Wednesday, October 16, 2013

Алтан судалт алаг айргана Corymbosa "Aureo-reticulata"

Энэ цэцэг маань 2013 оны хавар булцуу хэлбэрээр орж ирээд ургаад, үржээд олон хүнд тарсан байгаа тул сайн таниулж өгөхөөр шийдлээ. 
Gold Veined Oxalis / Oxalis Сorymbosa "Aureo-reticulata"
Овог: Oxalidaceae 
Төрөл зүйл: Oxalis Сorymbosa
Сорт: Aureo-reticulata
Бүртгэгдсэн нэршил: Oxalis debilis var. corymbosa
Бусад нэршил: Inoxalis martiana, Gold Veined Oxalis
Өндөр: 15-30 cм. Тасалгааны нөхцөлд саванд 15-20 см өндөр ургаж байсан. 
Цэцэг: ягаан өнгийн дан болон давхар цэцэг зэрэг гардаг 
Навч: 3-навчит, цайвар-шаргал цагаан судалтай.
Tасалгаанд ургуулхад тохирсон.
АРЧИЛГАА
Гэрэл: тод болон сарнисан гэрэлд ургадаг. Намар, өвөл, хавар хамгийн их нар тусдаг цонхон дээр байлгана. Өвөл нарны гэрэлд илүү хүч авч, дэлгэрдэг. Зун үдийн хурц нарнаас хамгаалах нь дээр. Зуны наранд түлэгдээд шаргал толбо навчин дээр үүсдэг. Мөн навч зузаараад, хатуувтар ширүүн болдог. 

Усалгаа: Бусад булцуут ургамлын адил хэт услаж болохгүй. Булцууг хуурайдуу, өлөн чийгтэй хөрсөнд байлгасаар соёолуулдаг бол навч нэмэгдэх тусам усалгааг бага багаар тохируулж нэмнэ. 
Хөрс: Айхтар шаардлага тавиад байдаггүй, ямар ч тасалгааны цэцэгний хөрсөнд ургана. Би хөвсгөр хүлэрт болон навчин хөрсөнд перлит холиод ургуулж байсан. 
Цэвэр хайрга, чулуунд ургуулаад цэцэглүүлсэн байхыг харсан. 
Цэцэглэлт: булцуу сэрээд ургаж эхлээд 2-3 сарын дараа цэцэглэдэг. Хангалттай гэрэлд 2-3 сар цэцэглэсээр байдаг. 
Хамгийн анх өвөл урагшаа харсан цонхон дээр ургуулж цэцэглүүлсэн. 5-дэлбээтэй дан цэцэг гарсан. Энэ ургалтаас хурааж авсан булцуугаа амраагаад, суулгаад, хойд зүгрүү харсан цонхон дээр зун 7 сард цэцэглүүлсэн. Зун цаг тул хангалттай тод гэрэлтэй, гэхдээ нар огт үзээгүй, тиймээс зөөлөн тод гэрэл гэж хэлж болох юм. Үр дүнд нь дан болон давхар хоёр янзын цэцэг зэрэг дэлгэрэв. Зөвхөн гэрэлтэй холбоотой юу, ургуулж байгаа улирал бас нөлөөлсөн үү, өөр ямар нэгэн хүчин зүйл байна уу, сайн мэдэхгүй. 
Бордоо: бундуу гарч эхлэнгүүт сул найруулсан бордоогоор 2-3 долоо хоногт нэг удаа. 
Агаарын чийгшил: Хавар, зун усаар шүршиж байх зүгээр. Мөн өвөл халаалт ирсэн үед нартай цонхон дээр хуурай халуун агаарт бөөстхөөс сэрэмжилж шүршиж байсан.
Шилжүүлэн суулгалт: Амралт дуусангуут булцууг хөнгөн хөрстэй үрсэлгээний сав, стаканд г.м. суулгана. Навч олноор гарах тусам савыг тохируулж томруулах нь зүгээр. Үрсэлгээний стаканаас нь 7 см голчтой савруу шилжүүлээд. Дараа нь 12 см голчтой шавар саванд суулгаж байв. Хамгийн тохирсон сав 10-12 см диаметртэй. Хэт томруулах дэмий юм байна гэж бодогдов. Том чөлөөтэй саванд булцуу үржих, томрох нь муу байх шиг санагдсан. Магадгүй том савруу шилжүүлэх бүрийд савны эзлэхүүнээр үндэс ургуулах гэж цаг аваад байсан байх. 
Амралт үе: Цэцэглэж дуусаад бүх навч нь хагдраад, хөрсөн дээр юу ч үгүй болтол хатаад амардаг. Булцууг хөрсөнд нь амрааж болно, эсвэл ухаж аваад, цэвэрлээд, хатаагаад, цаасан уутанд хийж хөргөгчинд 1-2 сар хадгална.  
Үржүүлэх арга: булцуугаар. Үржихдээ сайн. Булцуугаа хөргөгчинд, эсвэл хөрсөнд нь оролдолгүй амраана. Хөрсөнд нь амраасан бол сард 1-2 удаа маш бага ус хийж хөрсөө үл ялиг чийглэж байна. Хураасан булцуугаа хөргөгчинд амраасан бол 1-1,5 сарын дараа гаргаад, шинэ хөрсөнд суулгаад, үл ялиг чийглээд, хамгийн нартай цонхон дээр тавьна. 2-4 долоо хоногийн дотор соёолж эхэлдэг. Булцуу бүр өөр өөр. Зарим булцуу 7 хоноод ургаад эхэлдэг бол, зарим нь 2-3 сар таг чимээгүй байна. Тиймээс булцуутай болсон бол тэвчээртэй хүлээгээрэй, багавтар услаарай, бүүр хатаахгүй, үл ялиг өлөн чийгтэй хөрсөнд байлгаад байвал ургана шүү.

5 comments:

  1. Сайхан мэдээлэл байнаа, баярлалаа

    ReplyDelete
  2. Ta ch olon hund beleglej buyan uildsen dee. Urguulj chadaagui n tiimerhuu. Miniih urgaj bgaa. Bayarlasan shu, egch ee.

    ReplyDelete
  3. hoorhon tsetseg shuu, tanaas avsan bultsuu maani arai tsetsegleegui l bna, olon navchtai bolson, taragnii savandaa l bna, savoog ni odoo joohon tomruuldag yum biluu. Urnaa

    ReplyDelete
    Replies
    1. teg teg, baga bagaar harj bgaad l tomruulaad bai. Buten jil urguulj baina. Harahad nud sergeed, goyo oo.

      Delete