Sunday, September 30, 2012

РЕКС буюу ХААН хайтан

АСУУЛТ - ХАРИУЛТ: ta neg zav garharaa blog deeree Rex begonia talaarh delgerengui medeelel oruulach tegeh u? 
REX бегония - навчаар гоёдог үндэстэй хайтангийн төрөл. Навчны хээ ганган, цэцэг харин хүний нүд унахаар гоё биш. 
Begonia rex-ийг (латинaaр "Хаан" гэсэн утгатай) анх Энэтхэгт нээсэн байна. 1850 оноос үржүүлж, тарьж эхэлсэн. Үндэст хайтангийн бусад төрлүүдтэй эрлийзжүүлэх ажил шууд өрнөсөн байна. Орчин үеийн "Rex" бүлэгт хамаарах хайтангууд бүгд гибридууд юм байна. Жинхэндээ зөв нэр нь Begonia Rex-hybrid, Begonia Rex Cultorum. 
1878 онд гаргаж авсан Begonia rex "Abel Carriere" одоо хүртэл ургуулдаг сорт
Арчилгаа
Агаарын дулаан: Рекс хайтан дулаанд дуртай. Зундаа жирийн тасалгааны температурт байлгана. +28°С-аас дээш халуунд байж чаддаггүй. Ургахад тохиромжтой агаарын хэм өдөртөө +21-26°С, шөнөдөө +18-20°С. Өдөр шөнийн температурын хэлбэлзэл 5-6°С-ээс хэтрэхгүйг анхаарна уу.
Зун гадаа агаарт гаргах маш сайн. Харин 8 сарын 15-20 гээд гэртээ оруулах хэрэгтэй. Бусад тасалгааны цэцэгтэй адил намар хүртэл гадаа байлгаж болохгүй. Хэрэв гадаа +12°С-оос доош сэрүүсвэл шууд оруулах хэрэгтэй. Хайтангийн энэ төрлүүд нэвт салхи, агаарын ямар нэгэн хүйтэн урсгалд дургуй. Заавал халхалж хамгаалж байгаарай. 
Өвөл хаан хайтанг сэрүүн газар байлгана. Тохиромжтой дулаан нь +16-18°С. +15°С -аас доош хэмтэй газар байлгаж болохгүй. +16-18°С хэмд өвөлжүүлэх бол агаарын чийг 45-50%-тай байх ёстой. Үүнээс илүү чийглэг агаарт байлгаж болохгүй.
Гэрэл: навчаар гоёсон бүх хайтангуудыг сарнисан тод гэрэлд байлгадаг. Өглөө оройн нар үзүүлэх сайн. Хавар, зуны улиралд 11-16 цагийн хооронд хурц нарнаас хамгаалж байна. 
Баруун болон зүүн урагшаа харсан цонх тохирдог. Хойд зүгрүү харсан цонх цаанаа өндөр барилга, мод зэргээр халхлаагүй бол мөн болно. Гэхдээ сорт сортоосоо хамаараад гэрэлд өөр өөр шаардлагатай байдаг. Навчны хээ бүдэгрэх, хэмжээ жижигрэх зэрэг өөрчлөлтүүд гарвал гэрэл дутаж байгаагийн шинж. 
Зөвхөн нэг талаас гэрэл тусдаг бол нэг тийш тэмүүлсэн далий ургалттай болно. Иймд савтай цэцгээ долоо хоног бүр 90°-ээр эргүүлж байх хэрэгтэй.
Усалгаа: Бага хийнэ. Усалгаа хооронд хөрс бараг хатсан байх ёстой. Гэхдээ бүрэн хатааж болохгүй. Мөн байнга усархаг, чийгтэй байлгаад байвал өвчилнө.
Зарим сорт илүүдэл ус чийгэнд маш мэдрэмтгий, дорхноо илжирдэг. Хуурай агаарыг хэт их усалгаагаар нөхөж болохгүй. Зөв усалгаа хөрснөөс их шалтгаадаг. Усалгаанд зөөлөн, хлоргүй, буцалсан жаваргүй ус хэрэглэнэ. Навчинд ус хүргэж болохгүй. Ялангуяа хүйтэнд услахдаа болгоомжтой байгаарай. 
Бордоо: зөвхөн хавар - зуны улиралд борддог. Долоо хоног бүр навчаар гоёдог ургамлын бордоог хэрэглэх заавраас нь 1/4-ээр шингэн найруулж хэрэглэнэ. 
Хайтан бордооны илүүдэлд мэдрэмтгий. Ялангуяа азот хэт их агуулсан бордоонд. Иймээс бордоо сонгохдоо азот нь калий, фосфор хоёроос үл ялиг их, эсвэл адилхан хэмжээтээй байхаар (NPK 20-20-20) хайгаарай. 
Зарим бордоо хөрсийг шүлтлэг болгодог рН 8-10. Энэ нь рекс хайтанд огт таарахгүй. Зөв бордоо маш чухал. 
Агаарын чийг: тохиромжтой үзүүлэлт 50-60%. Зарим мини сортуудад 60-70% байх ёстой. Хайтангууд чийглэг агаартай байхыг шаарддаг ч амархан чийгнээс гаралтай өвчлөлүүдэд өртдөг. Навчинд ус хүрснээс болж, агаарын солилцоо явагддаггүй битүү өрөөнд байлгаснаас гээд маш амархан зүйлээс саарал хөгц, илжрэл үүсдэг. 
Иймд тасалгааны агаарын солилцоо маш сайн явагдах ёстойг анхаараарай. Олон цэцгийг ойр ойрхон байрлуулах хэрэггүй. 
Шилжүүлэн суулгалт: Хөрсний хүчлэг бага рН 5,0-6,0 байна. Хөрсний бүтэц маш чухал зүйл. Хөвсгөр, агаар сайн нэвтэрдэг, гумусаар сайн бордсон, амархан хатдаг, 2 хоногийн дотор бүрэн хатахаар сийрэг байх ёстой байна. 
Ногоон талбай, цэцэрлэгээс авсан хөрс болон цэвэр хөвд тохирохгүй. Навчин хөрс тохирно. Элс, вермикулит, перлит хөрсийг сийрэгжүүлж өгдөг. Бага зэрэг нарсны холтос хийвэл хөрс сийрэг болох ба хүчиллэг ихэсдэг байна. Хөвд хөрсөнд хийх хэрэггүй, дэндүү удаан хатаж, байнга чийгтэй байлгаад байна. 
Хөрс нягтаршуулж болохгүй. 10 хоноод хөрсийг нарийхан савхаар сийрэгжүүлж байгаарай. 
Хөрсний дээгүүр давс хужир хуримтлагдсан байвал өнгөн хэсгийг хусаж аваад шинэ хөрсөөр сольж, усаа зөөлрүүлж хэрэглээрэй.
Намхан өргөн, багавтар сав тохирдог. Хэт том савтай хөрс удаан хатах тул хөгц үүсэх, үндэс илжрэх гээд төрөл бүрийн мөөгний гаралтай өвчлөлүүд үүсэх аюултай. 
Жил бүр шинэ хөрсөнд шилжүүлж суулгана. Гэхдээ саваа болж өгвөл томруулахгүй байсан нь дээр. Үндэс хэт ургаагүй бол хуучин саванд нь суулгаарай. Зарим мини сортуудыг өргөн задгай аквариумд тарьж болно. 
Үрслүүлэх арга: навч, мөчир гээд вегетатив бүх аргуудаар. Бүтэн навчаар, эсвэл хэсгээр нь үрслүүлж болдог. Гол нөхцөл нь чийглэг агаар, хөвсгөр сийрэг хөрс.
Үрсэлгээ хийх хөрсөнд хөвд, вермикулит адилхан хэмжээтэй авч хэрэглэж болно. Вакумдах шаардлага байхгүй. Гэхдээ хэт хуурай агаартай, хөрс дорхноо хатаад байвал хагас вакумдаж болно. Үндэслүүлэгч бодис хэрэглэхгүй байх нь дээр.
Үндэслэхгүй байх шалтгаан - хөрсөө хатаасан, эсвэл хэт чийгтэй нойтон байлгаснаас хөгцрүүлэх, илжрүүлэх микро биетүүд үржсэн.
Хайтан навчаар үрслүүлэх тухай зөндөө урд нь бичиж байсан тул эндээс харна уу: Бичлэг №1, Бичлэг №2, Бичлэг №3 (линкуудийг дараа идэвхижүүлнэ ээ.)
Өвөл халуун хуурай агаарт байлгасан, гэрэл дутсан, г.м. буруу арчилгаанаас үүдээд доод талын навч олноор хатаж унадаг. Дээрээ хэт их навчтай, доороо нүцгэн болсон хайтан тогтворгүй, хугарч болох тул дахин үндэслүүлэх хэрэг гардаг. REX бут залуужуулах аргыг урд нь мөн танилцуулж байсан тул бичлэгийг энд дарж үзээрэй.
Рекс нь цахирмаанаас илүү анхаарал шаарддаг. Хамгийн гол хүндрэл - чийглэг орчинд байх шаардлагатай хэрнээ ийм нөхцөлд дорхноо бүх төрлийн бактерийн болон мөөгний гаралтай өвчин, хөгц, илжрэлт зэрэгт өртдөг. Зогсонго агаарт бактери, хөгцний мөөг үржихдээ хурдан. Иймд агаарын урсгал бий болгохын тулд цонх нээх хэрэг гарна. Үүнээс болоод хүйтэн салхинд бас өвчилнө. 
Хаан хайтанг тасалгаанд сайхан ургуулая гэвэл чийглэг агаартай өрөөнд жилийн аль ч улиралд ургамалдаа хор хөнөөлгүйгээр цэвэр агаар оруулж байх нөхцөл үрдүүлж өгөх. 
Өөр нэг хүндрэл - усаа хэдэн өдөр задгай саванд хонуулаад, буцалгаад, шүүгээд хэрэглэсэн ч заавал хөрсний дээр хужир үүсэж, навчин дээр толбо бий болдог. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авч болох вэ? 
1. Загасны дэлгүүрт аквариумтай усанд загас хийхийн өмнө хийдэг бодис асуугаад үзээрэй. Энэ бодис усыг дорхноо зөөлрүүлдэг. Цэцэгчид тэр бүр мэддэггүй, хэрэглэдэггүй юм. 
2. Бордоогоо дахин нэг шалгаад үзээрэй. Дээр бичсэн шиг хэт их азоттой, эсвэл хөрсний шүлтлэгийг ихэсгэдэг бордоо хэрэглэх хэрэггүй. Зарим бордооны уутан дээр найрлага нь ч байдаггүй. Рекс хайтанд хөрсийг үл ялиг хүчиллэг болгодог бордоо хэрэгтэй. Хелатын төрлийн бордоонууд. Бүүр болохгүй бол шилмүүст ургамал, азалия, цахирмаа зэрэгт зориулагдсан бордоо хэрэглэж болно. 
http://iplants.ru/begonia-rex.htm

No comments:

Post a Comment