэрэлсэг газар байрлуулна. Гэхдээ хагас сүүдэрхэг газар ургаж чаддаг. Нарны шууд тусгалаас, нэн ялангуяа зуны улиралд заавал хамгаалж байх хэрэгтэй. Гэрэлрүү тэмүүлж сунадаг тул тогтмол эргүүлж жигд хэлбэртэй ургуулах нь чухал (долоо хоног бүр 90°). Зөв, тэгш хэлбэртэй ургуулахад хоёр талаас гэрэл тусдаг газар байрлуулвал сайн. Эсвэл ил задгай газар гаргаж болно. Зүүн талын цонхон дээр тавих нь тохирдог, гэхдээ бүрэнхий өдрүүдэд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөхгүй бол навч цайрч, мөчир иш сунана. 
Агаарын хэм: Жилийн ямар ч улиралд ер нь л сэрүүн газар байх дуртай. Агаарын тохирох хэм өвөл +12-15°C, бусад улиралд +16-18°C. Үүнээс дээш бол навч шарлаад ургалт удааширдаг. Дулаан өрөөнд өвөлжүүлэхэд ургалт үргэлжилсээр, ургамал сульдаж ядардаг. Өвөл заавал сэрүүнд амраах хэрэгтэй.
Агаарын чийг: Дунд зэрэг - 50% байхад болно. Зун бороо хур ихтэй бол шүршихгүй байж болно. Хуурай зун бол шүршиж байна. Өвөл халаах төхөөрөмжүүдээс болоод агаар маш их хуурай байдаг. Хэрэв сэрүүн газар шилжүүлээгүй бол өдөртөө заавал хоёр удаа шүршиж байна. 
Усалгаа: Хөрсийг богино хугацаагаар ч болов хатааж огт болохгүй. Үүний дараа маш удаан сэргэж хуучин ургах горимдоо ордог. 
Хэрэв өвөл сэрүүн газар байлгаж байгаа бол түр зуурын хөрс хаталт нь ургамлын үзэмжинд нөлөөлдөггүй. 
Чийг дутсанаас үүдээд шилмүүст навч нь унаж эхэлдэг, түүнээс гадна мөчир унждаг. Унжсан мөчирийг буцааж хэвийн байдалд оруулах нэг л зам байдаг - савтай ургамлаа доош харуулж өлгөх. Араукария өөрөө мөчирнүүдээ дээш өргөж чаддаггүй. Уруу харуулж өлгөөд усаар шүршиж байхаа мартав. 
Зуны улиралд гадаа тогтмол дулаан өдрүүд ирэхлээр задгай агаарт гаргасан нь дээр. Хэрэв тийм боломж үгүй бол зундаа өрөөний цонхыг байнга онгорхой байлгаж, усаар сайн шүршиж байгаарай. 
Хөрс хатаахаас гадна хэт услах мөн бас том аюул. Зун мэдээж арай илүү услаж байна. Хөрсний дээрх өнгөн үе хатахлээр дараагийн усалгааг хийнэ. Намар өвөл сэрүүнд байлгаж байгаа тул цөөн бөгөөд бага услана. Жишээ нь хөрсний өнгөн үе хатаснаас 3-4 хоногийн дараа услана. Хатуу усаар услаж болохгүй. Буцалсан ус илүү тохирно. 
Шилжүүлэн суулгалт: Шилжүүлэн суулгалтад дургуй тул цөөн оролдохыг хичээдэг. Шаардлага гарсан тохиолдолд хавар эрт хийнэ. Шинэ сав нь чөлөөтэй, том байна. Доор нь зузаан дренаж дэвсэж өгнө. (Дренажны тухай эндээс). Том модыг 3-4 жилд нэг удаа шилжүүлж суулгана. 
Хэрэв худалдаж авахад том хэмжээний мод болсон, шилжүүлэн суулгалт хийхэд хүндрэлтэй бол хөрсний өнгөн хэсэгийг хусаад, шинэ тэжээллэгээр сольж болно.
Шилжүүлж суулгахад ааш гаргадаг туд хөрстэй үндэсийг оролдолгүйгээр том саванд байрлуулаад хажуугаар нь шинэ хөрс чигжиж өгнө. Ингэхдээ "үндэсний хоолой"-г хэт булж болохгүй. Урд байсан төвшинтэй нь адилхан байлгана. Жоохон л хөрсөөр илүү булах юм бол ургамал үхдэг. Шилжүүлэн суулгалт хийсний дараа хагас сүүдэрхэг газар байрлуулж ойр ойрхон усаар шүршиж байна. 
Хөрс: Хөрс бага зэрэг хүчиллэг рН=5,5-6,5. Хөрс хөвсгөр байх ёстой. Дэлгүүрийн бэлэн бэлдмэл хөрс тэр бүр таарахгүй байж болно. Өөрөө бэлдэх бол: навчин - 1 хэсэг, ширгэн - 1/2 хэсэг, хүлэрт - 1 хэсэг, элс - 1 хэсэг гэж авч болно. 
Бордоо: Хавар 3 сараас намар 8 сарыг дуустал 2-3 долоо хоногт нэг удаа, харин өвөл - 6-8 долоо хоногт нэг удаа ердийн комплекс минерал бордоог хоёр дахин шингэлж байж хэрэглэнэ. Органик бордоо хэрэглэдэггүй. 
Үржүүлэх арга
Үрээр: Зөвхөн шинэ үр хэрэглэнэ. Амархан ургах чадвараа алддаг тул шинэ үр тарьдаг. 18-20°С температурт үрслүүлнэ. Хатахаас сэргийлж вакумдаж болно. Нялх үед нь арчилгаа гэж усалгаа, шүршилт, нарнаас хамгаалах гэсэн л зүйл байна. Нарнаас болж навч шарлана. Үрсэлгээ маш удаан ургадаг. Навчны эхэн үе ургаж гарч ирсэний дараа үрсэлгээний саванд шилжүүлж суулгана.
Мөчирөөр бол ихэнхдээ 7 сард үрслүүлдэг. Хагас модорхог болсон мөчир зангилаанаас нь 3-4 см доор тайрч авна. Тайрсны дараа 24 цаг ил тавьж зөөлрүүлнэ. Суулгахын өмнө урсаж гарсан давирхаархуу шүүснээс нь цэвэрлэнэ. Дараа нь модны нүүрсний нунтагт дүрнэ. (Модны нүүрсний тухай эндээс). Мөчир бүрийг 7 см голчтой саванд суулгана. Хөрс: хүлэрт хөрс - 1 хэсэг, элс - 1 хэсэг. Гүнзгий суулгах хэрэггүй. Зангилааг давуулж булаад л болно. Хөрсний температур тогтмол 24-26°С хэм байна. 


Үрсэлгээнүүдээ хүлэмжинд байрлуулах нь дээр. Өдөрт хэд хэдэн удаа усаар шүршиж байна. Хүлэмжиндээ өдөр бүр агаар оруулж байна. 
Ийм нөхцөлд 2-3 сарын дараа үндэслэдэг. Орчны агаарын дулаан 12-16°С байвал 4 сараас нааш үндэслэхгүй. 
Үндэс савыг дүүргэж эзэлсэн тохиолдолд дараагийн саванд томруулж суулгана. Шууд хэт том саванд суулгах хэрэггүй.
Тайралт: Хэрэгтэй гэж үзвэл тайралтыг хавар хийдэг. 
Гарч болох хүндрэлүүд: Араукария хорхой шавжинд овоо тэсвэртэй. Гурилан өт, ширх, шилмүүст ургамлын хорхой шавжинд баригдаж болно. 
Хамгийн хор хөнөөлтэй байдаг зүйл-тасалгааны хауун хуурай агаар, ялангуяа өвлийн улиралд халаадаг төхөөрөмжүүд ажиллаж байхад. Навч олноор шарлаж унадаг, ургамал үхэж болно. Хуурай агаар, чийг дутсанаас залуу нахиа, мөчир шарлаж хатдаг.
Гэрэл дутсанаас сунаж, хэлбэрээ алдаж ургадаг. Гэрэлрүү тэмүүлж далий ургана. Модны өнгө цайгаад, өнгөлөг гүн ногооноо алдаад ирвэл гэрэл дутаад байна, нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөөрэй гэсэн дохио.
Хэт халуун дулаан газар байрлуулснаас, эсвэл хэт их услаад байснаас үүдээд мөчирнүүд доош навсааж унждаг. 
Тэжээл дутсан үед шинээр ургах нахиа мөчир нарийсаж гардаг. 
Кальци хөрсөнд ихэдвээс ургалт удааширна. 
Навч унаад байх нь дээр дурдсан хуурай агаараас гадна хөрс хатааснаас болдог.

Ашигласан материал:
http://www.indoorplantdecor.com/
http://plants-flower.com/1490607.html
http://www.floralworld.ru/encyclopedia/plants/Araucaria.html
http://iplants.ru/araukaria.htmhttp://flowerlib.ru/news/item/f00/s00/n0000015/index.shtml
http://greendom.net/catalog/a/225-araucaria.html
http://www.flowers-house.ru/content.php?r=1266-%D0%90%D1%80%D0%B0%D1%83%D0%BA%D0%B0%D1%80%D0%B8%D1%8F-(%D0%BA%D0%BE%D0%BC%D0%BD%D0%B0%D1%82%D0%BD%D0%B0%D1%8F-%D0%B5%D0%BB%D1%8C)

No comments:

Post a Comment