Wednesday, April 25, 2012

Сансевиерия - Мөнхрөө

Сансевиерия (Sansevieria) манайхан Мөнхрөө гэдэг. Оросууд «хадам ээжийн хэл», «чонын сүүл», англичууд «барсын сараана», «чөтгөрийн хэл», «могойн ургамал»; америкчууд – «могойн арьс»; германчууд – «африк олс» гэж олон янзаар нэрлэдэг байна. Латин нэр нь сансевиерия, мөн сансевьера гэдэг, аль аль нь зөв юм байна. 
Италийн хун тайж Раймондо ди Сангро Сан-Севериногийн нэрээр нэрлэжээ. Тэрээр XVIII зуунд амьдарч байсан ба ургамал судлалын хөгжилд багагуй хувь нэмэр оруулсан нэгэн гэнэ. 
Эх нутаг - Ази тивийн халуун бүс, Африкийн Конго голын орчин.
Сансевиерия – олон наст мөнхийн ногоон, эгц ургадаг, 1м гаруй өндөр хүрдэг, навчаар гоёдог ургамал. Ойролцоогоор 60-70 төрөл байдаг, үүнээс 10-аадыг тасалгаанд ургуулдаг байна. Арчилгаа сайн хийвэл гэрт цэцэглэдэг. Ургалт - дунд зэргийн.
Мөнхрөөгийн үндэс сайн хөгжсөн, гэхдээ өнгөцхөн, доош гүн ургадаггүй. Зарим томорсон үндэс цэцгийн савыг хагалж чаддаг. Ихэнхи төрлийн навчны үзүүрт хатгуур байдаг. Навчны урт 1 метр болон түүнээс урт ургадаг. Навчны өнгө янз бүр, сүүлийн жилүүдэд шинэ шинэ хээтэй, туяатай сортууд гаргаж аваад байгаа. 
Цэцэг нь хүний нүд татахаар үзэмжтэй биш. Орой үдэш дэлгэрдэг, ваниль шиг нялуун анхилуун үнэртэй. Цэцэг болон цэцэгний иш үнэртэй шингэн ялгаруулдаг. Байгальд үүгээрэй хорхой шавьж татдаг байна. 
Хамгийн гоё цэцэгтэй нь Сансевьера Кирка. Жимс нь дотроо 1—3 үртэй, тасалгаанд үр боловсрох нь ховор. Мөнхрөөг гидропоникийн аргаар ургуулахад маш сайн тохирдог.
Нутагт нь мөнхрөөгөөр амьд хашаа хийж ургуулдаг байна. Навчнаас нь техникийн олс гаргадаг. Аборигенууд ийм олсоор нум хийдэг байжээ. Мөнхрөөг мөн эмчилгээнд хэрэглэгддэг. Өндгөвчний үрэвсэл, цистит, ханиад томуу, вирусын гаралтай өвчлөлүүд анагаахад болон эсэргүүцэл сайжруулахад хэрэглэдэг байна. 
XVIII-р зуунаас Европт ургуулж эхэлсэн. Цэцэг тарьж эхэлж байгаа хүмүүст тохирсон, онцын тусгай арчилгаа шаардаад байдаггүй ургамал.
ТӨРӨЛ
- Sansevieria grandis Hook. f. - ХХ-р зуунаас тарьж эхэлсэн. Үүний нэг хэлбэр Sansevieria grandis var. zuluensis.
Sansevieria grandis S. grandis var. zuluensis
- Sansevieria hyacinthoides 0-5 м өндөр. 
- Sansevieria dooneri N. E. Br. - Ксерофит суккулент.
- Sansevieria gracilis
- Sansevieria kirkii Baker 
- Sansevieria liberica Gerome & Labroy
- Sansevieria trifasciata Prain 3 судалт 
- Sansevieria cylindrica
  
- Sansevierra Robusta

АЧ ХОЛБОГДОЛ 
Агаар цэвэрлэдэг "Номер 1" ургамал. Ногоодойгоос илүү цэвэрлэдэг ургамал байна. Албан газарт ургуулахад үзэмжтэйгээс гадна маш хэрэгтэй. 

 
АРЧИЛГАА
Гэрэлд мөнхрөө айхтар шаардлага тавиад байдаггүй. Сүүдэрхэг, хагас сүүдэрхэг газар ургаж чаддаг. Гэхдээ гэрэлсэг газар байх нь дээр. Хэт тод гэрэлд ганган алаг хээ сулардаг. 
Нарны хурц гэрэлд навч түлэгдэж болно. Алаг навчтай төрлүүдийг хагас сүүдэрхэг/гэрэлсэг газар байлгаж болно. Харин сүүдэрхэг болон харанхуй газар навчны алаг хээ алдагдаж жигд ногоон өнгөтэй болно. Зүүн, баруун зүгийн цонх илүү тохирдог.
Агаарын дулаан зун +18-25°С, өвөл +14-16°С байхад болно. +10°С хэмийг дааж чаддаг, гэхдээ энэ үед ургалт зогсдог. Удаан хугацаагаар ийм сэрүүн газар байлгавал ургамал өвчилдөг.
Агаарын чийгшил: хуурай агаарт тэсвэртэй. Гэхдээ навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж өгвөл илүү цэвэрхэн, тордсон, тод харагдахаас гадна навчин дээр тогтсон төрөл бүрийн хорхой шавьжнаас болон илжрэлтээс хамгаална. Мөн зөөлөн усаар шүршиж болно, гэхдээ заавал биш.
Усалгаа: хэт их чийгтэй хөрсөнд дургүй. Зун - ойролцоогоор 7 хоногт нэг удаа, өвөл - 21 хоногт нэг удаа тус тус услахад болно. Услахдаа цэвэрхэн услана. Бутны голруу ус оруулж болохгүй. Амархан илжирдэг. 
 
"Эрүүл орчин-ногоон офис"
Бордоо: зун - 3 долоо хоногт нэг удаа тасалгааны цэцэгт, эсвэл кактуст зориулсан бордоог зааварт зааснаас нь 2 дахин шингэн найруулж байгаад хэрэглэнэ. Ойр ойрхон бордох буруу. Хэт их бордооноос үзэмжээ алддаг. Навчны алаг хээ/судал алдагдаж жигд ногоон өнгөтэй болно.
Цэцэглэлт: мөнхрөө ямар ч улиралд цэцэглэж болно. Цэцэгний иш сорт бүрд өөр өөр. Цэцэглэж дуусангуут ишнийх нь доогуур тайрна. 
Төрөл бүрийн мөнхрөө оролцуулсан зохиомж

Амралт үед онцын мэдэгдэх өөрчлөлт гарахгүй. Намар - өвөл +14-16°С хэмд, сайн гэрэлтэй газар тавьна, усалгааг бага хийнэ, огт бордохгүй. 
Хөрс: мөнхрөөд хар шороотой болон ялзмагтай навчин хөрс, элстэй тохирно (2:2:1).
Алаг навчтай мөнхрөөг үржүүлэх тухай

Шилжүүлж суулгах: Үндэс савнаас гадагш цухуйж эхлэвэл шилжүүлж суулгана. Үүнийг хавар хийнэ. 
Мөнхрөөний үндэс хажуу тийш салаалж, гүехэн ургадаг. Доош гүн явадггүй. Иймд сав нь өргөн, өндөр биш байхад таардаг. Савны ёроолд заавал дренаж (савны өндөр 1/4-т) хийнэ. Хэрэв цэцэглүүлэх сонирхолтой бол том сав авах хэрэггүй. 
Үрслүүлэх арга: 
Мөнхрөөг хажуугийн ургасан зулзага салгаж, үндэс хувааж, үрээр, мөн навчаар үржүүлдэг. 
Үрээр үржүүлж байгаа нь
Алаг, эрээн навчтай төрлүүдийг ихэнхдээ хажуу зулзаган бутаар мөн үндэс хувааж үржүүлнэ. 
Хажуугийн зулзага салгаад модны нүүрсний нунтагаар гэмтсэн үндэсний хэсгүүдийг бүрж өгвөл өвчлөхгүй.




Үндэс хуваахыг хавар шилжүүлж суулгах үед хийнэ. Үндсийг хурц хутгаар зүсэж авна. Салгасан хэсэг бүрийн дээр ургах цэг байх ёстой. Хөрсийг гөвөх хэрэггүй. 
Зүсэлт хийсэн газруудад модны нүүрсний нунтаг түрхэнэ. Дараа нь элсэнд суулгана. Том ширхэгтэй, голын элс байвал сайн. Дулаахан газар байрлуулаад, усалгааг хэтрүүлэхгүй тохируулж байна. Шинэ нахиа гарч ирвэл том саванд шилжүүлж суулгаж болно гэсэн үг. 
Навчаар үрслүүлэх бол хөгшин навч тасдаж авна. Тэгш гадаргуй дээр байрлуулж байгаад хурц хутгаар 5-7 см урт хэсгүүдэд хуваана. Дараа нь тасалгааны температурт ил байлгаж (2-3 цаг) зөөлрүүлнэ. Үүний дараа чийгтэй элсэнд 1/3 гүн суулгана. Дээгүүр нь вакумдаж болно. Ил тавьж ч болно. Үндэслүүлэх явцад элсээ дахиж услах хэрэггүй. Усыг зөвхөн доод тосгуур саванд хийж байна. Ойролцоогоор 6-8 долоо хоногийн дотор үндэслэнэ. Үндэслэсний дараа жирийн хөрсөнд суулгана. 
Шар судалтай мөнхрөөг навчаар үрслүүлхэд нэг онцлог байдаг. Дээрхтэй адил навчийг 3-4 см урт зүсэж авна. Хөрсөнд суулгах хэсгийг дугуйлж (саран хэлбэртэй) зүснэ. Ингэснээр 2 шар "хөлтэй" навчин хэсэг болно. 
Бага зэрэг хатаагаад, зөөлрүүлээд, хөрсөнд суулгана. Суулгахдаа зөвхөн энэ 2 "хөлийг" л булна. Вакумдах хэрэггүй. Хөрсийг тогтмол, жигд өлөн чийгтэй байлгана. Хэт усархаг биш, гэхдээ хатааж огт болохгүй. Ойролцоогоор 1-1,5 сарын дараа энэ шар зураасны доороос залуу нахиа гарч ирнэ. Ингэж суулгасан мөнхрөө шар алаг навчаа хадгалж ургадаг.
Бут шинэ саванд суулгах явцад салж унасан навчийг хажууд нь зүгээр зоочихсон юм. 3,5 сарын дараа нэг ийм зулзагатай. Алаг хээ хадгалагдах үгүйг удахгүй үзнэ ээ.
Үрслүүлж байгаа хэсгүүдийг гэрэлтэй газар тавьдаг. Гэхдээ нарны шууд гэрэлд тавьж болохгүй. Хутга хурц байх тусам зүсэлт жигд, цэвэрхэн хийгддэг. Энэ нь илжрүүлдэггүй юм. Мөн хэрэглэхийн өмнө хутгаа спиртээр ариутгана. Суулгах элсээ мөн ариутгасан байх ёстой ба мөөгний өвчлөлт, илжрэлтээс сэргийлж фунгицид бодисоор услахад илүүдэхгүй.
Анхаарах зүйл
Мөнхрөө 3 судалт - хортой ургамал. Сапонин гэх бодис агуулдаг. Хордсон үед дотор эвгүйрэх, бөөлжих, огих зэрэг болно. Бага насны хүүхэд навч амандаа хийхээс сэргийлэх хэрэгтэй. Арьсанд шүүс хүрхэд зүгээр.

Гарч болох хүндрэлүүд: 
Навч зөөлрөөд, шарлаад, үхээд байна – ихэнхи тохиолдолд хөрс хэт чийгтэй байлгасан, эсвэл навчин тавагны дотогш ус хийсэн; 
Хөрс хуурай байхад навч унжийгаад, илжрээд байна – хэт сэрүүн, хүйтэнд байлгасан;
Мөнхрөөгөөр суурийг нь чимэглэсэн байгаа нь
Навчин дээр бор толбо үүсээд байна – хөрс хэт чийгтэй, эсвэл хэт харанхуй, сүүдэрхэг газар байрлуулсан;
Навчин дээр шар хүрээтэй улаан-бор толбо үүсээд байна – мөөгний гаралтай өвчин туссан; 
Хорхой шавьжнаас аалзан хачиг, "трипс" үрждэг. Навчийг тогтмол чийгтэй алчуураар арчиж байна.
 
Хорхой шавьж байхгүй. Навчны зөөлөн эд ингээд хоёр талаасаа адилхан идэгдээд, цаас шиг юм үлдэв. Бактерийн эсвэл мөөгний гаралтай толбо гэнэ. 3-4 удаа фунгицид бодисоор шүрш (Фитоспорин, Фундазол, Скор, Максим) гэж байна.
 
http://bezlji.com/sansevieriya/,
http://www.floralworld.ru/forum/index.php?topic=1142.60,
http://floralworld.ru/encyclopedia/plants/Sansevieria.html, 
http://greenhome.org.ua/

No comments:

Post a Comment