Monday, October 24, 2011

Гундаахай-Диффенбахия

Гундаахай - Диффенбахия (Dieffenbachia), Araceae овгийн ургамал. Австрийн Вена хотын Ботаникийн Хүрээлэнгийн цэцэрлэгч Диффенбахын (1796—1864) нэрээр нэрлэсэн юм байна. Америк тивийн халуун ширэнгэд 30-аад төрөл ургадаг байна. Тэдний дийлэнхи нь хортой ургамлууд байдаг.
Ароидын овгийн бүх ургамал хортой шүүстэй. Английн колони байсан Энэтхэгийн баруун хэсэгт англичууд боолуудаа энэ ургамлаар шийтгэдэг байсан гэнэ. Шийтгэхдээ ишнээс нь хазаж зажлахыг шаарддаг байж. Хазангуут шууд амны зөөлөн салст, хэл, хоолой, шүлсний булчирхай бүгд зэрэг түлэгдэж хавддаг. Юм идэж, ярьж чадахаа больдог байна. Үүнээс болоод хүмүүсийн дунд "хэлгүй ташуур", "ярьдаггүй хулс" гэсэн нэртэй болжээ.
Африкийн зарим оронд одоо ч гэсэн гундаахайгийн шүүсээр мэрэгчин амьтадын эсрэг хор хийдэг байна.
Хортой шүүстэй тул бага насны хүүхэд байдаг өрөөнд битгий байрлуулаарай. 
Мөн гэрийн тэжээвэр амьтан хүрэхгүй газар байлгаарай. Мууранд үхлийн аюултай. 
Шилжүүлж суулгах, тайрах бол бээлий хэрэглээрэй.

Тасалгаанд тарьдаг болоод 150 гаруй жил болж байгаа. Ургалт хурдан, онцын арчилгаа шаардаад байдаггүй. Гэхдээ доод навч унасаар нүцгэн иштэй, тэр бүр гоё харагддаггүй тул гундаахайг 3 жилд нэг удаа шинэчилж байх нь дээр байдаг.
40 гаруй төрөл байдаг ч тасалгаанд түгээмэл ургуулдаг хэдхэн байдаг.
ТӨРӨЛ
1. Dieffenbachia maculata / Dieffenbachia picta
Dieffenbachia maculata өөр нэг нэр нь Dieffenbachia picta — тод эрээн, толботой том навчтай хагас бутархаг ургамал. Навчны гол нуруу судаснаас 15 салаа судас гардаг. Навч 40-50 см урт, 10-12 см өргөн. Цэцэг нь годонтой. Гэрийн нөхцөлд маш ховор цэцэглэдэг.
2. Dieffenbachia seguina / Dieffenbachia amoena
Dieffenbachia seguina буюу Dieffenbachia amoena эхний алаг толботой Dieffenbachia maculata гундаахайтай төстэй. Өргөн нь 15-16 см, урт нь 40-50 см. Гол нуруу судаснаас 9-12 салаа судас гардаг байна.
3. Dieffenbachia bausei
Dieffenbachia bausei шаравтар ногоон өнгийн зууван хэлбэртэй навчтай. Навчны урт 35 см. Гантиган чулуу шиг эрээн хээтэй.
4. Diefenbachia oerstedii
Diefenbachia oerstedii: навч шовх үзүүртэй зууван хэлбэртэй. Урт нь 30-35 см. Дан ногоон өнгийн, гол нуруу судас нь цагаан шаргал. Зарим сортууд нь цайвар толботой байдаг.

Ач холбогдол: Гундаахай хортой шүүстэй ч гэсэн тасалгаанд их ургуулдаг. Тэр бүр хүмүүс нарийн мэдээд байдаггүй маш олон сайн талуудтай гэнэ. 
Тасалгааны агаарын химийн бүтэцийг өөрчилж чаддаг ургамал. Агаарт байгаа зарим хорт бодисыг сорж авч өөртөө шингээдэг, мөн төрөл бүрийн токсик бодисыг саармагжуулдаг;
Гундаахай фитонцид шинж чанар агуулдаг байна. "Фитонцид" бол ургамлын боловсруулж ялгаруулдаг биологийн идэвхитэй бодисууд юм. Агаарт байгаа бактери, үл харагдах мөөг, мөөгөнцөр, нян, эгэл биетнүүдийн ургалт хөгжлийг дарангуйлж зогсоодог, мөн тэднийг устгадаг сайн талтай.
Гундаахай байгаа өрөөний агаар дахь төрөл бүрийн өвчин үүсгэгч патоген нян эрс цөөрдөг байна (жишээ нь, стафиллококийн нянг устгадаг);
Гундаахайг тойрсон орчны агаарын чийгшил илүү өндөр байдаг. Үүнээс үүдээд өрөөний тоосжилт багасдаг. Энэ нь агаарын бохирдол багасгана, эко орчин сайжруулна. Ийм агаар нь элдэв янзын харшил (аллерги)-тай хүмүүст эерэгээр нөлөөлдөг байна.
Гундаахай нь Мэлхийн ордныхны цэцэг
АРЧИЛГАА
Үзэмжтэй байлгахын тулд арчилгаа шаарддаг цэцэг. Шинэчилгээ хийгээд, шилжүүлж суулгасан бол нэг хэсэгтэй санаа амар сууж болно.
Гэрэл: Тод гэрэлд байрлуулах хэрэгтэй ч нарны шууд тусгалд дургуй. Ихэнхи төрөл сүүдэрт ургаж чаддаг, иймд гэрэл бага тусдаг болон хойд зүгрүү харсан цонхон дээр тавьж болно. Алаг эрээн хээ нь бүдэгрэх, навч өнгөгүй болох, цайрах, навчны хэмжээ багасах зэрэг зүйл ажиглагдвал гэрэл дутсаны шинж.
Агаарын дулаан: Тохиромжтой дулаан +20—25°С, агаарын солилцоо сайн байх ёстой.
Өвөл +17°С-оос дээш хэмтэй дулаан газар байлгана. +20°С хэмээс доош байвал шүрших хэрэггүй, харин чийгтэй алчуураар тоосыг нь авч байгаарай. Хүйтэн салхи, нэвт салхинд дургуй.
Агаарын чийгшил өндөр байх ёстой 70—80 %. Гэхдээ тасалгааны хуурай халуун агаарт зохицоод байж чаддаг. Усаар тогтмол шүршиж байх ёстой.
Усалгаа: Зун сайн услана, зөөлөн бүлээн усаар шүршинэ. Өвөл усaлгаа бага, гэхдээ навчийг 2 долоо хоноод бүлээн усаар угааж өгч байх хэрэгтэй.
Хөрс байнга үл ялиг чийглэгдүү байна. Хэт их чийгтэй байж болохгүй. Мөн хэт хатааж бас болохгүй.
Хөрс: Савны доор заавал дренаж дэвсэж өгнө. ("Дренаж"-ны тухай эндээс). Мөн хөрсөнд модны нүүрс болон туйпууны хэлтэрхий, үүрмэг хийх сайн.
Тохирох хөрсний бэлдмэл:
4 хэсэг ширгэн хөрс,
1 хэсэг навчин хөрс,
1 хэсэг хөвдөн хөрс,
1 хэсэг элс
Бордоо: Навчаар гоёдог цэцэг тул N азот ахиу агуулсан бордоо хэрэглэдэг. Идэвхитэй ургалт үе буюу хавар зуны улиралд хоёр долоо хоногт нэг удаа минерал комплекс бордоо хийж өгнө. Азот сайн агуулсан органик бордоонд мөн дуртай.
Бордоог үндэсээр болон навчаар өгдөг. Навч шүршдэг усандаа бордооноос маш сул найруулж шүршиж байх сайн байдаг.
Арчилгаа орос хэл дээр

No comments:

Post a Comment