Wednesday, October 2, 2013

Сав томруулах

Цэцэгний сав багадсан гэж яаж мэдэх вэ? 
- Үндэс саваа бүрэн дүүргэсэн. Дренажны нүхээр цухуйж эхэлсэн.
- Ургамлын ургалт удааширсан. Хавар, зуны улиралд ч ургахгүй. Усалгаа, бордоо тогтмол хийсэн ч ургалт мэдрэгдэхгүй байх.
- Хөрс дорхноо хатаад байдаг болсон. Үүнээс болоод усалгааг ойр ойрхон хийх хэрэг гараад байгаа.
            
Эдгээр зүйлүүд ажиглагдсан бол эхлээд савнаас нь гаргаад үндэсээ шалгах хэрэгтэй. Хэрэв үндэс ингэж битүү ургасан байвал сав багадсан байгаагийн шинж. Харин хэрэв үндэс бага, хөрс хангалттай байвал буцаагаад саванд нь хийгээд ургуулна.
Цэцэг ургаж томрох явцад хөрсөнд мөн өөрчлөлтүүд гардаг:
- хөрс нягтаршиж хатуурна, 
- үндэсрүү очих агаар багасна,
- хөрсөнд байсан тэжээл багасна,
- хөрс эсэж эхэлнэ,
- элдэв шавьж үржинэ г.м.
Энэ тохиолдолд шилжүүлж суулгах хэрэгтэй. 
Цэцэгчдийн гаргадаг алдаа - ургамлын дээд хэсэг сайхан том ургасан байна, сав нь багадлаа гээд шууд томруулдаг. Жинхэндээ хэт том саванд цэцэглэдэггүй, ургалт гацдаг ургамлууд байдаг. 
Урд нь хэрэглэж байсан сав ашиглах гэж буй бол эхлээд саваа сайтар угааж, ариутгана. Шинэ шавар сав хэрэглэх гэж буй бол усанд хийж хонуулдаг. Хуванцар болон шаазан шинэ савыг угаахад хангалттай.  
Шилжүүлж суулгах ургамлаа маш сайн услаад, цагийн дараа савнаас нь болгоомжтой гаргана. 
Үндэсээ сайн шалгана. Хэрэв илжирсэн, зөөлөрсөн үндэс байвал бүгдийг цэвэрлэж эрүүл хэсэг хүртэл тайрна. Модны нүүрсний нунтагаар гэмтэлтэй хэсгүүдийг бүрж түрхэнэ.
Дренаж болгож хэрэглэж байсан керамзит, хайрга гэх мэт нь үндэстэй орооцолдсон байж болно. Бүгдийг түүж авна. 
Суулгах савны ёроолд дренаж, хөрс дэвсэж өгөөд, цэцгээ байрлуулаад шинэ хөрсөөр завсар хооронд нь дүүргэж хийнэ.
Бага зэрэг чигжээд, савыг гаднаас тоншиж өгвөл хөрс доош сууна.
Сайн услаад, нарнаас хол сүүдэрхэг газар 7 хоног байлгана. Өдөр бүр шүршиж байна. Шинэ савандаа бага зэрэг дасаад, эхний стресс тайлагдаад ирэнгүүт байнгын ургах газарт байрлуулна.
   
Хэрэв цэцэгний үндэс эрүүл бол шууд том саванд шилжүүлж суулгана. Хэт том сав авах хэрэггүй. Шинэ сав нь хуучнаасаа 3-4 см өргөн, 2-3 см өндөр байхад болдог.
    
Савны ханаар шинэ хөрс хийхэд агаартай хэсэг үлдэж болдог. Услахад хөрс доош урсаж засагддаг ч заримдаа агаарын "бөмбөлөг" хэвээр үлдэж, яваандаа хөгц ургах шалтгаан болж болно. 
Ийм үед хэрэглэж болох энгийн нэг арга танилцуулъя:
    
Том савандаа хөрс дэвсэж өгөөд, суулгах цэцгээ одоо байгаа савтай нь хийж байрлуулна. Том жижиг хоёр савны хооронд гарсан зайг хөрсөөр чигжэнэ.
   
Хөрс нураалгүй болгоомжтой цэцгээ гаргаж аваад хуучин савнаас нь салгана.  
    

Шинэ саванд бий болсон нүхэнд цэцгээ хийгээд, зөөлөн дарж, доош суулгаж өгнө. Хэрэгтэй гэж үзвэл хөрс нэмнэ. 

     
Энэ бичлэгийг үзнэ үү: 3 минут 55 секундээс дээр дурдсан аргa эхэлж байгаа.

No comments:

Post a Comment