Sunday, October 9, 2011

Микрокарпа удамбор

Фикус Микрокарпа
Микрокарпа Удамбор - (Фикус Микрокарпа, Ficus Microcarpa) - мөнхийн ногоон мод. Хятадын өмнөд хэсэг, Зүүн-өмнөд Ази, Австралийн хойд хэсгээр ургадаг байна.
Грек хэлнээс mikros — жижиг, karpos — жимс гэсэн утгатай гэнэ. Байгальд 25 м өндөр ургадаг, өтгөн навчин малгаатай, мөчирний титэм өргөн, саглагар, сүртэй харагддаг. Анх эпифит ургамал болж ургадаг. Өөр модны дээр тогтож ургаад, яваандаа томорсоор суурь модоо бүрэн бүрхэж, бүтээж үхүүлдэг. 
Агаарт маш олон сул, хүч муутай үндэс гаргадаг. Жимс жижигхэн, 1 см-ээс бага, эхэндээ ногоон шаргал, боловсрох тусам улаан хүрэн өнгөтэй болдог. 
АРЧИЛГАА
Гэрэл: Бусад хар ногоон өнгийн навчтай удамборуудын адил Микрокарпа нь сүүдэрхэг, хагас сүүдэрхэг газар ургаж чаддаг. Тод хурц нарны гэрэлд гаргаж болохгүй. 
Агаарын дулаан: Бүтэн жилийн турш — дунд зэргийн + 20 С - 22 С.
Агаарын чийгшил: Микрокарпа удамборыг өдөр бүр шүршиж байна. Ингэхдээ модны холтост ус хүргэж болохгүй. Модны дээгүүр манантдаг нарийн шүршигчтэй шүршигчээр орчны агаарыг чийглэж өгдөг. Чийгтэй алчуураар навч арчиж байх сайн байдаг. 
Усалгаа: Өвөл-багавтар, тохируулж. Харин хавар-зуны улиралд илүү их услана. Заавал хэдэн өдөр том амсартай задгай саванд хонуулсан, хлоргүйжүүлсэн, зөөлрүүлсэн, өрөөний дулаанаас 2-3 хэм бүлээн усаар услаж байна. Хөрс хатаах маш аюултай. Мөн илүүдэл ус суурь тавганд удаан байлгаж болохгүй. 
Бордоо: 2 дугаар сарын сүүлээс эхлээд намарын дунд сар хүртэл навчаар гоёдог ургамалд зориулсан универсал бордоогоор борддог. Мөн бонсайн тусгай бордоо хэрэглэж болно. Навчаар бордоо өгөх сайн (бүлээн усанд маш сул найруулсан минерал бордоогоор шүршдэг).
Шилжүүлэн суулгалт: 2 жилд нэг удаа хавар хийдэг. Жил бүр шилжүүлж суулгах шаардлага байдаггүй. Учир нь Микрокарпа удамборын ургалт маш удаан явагддаг юм. Шилжүүлэн суулгалтыг зөвхөн хөрс шинэчлэхийн тулд л хийдэг. Савны доор зузаан дренаж дэвсэж өгнө.
Үндэс төвийлгөж томруулж ургуулсан Микрокарпа удамборыг "Ginseng Ficus Bonsai Tree" гэдэг
Үрcлүүлэх арга: навчтай мөчирний үзүүрээс, эсвэл гол ишнээс (нэгхэн навчтай ч байж болно) тайрч аваад устай саванд хийгээд нартай газар байрлуулна. Усаа 7 хоногт нэг удаа сольж байна. Хэсэг хугацааны дараа үндэс гарч эхлэнэ. 
Хэрэв удамборын мод зөвхөн мөчирнийхээ үзүүрт л цөөхөн хэдэн навчтай бол агаарт үндэслүүлж болно. Үүний тулд халзарсан мөчрийг тойруулж зүсэлт хийнэ, эсвэл холтосноос нь нарийхан хэсэг тойруулж хуулж авна. Энэ хэсэгт чийгтэй хөвд ороогоод боолт хийнэ. Байнга чийглэж байна. 2-3 сарын дараа үндэс ургасан байдаг. Үндэслэсэн бол мөчирөө тайраад саванд суулгана. Энэ аргыг дулаан улиралд идэвхитэй ургалт үе эхэлсэн байхад хийдэг.
Гарч болох хүндрэлүүд:
Үндэс илжрэх, навчин дээр толбо үүсэх — хэт их услаад байна.
Ургамал сулрах, навчаа гөвөх - усалгаа дутсанаас.
Навчаа гөвөх — нэвт салхинд тавьсан, агаарын хэм эрс огцом өөрчлөгдсөн, усалгааг хүйтэн усаар хийсэн, гэрэл дутсан.
Хуурай агаарт аалзан хачиг гарч ирнэ.
Хэрэв та Микрокарпа худалдаж авсан бол:
Юуны түрүүнд тохирох байнгын байршил газар олох хэрэгтэй. Нарны гэрлээс хамгаална. Халаах үлээх төхөөрөмжөөс хол байлгана. Хэт хуурай агаартай өрөөнд байлгаж болохгүй. Нэвт салхи, онгорхой цонхноос хол нөмөр газар тавьна. Өдөрт 1-2 удаа модны эргэн тойрны агаарыг манантуулсан нарийн шүршигчээр шүршиж чийглэж байна. 
Гэртэй авчраад шууд услах хэрэггүй. Хоёр дахь өдөр хөрсний чийгийг шалга. Хөрс доошоо 2-3 см хатсан байвал услаж болно. Хэрэв дэлгүүрийн тээвэрлэлтийн зориулалттай сав, хөрстэй байвал (жишээ нь Хятадаас шууд орж ирсэн) 2-3 долоо хоног хүлээж байж шилжүүлж суулгана. 
Танайд ирээд эхний хэдэн долоо хоног навчаа гөвөөд байвал айх хэрэггүй – шинэ нөхцөлд дасан зохицож байгаа нь энэ. Шүршээд, услаад байвал удахгүй дасаад шинэ нахиа ургаж эхэлнэ. Шинэ навч цухуйнгуут "Эпины" уусмалаар 2 долоо хоногт нэг удаа шүршиж байх хэрэгтэй.
http://ficusweb.ru/
http://greenhome.org.ua/

No comments:

Post a Comment