Monday, October 17, 2011

Удамбор

Удамбор - Фи́кус (лат. Ficus) нь лат. Moraceae овгийн ургамал. Ихэнхи нь мөнхийн ногоон, зарим цөөн тооны навчаа гөвдөг төрөл байдаг. Эрт дээр үеээс хүмүүсийн сайн мэддэг болсон удамбор - инжирийн мод буюу Ficus carica юм. Адам, Ева хоёрын өмссөн ганц хувцас «фигийн навч» байдаг.
Инжирийн мод – лалын шашинд дээдэлж сүсэглэж байдаг хоёр төрлийн ариун модны нэг нь инжир мод юм байна. Инжирийн модыг мөн индуист болон буддист шашинд их дээдэлдэг. 

Удамборын ихэнхи төрлүүд эхлээд эпифит (өөр модон дээр тогтож ус, тэжээлээ гаднаас өөрөө олж авдаг) ургамал байгаад, дараа нь үндэс нь сайн хөгжөөд газар хүрээд ирэхлээр өөрөө бие дааж ургаж эхэлдэг. Харамсалтай нь тулгуур болж байсан модыг үндсээрээ ороож ургасан байдаг тул тэр нь сүүлдээ үхдэг байна. Удамборын бүх хэсэг сүүн шүүстэй. Зарим сортын сүүн шүүсийг эмчилгээнд хэрэглэдэг байна (Ficus heterophylla, Ficus sycomorus, Ficus indica).
Бенджамины удамбор
Ихэнхи төрлүүд хүнд ашиг тусаа өгдөг. Аж үйлдвэрт хамгийн их ач холбогдолтой төрлүүд нь каучук гаргаж авдаг Ficus elastica (Суматра), Ficus nymphaeifolia, Ficus populnea, Ficus radula, Ficus sylvestris (Бразили), Ficus elliptica болон Ficus prinoiddes (Колумб, Эквадор).
Зарим удамборын жимсийг хүнсэнд хэрэглэдэг: Ficus convica, Ficus sycomorus, Ficus religiosa, Ficus Rumphii, Ficus bengalensis. Жимсэнд нь 75% сахар (глюкоз, фруктоз) байдаг байна. Эдгээр удамборыг эрт дээр үеээс тарьж, үржүүлж ирсэн байна. Мексик, Африкт удамборын навчаар гэрийн дээвэр, сүүдрэвч, ширүүн олсорхог даавуу зэрэг хийдэг гэнэ. Үүнээс гадна төрөл бүрийн өвчин анагаах эмийн найрлаганд ордог байна. 
Ficus binnendijkii
АРЧИЛГАА
Байршил: Удамбор нь өөрчлөлтөнд дургуй ургамал, иймд нэг мөр байнгын газар гаргаж өгөх хэрэгтэй. Болж өгвөл хөдөлгөхгүй, зөөхгүй, эргүүлэхгүй, оролдохгүй байх хэрэгтэй гэнэ. Зун удамборыг цэвэр агаарт гаргах нь дээр - балкон, сүүдрэвч г.м. 
Ficus binnendijkii
Гэрэл: Нарнаас халхалсан, гэрэлсэг газар дуртай. Хатуу навчтай удамбор (Ficus elastica) зун өглөөний наранд байж болдог, харин нимгэн зөөлөн навчтай удамбор нь (Ficus pumila) сарнисан гэрэлд байх ёстой. Хар ногоон навчтай удамбор түр хугацаанд гэрэлгүй газар ургаад байж чаддаг, харин эрээн алаг навчтай сортууд хагас сүүдэрхэг орчинд ч байж чаддаггүй, навчны гоёмсог алаг хээ алдагддаг. 
Гэрэл дутагдвал мөчирний навч хоорондын зай сунаж уртасдаг, ургалт зогсдог, удааширдаг, навч унадаг. 
Удамбор нь гэрлийн хэлбэлзэл, өөрчлөлтөнд мэдрэмтгий, ялангуяа зун балкон дээр байж байгаад намар гэрт оруулхад. 
Өвлийн улиралд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх хэрэгтэй байдаг. Нэмэлт гэрэлтүүлгийн хүч чадал нь удамборын төрөл, сортоос хамаардаг. 
Агаарын дулаан: Агаарын дулаан зундаа 25-30°C, өвөлдөө 16-20°C. Байж болох доод хэм — 10°С, алаг навчтай төрөлд — 15° С.
Удамборын зарим төрлүүд сэрүүн өвөлжих хэрэгтэй байдаг: Ficus carica (Инжир) 10 сараас 2 сар хүртэл 6-12°С хэмд , Ficus pumila — 12-18°С хэмд. Байгальд зарим тэсвэртэй сортууд - Ficus carica (Инжир) хүчтэй цочрол хүйтрэлийн дараа ч гэсэн сэхээд ирдэг байна. 
Хэрэв удамборыг дулаан, хуурай газар өвөлжүүлэх бол нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгч, усаар шүршиж байх хэрэгтэй. Өрөөний дулаан өндөр байх тусам илүү их гэрэл хэрэгтэй. 
Хөрс даарах, жиндхэд мэдрэмтгий тул хүйтэн цонхны тавцан дээр тавьбал навчаа гөвөж болно. Мөн халуун хүйтэн агаарын огцом хэлбэлзэлд навч унаж өвчилдөг. Өдөр нь наранд шарагдаад, шөнө нь хүйтэн цонхны доор дааруулаад байж болохгүй.
Сүлжсэн штамб
Цэвэр агаар: Агаар сайн солилцдог, цэвэр агаартай газар байх шаардлагатай. Нэвт салхи болон хүйтэн салхинд байж болохгүй. 
Усалгаа: Ямарч ургамлын хэрэгцээт усны хэмжээ ургамлын нас, улирал, ургаж байгаа нөхцөл, хөрс, цэцгийн савны материал, ургалт үеийн аль шатанд явж байгаа гээд бусад олон зүйлээс хамаарч янз янз байдаг. Эдгээр шалтгаалах зүйлүүд байнга өөрчлөгдөх тул тогтсон нэг зарчмаар усалгаа явуулах хэрэггүй. Гол нь хөрсийг ажиглаад, дээд хэсэг нь хатаад ирвэл дараагийн усалгааг хийж байх нь дээр. 
Бонсай удамбор
Зун усалгааг сайн хийнэ. Усалгаа хооронд хөрсний дээд хэсэг хатах ёстой. Дараагийн усалгаа хийх болсон үгүйг гараараа мэдэрдэг. Хэрэв хуруугаа хөрсрүү хийхэд (жижиг савтай цэцэг 2-3 см гүн хийх, том савтай мод, цэцгэнд — 5-7 см) шороо хуруунд наалдахгүй үүрч байвал услах хэрэгтэй болж гэсэн үг. Хэрэв хөрс чийгтэй, хүрүүнд наалдаж байвал — услах эрт байна.
Фикусыг дээрээс нь усалдаг - бүлээн усаар хэд хэдэн удаа тасдаж усална. Ус хөрсийг бүрэн норготол, доод дренажны нүхээр ус гартал усалдаг байна. Усалснаас хойш 30 минутын дараа доош гарсан илүүдэл усыг асгаарай. 
Өвөл усалгааг харин болгоомжтой хийнэ. Зун ус багадах аюултай байдаг бол өвөл нь, ялангуяа сэрүүн өрөөнд байгаа бол хэт их ус аюултай байна.

Ficus montana / quercifolia                                                  Ficus pumila
Ампель удамбор Ficus montana, Ficus pumila, Ficus sagittata, Ficus hederacea зэрэг нь модон удамборыг бодвол илүү их усалгаа шаарддаг байна. Учир нь тэд өнгөцхөн үндэстэй тул ус чийгээ хөрсний дээд хэсгээс сорж авдаг гэнэ. Дээд хэсэг нь дорхноо хатдаг тул усалгаа дахиж шаардагддаг юм байна. 
 
Ficus palmeri                                          Ficus petiolaris 
«Усны сав» төрлийн удамборыг - Ficus palmeri, Ficus petiolaris бүдүүрсэн хэсгийг нь алдагдуулахгүйн тулд усалгаа хооронд сайн хатааж өгөх хэрэгтэй гэнэ. 
Бенджамины удамбор "Старлайт"
Агаарын чийгшил: Байж болох агаарын чийгшил — 50%-аас доошгүй байх. Байх ёстой агаарын чийгшил — 70%. Зуны халуунд, мөн өвөл халаалттай хуурай агаартай байранд өдөр бүр байнга шүршдэг, 10 хоног бүр бүлээн шүршүүрт оруулж байх хэрэгтэй. Бүлээн, зөөлөн усаар шүршдэг. Хатуу ус навчин дээр давсны цагаан хээ үлдээдэг.
Ficus pumila
Зарим төрлийн удамборд илүү их чийгтэй агаар амин чухал байдаг Ficus lyrata, Ficus pumila.
Ficus lyrata
Хөрс: Залуу удамборт хөнгхөн, агаар сайн нэвтэрдэг хөрс хэрэгтэй байдаг. Навчин хөрс, хүлэрт хөрс, элс ижил хэмжээгээр авч бэлднэ. Харин хөгшин удамборт илүү нягтарсан хөрс хэрэгтэй байдаг тул дээрх хөрсөн дээр ширгэн хөрс, ялзмаг эсвэл гумустай бусад хөрс хийдэг. 
«Усны сав» удамборууд байгальд хад, чулуурхаг газар ургадаг тул илүү том ширхэгтэй хөрс хэрэгтэй - хайрга, туйпууны үүрмэг, үртэс г.м. 
Савны доор заавал дренаж хийнэ. Дренажинд керамзит, модны нүүрс хийж өгвөл үндэс ялзрахаас хамгаалж өгч байна. 
Дэлгүүрийн зарим бэлэн хөрс хэт хөвсгөр болгох гэж хүлэрт хөрс, мод навчны үртэс зэргийг ихээр хийсэн байдаг тул тэжээллэг чанар муутай байдаг. Иймд удаан уусдаг бордоо хамт хийж суулгаарай, эсвэл ойр ойрхон бордож байгаарай. 
Биннендийка удамбор
Хөрсөөр дамжиж хорхой шавьж тараахгүйн тулд ямарч хөрсийг урьдчилж ариутгах хэрэгтэй. 
Шилжүүлэн суулгалт: Сав багадсан шинж тэмдэг-үндэс бүхэлд нь савыг дүүргэсэн, усласны дараа хөрс дорхноо хатаад байна, дренажны нүхээр үндэс гарч ирсэн.
Шилжүүлэн суулгалтыг хавар болон зуны улиралд хийдэг - шинэ савандаа дасах нь хурдан байдаг. 
Залуу удамборыг жил бүр шилжүүлж суулгана. Жил бүр савны хэмжээг 2-3 см томосгож авна. Шилжүүлж суулгахын өмнө цэцгээ услана. Энэ нь савнаас амархан гаргахад хэрэгтэй. Хөрсний дээд хэсгийг хусаж авна, бусад хэсгийг гөвөлгүй шууд том савандаа суулгаад, захаар нь шинэ хөрс чигжэж өгнө. Савны доор заавал дренаж хийх ёстой. Дренаж дээр хөрс дэвсэж өгч байж цэцгээ суулгана. 
4-өөс дээш насны цэцгийг 2-3 жилд нэг удаа одоо байгаагаас нь 3-4 см том саванд суулгадаг. Бүүр том савтай модыг шилжүүлж суулгах хэцүү байдаг тул жилд 1-2 удаа хөрсний дээд хэсгийг хусаж авч шинэ хөрсөөр сольдог.
Шилжүүлж суулгасны дараа үндэс шинэ сав хөрсөндөө дасах хэрэгтэй байдаг тул эхний нэг сар ургалт удааширдаг. Ихэнхидээ хэт том хэмжээтэй саванд суулгахад ингэдэг байна.
Амралт үе: Өвөл өдөр богино болход гэрэл дутагдаж, мөн сэрүүн болдог тул удамборын бүх төрөл 10 сараас 2 сар хүртэл зохиомол амралт үед орох болдог. Харин төвийн халаалттай халуун хуурай газар нэмэлт гэрэлтүүлэг, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх талыг зохицуулаад өгвөл удамбор нь зүгээр ургаад байдаг. Мэдээж хавар, зуны улиралд ургадаг шигээ идэвхитэй биш ч ургалт үе үргэлжлээд байдаг. 
Ficus carica (Инжир) амралт үед навчаа гөвдөг, сэрүүн өрөөнд байх хэрэгтэй байдаг. «Усны сав» төрлийн удамборууд мөн навчаа өвөл гөвдөг байна.
Бордоо: Хөвсгөр, сийрэг хөрстэй бол бордоог бүтэн жил хийдэг. Ердийн хар шороо, элс, ялзмаг, хүлэрт хөрс гэсэн хөрсөнд хавар-зундаа 10-14 хоногийн зайтай органик болон минерал бордоог ээлжилж хэрэглэнэ. Өвөл ийм хөрсөнд бордоо хийх шаардлагагүй. Өвөл гэрэл, чийг дутмаг байдаг тул ургалтыг өдөөж өгөх хэрэггүй. Өвөл бордоод байвал сул дорой, хэт сунасан нарийхан нахиа ургаад байна.
Хэрэв халаалттай дулаахан өрөөнд, нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөөд, сайн агаарын чийгшилтэй байвал сард 1-2 удаа маш сул найруулсан бордоогоор услана. 
Идэвхтэй ургалт үед (хавар, зун) азот ахиу агуулсан бордоогоор бордно. Энэ нь ногоон хэсгийг нь ургахад түлхэц болдог. 
Амралт үе (намар-өвөл) — борддоггүй, хэрэв бордохоор бол азотгүй, эсвэл азот бага агуулсан бордоогоор бордно. Бордоо сонгохдоо N,P,K (азот, фосфор, калий) - ийн орцыг анхаарах хэрэгтэй. 
Ногоон хэсгийг бордоотой усаар шүршиж навчаар нь борддог. Шилжүүлж суулгаснаас хойш 1-2 сардаа бордох шаардлагагүй. Шинэ хөрсөнд тэжээл хангалттай байгаа. 
Бонсай удамбор FICUS MICROCARPA GINSENG
Ариун цэвэр: Навчин дээрх тоос үзэмжинд муугаар нөлөөлхөөс гадна, агаарын солилцоо явагдхад саад болж улмаар фотосинтезыг удаашруулдаг. Сард 1-2 удаа бүлээн устай шүршүүрт оруулж угаадаг. Хөрсийг гялгар уутаар бүрж байж угаах хэрэгтэй. Зөөлөн савантай поролоноор том навчнуудыг хоёр талаас нь угаана. Навч хаттал вааны өрөөнд байлгана. Шууд гаргавал салхи авдаг байна. 
Том, хатуу навчтай удамборын навчийг гялалзуулдаг лакаар бүрж болдог. Ийм лак нь тоос тогтоодгүй, хуучин хөгшин навчийг гялалзуулдаг, мөн өвлийн халаалт ирсэн халуун хуурай өрөөнд навчнаас ус чийг ихээр ууршдагийг багасгадаг сайн талуудтай юм байна. Гэхдээ залуу шинэ навчийг лакдаж болдоггүй. Мөн навчны доод тал, модны иш, болон мөчир лакаар шүршиж болохгүй. Үсэрхэг навчтай удамборыг лакаар шүршдэггүй.
FICUS MICROCARPA GINSENG
Навчны доод талд агаар солилцоо явагддаг гол сувагууд байдаг тул лакадвал эдгээр суваг нүх бөглөрөх аюултай. Байгальд гялтаасан гялгар ургамал гэж тэр бүр байдаггүйг санаж байх хэрэгтэй. Өөрийн байгалийн төрхөөрөө байгаа цэвэрхэн, эрүүл цэцэг ургамал угаасаа сайхан харагдна. 
Навч гялалзуулах «ардын» арга: маш сул шингэлсэн уксус, сүү, устай шар айраг-пиво, устай найруулсан майонез гэх мэтээр арчиж болдог.
Шаралсан, гэмтсэн, хатсан, унасан навч, сульдсан, үхсэн мөчир нахиаг дор бүр нь тайрч байна. Урьдчилан сэргийлэх үүднээс хортон шавьж үүрэлсэн эсэхийг байнга шалгаж байх хэрэгтэй.
Фэнг-Шуй: Ямар ч албан газарт байх ёстой цэцэг. Хэрэв та дарга, захирал бол бүүр ч өрөөндөө байлгах ёстой. Гэрээ хэлэлцээр хийдэг, гарын үсэг зурдаг ширээний хажууд байрлуулах сайн, албан тушаал ахих, ажил өөдрөг бүтэмжтэй байх зэрэгт тус болдог цэцэг. Фикус нь ажлын эрч хүч, энергийг улам өрнүүлж өгч байдаг ба олон юманд самгардахгүй, гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж ажиллахад тус болдог гэнэ. Гэрт гал тогооны өрөө, хоол иддэг өрөө болон гэр бүлээрэй цуглардаг өрөөнд байрлуулах сайн.
http://greenhome.org.ua/

4 comments:

  1. Udam bor gert bhad muu geed bh yum, tiim yum bdag yum uu?

    ReplyDelete
    Replies
    1. Zugeer ee. Hun ooroo yu yuund itgedegees l bolno doo. Udambor bol ajliin uruund tavih sain gedeg. Geree heltsel hiihed, chuhal uulzalt entr eyereg nuloo uzuuldeg geed uulzaltiin uruund ch tavidag. Ailuud ch gesen gertee zunduu l urguuldag. Het tiim yum bodohgui l baihad bolno doo. Olon yanziin ceceg urguulaad yavaandaa tsag hugatsaanii shalguuraar tanaid shigshregdeed ulddeg heden tsetseg bdg. Archilgaa n oort chin amar, esvel tanai geriin energi taardag, geed yu ch baij bolno. Busad humuusiin urguulj cahdahgui baina gedeg tsetseg tanaid yamar ch archilgaagui urgaad l bn. Geh meteer tunaj uldsen tsetsegnuud l tanaid eeltei bdg yum doo. Bi l tegej boddogshd. Tsahirmaag ih muuldag, Feng shuigeer energi sordog gej zunduu bichdeg. Gehdee ungu unguur n saihan urguuldag humuus zunduu. Ter aildaa neeh muu yum bolson yumgui. Tiimees ail ail, hun hunii energiin tuvshind yarih holboos ceceg burt oor oor bh bolov uu.

      Delete
  2. sian bna uu, alag navchtai binjaminii nach ni sharlad baikh um uuniikh ve

    ReplyDelete
  3. Сайн байна уу яаж үрслүүлдэг талаар оруулж өгөөч баярлалаа.

    ReplyDelete