Friday, October 26, 2012

Эониум (Aeonium)

Эониум (Aeonium)
Африк, Канарын арлууд болон Дундад газрын тэнгис хавиар тархсан Крассула (Crassulaceae) овгийн суккулент.
Эониум — эртний грек хэлнээс «aionois»–үргэлжилсэн, мөнхийн гэсэн утгатай үг. Эониум - маш урт настай ургамал. 
Эониум – өвсөрхөг мөн шүүслэг бүдүүн мөчиртэй, зузаан навчтай бутархаг ургамал. Өндөр нь 15 см-ээс 1 метр хүрдэг.
Навч махлаг, зөөлөн, гөлгөр, зарим төрөл нь үстэй, олон янзын хэлбэртэй байдаг. Шигүү ургасан навчин тавагтай. Зарим төрлүүдийн навчин тавагны диаметр 1 метр хүртэл том. Навчны өнгө янз бүр байдаг.
Цэцэг жижигхэн, пирамид хэлбэрээр ургасан. Ихэнхи төрлүүдийн цэцэг шар байдаг, цөөн тооны ягаан, цагаан цэцэгтэй төрөл тааралддаг. Цэцэглэлт үе удаан, гэхдээ тасалгаанд эониум ховор цэцэглэдэг.
ТӨРӨЛ
Аеоnium nobile
Аеоnium nobile — богино иштэй, шүүсэрхэг навчтай суккулент. Навчин тавагны диаметрын хэмжээ - 50 см. Цэцэгний иш 30-50 см урт. Цэцэг улаавтар шаргал. Цэцэглэлт бүтэн сар үргэлжилдэг. 
Aeonium burchardii
Aeonium burchardii — олон наст суккулент. Гялгар бор иштэй. Навч зузаан, шүүслэг, үсэрхэг, навчин тавагны диаметр 8-10 см.
Aeonium virgineum
Aeonium virgineum - олон наст ишгүй, эсвэл маш богино иштэй суккулент ургамал. Олон навчин тавагтай. Навч хилэн, үсэрхэг, тод ногоон өнгөтэй, угаараа цайвар ягаан, тааламжтай зөөлөн гаа шиг үнэртэй. Байгальд 1 м өндөр ургадаг. Цэцэг нимбэгэн шар.
Aeonium holochrysum
Aeonium holochrysum — олон наст суккулент. Навч шар-ногоон алаг, голдоо улаан судалтай, хоёр зах нь улаан. Навчин тавагны диаметр 20 см. Цэцэг алтан шаргал өнгийн. 
Aeonium canariensis
Aeonium canariensis - богино иштэй, эхний 2 жил навчин таваг нь шууд хөрснөөс ургадаг суккулент. Навч том, налуу байрлалтай, үсэрхэг гадаргуйтай. Том ургамлын навчин тавагны диаметр 50 см хүрдэг. Цэцэг цайвар ногоон.
Аеonium lindleyi
Аеonium lindleyi — 15-30 см өндөр олон наст бут. Сайн салаалж мөчирлөдөг. Навчин тавагны хэмжээ жижиг. Навч жижигхэн, зөөлөн, шүүслэг, үсэрхэг, гарт наалдамтгай, үнэртэй. Цэцэг алтан шар өнгөтай.
АРЧИЛГАА
Гэрэл: Эониум тод гэрэл шаарддаг. Өвлийн улиралд ч гэсэн хамгийн сайн гэрэлтэй газар тавих хэрэгтэй. Гэрэл хангалттай байвал навчны өнгө тодорч үзэмжтэй байдаг.
Aeonium arboreum f.variegata
Гэрэл дутсан тохиолдолд иш сунаж нарийсаад, навчны хэмжээ багасдаг. Зүүн урд болон урагшаа харсан цонх илүү тохирно. Гэхдээ зун хурц нартай өдөр халхалж байх нь дээр. 
Эониум модорхог 'Zwartkop'
Агаарын дулаан: Өвөл хамгийн тохиромжтой агаарын дулаан +10-12°C, гэхдээ үүнээс дулаан орчинд өвөлжиж чадна. Бусад улиралд жирийн тасалгааны +20-25°C хэм байхад болно. Зун гадаа тагтан дээрээ гаргасан нь дээр, навчны өнгө илүү гүн, тод болдог. Намар хүйтэрч эхлэхэд гэрт оруулдаг. 
Эониум 'Sunburst'
Агаарын чийгшил: Эониум хуурай агаар даахдаа сайн. Усаар шүрших хэрэггүй. Гэхдээ тасалгаанд байхад агаарын солилцоо маш чухал. Иймээс цэвэр агаар оруулж байх хэрэгтэй. Навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байна.
Усалгаа: Зун эониумыг тохируулж багавтар услана. Усалгаа хооронд хөрс хатсан байх ёстой. Өвөл маш цөөн усалдаг. Хөрс бүүр хатаахгүй байх төдий л услана. 
Услаж байхдаа навчин тавагруу ус хүргэж болохгүй. Бутны голруу ус хийж болохгүй. Паразит мөөг амархан үүсдэг тул (хар толбонууд) савны захаар услаж байх хэрэгтэй, эсвэл доод усалгаа хэрэглэж байх.

Бордоо: Идэвхитэй ургалт үед хавар зуны улиралд эониумыг сард хоёр удаа кактусын бордоогоор, эсвэл шингэн минерал бордоог 2-3 дахин шингэрүүлж байж услана. Өвөл бордохгүй. 
Хөрс: Эониумд хар шороотой ширгэн, мөн навчин, хүлэрт хөрс, элс адил хэмжээтэй авч хольно. Хэрэв дэлгүүрүүдэд байвал бэлэн кактусын хөрс авч болно. Модны нүүрс хийхэд илүүдахгүй. Модны нүүрс нь илжрүүлдэггүй сайн талтай. 
Эониум Линдлей
Шилжүүлэн суулгалт: Залуу эониумыг жил бүр, харин цаашид – 2-3 жилд нэг удаа. Үндэс маш амархан илжирдэг, мөөгөнд баригддаг. Иймээс савны ёроолд зузаан дренаж дэвсэж өгөх хэрэгтэй. Дренажны дээр модны нүүрсний үүрмэг хийх сайн.
"Black Prince"
ҮРСЛҮҮЛЭХ АРГА
Эониумыг үрээр, навчаар болон мөчирний дээд үзүүрээр үрслүүлдэг. Ихэнхи эониум хөгшрөхдөө халзан иштэй, үзэмжгүй болдог тул ойр ойрхон залуужуулж шинэчилж байх хэрэгтэй. Залуужуулж шинэчлэх ажилбараас гарсан навч, тайрдас зэрэгийг мөн үрслүүлээд нахиалуулаад авдаг.  
1. Навчаар:
 
Навчаар үрслүүлэх арга

2. Үр маш жижигхэн, хялгасан тул хөрсний дээгүүр цацаад ил байлгана - булах, хөрсөөр хучих хэрэггүй.
Холоос шүршиж чийглээд, вакумдна. +20°C хэмтэй гэрэлсэг, гэхдээ хурц нар тусахгүй газар үр дорхно соёолоод ургадаг.


3. Навчин тавгаар үрслүүлэх арга
Навчин таваг болон хажуугийн зулзаган нахиагаар үрслүүлэх бол хурц хутгаар болгоомжтой тайрч аваад зүссэн хэсгийг модны нүүрсний нунтагт дүрнэ. Нарны гэрлээс хамгаалсан газар 2-3 өдөр ил тавьж зөөлрүүлнэ. Дараа нь чийгтэй элсэнд, эсвэл элс навчин хөрсөнд (1:2) суулгана. Усалгаа маш бага. Үндэс 2-3 долоо хоноод гардаг. Вакумдах хэрэггүй.
Тасдсан навчнуудаа хажуугаар нь зоогоод үлдээ болно.
  
Хэдэн өдөр ил тавьж зөөлрүүлж хатаасан үрсэлгээнүүдээ усанд үндэслүүлж болдог. Усаа 7 хоногт нэг удаа сольж байгаарай. Мөн модны нүүрс усандаа хийвэл үрсэлгээний үзүүр илжрэхгүй.
  

Харин доорх тайрдас нь 2-3 хоногоос шинээр ургаад эхэлдэг. 
Хорхой шавьж, өвчлөлт: Эониумын навчны дундуур гурилан өт үүрлэж үрждэг. Ийм ургамлын ургалт зогсож, үзэмж мууддаг. Устгахын тулд - хэт их үржсэн газрыг спирттэй эсвэл савантай нойтон хөвөнгөөр арчиж арилгах. Хэт их үүрэлсэн бол хор цацна (дэлгүүрүүдэд зарж байгаа Орос хорноос: Актара, Актеллик, Карбофос, Конфидор тохирно).
Мөөгний гаралтай өвчин, илжрэлт нь буруу усалгаанаас болон сэрүүн газар хэт услаад байвал гарна. Бусдаар бол өвчлөх нь бага. Мөөгний гаралтай өвчинд "Фитоспорин" хэрэглэнэ.
Aeonium 'Velour'
ГАРЧ БОЛОХ ХҮНДРЭЛҮҮД:
 Навч жижигхэн, навчин таваг шингэхэн
     1. усалгаа хангалттай хийхгүй байгаагаас,
     2. сав хэт бага
     3. шилжүүлж суулгах болсон байвал.
 Навч жижигрэхээс гадна иш сунаад уртсаад байвал - гэрэл дутсан.
 Навч харлаж үхээд, иш харлаад зөөлрөөд байвал
     1. хөрс хэт чийгтэй байна
     2. сэрүүн хүйтэн газар хэт услаад байна.
 Навч унжаад, унаад байна - хэт халуун хуурай байна.
 Навч хар ягаан өнгийн байснаа ногоон болж хувираад байвал - гэрэл дутаад байна.
 Навч сулраад үрчийгээд байна - хөрсөө дутуу услаад байна. 
 Навч сулраад, үрчийгээд, зөөлхөн, унжийсан байвал - усалгаа ихдээд байна.

1 comment:

  1. Mongold ene tsetsgees hichneen sort n bdag bol bugdiig olj avah yumsan bval nad ru zalgarai 99901233

    ReplyDelete