Sunday, October 7, 2012

Ардизия — Ardisia

АСУУЛТ - ХАРИУЛТ: Ардизиягийн улаан жимстэй бутыг бэлгэнд авсан юм. Сарын дараа цагаан жижигхэн цэцэг олноор гарч баярлуулав. Өдөр бүр усаар шүршиж байсан ч навчны үзүүр хатаад борлоод байна. Зун 7 хоног бүр бордож байсан. Цэцэглэлтийн дараа жимс үүслээ. Гэтэл навчнууд нь унаж эхэллээ. Үүний дараа удалгүй бүх шинээр гарсан жимснүүд нь уналаа. Хуучин байсан улаан жимснүүд нь одоо хүртэл унаагүй байж л байна. Яах ёстой байсан юм бол? 
Навч, жимс унах нь буруу арчилгаанаас болж байгаа.
Ардизия — Ardisia Myrsinaceae овгийн ургамал. Грек хэлнээс ardis—сум гэсэн утгатай. Нийт 400 төрлийн намхандуу мөнхийн ногоон навчтай бут/мод байдаг. Ази, Америкийн халуун бүсэд ургадаг. 
Тасалгаанд ургуулдаг нь - Ardisia crenata. Тод улаан жимс нь удаан тогтдог, жил гаруй хугацааны дараа үрчийж хатаад унадаг. Өндөр 2 метр хүрдэг.
Ардизия тасалгаанд тогтмол цэцэглэдэг. Харин цэцэг бүр нь жимсэлдэггүй. Энэ нь тасалгааны хэт хуурай агаараас болдог. Өвлийн сүүлээр их сунаж ургахаас сэргийлж 10 см өндөр үлдээгээд тайрдаг. Шинээр ургасан мөчирнүүдээс хамгийн хүчтэй, сайн салаалсан, олон навчтайг нь үлдээгээд, сул, нарийхан мөчирнүүдийг тайрч авна. 
Шилжүүлэн суулгалт 2-3 жилд нэг удаа шаардлага гарсан тохиолдолд хавар хийдэг. Савандаа үндэс нь багтахгүй болход дараагийн шилжүүлэн суулгалтыг хийдэг. 
Үрээр үржүүлэхдээ хавар 3 сард хөрсөнд тарьна. Хөрсний хэм өдөр шөнө тогтмол +18-20°С байх ёстой. Томроод ирэнгүүт нэг нэгээр нь жижиг саванд тусгаарлана. 2-3 жилийн дараа л хөөрхөн бут болно. Мөчрөөр үрслүүлэх нь илүү хурдан. Гэхдээ мөчир үндэслүүлэхийн тулд хөрсний дулааныг тогтмол +25°С ба түүнээс дээш байлгадаг. 
Ardisia crenata
Ардизия гэрэлтэй газар ургадаг. Гэхдээ нарны шууд гэрлээс хамгаална. Зүүн зүгийн цонхны тавцан илүү тохирдог - өглөөний нар үзэж байхаар. 
Өвөл тохирох агаарын хэм +16-18°С. Харин +12-15°С хэмээс бууруулж болохгүй. Бусад улиралд тасалгааны нөхцөлд +20°С хэмд ургуулсан нь дээр. Илүү халуун дулаан өрөөнд байлгах бол агаарын солилцоог сайн хийж байна. 
Хавар - зуны улиралд ардизияг сайн усладаг. Харин өвөл - хөрсийг өлөн чийгтэй байлгана. 
Идэвхитэй ургалт үе болон цэцэглэлт намар - өвөл болдог. Энэ үед аль болох гэрэлд ойртуулна. Зун нь тод гэрэл, нарнаас халхална.
Цэцэг, жимс нь залуу мөчирний үзүүрт гардаг. Илүү олноор цэцэглүүлэхийн тулд цэцэглээд, жимс үүссэний дараа сул, хэт нарийхан, мөн өвчтэй, хатаж байгаа, эсвэл хэт өтгөн шигүү ургасан мөчирнүүдийг шингэлж тайрдаг. Мөчирөн титэмний хэлбэрийг гаргаж өгнө. 
Залуу мөчирнүүд нь хэр зэрэг урт ургасан гэдгээс тайрах үгүйгээ шийднэ. Ер нь бол 2—3 үе богиносгоход болдог. 
Хуучин жимсийг тасдах хэрэггүй. Шинээр гарах цэцэг, жимсэнд саад болдоггүй. 
Навчны үзүүр, ирмэг хатаад байх нь олон шалтгаантай: хуурай агаараас, хөрс хэт устай чийгтэй байгаагаас, эсрэгээр - усалгаа багадуулсанаас, хэт их тод гэрэлд байлгаснаас, агаарын хэм хэт халуун, эсвэл хэт хүйтэн сэрүүн, минерал бордоо нь ихэдсэн, нэвт салхинд тавьсан, г.м.
Усаар шүршихэд дуртай байдаг, гэхдээ жимс боловсорч байх үед хийж болохгүй. Ер нь ардизия ааштай ургамлын тоонд ордог. Тэвчээр, арчилгаа шаарддаг ургамал. 
Зарим төрлүүдийг нь эмчилгээнд хэрэглэдэг. Япон ардизия нь хятадын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг. Ардизиягаас ялгардаг бодис нь хүний хорт хавдрын эд эсийг устгадаг гэдэг нь тогтоогдсон байна. Ардын эмчилгээнд ардизиягийн навчийг үрэвслийн эсрэг, жимсийг нь - гэдэс базлах, туулгах, мөн гэдэсний хялгасан цагаан хорхой устгахад хэрэглэдэг байна. 
Гарч болох хүндрэлүүд:
Хорхой шавьжинд баригдахдаа амархан. Спиртэнд дүрсэн хөвөнгөөр навчнуудыг арчиж цэвэрлээд, хор цацна. 
Хэт их эсвэл жигд бус усалгаа нь навч унахад хүргэдэг. 
Цайрсан (хлороз) навч - төмөр дутсанаас. 
Мөөгний гаралтай өвчлөлүүдэд өртдөг. Фунгицидаар эмчилнэ. 

No comments:

Post a Comment