Sunday, October 7, 2012

Аукуба (Aucuba Japonica)

Япон Аукуба
Япон Аукуба буюу Aucuba japonica нь "Алтан мод" нэрээр илүү дэлгэрсэн. Япон, Солонгос, Хятад, Гималайн нуруугаар ургадаг энэ өвөрмөц мод олон жилийн турш гадныхны анхаарлыг ихэд татдаг байж гэнэ. Япончууд өөрийн нутаг дэвсгэрээс авч гарахыг хатуу хориглодог байж. 
Бүүр XVII-р зуунд л аукубааг Европруу авч ирж чадсан байна. Харамсалтай нь мод жимсээ өгсөн ч тэр нь ургах чадваргүй байж гэнэ. Учир нь аукуба нь "хоёр гэрт" (биологийн оноосон нэр томьёог монголоор мэдэхгүй юм) ургамал гэнэ. Аваачсан мод нь эм мод байж, иймээс ургах чадвартай жимстэй болохын тулд Японоос эр модыг авчрах хэрэг гарчээ. Хэдэн арван жилийн дараа л эр мод Англид хүргэгдэн ирж, энэ цагаас эхлэн тасалгааны ургамал болгон ургуулж эхэлсэн байна. Япон Аукуба нь бутархаг, навчаар гоёдог тасалгааны цэцэг, өндөр нь 1,5 м хүрдэг. 
Аукуба нь 6 төрөл байдаг. Мөнхийн ногоон, мод болон бут хэлбэртэй, цулгай ногоон навчтай, эсвэл нарны гэрэл туссан мэт тод шар толботой гээд. 
Шар толбоноос нь болоод "Алтан мод" нэр нь гарчээ. Энэ ургамлын бүх хэсэг нь хортой шүүстэй тул хүүхдийн өрөөнд байрлуулж болохгүй. Мөн гэрийн тэжээвэр амьтантай бол тэдний хүрч чадхааргүй газар тавиарай. 
Улаан жимс нь хортой
Япон Аукуба 'Hillieri'
Аукубагийн энергетик: 
Фенг Шуйн ухаанаар "Алтан Мод" нь ажил мэргэжлийн хувьд тушаал ахихад болон нийгэм, олон нийтийн үйл хэрэгт амжилт гаргахад нөлөөлдөг гэж үздэг байна. 
Аукуба нь орчин тойрноо муу зүйлээс цэвэрлэдэг, эсрэг уур амьсгалыг эерэг болгодог ба эерэг энергийг дотороо хуримтлуулж байгаад хэрэгцээт үед гадагш өгдөг байна. 
Япон Аукуба 'Gold Dust'
Алтан мод нь оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст илүүтэй таардаг. Оюун ухаанаа төвлөрүүлэх, шаардлагатай үед өөрийгөө дайчилж ажиллахад тусладаг байна. Мөн бусдыг удирдан зохион байгуулах чадвар, олонтой харьцах чадварыг хөгжүүлж өгдөг байна. 
Хүн ихээр цуглардаг том зааланд байршуулбал найрсаг тааламжтай уур амьсгал бүрдүүлдэгээс гадна хэрүүл маргааныг дардаг. 
Алтан толботой аукуба нь мөнгө санхүүгийн тогтвортой байдал, чинээлэг амьдрал дагуулдаг гэж үздэг байна. 
Япон Аукуба 'Dentata'
Байршил: Айхтар арчилгаа шаардаад байдаггүй. Дулаанд ч, сэрүүнд ч ургаад байна. Хагас сүүдэрхэг газар илүү тохирдог. Сүүдэрт ургаж чаддаг ховор цэцгүүдийн нэг. Ялангуяа цулгай ногоон өнгөтэй сорт нь сүүдэрт зүгээр ургадаг. Нарны шууд тусгалд тавьж болохгүй. 
Өвөл сэрүүн +10С газар байлгах хэрэгтэй. Халуун газар байлгавал навч унана. 
Япон Аукуба 'Crotonifolia'
Усалгаа: Зун, хаварт хангалттай сайн услана, өвөл услалгааг багасгана. Гэхдээ хөрс хатхаас болгоомжилж усалгааг зохицуулж байгаарай. Жилийн турш өдөр бүр шүршиж байна. Усалгаа хэтрүүлвэл навчин дээр хар толбо үүсдэг.
Шилжүүлэн суулгах: Хэрэгцээ гарсан үед шилжүүлж суулгаж болно. Жишээ нь: сав багадсан, үндэс дренажны нүхээр цухуйсан г.м. Хөрс бэлдэхдээ хулэрт хөрс, хар шороо, ялзмаг, элс байхад болно. Савны доор заавал дренаж хийж өгөөрэй. 
Хэлбэртэй цэвэрхэн болгох үүднээс хавар 3-4 сард танаж өгнө. Тайрсан мөчирнүүдээ үрслүүлж авдаг. Үндэслүүлэхэд тун амархан. Чийгтэй элсэнд, эсвэл хөвсгөр өөр ямар ч хөрсөнд үндэслэнэ. 
Үндэс нь махлаг бүдүүн хэрнээ амархан хугардаг тул шилжүүлж суулгахдаа болгоомжтой байгаарай. 
Бордоо: Хавар - зуны улиралд 2 долоо хоногт нэг удаа комплекс минерал бордоогоор услана. 
Үрсэлгээ: Ихэнхидээ мөчирний үзүүр, ховор тохиолдолд үрээр.
Гарч болох хүндрэлүүд: Гэрэл дутсан нөхцөлд навчны шар толбо арилдаг. Иймээс намар, өвөл нэмэлт гэрэл гаргаж өгвөл өнгө алдахгүй.
Хэт хуурай халуун агаарт аалзан хачиг үрждэг. 
Дараах материалын эх үүсвэрийг ашиглав:
http://www.morepozitiva.com/
http://www.dachnikam.ru/

No comments:

Post a Comment