Friday, October 5, 2012

Адиантум - оймын нэг төрөл


Адиантум (Adiantum) Адиантын (Adiantaceae) овгийн олон наст ойм. Баруун Европ, Дундад газрын тэнгис орчим, Крым, Кавказ, Ази, Африк, Америкт ургадаг. Уулын урсгал гол, булаг, хад, усан хүрхэрээ зэргээр байдаг.
Адиантум – халиурсан эсвэл тэгш мөчиртэй өвсөрхөг, өндөр нь 60 см хүрдэг ургамал. Навчны бариул 25 см хүртэл урт байдаг. Навчны онцлог нь ус өөрөөсөө түлхэдэг. Энэ шинж чанараас нь болж Adiantum (грек хэлнээс «а» — үгүй, «diaino» — норгох) гэсэн нэртэй болжээ. 

АРЧИЛГАА
Гэрэл 
Адиантум хагас сүүдэрт ургадаг, тод гэрэлд дургүй, нарны гэрэлд шарлаад түлэгддэг. Адиантумыг зүүн болон хойд зүгийн цонхон дээр ургуулахад тохирдог. Ойр ойр шилжүүлж байрлуулахад маш дургуй. Тааламжтай газар тавиад дахиж оролдох хэрэггүй. 
Агаарын дулаан 
Хамгийн тохирсон дулаан нь +15-20°C, шөнө сэрүүн хонох дуртай, гэхдээ бүүр сэрүүн орчинд байлгаж болохгүй. Хамгийн дээд хэм + 22°C. Агаарын дулааны хэлбэлзлийг дааж чаддаг тул үүнийг өргөнөөр гадаа талбайд, цэцэрлэгт ургуулдаг байна. Адиантум нэвт салхи, хүйтэн агаар, тоосонд дургуй. Мөн агаарын бохирдлоос болж навчаа гөвдөг. Угаарын хий, тамхины утаа зэргээс хол байлгах хэрэгтэй. 
Адиантум стоповидный
Агаарын чийгшил
Адиантум ойр ойрхон шүршихэд дуртай. Зун (+22°С дээш хэмтэй үед) хуурай агаараас болж жижиг навчнууд нь үхэж эхэлдэг. Иймд байнга шүршиж байна. Навч нь унасан ч шүршээд байхад шинээр ургадаг. Агаарын чийгшилтийг ихэсгэх тал дээр анхаарах хэрэгтэй. Доор нь савтай ус, чийгтэй хайрга, керамзиттай сав зэргийг байрлуулах г.м. Өвөл халаалт ирэxэд адиантумыг мөн л усаар өдөр бүр шүршинэ. Хэрэв сэрүүнд өвөлжүүлж байгаа бол шүрших хэрэггүй. Хөгц ургаж болнo. 
Усалгаа
Зун адиантумыг тогтмол услана. Хөрс хатааж огт болохгүй. Энэ ургамал нь оймын нэг төрөл тул хөрс хатаахад навч унадаг аюултай. Хөрсийг хэт чийгтэй байлгах бас буруу. Тохирсон арга нь усанд дүрэх арга. Усанд дүрээд, хөрсний дээр ус гялалзаж ирэнгүүт гаргаж авна. Илүүдэл усыг сайтар урсгаж гаргаад, байнгын байранд эргүүлж тавьна. Өвөл усалгаа багавтар, тохируулж хийнэ. Энэ нь агаарын хуурайшилт, дулаан хэр байгаа болон ургамлын орчиндоо дассан өөрийн онцлогоос болно. Услахдаа зөвхөн зөөлөн, өрөөний хэмтэй бүлээн жаваргүй ус хэрэглэнэ. 
Бордоо 
Зун 3 долоо хоногт нэг удаа маш сул  найруулсан бордоогоор. Хуруун шингэн бордоо хэрэглэнэ. Өвөл бордохгүй. 
Хөрс
Адиантум хүчилтэй хөрсөнд дуртай. Хөвсгөр, сийрэг, ялзмагтай, гумустай хөрс байна. Хөрсөнд модны нүүрс хийхэд сайн. 

Шилжүүлэн суулгалт 
Адиантумыг хавар сав нь багадсан үед шилжүүлж суулгадаг. Шилжүүлэхдээ үхсэн, харалсан үндэснээс салгана, амьд үндсийг богино болгож тайрах хэрэггүй. Үндэс маш удаан ургадаг тул гэмтээлгүй шилжүүлж суулгана. Үүнээс гадна хөрсийг чигжиж, дарж өгөх буруу. Оймын төрлийн ургамлыг хөвсгөр хөрсөнд ургуулдаг. Суулгасны дараа услаад, шүршээд байранд нь тавьна. Цэцгийн сав сонгохдоо өргөн сав аваарай. 

Үрслүүлэх арга
Бут хуваах болон "үрээр". Өтгөн ургасан бутыг хавар шилжүүлж суулгахдаа хуваадаг. Бутыг гараараа болгоомжтой салгаж хуваана. Дээр байгаа ургах цэгийг сайн анзаарч хуваана. Хэрэв ургах цэг нь нэг, эсвэл цөөн тооны бол тэр бутыг хуваах гэж оролдоод хэрэггүй - үхэх аюултай. Залуу ургамал хуваасны дараа нэг хэсэгтээ ургахгүй гацдаг. 
Адиантумыг мөн навчны ард үүсэх "үрээр" (жинхэн нэрийг нь мэддэггүй ээ) үржүүлж болно. Хавар эрт суулгадаг. Хөрсний дулаан +21°С байх ёстой. Сэрүүн өрөөнд доороос нь халаах хэрэгтэй. Үүний тулд адиантумын навчийг тайраад, ард байгаа булдруунуудыг ховхолж авна. Ариутгасан хүлэрт хөрстэй саванд маш нимгэнээр цацаж дээгүүр нь гялгар уутаар бүтээнэ. Үүнийхээ дараа сүүдэрхэг, дулаан газар тавьна. Өдөр бүр агаар оруулж, гялгар уутыг авч байна. Тогтмол усаар шүршиж чийглэнэ. 2-5 долоо хоноод ургаж эхэлдэг. Тэр үеээс гэрэлтэй газар байрлуулна. Вакумдсан бүтээлгээ авна. Ургаад, томроод ирэнгүүт хооронын зайг ихэсгэж, бие биенээс нь зайтай болгоно. Ингэхдээ арай чадалтай үрсэлгээг авч үлдэж болно. Үрсэлгээ хоорондын зай 2,5 см. Бүүр ургаад томронгуут тусгаарлаж саванд нэг нэгээр нь суулгана. Ингэж ургуулсан ойм нь илүү чадалтай, эсэргүүцэлтэй, тэсвэртэй ургамал болж ургадаг.

Өвчлөлт, хорхой шавьж 
Хэт хуурай агаарт аалзан хачиг гарч ирнэ - аалзны тор энд тэнд үүсэж, навч унжийж, шарлаад, унадаг. Аалзны торноос салгаад, зөөлөн бүлээн шүрсүүрт оруулж угаана. Агаарын чийгшэлтийг ихэсгэж өгөх хэрэгтэй.
Ширх навчны доод талд үүрлэнэ. Гэмтсэн хэсгийн навч өнгөгүй болж, хумигдаж ороогддог. Дараа нь шарлаад унана. Ийм цэцгийг хор цацаж ширхийг устгана. Хор цацсаны дараа хатаагаад, дараа өдөр нь навчийг бүлээн усанд угаах хэрэгтэй. 

Гарч болох хүндрэлүүд 
Бор цэг, толбо, эсвэл навчны доод талд зураас үүсэх - насанд хүрсэн ургамал навчны ард "үр" боловсруулж байх үед гардаг үзэгдэл.
Навчны уг шарлаад, толбо үүсээд, дараа нь навч үхээд байна – агаар хэт хуурай байна. 
Навчны үзүүр хатаад – хуурай агаар 
Навч унжийгаад – усалгаа буруу хийгээд байна. 
Навч бүдэг, түлэгдсэн ул мөртэй – нарны гэрэлд тавьсан, хэт тод гэрэлд байлгасан. 
Навч эргэлдээд, гэхдээ хатахгүй байна – чийгтэй хөрстэй байхад нэвт салхи, хүйтэн агаарт дааруулсан.

No comments:

Post a Comment