Sunday, October 16, 2011

Орнитогалум

Ornithogalum — олон наст булцуут сонгинотой ургамал. 
Овог - Liliaceae 
Эх нутаг - Өмнөд Африк
Орос нэр - Птицемлечник хвостатый
Латин нэр - Ornithogalum caudatum (греk хэлнээс: ornis – шувуу, gala – сүү, caudatum - сүүл )
Албан бус нэршил маш олон: энэтхэг сонгино, хятад сонгино, монгол сонгино, далайн сонгино, тамын үндэс.
ТӨРӨЛ
Ornithogalum fimbriatum

Ornithogalum umbellatum

Ornithogalum gussonei

Ornithogalum magnum 

Ornithogalum lancetolatum

Ornithogalum narbonense

Ornithogalum nutans

Ornithogalum fischerianum

Ornithogalum dubium

Ornithogalum caudatum - Энэтхэг сонгино. 


АРЧИЛГАА
Гэрэл: нарны шууд тусгалаас хамгаална. Наранд байж чаддаг ч дуртай биш. 
Агаарын дулаан: Хавар, зуны улиралд +20-22°C, өвөлдөө +10-15°C.
Агаарын чийгшил: Тасалгааны хуурай агаарт ургаж чадна. Гол нь навчны тоосыг арчиж байх, эсвэл шүршүүрт угааж байх хэрэгтэй. 
Усалгаа: Ургалт үед болон цэцэглэлт үед тохируулж услаж байна. Харин цэцэглээд дуусангуут усалгааг багасгадаг. Өвөл усалгааг маш бага, цөөн хийж байна. 
Бордоо: Хавар - зуны улиралд булцуут ургамлын минерал бордоогоор, эсвэл цэцэгт ургамлын бордоогоор сардаа 2 удаа.
Шилжүүлэн суулгалт: Булцуу томорч ургах явцад савыг томруулж шилжүүлж суулгаж байна. Сав булцуунаас диаметрээрээ 5 см том байхад таардаг. Булцууны 2/3-ийг хөрснөөс дээш, ил гаргаж суулгана. Хөрс хөвсгөр, ялзмагтай, бага зэрэг голын элстэй байхад болно.
Үрслүүлэх арга: Зулзагаар болон үрээр үрждэг. Сонгины хажуу бөөрөөр олон тооны жижиг зулзага бий болдог. Зулзагыг эх булцуунаас салгаад шууд хөрсөнд суулгадаг. Хөрсөнд гүн суулгах хэрэггүй. Ургалт хурдан, дорхноо шинэ навч гарч эхэлдэг. 
Үрийг намар суулгадаг ба 3-4 сар хүйтэн стратификацид байлгана. Хавар нахиалаад ургадаг. Үрээр суулгасан бол 3-4 дэх жилдээ л цэцэглэдэг. 
Хорхой шавьжинд баригдах нь тун ховор.

Ornithogalum caudatum - Энэтхэг Сонгино
(Эмчилгээнд хэрэглэхийн өмнө давхар сайн судлаж уншиж байж болоорой. Учир нь нэгэн уншигчийн хүсэлтээр мэдээлэл цуглуулж блогт оруулж байсан юм. Би интернэтээс мэдээлэл авсан ба анагаахын мэргэжилтэй хүн биш шүү. Хэрэв орос хэл дээр сонирхвол энэ холбоосыг дараад уншаарай).
Энэтхэг сонгино - өргөн урт нимгэн навчтай. Сонгино нь ногоон өнгөтэй, том хэмжээтэй, диаметр 8-9 см (зарим сортууд арай бага ч байдаг).
Арчилгаа: тусгай арчилгаа байдаггүй; хойд зүгрүү харсан цонхон дээр, эсвэл нарны гэрэл тусахгүй газар байлгана. Хөрсний дээрх өнгөн үеийг 2-3 см гүн хатааж байж дараагийн усалгааг хийнэ. Өвөл сэрүүн байлгана (+8-10°С), дулаан газар байвал хэт ургаж томордог. Сэрүүнд өвөлжүүлж байгаа бол усалгааг багавтар хийдэг. Жирийн хар шороотой, хөнгөн хөрсийг том ширхэгтэй элс, модны нүүрсний үүрмэгтэй хольж суулгадаг. 
Сонгины насыг навчны тоогоор мэдэж болдог: нэг навч нэг жил. 
Үр тогтоохын тулд тасалгааны нөхцөлд тоос хүртээх хэрэгтэй. 
Булцууны хажуунаас маш олон зулзаган сонгино гардаг. Салгаж суулгаад үржүүлнэ. Зулзаган сонгино удаан хадгалагддаг, хатдаггүй, ямар ч хөрсөнд ургадаг. 
Эх булцуу нь маш том хэмжээтэй байдаг. Хөрсөнд бүрэн далдалж суулгаж болохгүй.
Тасалгааны бусад булцуут цэцгүүдийн адил энэтхэг сонгиныг амраах хэрэгтэй (зулзага үрсэлгээг ч мөн адил амраадаг). Жилийн хамгийн урт өдөр 6-р сарын 22 өнгөрсний дараа ургалт нь удааширдаг - 7, 8, 9, 10 саруудад. 
Бүх навч хатсаны дараа булцууг саванд нь үлдээгээд, усалгааг ургалт эхэлтэл багасгана. Цэцэг нь үзэмжтэй биш, үрийг гэртээ тарьж болно. Хавар юм уу зун сав томруулж шилжүүлж суулгана. Зун дулаархаар гадаа тагтруугаа гаргаарай. 
Ургуулах явцдаа ОГТ БОРДОЖ БОЛОХГҮЙ. Ингэж л жинхэнэ анагаах шинж чанар нь хадгалагдна! 
Энэтхэг сонгино нь хортой мөртлөө анагаах увидастай ургамал.
Түүхээс: ЗХУ-д анх Германаас 1961 онд оруулж ирж байсан юм байна. Германд олон үе дамжин хэрэглэгдэж ирсэн гэнэ. Дэлхийн II-р дайны үед герман цэргүүд энэтхэг сонгиноор шархаа эмчилдэг байсан гэдэг.
2011 оны байдлаар (энэ бичлэг бэлтгэгдэж байхад) aлбан ёсны анагаах ухаан, эм зүйд энэтхэг сонгино эмийн ургамлын жагсаалтанд бүртгэгдээгүй байсан. 
Тасалгаанд 2 төрлийн энэтхэг сонгино ургуулдаг - пирамид болон сүүлт. Аль аль нь анагаах ид шидтэй. 
Хэрэглэх хэсэг: эмчилгээний зорилгоор хөгширсөн, насанд хүрсэн навчийг хэрэглэдэг. Сонгины навчинд, булцуунд гээд бүх хэсэгт нь алкалоид, үүний дотор колхицин гэх алкалоид ихээр агуулагддаг. Шүүсэнд нь кальцийн оксалат хуримтлагдсан.
Анагаах шинж чанар:
Юуны түрүүнд маш сайн өвчин намдаагч. Навч болон шүүсийг нь үе мөчний артрит, ревматизм, давс хуримтлал, хавдсан гэмтсэн хэсэгт, шалбархаа, шарх, зэрэгт хэрэглэхээс гадна толгойн болон шүдний өвчинг зогсоодог байна. Шүүсээр нь эллэг хийсний дараа арьс хорсох, хатгаж эрвэгнэх зэрэг зүйлдүүд ажиглагддаг ч өвчин бол намддаг байна. Арьс хорсгож, түлж буй мэт өвтгөж, хатгадаг тул "Тамын үндэс" гэдэг нэр авсан гэдэг.
Энэтхэг сонгино хортой ургамалд ордог. Дотуур хэрэглэж болохгүй. Мөн нүдэндээ хүргэж болохгүй. 
Судалгаагаар тогтоосноор шүүсэн дэх бодисууд нь өвчтэй хэсгийн цусан хангамжийг сайжруулж, улмаар өвчин аажимдаа намддаг байна. 
Радикулит өвчинд хэрэглэх:
Толгой өвдөх үед дагз болон шанааны хэсэгт навчаар үрнэ. 
Үе мөчний өвдөлт, давс хуримтлагдсан, шарх, шимэгч хорхой шумуул хазсан зэрэгт навчаар бэгнүүр хийж өгдөг. Хандаар нь буульны үрэвслийг дардаг. 
Цэцэгний сум, иш, навчаар ханд хийнэ. Үүний тулд 20 грамм жижиглэсэн ургамлыг 100 грамм архинд хийж харанхуй газар 3-4 долоо хоног тавьна. Өдөртөө 1-2 удаа сэгсрэх хэрэгтэй. Дараа нь сайтар шүүгээд, хөргөгчинд хадгална. 
Архинд хандлах арга. Орос хэл дээр 
Анхаарах, хориглох зүйлс:
1. Ургамал хортой тул ууж, идэж болохгүй.
2. Гемофилия буюу цус бөөгнөрдөггүй, цус алддаг удамшлын өвчтэй хүмүүс ямар ч байдлаар хэрэглэж болохгүй. 
3. Нүд болон зөөлөн салстуудад хүргэхээс болгоомжил. Хэрэв нүдэнд хүрсэн бол усаар сайтар угаагаад 2 дусал "Тауфон" (нүдний дусаагуур эм) дусаагаад, нүдээ нээлгүй 10 минут болоорой. 
4. Гадуур хэрэглэхдээ цэвэр арьсанд үрнэ! 
5. Буйлнаас цус шүүрээд байвал ам зайлж болохгүй. 
6. Хэт их хүчтэй үрвэл арьс түлэгднэ. 
7. Энэтхэг сонгиноор эмийн зүйлс бэлдэхдээ резинэн бээлий өмсөж байгаарай.
8. Харшил хөдлөж болно. 
9. Хэрэв хэрэглэсний дараа арьс түлэгдсэн бол оливын тос түрхэдэг. 
10. Энэтхэг сонгины эмчилгээний талаар хийсэн судалгаа маш ховор тул хэрэглэх бүрийдээ эмчтэй зөвлөлдсөн нь дээр. 
Та энэ ургамалд харшилтай үгүйгээ мэдэхийн тулд тохой хэсгийн эрүүл арьстай газраа 5-7 минут навчны хэсгээс дарж байлгаарай. Хэрэв үүний дараа арьс улааж, загатнаж байгаад намдахгүй, цагийн дараа арилахгүй байвал энэ ургамлыг дахин хэрэглэх хэрэггүй.
Ямар өвчинд хэрэглэх вэ:
*үе мөчний өвчин - радикулит 
*шохойжилт - остеохондроз 
*артроз 
*артрит 
*полиартрит 
*үе мөчид давс хуримтлах 
*хөхрөх, битүү гэмтэх 
*хавдар 
*багавтар шарх 
*зүсэлт
*зөгий, шумуул хазсанаас үүдэлтэй хаван хөөх 
*нүүрээр юм гарах
*уруул дээрх хомхой 
*үү
*толгойн өвчин 
*ханиад, томуу
*арьсны мөөгөнцөр, мөөгний гаралтай арьсны өвчин
*мастит буюу хөхний үрэвсэл
*суудлын мэдрэлийн үрэвсэл
*миозит 
*бронхит 
*пародонтоз 
*подагра
*невралгия 
*шүдний өвчин
*ангин
Хэрэглэх жор: 
Энэтхэг сонгинд фитонцид гэх идэвхитэй бодис байдаг. Энэ нь өвчтэй хэсэгт цус ихээр татдаг байна. Ургамлын бүх хэсгийг хэрэглэж болдог, тэдгээрээс маш их шүүс ялгардаг байна. Шүүс өнгөгүй, хувцас бохирдуулахгүй, үнэргүй, иймд хэрэглэхэд амар байдаг. 
Навчнаас 1 — 2 см тайрч аваад өвчтэй газраа үрнэ (артрит, радикулит, остеохондроз), шүүс арьсанд шингэх ёстой. (Дээрх бичлэгүүдийг үзээрэй)
Шүүс илүү ялгаруулахын тулд хутгаар навчны хэсэг дээр зүсэлтүүд хийж өгдөг. Навчны бүдүүн хэсэгнээс өнгөгүй шүүс ихээр гоождог, үүнийг шууд өвчтэй газраа тавьж шингээнэ. Дараа ноосон алчуураар ороож дулаан байлгана. Хөнжил нөмөрч хэвтсэн нь дээр. Ойролцоогоор 7-15 минутын дараа хорсож халуун оргих нь намдана. Дараа нь өвчин ч алга болно. 
Хэрэв тэвчхээргүй хорсоод, эсвэл загатнаад байвал - ургамлын тос түрхээрэй. Толгой өвдөх, хуян хөдлөх, хүзүү хөших зэрэгт шанаандаа, шилэн хүзүүндээ навчнаас нь үрнэ. Өвчинг хэдэн цагаар алга болгож чаддаг. 
Ханиад, томуунд — хөмсөгний дээгүүр, хамарны далавч, 2 хөмсөгний голд түрхэдэг. 
Хатгаанд хүмүүс ихэвчлэн горчицтай цаас цээжин дээрээ наадаг. Хүссэн үр дүнгээ тэр бүр өгдөггүй. Үүний оронд навч жижиглэж хэрчсэн зуурмаг цээжин хэсэгтээ 2—3 минут байлгана. Ийм эмчилгээний дараа хөлс гаргадаг, шээс туудаг ургамалтай цай уух хэрэгтэй. 
Шүдний өвчин: шүдний өвчинг намдаахын тулд навчнаас нь 1 см урт зүсэж аваад, гартаа зөөлрүүлж шүүс ялгартал нь базаж байгаад өвчтэй шүдэнд, эсвэл буулинд барьдаг. Навчны оронд сонгины хальснаас өвчтэй шүд, үрэвссэн буулинд дарж байлгаж болно. Мөн парадонтоз өвчинд хэрэглэдэг. Буульнаас цус шүүрч байвал амандаа хийх хэрэггүй.
Шарх: бактери устгах шинж чанартай тул жижиг шарх, зүсэлт гэх мэтийг түргэн эдгээдэг. Хэрэв шархтай газар нэг өдрийн дотор зүгээр болохгүй байлаа гэхэд ядахдаа идээ бээр үүсэхгүй гэж итгэж болно. Шарханд шүүс түрхээд хатаана, үүний дараа дахиж түрхэнэ. Дахин 2 удаа түрхвэл үрэвсдэггүй. Гэхдээ шүүсийг нь шинэ шарханд шууд түрхэвэл илүү үр дүнтэй. 
Амьтанд хазуулвал: том шарханд (нохой, муур, г.м.), эхлээд шархаа буцалсан цэвэр усаар угаана, дараа нь шинэхэн шүүсээр өдөрт 2-3 удаа түрхэж байна, дээгүүр нь хөнгхөн, сул боолт хийж өгдөг. Ийм эмчилгээнд нэг бүтэн том навч зарцуулагддаг. 
Зөгий, шумуул хатгасан бол: хатгуулсан газарт шүүс түрхэх, эсвэл навч тавьж бэгнүүр хийх. Энэ нь өвчин намдаана, хаванг арилгана, харшлын реакциас сэргийлнэ.
Битүү гэмтэл (гематом): зөөлөн эдийн битүү гэмтэлд тус болно. Хөхрөх, хавдах, цус хурах, хавагнах г. м. үүсгэдэггүй.
Ревматизм, радикулит, остеохондроз, полиартрит, гэх мэт насны өвчнүүдэд хамгийн их хэрэгтэй ургамал. Өвчтэй газруудад шүүсийг нь түрхэх, эсвэл навчаар үрэх. Үе мөч, шохойжилтоос гадна ууц нуруугаар өвддөг бол мөн түрхэнэ. Түрхэсний дараа шууд дулаан хучаад орондоо орох хэрэгтэй. 7-10 минут хорсож, хатгана.
Эмчилгээний хугацаа хүн бүрт өөр өөр байна - өвчин хэр удсан, архагшсан. Мөн хэр тэсэж чадаж байна гэдгээс хамаарна. Загатнах, халуун оргихоос гадна "халгайн" харшил гарч болдог. 
Энэтхэг сонгины навчаар хийсэн ханд: 0,5 л архинд 40 см навч авна. Жижиг жижиг хэрчээд (1 см), давтаад, дээрээс нь архи хийнэ. Бараан өнгийн, сайн таглагддаг саванд хийж 2-4 долоо хоног дулаан газар байлгана. 
Энэ хандаар үе мөч болон давс хуримтлагсан өвчтэй газруудаа арчиж байна. Хандлах олон арга байдаг. Навчнаас гадна сонгиныг тэр чигээр нь хэрэглэж болно. Үүний тулд хөрснөөс гаргаад, сайтар угаагаад, махны машинд хийж жижиглээд, (одоо цагт блэндэрт хийж эргүүлээд), бүгдийг саванд хийгээд 200 г спирт эсвэл архитай хутгана. Сайн таглаад, харанхуй газар 5 хоног байлгана. Хэрэглэхдээ - өвчтэй газруудаа үрж түрхэнэ. 
Үүнээс гадна цэцэгний сумыг навчтай хамт архинд хандлаад шарх, хавдар, гэмтэл, үе мөчний өвчин, радикулитанд бэгнүүр болгож боож дулаан байлгана. 
Спиртэн болон архин ханд үйлчилгээ сул байдаг. Учир нь энэтхэг сонгины зарим хэрэгтэй бодисууд нь спиртэнд уусдаггүй юм. Иймд шууд навчнаас цэвэр шүүс хэрэглэсэн нь илүү үр дүнтэй.
Цэвэр шүүсийг болон спиртэлсэн хандыг нурууны өвчинд хэрэглэдэг. Гар хавдахад хэрэглэнэ. 
Энэтхэг сонгины микробын эсрэг үйлчилгээг өвчин намдалт, шарх эмчлэхэд хэрэглэдэг. Шархтай газрын цусан хангамжийг сайжруулдаг. Өөрийн төрөл болох сармистай ижил фитонцид чанар агуулдаг. Тасалгааны агаар ариутгадаг, нян, микробоос 50% цэвэрлэдэг байна. Албан ёсны анагаах ухаанд энэтхэг сонгиноор ханиадны эсрэг эм хийсэн байдаг.
Сонгино нь 2 нас хүрч байж анагаах, эмчлэх шинж чанараа олж авдаг. Хамгийн их хүчтэй, анагаах увидастай үе нь цэцэглэлт гэнэ. Цэцэгний сум нь 1 метр өндөр ургадаг. Гэхдээ сонгиныг цэцэглүүлэх хэрэггүй. Цэцэгний сум 15-20 см өндөр ургангуут, түүнийг сармис шиг хуглаж, хамаг шим тэжээлийг булцуу томруулахад чиглүүлсэн нь дээр. 
Хортой гликозид бодис агуулдаг.
Мөөгөнцрийн гаралтай арьсны өвчинд хэрэглэнэ. 
Үүнээс гадна хөхний мастит өвчинд хэрэглэнэ. Маш сайн өвчин намдаагч, дээр нь түрхсэн газрын цусан хангамжийг сайжруулдаг тул муу зүйл хуримтлагдсан бол задалж өгдөг, идээ бээр тогтдоггүй алга болгодог. Навч гартаа зөөлрүүлж байгаад өвчтэй газраа нааж өгнө. 
Суудлын мэдрэлийн үрэвсэлд навчаар үрнэ, эсвэл навчны ханд түрхэнэ. Энэ аргаар мөн миозит, бронхит, радикулит, ясны туберкулезыг эмчилнэ.  
Гэхдээ хэрэглэхдээ болгоомжтой байгаарай. Хэмжээг хэтрүүлж болохгүй. Хандыг хүүхэд болон архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсээс хол байлгах хэрэгтэй.
Эмчилгээний ач тусаараа гэрийн хүн орхоодой буюу Золотой ус шиг олон өвчин анагаадаг "гэрийн эмч" нэртэй болжээ.
За нэг иймэрхүү, наана цаана давтагдсан урт юм боллоо. Буруу мэдээлэл өгөхөөс эмээн олон сайт ухаж суув. Энэтхэг сонгины тухай ерөнхий ойлголт өгсөн байх.  
Эмчилгээнд хэрэглэхийн өмнө давхар сайн судлаж уншиж байж болоорой. 
http://samidoktora.ru/komnatnye-rasteniya-lechat/indijskij-luk,   http://www.blog-travuscka.ru/narodnaya-medicina/lekarstvennye-rasteniya/indijskij-luk-ego-poleznye-svojstva-video.html,    http://greenhome.org.ua/;  http://static.my-shop.ru/product/pdf/14/131860.pdf;     http://www.silazdorovya.ru/lechenie-indijskim-lukom/

1 comment:

  1. Танд их баярлалаа. Маш тустай сайхан блог байна. Буян тань дэлгэрэг ээ.

    ReplyDelete