Monday, September 30, 2013

Зузааxайг цэцэглүүлэх арга

Цэцэглэлт: Айлуудад өнгө өнгөөр цэцэглэдэг зузаахай нь Блоссфельдын каланхое юм. Зузаахай нь богино өдрийн цэцэг. Байгальд энэ даруухан цэцэг өвөл цэцэглэдэг байна. Гэхдээ тасалгааны нөхцөлд бол хүссэн үедээ цэцэглүүлж болдог. 
Цэцэглүүлэх маш амархан: юуны түрүүнд цэцэглээд дууссан бүх цэцэгний ишийг тасдаж авна. Дараа нь 6-8 долоо хоногийн турш тусгай орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хоногт 15-16 цаг (оройн 17 цагаас өглөөний 9 цаг хүртэл) - 12-15С градусын дулаантай газар, тас харанхуйд байлгах шаардлагатай байдаг.

Үүний тулд цэцгийг хуванцар хувингаар, эсвэл цаасан хайрцгаар дээрээс нь таглаж байна. 6 долоо хоног өдөр бүр ингэж зүтгэсний хүчинд 2,5 сарын дараа цэцгийн бундуйнууд гарч эхэлдэг. Зузаалайн цэцэглэлт 6 сараар үргэлжилдэг. 
Үндэс савыг бүхэлд нь дүүргэж байж цэцгийн бундуй хөгжиж эхэлдэг тал бас байдаг. Иймээс хэт том саванд суулгах хэрэггүй.
Хэрэв та дэлгүүрээс цэцэглэж байгаа зузаалай авсан бол тэр жилдээ дахин цэцэглүүлж болдог. Үүний тулд арчилгааны гол зүйлүүдийг зөв хийсэн байх хэрэгтэй байдаг. Энэ нь - зөв тайралт, хангалттай гэрэлтэй газар байрлуулах. Дэлгүүрт байсан шиг цомхон жижиг цэцэг хэвээр үлдээж чадахгүй л болов уу. 
Цэцэглэж дуусан зузаалайг сайн бордож өгдөг. Цэцэглэлт нь хамаг хүчийг нь авдаг тул кактусын бордоогоор бордох, байхгүй бол минерал бордооны иж бүрдлээр бордно. Азот хэт их агуулсан (навчаар гоёдог цэцгийн) бордоогоор бордвол мөддөө цэцэг гарахгүй. Бордоог дээр нь бичсэн заавраас 2 дахин багаар найруулж усладаг. Бордоо хэтрүүлэхээс болгоомжлоорой. Хэт хөгжиж, томорч ургаад байхаас биш цэцэглэж өгөхгүй шүү.
Гэрэл: Каланхоэ нь тод гэрэлд дуртай, нарны хурц халуун тусгалаас хамгаалж өгнө, наранд тэсвэртэй ч навчны үзүүр улаагаад, өнгө нь бүдгэрч, хямардаг. Сүүдэрлэг болон хагас сүүдэрлэг газар ургаж чаддаг. Гэхдээ иш сунаж, гэрэлрүү тэмүүлсэн урт иштэй болдог тул үзэмжинд нь муугаар нөлөөлдөг. Иш сунахаас гадна навчны өнгө бүдгэрч, доод навчнууд амархан шарлаж үхдэг. Мөн гэрэл дутсан үед цэцэг гардаггүй. Баруун, зүүн талын цонх хамгийн их таардаг. Өвөлдөө бол урд зүгрүү харсан цонхон дээр тавих сайн.
Агаарын дулаан: Онцын анхаарал шаардаад байдаггүй, тусгай арчилгаа гэж байхгүй, ургуулах хамгийн амар цэцгүүдийн нэг. Өвөлдөө 13—16° С-д байлгадаг. Хавар 5 сараас гадаа балкон дээр гаргавал илүү ургадаг. Шууд гадаа гаргахаас болгоомжлоорой. Тод гэрэлд дасгаж бэлтгэлгүй гаргахад навчин дээр толбо үүсдэг. Сэрүүнд тэсвэртэй тул балкон дээр 9 сарын дунд хүртэл байлгаж байгаад оруулна.

Усалгаа: Хавар-зуны улиралд хэр дулаан, хэр гэрэлтэй газар байгаагаас хамаарч усалгааг тохируулдаг. Намраас эхэлж усалгааг багасгаад өвөл бүүр цөөрүүлж бага усална. Услалт хооронд хөрсний өнгөн хэсэг хатсан байх ёстой. Долоо хоногт 1-2 удаа услаад байж болно. Доод тосгуур тавганд ус удаан байлгаж болохгүй. 
Агаарын чийгшил: Тасалгааны хуурай агаарыг дажгүй даадаг.

Хөрс: Хөрс тэжээллэг байвал навч томроод далбайгаад байдаг. Хөрс хөнгөн, агаар нэвтрүүлдэг, ус сайн нэвтрүүлдэг байх хэрэгтэй. Элс, ялзмаг, навчит болон хүлэрт хөрс адил хэмжээгээр авч болно. Савны ёроолд илүүдэл ус гаргах үүднээс дренаж заавал хийж өгнө. Дренажинд модны нүүрс, туупийны үүрмэг ашиглаж болно. Модны нүүрс, туупийны үртэс үүрмэгийг хөрсөнд бас хутгаж болно.
Бордоо: 2 долоо хоногт нэг удаа кактусанд зориулсан бордоогоор, байхгүй бол цэцгээр гоёдог цэцгүүдийн бордоогоор, гэхдээ 2 дахин сул найруулж услаарай. 

Шилжүүлэн суулгах: Зузаалайг нэг наст цэцэг шиг ургуулдаг. Жил бүрийн хавар, 3 сарын эхээр ишний үзүүрийг тайрч авч шинэ хөрсөнд суулгадаг. Үүнийг "шинэчилэх" гэдэг. Мөн тайрсан хуучин цэцгийн хөрсийг сольж, хэт ургасан үндэснээс богиносгож өгнө. Тайрсан ишний хажуугаас шинээр мөчир ургаж эхэлдэг. 
Тайралт: Цэцэглэж дууссаны дараа үзэмжтэй харагдуулахын тулд ишнээс нь тайрч богиносгодог. Тайралт хийхэд цэцгээ өрөвдөх хэрэггүй. Иш, мөчир болгон дээр 2 навч үлдээгээд тайрна. Тайрсан мөчирний үзүүрээс үндэслүүлж шинэ цэцэгнүүд гаргаж авна.
Үрсэлгээ: Ишээр, навчаар, мөчрөөр, үрээр болон бриофиллумын төрлийн зузаалайнууд - шууд зулзаган цэцгээр.

Унаж байгаа хуучин навчийг авч үрслүүлж болдог. 6 сард навчнаас аваад чийгтэй элсэнд суулгаад стаканаар дарж өгдөг. Тун удалгүй үндэслэдэг. Бриофиллумын гаргасан зулзаган цэцгүүдийг тэжээл сайтай хөрсөн дээр тавьдаг. Мөн каланхоегийн мөчир, иш нь агаарт үндэсээ гаргасан байдаг. Үүгээр нь тасдаад шууд суулгаж болно.

Навч, мөчир, ишээр үрслүүлэх бол шууд хөрсөнд суулга. 7 хоноод л үндэслэдэг. Ургасан цэцэг нь илүү тэсвэртэй, эсэргүйцэл сайтай цэцэг болдог. Усанд хийж үндэслүүлэхэд нэгд удаан байдаг, хоёрт сульдаа цэцэг ургадаг. 
Гарч болох зарим хүндрэлүүд: Хэт халуун, чийгтэй нөхцөлд - мөөгнөөс гаралтай өвчин тусдаг. Цагаан гурил цацсан мэт болсон байдаг. Хэт хүйтэн, чийгтэй нөхцөлд - саарал хөгц ургадаг. 
Доод навч шарлаад унаx - цөөн тооны навч унах нь хэвийн үзэгдэл. Энэ бол ердийн хөгшрөлт болдогтой адил л юугаар ч сэргийлж болохгүй зүйл. Иймээс л жил бүр "шинэчилж", дээд навчтай хэсгийг нь тайрч шинээр суулгадаг юм.
Ер нь бол зузаалай нь хэр баргийн хорхой шавьж, өвчин гээд байдаггүй цэцэг. Дэндүү тоохгүй хаясан цэцэг л үхэх байх.
Ач тус: Эмчилгээнд - түлэнхийд, арьсны хорсолт, улаалт зэрэгт навчийг бага зэрэг зөөлрүүлж байгаад тавьдаг. Хоолой өвдөх, нүд ядрах, ходоод хорсох, гээд маш олон зүйлд хэрэглэгддэг. Удаан цэцэглэдэг, халуун сэрүүн агаарт тэсвэртэй тул чимэглэлийн цэцгэнд их хэрэглэгддэг. Цэцэг ургуулж эхэлж байгаа, туршлага багатай хүмүүст зузаалайгаас эхэл гэж хэлэх байна. Маш зөөлөн, дулаан энергитэй цэцэг, хүүхдэд ээлтэй тул хүүхдийн өрөөнд байлгаж болно. Ялангуяа улбар шар өнгийн зузаалай нь илүү тохирдог. Үхэр болон Мэлхийн ордныхны цэцэг. 

1 comment:

  1. Сайна уу? Халуун дулаан Хайр дурлал, үр хүүхэд, аз жаргалтай гэр бүлийг бэлгэдсэн гоё цэцэг шүү.

    ReplyDelete