Sunday, September 30, 2012

Туя - Thuja

АСУУЛТ - ХАРИУЛТ: Ёoлк шиг хэлбэртэй жижигхээн давжаа тасалгааны цэцэг авсан юм. Зарим нь тасалгааны арц гээд байсан. Таны бичсэн араукаригaaс өөр. Тэр юу юм бол? Нодлин цэцгийн дэлгүүрээс авсан юм. Одоо ч гэсэн гоё ургаад л байна.
Туя (Thuja) – Cupressaceae (Кипарис) овгийн мөнх ногоон шилмүүст мод/бут. Эх нутаг – Зүүн Ази, Хойд Америк. Нийт 6 төрөл байдаг. Кипаристай төстэй, илүү хүйтэнд тэсвэртэй, ямар ч нөхцөлд амархан дасан зохицдог тул гадаа цэцэрлэгт, тасалгаанд гээд хаана ч тарьж болдог. Өвөл -30-35 С хэмийг дааж чаддаг. Утаажилт, хорт хий зэрэгийг тоохгүй ургадаг. Агаарын амьд шүүлтүүр. Агаарт цэвэр азот, мөн бактерицид, фитонцид элементууд ялгаруулдаг. Шилмүүст модны зөөлөн үнэр гаргадаг.
Латин хэлнээс орчуулвал "Туя" гэдэг нь "утах", "өргөл өгөх" гэсэн утгатай гэнэ. Эрт дээр үеээс сүм хийдэд арц, хүж шиг хэрэглэгдэж ирсэн юм байна. 
Байнга цэцэг арчлаад байж чаддаггүй хүнд тохирсон ургамал. 
Цэцэрлэг, гадаа талбайд хамгийн их тархсан төрөл нь Thuja occidentalis. Хойд Америкийн зүүн хэсгээр ургадаг. Ургалт удаан, 20-30 м өндөр хүрдэг. Харин тасалгаанд тарьвал 2 метрээс хэтрэхгүй. Ногоон шилмүүс нь 5 мм урт, 2-3 жил болоод богино мөчирнүүдийн хамт унадаг. 1 см урт шаргал өнгийн боргоцойтой, энэ нь дотроо 2 үртэй. 
Дараагийн нэг төрөл нь Thuja plicata – мөн аврага туя ч гэдэг. Энэ нь Хойд Америкийн баруун хэсэгээр ургадаг 75 м хүрдэг том мод юм байна. Гэр орон, тасалгаанд тэр бүр тааралддаггүй. Ихэнхдээ гадаа ургуулдаг байна. Шилмүүсний ар тал нь өнгөн хэсэгээсээ илүү цайвар өнгөтэй. Боргоцой нь 10 см урт, 4-6 хальстай. Зарим хальс дотор 3 үр байдаг байна.
Тасалгаанд хамгийн их тархсан нь Thuja orientalis. Навч нь илүү шаргал, алтлагдуу, цайвар ногоон өнгөтэй. Арчилгаа онцын шаарддаггүй.
Солонгос туя (Thuja koraiensis) гэж бас байдаг. Харьцангуй намхан, боргоцой нь жижигхэн. Япон туя (Thuja standishii) түүнээс үл ялиг өндөр, мөн л жижиг боргоцоотой. 
  
Үрслүүлэх аргууд:
Үрээр туяг үржүүлж болдог. Сайн анхаарч ургуулахгүй бол ийм аргаар ургуулсан туя үзэмжээ дорхноо алддаг. Хэрэв та үрээр тарих бол намар боргоцоог нь задлаж үр хурааж аваад хатаагаад, хальс, хогноос цэвэрлээд, даавуунд боогоод анхны цас ортол хуурай газар хадгална. 
Гадаа хүлэрт, ширгэн хөрсийг элстэй холиод үрээ суулгана. Үүнийгээ 30 см цасаар хучиж өвөлжүүлнэ. Өөрөөр хэлбэл стратификаци хийнэ гэсэн үг. (Стратификаци гэж юу вэ?
Хавар гэртээ оруулаад нарнаас халхалж тавьна. Чийглэг орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй.
  
Өөр нэг арга - үр суулгахаас өмнө 12 цаг усанд дэвтээгээд зузаан салфетканд ороогоод хөргөгчинд хийж болно. Соёолтол сайн шалгаж байгаарай.

Мөчирөөр үрслүүлж болно, гэхдээ маш удаан бөгөөд хэцүү байдаг тул ихэнхдээ үрээр үржүүлсэн нь дээр байдаг. 
Зуны эхэнд хагас модорхог мөчирний үзүүрээс 10 см тасдаж авна (тайрах мөчирний доод үзүүрт заавал "тав" буюу үндсэн мөчирний хэсэг байх ёстой). Мөчир боргоцоотой байж болохгүй. Мөчирний доод хэсгийн навчнуудыг тасдана. Тайрч авсан "тав" хэт урт бол багасгаад тайрч болно. Мөчирний үзүүр нь хэт туяхан зөөлөн биш, модорхог хатуу биш байна.


Зүсэлт хийсэн газруудад үндэслүүлэгч бодис түрхээд хөрсөнд суулгана. Вакумдна. Дулаан чийглэг орчныг нь байнга хадгалж байх хэрэгтэй. 
Арчилгаа
Гэрэл: Туя тод гэрэлд дургуй. Иймд урд зүгрүү харсан цонхноос хол байлгах нь дээр. Өвөл гэрэл дутна гэж байдаггүй. Жилийн турш жигд нэг гэрэлд байлгана.
Агаарын дулаан: Сэрүүн газар илүү тохирно. Зун +18-20°C - аас дээш дулаанд байлгах хэрэггүй, тиймээс гадаа сүүдэрт гаргадаг. Ердийн тасалгааны агаарт ургаж чаддаг ч өвөл заавал сэрүүнд байлгана. Өвөл хамгийн тохирсон температур +10-15°C. 
Амралт үе: 10 сараас 2 сарыг дуустал сэрүүн газар амраана. Өвөл сэрүүнд амраахгүй бол халаалттай өрөөнд ургалт зогсохгүй үргэлжилсээр мод сульдаж хүч тамиргүй болдог. 
Усалгаа: Багавтар, тохируулж услаж байна. Өвлийн улиралд хөрсний дээрх өнгөн үе хатахыг хүлээж байж дараагийн усалгааг хийнэ. 
Хөрс богино хугацаагаар ч гэсэн хатааж болохгүй - мод үхэх аюултай.
Агаарын чийг: Чийглэг орчинд дуртай тул агаар чийгшүүлэгч төхөөрөмж ажиллуулах, эсвэл усаар тогтмол шүршиж байх хэрэгтэй. 
Бордоо: Зөвхөн хавар зуны улиралд борддог. Шилмүүст модны тусгай бордоо хэрэглэсэн нь дээр. Олдохгүй бол навчаар гоёдог ургамлын бордоо байж болно. Хамгийн сайн тохирох бордоо нь органик гаралтай навчин эсвэл шилмүүсэн био ялзмаг. Ямар ч бордоог усалгаа хийхээр бэлдсэн хлоргүй, жаваргүй усандаа найруулж хэрэглээрэй. 
Шилжүүлэн суулгалт: Бага байхад нь жил бүр, харин насанд хүрсэн том модыг 3-4 жилд нэг удаа. Шилжүүлж суулгахыг хавар 3-4 сард хийнэ.
Сав сонгохдоо өндөр, агаар орж гарах нүх ихтэй байвал сайн. Савны ёроолд дренаж заавал хийж өгнө. (Дренажны тухай эндээс). Үндэсний хоолойг хөрсөөр булж болохгүй. Жоохон гүн суулгавал модоо үхүүлж болно. Хөрс сийрэгжүүлж байх шаардлага байхгуй. Туягийн үндэс гүн ургадаггүй, хөрсний өнгөн хэсэгт дээр байрладаг юм. 
Хөрс: Ширгэн, хүлэрт, навчин хөрсийг элстэй адил хэмжээгээр бүгдийг авч найруулна. 
Гарч болох хүндрэлүүд: Тасалгааны туя хорхой шавжинд баригдах нь маш ховор. Харин гадаа талбайд ургадаг мод төрөл бүрийн юманд баригддаг. Тасалгааны модонд мөөгний гаралтай өвчлөлүүд үүсэж болно. Иймээс усалгааг зөв хийх хэрэгтэй, мөн хүйтэн газар байрлуулахгүй, нэвт салхи, онгорхой цонх, хүйтэн цонхны тавцангаас хол байлгаарай. 
Тайралт: Орчин тойрны интерьерт тохируулаад яаж л бол яаж хэлбэр оруулж тайрч болно. Маш дуулгавартай.
1. Хэлбэржүүлсэн тайралт, 2. Гоёлын засалт, 3. Хэлбэр хадгалалт 
Ашигласан материал:
http://www.tekura.school.nz/departments/horticulture/ht105_p5.html
http://forums.gardenweb.com/forums/load/conif/msg0414104423809.html
http://davisla.files.wordpress.com/2011/10/thuja-plicata-leaf-e1317802831886.jpg
http://sunhi.ru/dom/domashnyaya-tuya-uhod-v-domashnih-usloviyah-vyraschivanie-tui.html
http://www.flowers-house.ru/content.php?r=1292-%D0%A2%D1%83%D1%8F
http://domovenok-as.ru/komnatnaja-oranzhereja/dekorativno-listvenye-rastenija/tuja-komnatnaja-uhod.html
http://www.gardenista.com/posts/diy-plant-your-christmas-tree-in-the-garden
http://blog.scentedleaf.com/2012/01/thuja-occidentalis.html
https://www.99roots.com/en/plants/white-cedar-p34618?utm_expid=79992530-3.QeGAW_KUQnCk2AR8-YGjvg.0&utm_referrer=https%3A%2F%2Fwww.google.mn%2F

No comments:

Post a Comment