Saturday, October 26, 2013

Кальцеолярия

Кальцеолярия (Calceolaria) нь Өмнөд Америкаас гаралтай 300-520 төрөлтэй ургамал. Дундад зууны Англид мода болж байсан цэцэг. Calceolaria гэдэг нь латинаар "гутал шиг цэцэг" гэсэн утгатай.
Кальцеолярия – өвсөрхөг, эсвэл бутархаг битүү цэцэглэдэг ургамал. Тасалгаанд үүнийг ихэвчлэн нэг наст шиг ургуулдаг, хоёр наст болгон тарьж болдог, хоёр дахь цэцэглэлтээр цөөхөн, жижигхэн цэцэгнүүд гаргадаг.
Цэцэгний сонин хэлбэр хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг. Кальцеолярияг "Гутал" мөн "Мөнгөний уут" гэж нэрлэдэг. Ихэнхидээ шар, алтан, улбар шар, бор улаан, улаан гэж байдаг. Тод тод цэг, толботой. Нэг бутнаас зэрэг 50-иад цэцэг дэлгэрдэг. Кальцеоляриягийн навч 5-10 сантиметр урт. Цэцэглэлт хавар болон зун.
Pocketbook plant (Calceolaria crenatiflora), Карманная кальцеолярия
Хоёр бүлэгт хуваадаг:
1) өвсөрхөг хоёр наст, том том өнгө өнгийн цэцэгтэй;
2) бутархаг олон наст арай жижиг цэцэгтэй.
ТӨРӨЛ
1. Calceolaria herbeohybrida Voss 
Calceolaria herbeohybrida Voss - энэ нэр дор маш олон сортуудыг нэгтгэдэг. Тасалгааны өвсөрхөг ургамал. Тод тод олон янзын өнгийн цэцэгтэй, алаг эрээн хээтэй. 
Хоёр өнгийн цэцэгтэй кальцеолярияг мөн "будмал" гэж нэрлэдэг. Заримдаа нэг бутан дээр өөр өөр өнгийн цэцэг дэлгэрдэг.
Хоёр өнгийн цэцэгтэй кальцеолярия нилээн ааштай цэцэгт тооцогддог, ялангуяа бар шиг эрээн алаг төрлүүд нь. Дулаан өрөөнд шилжүүлж байршуулахад ургалт удааширч, шинээр гарах цэцгүүд жигд нэг өнгийн болдог. Авсаархан жижиг 40-50 см өндөр бут.
2. Calceolaria purpurea Graham
Calceolaria purpurea Graham - олон наст өвсөрхөг 50 см өндөр ургамал.
 3. Calceolaria mexicana
Calceolaria mexicana - Кальцеоляриягийн бүх төрөл нь хэт тод өнгөтэй тул бусад тасалгааны цэцэгнүүдтэй зохицохдоо муу. Кальцеолярия мексик 5 мм диаметртэй жижигхэн цэцэгтэй. Шар цэцэг нь навчаар гоёдог ургамлуудын дунд илүү үзэмжтэй, тохирсон харагддаг. 
4. Calceolaria rugosa
Calceolaria rugosa - олон наст өвсөрхөг ургамал, гэхдээ ихэнхидээ нэг наст болгож ургуулдаг. Өндөр нь 25-50 см. Цэцэг жижигхэн, диаметр 1,5 – 2 см, жигд шар өнгийн, зарим гибрид формууд бор цэгүүдтэй. 4 сарын эхээр суулгасан үр 6 сараас эхлээд 9 сарын дунд хүртэл цэцэглэдэг.
АРЧИЛГАА
Гэрэл: Кальцеолярия нарны шууд гэрэл доор ургахдаа муу. Хэт халуунд мөн дургуй. Иймээс гэрэлсэг, хагас сүүдэрхэг сэрүүн +14-16°С газар ургуулах нь дээр. Үүнээс халуун газар +20-25°C амархан хөгширдөг ба хорхой шавьжинд дорхноо баригддаг. 
Зун тагт эсвэл гадаа гаргаж салхинаас хамгаалсан, хагас сүүдэрхэг нөмөр газар байрлуулна. Өвөл гэрэлтэй сэрүүн +8-12°С газар байлгадаг.
Баруун, зүүн, хойд зүгийн цонхон дээр ургуулдаг. Урд зүгрүү харсан цонхон дээр заавал нарнаас хамгаална. Цэцэглэж байхад сарниулсан гэрэлд заавал тавьна. 
Намар - өвөл нэмэлт гэрэлтүүлэг хэрэглэж болно. 
Агаарын дулаан: Бүх улиралд сэрүүвтэр +14-17°C хэмд ургуулахад тохирдог.
Агаарын чийгшил: Кальцеолярия маш өндөр агаарын чийгшил шаарддаг. Устай чийгтэй керамзит, хайрга дээр тавьбал дээр.
Навч болон цэцгийг усаар шүршиж болохгүй!
Навч нь хагас үсэрхэг тул ус хүргэж болдоггүй. Кальцеолярияг хуванцар саванд суулгаад, том "кашпо" саванд давхар хийхэд тохиромжтой. Хоёр савны хооронд хөвд хийж орчны чийгийг ихэсгэдэг.
Усалгаа: Цэцэглэж байхад кальцеолярияг зөөлөн хлоргүй усаар тогтмол услана. Хөрсний өнгөн хэсэг хатсан үед даараагийн усалгааг хийнэ. Доод суурь тавганд илүүдэл ус удаан байлгаж болохгүй. Цэцэглээд дуусангуут усалгааг багасгана. Хаяа хөрсөө чийглэж байна, бүүр хатааж болохгүй. Шинээр ургаад эхлэнгүүт бага багаар ихсэгдэг. Өвөл усалгааг маш бага, хатаахгүй төдий хийнэ.
Бордоо: Кальцеолярияг 10 хоногт нэг удаа минерал бордоогоор услана. Саванд тусгаарлаж суулгаснаас 2 долоо хоногийн дараа бордож эхэлдэг. Цэцэглэлт дуустал борддог. 
Бут хэлбэржүүлэх: Хажуугаар ургасан олон жижиг сул навч, мөчирнүүдийг тасддаг. Идэвхитэй ургалт үе эхлэнгүүт чимхэж эхэлнэ. 2-3 хос навч үлдээгээд чимхэнэ. Навч бүрийн доороос шинэ чанга мөчир гарч ирнэ. Илүү бутлаг болгоход цэцэгний хэмжээ багасаад ирдэг.
Цэцэглэлт: Кальцеолярияг ихэнхидээ нэг наст шиг ургуулдаг. Гэхдээ дараа жил хүртэл хадгалж болдог. Цэцэглээд дуусангуут тайраад 1,5-2 сар сэрүүн харанхуй газар байлгана. Хаяа нэг чийглэж байна. Хөрсийг бүүр таг хатааж болохгүй. 
Шинэ нахиа ургаад эхлэнгүүт гэрэлтэй газар гаргаад цэцэглүүлдэг. Цэцэглэлт нь үрээр тарьсан кальцеоляриягаас 2 сарын өмнө эхэлдэг ба харьцангүй сул цэцэглэдэг. Мөн ургамал өөрөө хэт сунасан, шингэрсэн, үзэмж муутай харагддаг.
Хөрс: Кальцеолярияд дараах хөрс тохирно
2 хэсэг ширгэн, 
2 хэсэг навчин, 
1 хэсэг хүлэрт хөрс
1/2 хэсэг элс
  
Маш жижигхэн хялгасан үртэй
ҮРСЛҮҮЛЭХ АРГА 
1. Үрээр: Намар цэцэглүүлэх бол 3 сард суулгана. Хавар цэцэглүүлэх бол 6 сард суулгана. Үр маш жижигхэн, хялгасан. 
Өөрөө үр хурааж авч болно
Хөнгхөн элсэрхэг хөрсөн дээр цацна. Дээрээс нь хучих, булах хэрэггүй. Шүршигчээр чийглэнэ. Вакумдна.
Соёолоод ургатал сүүдэрт чийгтэй байлгана. Заавал агаар оруулж байна. Тэгэхгүй бол илжирдэг.
 
Маш амархан ургадаг. 
- 2 долоо хоногийн дотор соёолдог. 
- Шигүү суулгасан бол соёолсоноос хойш 2 долоо хоногийн дараа хол хол зайтай салгана.
- 1,5 сартай байхад нь 7-см саванд нэг нэгээр тусгаарлана. 
- 2 сарын дараа 9-11-см саванд шилжүүлнэ. 
- Хоёр дахь шилжүүлэн суулгалтын өмнө чимхэнэ. 2-3 хос навч үлдээгээд чимхдэг.
- Үр ургах өрөө +20°C хэмтэй байна, харин шилжүүлж суулгасны дараа +14-16°C.
Улирлаасаа хамаараад үр суулгаснаас хойш 5-10 сарын дараа цэцэглэдэг. 
2. Мөчрөөр: Бутлаг кальцеолярияг мөчрөөр мөн үрслүүлж болдог. Хуучин цэцгийг тайрсны дараа олон мөчир гардаг. Тайралтыг 8 сард, эсвэл 2-3-р сард хийдэг. Саглагар харагдахаар буттай болгохын тулд нэг саванд хэд хэдэн мөчир суулгадаг. 3-4 долоо хоногийн дотор үндэслэнэ.
Өвчлөлт, хорхой шавьж: Ширх, ургамлын бөөс, цагаан ялаанд их баригддаг. Хор цацаж устгана.

No comments:

Post a Comment