Sunday, September 30, 2012

Пентас – Pentas

АСУУЛТ - ХАРИУЛТ: Саяхан энэ ямар нэртэй цэцэг вэ гэж имейл-ээр асуусан хүнд цэцэгний нэрийг нь буруу хэлж өгсөн байна. Сая цэцэгний зураг үзэж суухдаа мэдэв. Эргээд нөгөө хүнээ эргээд олохгүй тул энд алдаагаа залруулая.
Таны цэцэг Пентас гэдэг нэртэй юм байна шүү.
Африкаас гаралтай ургамал. Тасалгаанд Пентас ланцетовидный (Pentas lanceolata) гэдэгийг тарьдаг юм байна. Өөр нэг нэр нь Пентас травянистый (Pentas carnea)
Товчхон арчилгааны тухай:
Гэрэл: Нартай гэрэлсэг газар ургах дуртай. Шууд нарны тусгал даахдаа сайн. Урд зүгрүү харсан цонх илүү тохирдог. Гэхдээ нар удаан хугацаагаар үзээгүй тохиолдолд шууд наранд тавьбал түлэгдэнэ. Аажмаар дасгаж байж наранд тавиарай. Зуны хэт хурц нарнаас халхалсан нь дээр. Хойд зүгрүү харсан цонхны тавцан тохирохгүй. Зуны улиралд задгай агаарт гаргасан нь дээр. Хэрэв агаарт гаргах боломж үгүй бол өрөөндөө цэвэр агаар сайн оруулж байх хэрэгтэй. Намар-өвлийн улиралд хамгийн их нартай гэрэлтэй газар байрлуулаарай. 
Агаарын дулаан: хавар-зуны улиралд +20-25°С. Намар-өвөлдөө сэрүүвтэр байлгана +16°С (+10°С-ээс хүйтэн газар байлгаж болохгүй). Дулаан газар өвөлжүүлвэл навч хатаж унаад, сунасан нүцгэн иш, мөчир үлддэг.
Усалгаа: хавар-зундаа сайн услаж байна. Хөрсний өнгөн үе хатаад ирэнгүүт дараагийн усалгааг хийнэ. Намар-өвөлдөө багасгаад, цөөлөөд - хөрсний өнгөн үе хатсанаас хойш 2-3 хоноод нэг услаж байна. Услахдаа задгай том амсартай саванд хэд хонуулсан, хлоргүй, жаваргүй, өрөөний хэмтэй ус хэрэглэнэ. Хөрсөө нойтон, усархаг байлгаад байж болохгүй. Ялангуяа өвлийн улиралд сэрүүн гэрэл дутмаг байхад хэт их ус чийг нь амархан ялзруулдаг.
Агаарын чийг: Агаарын чийг өндөр байх тусам сайн. Тохирох үзүүлэлт нь 60%. Өдөртөө зөөлөн, хлоргүй усаар цэцгэнд хүргэлгүйгээр шүршээд байж болно. 
Бордоо: хавар-зун хоёр долоо хоногт нэг удаа минерал бордоогоор.
Арчилгааны онцлогууд: Навч унаад халзарсан нүцгэн мөчир үлдээд байдаг. Мөн сунаж ургах дуртай. Иймд тогтмол чимхэлт хийж байгаарай. 
Пентасыг 45см-ээс өндөр ургуулах хэрэггүй. 2-3 жилийн дараа мөчирний үзүүрээс авч үрслүүлээд шинэчилж байх нь дээр. 
Цэцэглэлт хавар эхлээд намар дуустал үргэлжилдэг. 8-9 сард цэцэгтэй байлгамаар бол хэт эрт гарсан бундуйг нь тасдаж авах хэрэгтэй. 
Амралт үед ордог ургамал. Өвөл 10-2 сарын хооронд гэрэл багасаад ирэхэд амардаг. Энэ үед агаарын хэм, гэрэл болон усалгааг дээр дурдсанаар мөрдөж байна. 
Шилжүүлэн суулгалт: Залуу ургамал бол жил бүр, насанд хүрсэн том бол хоёр жилд нэг удаа шилжүүлж суулгадаг. Гумусаар сайн бордсон тэжээллэг хөрсөнд дуртай. pН 5,5—6,5. Хөрс эсэх, ялзрах нь пентасыг маш амархан үхүүлдэг тул савны ёроолд заавал дренаж дэвсэж өгнө.
Үржүүлэх аргууд: Мөчирөөр болон үрээр. 
Үрээр: Жилийн аль ч улиралд үрээр ургуулж болно. Чийгтэй хөрсөн дээр үрнүүдээ байрлуулаад, булахгүй, хучихгүй, вакумдна. +23-26°С хэмтэй газар байрлуулна. Гэрэлд соёолдог тул гэрэлсэг, гэхдээ шууд нарны тусгааас хамгаалж тавьна. 2-3 долоо хоноод ургаж эхэлнэ. Соёолсноос хойш 4-6 долоо хоногийн дараа 4-5 см голчтой савнуудад тусгаарлаж суулгана. Агаарын хэмийг өдөр, шөнө нэг хэвийн +18-20°С-д тогтмол байлгана. Тусгаарлаж суулгаснаас хойш 3-4 долоо хоноод саваа томруулж 9-11 см голчтой саванд шилжүүлж суулгана.
Пентасыг нэг наст шиг ургуулж болно. 5 сард цэцэглүүлэхийн тулд үрээ 1 сард суулгах хэрэгтэй. 
Мөчирний үзүүрээр: жижигхэн хүлэмжинд +16-18°С тогтмол хэмд үрслүүлнэ. Шууд хөвсгөр чийглэг хөрсөнд зоогоод 8-10 хоногийн дотор үндэслэдэг. Үндэслэсэн үрсэлгээнүүдээ 7см голчтой саванд суулгана. Сайн услаж байна. Үндэс ургасаар савыг бүтэн эзэлсэн тохиолдолд 9 см голчтой саванд шижүүлнэ. Дараа нь 12 см саванд тус тус томруулаад байна. 
Гарч болох хүндрэлүүд: 
Гэрэл дутвал сунаж ургана, хэт нарийхан иш, мөчиртэй боох тул тогтвор муутай болно. Тулгуурт уях хэрэг гарна. 
Тэжээллэг хөрс шаарддаг ургамал, гэхдээ давс хужирт мэдрэмтгий гэдэгийг санаж байгаарай. 
Хөрс хатаасан, эсвэл азотын дутагдалд орсон, мөн төмрийн дутагдалд орсон тохиолдлуудад навч шарладаг. 

No comments:

Post a Comment