Friday, October 5, 2012

Алоэ - Зуун наст

Ало́э (лат. Aloe) буюу зууннаст— Аsphodelaceae овогт багтдаг шүүслэг ургамал. Нийт 400 төрөл байдаг. Нэр нь араб хэлнээс "гашуун" гэсэн утгатай гэнэ. 
Алое - олон наст өвсөрхөг ургамал, бут, мод гээд олон янз байдаг. Махлаг зузаан навчтай. Навчны ирмэг гөлгөр мөн шүдтэй/хатгууртай ч байна. 
Африк, Мадагаскарт ургадаг. Эмчилгээний чанараараа алдартай. Анагаах ухаанд 3000 жил ашиглагдаж ирсэн ургамал. Зууннастын шүүсийг яаж гаргаж авах вэ? Модорхог алоэгийн навчийг намар/өвөл тайрдаг. 
Харин гэрийн нөхцөлд тасалгааны зууннастын навчийг хуучнаар "махны машинд", орчин үеийнхээр бол "блэндерт" эргүүлж шүүсийг гаргаж авна. Гэрийн нөхцөлд гаргаж авсан шүүсийг тэр дор нь хэрэглэх ёстой.
Эмчилгээнд 15 см-ээс урт навчийг хэрэглэдэг. Хамгийн сайн тохирох ургамал - доод тал нь 3 настай байх ёстой. Өвөл-хавар тайрна. Зөв бэлдсэн, био эрч хүчийг нь тааруулсан шүүс авахын тулд ургамлыг 2 долоо хоног услахгүй сойно. Угаар нь тасдаж авсан бүтэн навчийг (3-5 жилийн настай байвал сайн) хар цаасанд хоёр үзүүр нь нээлттэй байхаар ороогоод харанхуй газар (жишээ нь хөргөгчний доод хэсэгт) +4 - +8 С хэмд 2 долоо хоног байлгана. 
Дараа нь буцалсан хүйтэн усаар угаагаад, жижиглээд, 1:3 харьцаатай дээрээс нь ус хийгээд, харанхуй сэрүүн газар 1,5 цаг байлгана. Шүүсийг сайн бяцалж ялгаруулаад, шүүж аваад хэрэглэнэ.
Алоэ шүүсийг хоолны өмнө уувал хоолны дуршил сайжирна. Мөн битүү болон ил шарханд түрхэж болно, идээт үрэвсэл дардаг, ам зайлах, өвчтэй газар бигнүүр хийж тавих зэргээр хэрэглэнэ. 
Алоэ шүүс нь антрагликозид (наталоин, эмодин, рабарберон, алоин), давирхаат бодис, зарим амин дэм, фитонцид, фермент агуулдаг байна. Биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулдаг тул урьдчилан сэргийлж хэрэглэж болдог. Ходоодны шарх, гастрит зэрэгт маш сайн.
Хэрэв эмчилгээний зорилгоор хэрэглэх гэж байгаа бол хоол идэхээс 30 минутын өмнө цайны халбагаар нэг удаа. 
Ринита өвчнийг анагаахын тулд хамарт дусаадаг. Арьсны төрөл бүрийн өвчин, мөн шарх, түлэнхий, яр зэрэгт алоэ орсон тос түрхдэг. Хоол боловсруулах эрхтнүүдийн ажиллагааг сайжруулдаг. Амны хөндий үрэвссэн, өвдсөн, хавдсан, идээлсэн үед шүүсээр нь зайлдаг. 
Сабур
Сабур гэж зууннастын шүүсийн ууршуулсан хэлбэр байдаг. Үүгээр архаг өтгөн хаталтыг эмчилдэг. Хичнээн мундаг ид шидтэй ч гэсэн хэрэглэхдээ хэтрүүлж болохгүй. Сабур болон алоэ шүүс хэт хэрэглэх юм бол бүдүүн гэдэсний үрэвсэл үүсдэг. 
Зууннастын шүүс ууж болохгүй хүмүүс: жирэмсэн, элэгний өвчтэй, цөсний өвчтэй, циститтэй, цагаан мах гардаг, савны цус алдалттай, даралт нь ихэсдэг хүмүүс гэж байна! 
АРЧИЛГАА
Гэрэл
Гэрэлсэг, урд зүгийн цонхон дээр сайн ургадаг, гэхдээ хавар хурц наранд бага багаар дасгана. Тэгэхгүй бол түлэгддэг. 
Өвөл амралт үед ордог. Гэрэл энэ үед онцын их ач холбогдолгүй. Гэхдээ л ургамлын физиологийн процессууд үргэлжилж байгаа тул өвөл зууннастыг хамгийн гэрэлтэй газар тавиад нэмэлт чийдэн асааж өдөрт 16 цаг гэрэлтэй байлгана. Туршлагаас харахад ийм нэмэлт гэрэл нь зуны үрсэлгээг амархан томруулдаг, мөн зун сайн цэцэглүүлдэг байна. 
Хавар өдөр урт болоод ирэхэд амралт үеээс гардаг. Эрс гэрэл нэмж өгвөл түлэгддэг тул нарны гэрэлд бага багаар дасгана. 
Зун гадаа агаарт гаргах хэрэгтэй. Гэхдээ салхи, борооноос хамгаална. Гадаа ургасан зууннаст нь цонхны цаана байсан бусдаасаа илүү том өргөс/хатгууртай, хүчтэй иш, мөчиртэй, чанга байдаг. Дулаахан харанхуй газар ургадаг зууннаст сунаж, бүдэг өнгөгүй болдог. 
Усалгаа
Багавтар, өнгөн хөрс хатах үед дараагийн усалгааг хийнэ. Өвөл цөөн бөгөөд бага услана. Услаж байгаа усны чанар маш чухал. Намар-өвөл услах усны хэм тасалгааныхаас 5-8 °С-ээр дээш байна. Ургалт үед услах усны хэм +20 - +35°С хооронд байна. 
Алоэг дээгүүр, доогуур гээд 2 аргаар услаж болно. Доогуур хийх усалгаа нь сайн талуудтай. Хөрс болон тэжээллэг бодисууд доошоо урсаж гарах нь бага. Алоэгийн ус тэжээл шүүж авдаг үндэс нь савны ёроолд байрладаг. Иймээс доороос ус өгөх нь илүү тохирно. Дээгүүр услахад шүүслэг бүдүүн ишэнд хэт их ус хүргэх хэрэггүй. 
Услаад 30 минутын дараа суурь тавганд илүүдэл ус байвал асгах хэрэгтэй. Үндэс илжрэх эх үүсвэр болдог юм. 
Зузаан дренажтай бол доороос услахад тэр бүр хөрсний дээд хэсэг хүртэл ус очихгүй байж магад. Дээрээс услахад хөрс жигд норох ёстой. Бага багаар услаж болохгүй. Тэгвэл хөрсний дээд хэсэг нороод, ус чийгэнд мэдрэмтгий ишний хэсэг байнга чийгтэй байна, харин доод үндэстэй хэсэг хуурай байна. Удаан ийм байдалд байвал үндэс хатаад, ургалт зогсдог. 
Агаарын чийгшил
Шүршихгүй байж болно. Навчны уг, нугалааруу ус орох ёсгүй. 
Агаарын дулаан
Зун дулаавтар, өвөл - сэрүүн. Зун гадаа гаргана. Тасалгааны бусад цэцгүүдээс ялгарах нь-шүүслэг ургамлууд өдөр шөнийн температур эрс ялгаатай байхад дуртай. 
Хавар-зун-намар тасалгааны хэм дунд зэргийн +20-+22°С байхад зүгээр. Өвөл - гэрэлтэй сэрүүн газар, болж өгвөл +10-13°С байна, зарим тохиолдолд +6°С хэмийг дажгүй давдаг. Мадагаскараас гаралтай алоэ бол харин +15°С дээш хэмд байх дуртай.
Хөрс
Дренаж заавал байх ёстой. Модны нүүрс, тоосгоны үүрмэг хийж болно. 
Кактус болон шүүслэг ургамалд тохирох хөрсөнд суулгана. Байгальд бол төмөрөөр баян, хуурай шаварлаг хөрсөнд ургадаг тул хөрс хөнгхөн байх ёстой. Модны нүүрс нь илжрүүлдэггүй, илүүдэл усыг шингээж авдаг тул шүүслэг ургамлын хөрсөнд хийх хэрэгтэй. Хөрсөнд ширгэн хөрс, навчин хөрс, ялзмаг, голын элс (2:1:1:1) гэж аваад дээр нь модны нүүрс, тоосгооны үүрмэг үртэс хийнэ. рН нь бага зэрэг хүчилтэй байна. 
Бордоо
Ургалт үед 2 долоо хоногт 1 удаа кактус/суккулентуудын бордоогоор бордно. Шингэн комплекс минерал бордоо хэрэглэнэ. Навчин дээр бордоо дусаахаас болгоомжил. 
5 сараас 8 сар хүртэл 2 долоо хоногт нэг удаа бордож өгвөл ургалт сайжирч, эсэргүүцэлтэй чанга алоэ болдог. 
Услаад 20-30 минутын дараа бордоог хийнэ. Дөнгөж шилжүүлж суулгасан, шинэ хөрстэй бол эхний 6 сар бордохгүй. Бордоог зөвхөн эрүүл ургамалд хэрэглэнэ. Хэрэв өвчилсөн бол бордоо харин ч хортой. Эхлээд ургамлаа эмчилж байж эрүүл болсны дараа бордоо өгч эхэлдэг. 
Үрслүүлэх арга
Мөчир, навч, үр, зулзаган салаа бут. 
Үрээр
Үрийг +21°С боловсорч дуусангуут шууд суулгана. Үрийг 2-3 сард хавтгай саванд суулгана. Хөрс: навчин, хөнгөн ширгэн хөрс, элс (1:1/2:1). Үрсэлгээг адилхан хөрстэй саванд тусгаарлана. Том ургасан үрсэлгээг 5 см саванд нэг нэгээр суулгана. 1 м3 хөрсөнд хагас хувин модны нүүрс, тоосгоны үүрмэг хийнэ. Зун залуухан ургамлуудыг хүлэмжинд байрлуулна. Усалгаа багавтар хийнэ. 
Дараа жил савыг томруулна. Том саванд шилжүүлэхдээ хуучин хөрсийг гөвөхгүй, шууд том саванд хийгээд, хажуугийн завсарыг шинэ хөрсөөр дүүргэнэ. Дараа дараагийн жил адилхан аргаар саваа томруулаад байна. 
Үрээр тарихад эх цэцгээс өөр цэцэг ургадаг тул ихэнхидээ бусад аргыг хэрэглэсэн нь дээр. Ялангуяа ховор, үзэмжтэй сортуудад. Үрээр тарихад 2 жилийн дараа л "насанд хүрсэн" ургамал болдог. 
Алоэгийн шүүсэнд дүрсэн үрсэлгээ хурдан ургадаг, үр амархан соёолдог. Үрийг суулгахын өмнө алоэ шүүс дусаасан усанд 8-20 цаг дэвтээдэг. Услах усанд хэдэн дусал дусаагаад хэрэглэвэл тасалгааны ургамлууд илүү хурдан ургаж эхэлдэг. 
Мөчир, навч, хажуугийн салаа зулзагаар
Бараг бүтэн жилийн турш үрслүүлж болно. Гэхдээ хавар, зун хийх нь илүү тохиромжтой. Мөчрийг (навчийг) 10-12 см урт хэсгүүдэд тайрч бэлдэнэ. Дараа нь өрөөний хэмтэй газар 3-4 өдөр хатаана. Зүсэлт хийсэн газрыг модны нүүрсээр бүрнэ. Чийгтэй элсэнд хооронд нь 3-5 см зайтай 1 см гүн суулгана. Усаар шүршихгүй, вакумдахгүй. Маш цөөн услана. Илжирч болох тул хөрс хэт чийглэж болохгүй. Гэрлээс халхалж, хамгаалах хэрэггүй. Үндэс цухуйнгуут усалгааг ихэсгэнэ, удалгүй 7-см саванд нэг нэгээр нь суулгана. Хөрс: ширгэн, навчин, элс (1:1:1/2). Дээр нь тоосгоны үүрмэг, модны нүүрс нэмнэ. Дээрх аргаар савыг томруулаад байна. 

Жижиг бут, зулзагыг хөрсөнд 2-4 см гүн суулгадаг. Шүршиж байна. +18°С хэмд байлгана. Залуу ургамлыг жил бүр шилжүүлж суулгаж, сав томруулж байна. 3-5 настай ургамлыг — 2 жилд нэг удаа, 5-аас дээш настай ургамлыг — 3 жилд нэг удаа тус тус шилжүүлж суулгаж байна. Зун бууцаар бордож болно. Мөн бүрэн минерал бордоогоор 2-3 долоо хоногт нэг удаа.
Хөгшин зууннастын доод навч шарлаад хатаад унадаг. Энэ нь үзэмжинд муугаар нөлөөлдөг. Ийм тохиололд нүцгэн ишний хэсгээр тайраад тайрсан дээд хэсгийг дахиж үндэслүүлээд суулгана. Доод талын тайрсан үндэстэй хэсгээс шинээр нахиа салаалж ургадаг.
Хорхой шавьж
Маш ховор хорхой шавьжинд баригддаг. Суккулентуудад таардаг хорхой шавьж үүрлэдэг.
Өвчлөлт
Ихэнхидээ үндэс илжрэх, хуурай ялзралт үүсэх. Үндэсний илжрэлт-буруу арчилгаанаас, сэрүүн орчинд хэт чийгтэй байлгахад үүсдэг. Эрт илрүүлсэн бол аварч болдог. Шинж тэмдэг нь - ургалт зогсоно, иш хатана, услахад ямар ч өөрчлөлт ажиглагдахгүй. Авах арга хэмжээ - хэсэгчлэн өвчилсөн бол — өвчилсөн хэсгийг тайрч хаях, бусад эрүүл хэсгийг модны нүүрсний нунтагаар бүрээд шинэ хөрсөнд суулгана. Хөрс элс илүү агуулна.
3 долоо хоногийн дараа болгоомжтой услаж эхэлнэ. Үндэс бүтэн илжирсэн бол дээд хэсгийг тайрч авч үндэслүүлээд шинээр суулгана. ингэхдээ зөвхөн эрүүл чанга хэсгийг тайрч авна. Хэрэв ургамал бүхэлдээ муудсан бол савтай нь хамт устгана. Мөөг нь хөрсөнд хэдэн жил амьдардаг юм.
Хуурай ялзралт - буруу арчилгаанаас болдог. Шинж тэмдэг - гаднах мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрдэггүй. Ургамал хатаад байдаг. Өнгө, хэлбэр, хэмжээ нь өөрчлөгдөхгүй ч дотроосоо хатсан байдаг. Энэ нь маш хурдан явагддаг тул «хэсэгчилж өвдсөн» хэсгийг мэдэхгүй өнгөрдөг. Авах арга хэмжээ - өвчин маш хурдан болж өнгөрдөг тул тэмцэх аргыг олоогүй байна. Ургамал үхдэг. Урьдчилан сэргийлж харин болдог - үе үе фунгицид бодисоор шүршиж байх хэрэгтэй.

8 comments:

  1. Хэр зэрэг хурдан ургадаг юм бол. Үндэс нь ургасан эсэхийг яаж мэдэж болох вэ? арай болоогүй байхад нь савыг нь соличхын болуу гэж бодоод байган. Мөчир гэхиймуудаа хөрсөнд үрслүүлэхээр хийсийн. 20д хонож байх шиг байна.

    ReplyDelete
    Replies
    1. Yer n urgalt n dund zereg gej helmeer yum uu. 20 honoj bgaa bol 2 doloo honog huleechihdee, tegehed battai undeslesen bn. Shiljuulj suulgahdaa shinehen, zuulun undesiig n tasdav. Shuud hurstei n hamt tom savand shiljuulchih ee. Het tom sav bas demii. Urgalt saatna shuu. Jishee n odoo neg udaagiin stakand bga bol, daraagiin sav n 7-10 cm diametertei sav bj bolno.Ter savandaa bas nileen udah bolov uu. Undes saviig duurgesnii daraa daraagiin savandaa suulgaarai.

      Delete
  2. Өө за баярлалаа. Минийх нөгөө сүү ххк-ний 3 тарагны саванд байгаа. Гоё тунгалаг саванд хийчихмээр юм байна да тэ.

    ReplyDelete
  3. Гурвалжин савтай тараг гэх гээд буруу биччихжээ. ккк

    ReplyDelete
  4. минийх дотроосоо хатаад байна, эмчлэх найдваргүй юмуу оо

    ReplyDelete
  5. sain bnu. bi 12 sard 150cm orchim ondortei zuun nast hudaldaj awsan yumaa.. suuliin uyed neg talruugaa daliigaad diildeed urgaad boldogguiee mod zoojoogood uyachihsan yum. gehdee sawiin soliod bur tom sawand suulgah gsn yumaa yaj zow suulgahuu zowolgoo ogooch pls!

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? 100 наст зарах уу? томхон байвал зүгээр байна.даруйхан авах хүсэлтэй байна.99814015

      Delete
    2. Sain baina uu, Nadaa oort bol bhgui ee. Urguuldag humuust utsiig n damjuulaya aa.

      Delete