Thursday, October 24, 2013

Гундаахай: үрслүүлэх аргууд, анхаарах зүйлс

ҮРСЛҮҮЛЭХ АРГА
Ишний дээд үзүүрээр, дунд хэсгээр, агаарт үндэслүүлж, бут хувааж гэж үрслүүлдэг байна. Навчаар үрслүүлж болдоггүй.
 
Тайралт хийх бүдүүвч
Гундаахайг жилийн аль ч улиралд үржүүлж болно. Жилдээ 50-80 см өндөр ургадаг. Ургалт хурдан боловч доод навч амархан унадаг.
Урт халзан иштэй, дээрээ хэдэн навчтай мод тэр бүр үзэмжтэй харагдахгүй. Иймд 2-3 жилд нэг удаа шинэчилдэг. "Шинэчилнэ" гэдэг нь ургамлыг шинээр үрслүүлж суулгахыг хэлдэг.
Үрсэлгээний бэлдэц тайрч авахын өмнө 3-4 өдөр услахгүй байлгаж байгаад, нэг өдрийн өмнө эх цэцгийг сайн услана.
1. Үзүүрийг усанд үндэслүүлэх:
Мөчирний үзүүрээр үрслүүлвэл том далбагар навчтай, хүчтэй чанга ургамал ургадаг. Үүний тулд хавар 4-6 навчтай үзүүрийг тайрч авна. Үе буюу навч гарах зангилаанаас 1,5-2 см доогуур тайрна. Сүүн шүүсийг бүлээн усаар угаагаад, цаасан салфеткаар арчиж хатаана. Зүсэлт хийсэн газрыг хатаахын тулд хуурай саванд 1-3 хоног байлгана.
Усанд үндэслүүлж эсвэл хөрсөнд шууд суулгаж болно. Хөрсөнд суулгах бол цэвэр элс, эсвэл хөвд элстэй хольж бэлднэ. Гол нөхцөл-дулаан газар (+21-30°С), нарны гэрэл тусахгүй байх, өдөр бүр навч угааж байх, шүршиж байх. Гадуур нь вакумдаж болно. 2-3 долоо хоноод үндэс цухуйна.
Усанд үндэслүүлэх бол багавтар ус авна. Доод үзүүр усанд 2-3 см дүрэгдсэн байхад болно. Усанд модны нүүрсний үүрмэг хийвэл ус муудахгүй, үрсэлгээний үзүүр илжрэхгүй. Усаа 7-10 хоногт нэг удаа сольж байна.
Багавтар усанд үндэслүүлвэл үндэс усанд дүрсэн хэсгээс ургаад, суулгахад цэвэрхэн байна. Хэт их усанд үндэслүүлсэн бол усанд байсан хэсэг тэр чигээрэй үндэстэй болно. 
Усанд үндэслүүлэхдээ мөн л нарны гэрлээс хол байлгана. Нарны гэрэлд үрсэлгээ халаад илжрэхдээ амархан байдаг.
Усанд нилээн сайн үндэс гарсны дараа хөрсөнд суулгана.
 

2. Үзүүрийг хөрсөнд үрслүүлэх:
Хурц хутгаар үзүүрээс нь тайрч аваад, доод навчнуудыг тасдна. Доод үзүүрийг 1-2 цаг хатаагаад, үндэслүүлэгч бодисд дүрээд, хөрсөнд суулгана. Хөрсийг нь бага зэрэг дарж өгнө.
4-5 савх савны хана дагуу зоогоод дээгүүр нь чөлөөтэй гялгар уут углаж тавьна. Ингэж вакумдах нь амьсгалах агаар илүү их байдаг ба навчинд гялгар уут хүрэхгүй сайн талтай. 

3. Шинэчлэх арга: Эх цэцэгний дээрх навчтай хэсгийг үндэслүүлж байгаа бол усанд хийгээд, дээрх навчнуудыг уутаар бүтээнэ. Үндэслүүлэх аргачлал дээр бичсэн усанд үндэслүүлэх аргатай адилхан. Навчнуудаа шүршиж байна. 10 хоногт нэг удаа крантны усанд бүхлээр нь угаахад гэмгүй. 1-2 сарын дотор үндэслэнэ.
Шууд хөнгхөн хөвсгөр хөрсөнд суулгаж болно. Дээрх навчнуудыг уутаар бүтээнэ. Өдөр бүр шүршиж байна. Том том далбагар навчтай сүрлэг гоё мод гаргаж авах бол энэ дээд хэсгийг сайхан ургуулах хэрэгтэй. Ишний дунд хэсгээс гаргаж авсан гундаахай нь нарийхан, туяхан байдаг.

4. Залуужуулах арга:
Эх цэцэгний халзан ишнээс тайрахдаа доор нь 10 см орчим өндөртэй тайрдас үлдээдэг. Маш багаар услаад, шүршиж байтал шинээр нахиа гарч эхэлнэ. 
"Залуужуулах" гэдэг нь тайралт хийснээр шинэ нахиа, навч мөчир гарахыг өдөөж өгөх, ургамлыг сэргээх, үзэмжийг нь сайжруулахыг хэлнэ.
 
 

5. Ишний дунд хэсгүүдийг усанд үндэслүүлэх бол: 
Усанд үндэслүүлэх бол маш бага усанд байлгана. Намхан хавтгай сав илүү тохирдог. Өндөр саванд амархан илжирдэг. Тайрсан хэсгүүдийг маш сайн хатаана. Хуурай газар 1-3 хоног байлгах хэрэгтэй. Усандаа заавал модны нүүрс хийнэ. Наранд тавихгүй, дулаан газар байлгана. Дээр №1-д заасантай адил агаар оруулж байна, усаа сольж байна, ойр ойрхон гаргаж шалгаж байна.
Хавар усанд хийвэл ийм амархан том том навч ургаад эхэлнэ. Сайн үндэслүүлээд хөрсөнд суулгаарай.
 

6. Ишний дунд хэсгүүдийг хөрсөнд үндэслүүлэх бол цэвэр голын элсэнд, эсвэл голын элс хөвдтэй хольж суулгана. Суулгах зарчим дээр бичсэн аргатай адилхан. 


7. Ишний дунд хэсгүүдийг хөрсөнд үндэслүүлэх "хэвтээ" арга: Хурц хутгаар 5—8 см урттай хэсгүүдэд хуваана. Хэсэг бүр 1-2 үетэй байна. Үе гэдэг нь нахиа ургаж гарч ирэх газар.
12 см голчтой саванд чийгтэй хөвд, голын элс хольсон хөрс дүүргэнэ. Савны ирмэгээс 1,5-2 см хүрэлгүй дүүргэдэг.
Бэлдсэн үрсэлгээний хэсэгүүдийг хэвтээ байрлуулна. Ингэхдээ хамгийн сайн товоож гарсан ургах цэгийг дээш харуулна. 
 
Зүссэн хэсгүүдийг модны нүүрсээр бүрж өгнө, 1-3 хоног хатаагаад, хэвтээгээр нь хөрсөнд хагас булна. Тал нь ортол хөрсөнд дарж шигтгэнэ. Хөнгхөн услаад, илүүдэл усыг доош урсгаж гаргаад, вакумдна.
Үндэслээд, дээшээ нахиалж ургасны дараа том саванд суулгаж болно. Олноор нэг саванд байсан үрсэлгээг нэг нэгээр нь тусгаарлаж болно.

8. Эх цэцэгнээс салгалгүй үндэслүүлэх 2 арга байдаг. Үүний нэг нь нахиа дарж үржүүлэх арга:
Ургаа байдлаар нь мөчрийг аажим налуулан хэвтүүлж хөр­сөөр хучихад булагдсан нахиа бүр үндэс аван үржинэ. 
Жишээ нь, иймэрхүү хэцүүхэн хэлбэртэй ургасан хэсгийг төвөггүй үндэслүүлж болно. 
 
Эх цэцэгнээс салгалгүй хөрстэй өөр саванд татаж бэхлээд услана. 7-10 хоноод үндэс цухуйсан байгаа нь.
 
Үндэс цухуйгаад нэг сарын дараа 4 см урт болсон байгаа байдал.
 
Нилээн сайн үндэс гаргаж байж эх цэцэгнээс нь салгаарай. Төмөр хатгуураар хөрсөнд хатгаж байсан газар ийм бор мөр үлдэж. Үүнийг модны нүүрсний нунтагаар бүрэх, эсвэл фунгицид түрхэж хатаах нь дээр.

9. Эх цэцэгнээс салгалгүй агаарт үндэслүүлэх арга: Ийм аргаар модорхог зузаан, бүдүүн иштэй ургамлыг үрслүүлдэг - удамбор, монстера, гундаахай, г.м. Ишний дээд үзүүрээс 60 см-ээс хэтрэхгүй зайтай зүсэлтээ хийнэ.  
Навчнаас 7-10 см доор ишний гаднах хальсыг 1,5 см хуулж авна. Үүний тулд ишийг тойрсон 1,5 см зайтай хоёр зүсэлт хийнэ. Болгоомжтой хальсыг хуулаад, үндэслүүлэгч бодис түрхээд чийгтэй хөвдөөр орооно. Гадуур нь гялгаар уутаар ороож бэхэлнэ.  
 
2 сарын дараа (заримдаа арай удаан ч байж болно) үндэс гарна. Ийм жижигхэн үндэстэй ч гэсэн хөрсөө тааруулаад суулгавал ургана.
   
Эхний зураг дээр суулгасны дараах нь байгаа байдал. Хэсэг хугацаа өнгөрхөд зарим доод талын навч унадаг (Зураг 2). Энэ бол хэвийн үзэгдэл.
    
Доор нь үлдсэн тайрдаснаас 2 сарын дараа ингээд шинээр нахиа ургана.
10. Бутархаг төрлүүдийг бут хувааж үржүүлдэг:
ГАРЧ БОЛОХ ХҮНДРЭЛҮҮД:
Навчны үзүүр борлоод байвал
1. дутуу услаад байна, 
2. хөрсөө бүрэн хатаасан байна, 
3. хүйтэн агаарын урсгал, салхинд тавьсан байна. 
Навчны үзүүр борлоод хатаад байна
1. хуурай агаараас болсон, гундаахай нь чийглэг халуун бүсийн ургамал гэдгийг санаж байгаарай. Агаарын чийгшил ихэсгэх тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй. 
2. хөрсөн дэх тэжээл дутсан. 
3. хэт хатуу усаар услаад байна.
Доод навч шарлаад, хумигдаж ороогдоод байна 
1. нэвт салхинд тавьсан, 
2. хүйтэн жиндүү агаартай байна, 
3. хүйтэн усаар услаад байна.
Навч үхээд байна
1. хэт хүйтэн агаарт байлгаад байна, 
2. хэт хуурай агаарт байлгаад байна, 
3. нэвт салхинд байлгаад байна, 
4. доод навч хатаад унаад байх нь хэвийн хөгшрөлт явагдаж байна. Үүнд санаа зовох хэрэггүй.
Навчны өнгө гандаад, цайраад байна
1. хэт их нарны тод гэрэлд байлгаад байна.


Ишний доод хэсэг ёроолоороо зөөлрөөд, бор өнгөтэй болж эхлэв
1. хэт их чийгтэй хөрснөөс болоод иш ялзарч эхэлж байна. Хүйтэн сэрүүн газар хэт устай байлгавал дорхноо иш зөөлөрдөг. Хэрэв аварч болохооргүй газар авсан бол дээд үзүүрээс үрсэлгээ болгож тайрч аваад шинээр үндэслүүлж суулгах нь дээр. Харин доод хэсгийг хаяхаас өөр арга байхгүй.
 
Сая авсан гундаахайны навчны үзүүр ийм болоод байна. Юуных вэ? 
1. хэт их усласан, 
2. хүйтэнд жавартай усаар усласан, 
3. жавартай агаарт даарсан, хайрагдсан. Нэгэнт эргээд эрүүл навч болохгүй тул энүүгээр нь үлдээгээд, яваандаа өөрөө хөгшрөөд унана. Харин хүйтэнд хэт услаад байвал мөөгний гаралтай өвчлөлүүд гарч ирж болох тул Фитоспорин болон ямар нэгэн фунгицидын эсрэг бодисоор шүршээд, услаад авсан нь дээр. Нэг хэсэг усаар шүршиж байхаа зогсоосон нь дээр.
ХОРХОЙ ШАВЬЖ
Монголоор нэр усыг нь мэдэхгүй тул гадаад нэрийг нь үлдээлээ. Заримдаа бамбайт хорхой гээд яриад байдаг.
 
1. Щитовки, ложнощитовки: иш, навчны гадаргуйгаар наалдсан бор өнгийн товгор зүйлүүд байдаг. Ургамлын шүүс сорж амьдардаг. Навчны өнгө гандаж, хатаж унадаг.
 
Авах арга хэмжээ: навч, иш, бүхий л гадаргуйг нь савантай поролоноор арчиж угаана. Дараа нь 0,15% "Актеллик" хороор шүршинэ (1-2 мл нэг литр усанд найруулна).
2. Аалзан хачиг: хэт хуурай, бөгчим агаарт дорхноо гараад ирдэг - ургамлын энд тэнд аалзны тор үзэгдэж эхэлнэ. Навч унжийж суларсаар унадаг.
Авах арга хэмжээ: Савантай поролоноор арчиж бүлээн шүршүүрт оруулна. Усаар тогтмол шүршиж агаарын чийгшил нэмэгдүүлж байна. Хэт их үржсэн бол 0,15% "Актеллик" хор найруулж шүршинэ. (1-2 мл нэг литр усанд).
3. Мучнистые червецы/Mealybugs/"Гурилан өт": Навч, мөчир, цэцэг гээд бүх газар байрлана. Навч мушгирч хэлбэрээ алдна. Яваандаа хатаж унасаар ургамал бүхэлдээ үхдэг.
Авах арга хэмжээ: савантай поролоноор арчиж цэвэрлээд бүлээн усаар шүршиж угаана. Мөн спирттэй хөвөнгөөр арчиж хуулж авах.
 
Цаашид тогтмол усаар шүршиж байна. Хэт их үржсэн бол Актеллик 0,15% найруулж шүршинэ (1-2 мл нэг литр усанд).
Мөн савантай эсвэл ургамлын тостой усаар шүршиж болно. Ингэснээр дөнгөж үржиж эхлэж байгаа хөнгөн үед агааргүй болгож, хатааж устгадаг байна. Гэхдээ навчны угруу шигдэж үүрэлсэн хорхой шавьжийг устгаж чадахгүй.
Урьдчилан сэргийлэх нэг арга бол хэт бордохгүй байх. Гурилан өт нь N азот ихэдсэн хөрсөнд амархан бий болдог.
Тасалгааны ургамлыг элдэв хорхой шавьж, нян, бактери, мөөг зэрэгээс хамгаалах энгийн арга бол савантай уусмалаар шүршиж арчиж байх.
Мөн савантай поролоноор навч, ишийг угааж өгч байвал бактери, хорхой шавьж тогтож үржхээс сэргийлдэг.
Гундаахай хөрс хаталтыг арай илүү тэвчиж чаддаг. Харин хөрсний чийг ихэдхээр төрөл бүрийн өвчинд баригдна. Хэт том саванд суулгах буруу, үндэс байнга чийгтэй орчинд байх болдог. Гундаахайд багавтар сав илүү тохирдог. Том саванд суулгах бол нилээн зузаан дренаж дэвсэж өгнө. 
Хэрэв нэвт салхи, эсвэл онгорхой цонхон доор хүйтэн агаарын урсгалд байгаа бол байршилыг өөрчилж, нөмөр, тайван газар байрлуул. Цэцгийн дэлгүүрүүдээс ФУНДАЗОЛ гэдэг бодис авч хөрсийг услаарай. Мөн энэ бактерийн гаралтай толбонуудад цааш томруулахгүйн тулд фундазол түрхэж өгнө.
Унтлагын өрөөнд байрлуулж болохгүй. Шөнө хэд дахин их хүчилтөрөгч сорж авдаг гэнэ.

No comments:

Post a Comment