Monday, October 24, 2011

Каллизия - Callisia

Каллизия (Callisia) нь олон наст өвсөрхөг мөлхөө ургамал. Commelinaceae овогт ордог. Эх нутаг Төв Америк, Өмнөд Америкийн халуун бүс, Антилийн арлууд. Нийт 12 төрөл байдгаас тасалгаанд 5 төрөл ургуулдаг байна. 
Каллизия нь Ихрүүдийн ордныхны цэцэг.
ТӨРӨЛ
1. Callisia elegans

2. Callisia tehuanttepecana

3. Callisia navicularis

4. Callisia repens

5. Callisia fragrans

АРЧИЛГАА
Гэрэл: Тод сарнисан гэрэлд сайн ургадаг. Нарны шууд тусгалыг ганцхан Callisia navicularis дааж чаддаг. 
Зөв ургахад өдөрт 8-10 цаг гэрэлтэй байх хэрэгтэй. Гэрэл дутсан ургамлын навчны өнгө бүдгэрч, урт урт сунасан шилбэтэй, үзэмж муутай болдог.
Агаарын хэм: дулаанд дуртай ургамал. Зун +20-25°С, өвөл +15-20°С. Агаарын хэм эрс өөрчлөгдхөд мэдрэмтгий.
Агаарын чийгшил: Каллизия чийглэг орчинд байх дуртай. Иймд өдөр бүр шүршиж байна. 
Callisia elegans хилэн үсэрхэг навчтай тул ойр хавийн агаарыг манантуулж холоос шүршдэг.
Усалгаа: Хөрсний дээрх үе хатаж эхлэхэд дараагийн усалгааг хийнэ. Зун сайн услана. Ус задгай саванд хэдэн өдөр байлгасан хлоргүй, зөөлрүүлсэн, жаваргүй байна. 
Өвөл тааруулж багавтар услана. Каллизиягийн үндэс маш сул, хүч муутай байдаг. Иймээс хөрсийг бүрэн хатааж болохгүй. 
Бордоо: Хавар - зун 10 хоногт нэг удаа комплекс минерал бордоогоор бордно. Өвөл бордохгүй.
Цэцэглэлт: Тасалгаанд маш ховор цэцэглэдэг. Цэцэг жижигхэн. Сулхан анхилуун үнэр ялгаруулдаг.
Хөрс: Бага зэрэг хүчиллэг хөрс байвал дээр. Компост, навчин хөрс, элс адилхан хэмжээтэй авч болно. Савны доор заавал дренаж хийнэ.
Шилжүүлэн суулгалт: Маш хурдан ургаж үзэмжээ алддаг байна. Доод навч унасаар нүцгэн урт урт иш болдог. Шилжүүлж суулгахын оронд үзүүр хэсгийг шинээр үрслүүлж ойр ойрхон шинэчлээд байх нь дээр.
Үржүүлэх арга: Жилийн аль ч улиралд үрсэлгээ хийж болдог, гэхдээ мэдээж хавар зуны улиралд илүү тохиромжтой. Гол арга – ургах үзүүрээр үрслүүлэх.
Үзүүрээс нь 2 «үе» аваад тайрна. Энэ нь 5-6 см урт. Усанд, эсвэл шууд хөрсөнд хийгээд вакумдна. 1-2 долоо хоноод үндэслэдэг.

Хажуугийн салаа нахиагаар мөн үржүүлж болно. Эх цэцэгнээс нь тайралгүй, урт ургасан нахиаг доош дарж хөрсөөр хучина. Мөн л дорхноо үндэслэдэг.
Хорхой шавьж: Аалзан хачиг, трипс зэрэгт баригддаг. Орчны агаарыг чийгшүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. 

No comments:

Post a Comment