Friday, October 4, 2013

Эухарис - Eucharis

Эухарис буюу амазоны сараана нэртэй энэ цэцэг Амариллисын овогт багтдаг, Төв болон Өмнөд Америкаас гаралтай. Eucharis гэдэг нь грекээс "дэд зэргийн гоёмсог" гэсэн утгатай. Тасалгааны гоёмсог энэ цэцэг айлуудад нилээн түгээмэл болоод байгаа. Навч том, далбагар, 20 - 25 см урттай. Цэцэг нь анхилуун үнэртэй, цасан цагаан өнгөтэй, 6 - 10 ширхэгтэй багцтай. Цэцэгний хэмжээ том, диаметр нь 5 - 12 см байдаг. Жилд 1 — 2 удаа цэцэглэнэ, ихэвчлэн 5 сард болон 8 сард. 
Монгол нэршил - Цагаадай.
Гэрэл, дулаан
Эухарис нь гэрэлсэг, нарны гэрлээс хамгаалсан газар ургах дуртай. Сүүдэрхэг газар тавьж болно, гэхдээ нэмэлт гэрэл гаргаж өгвөл сайн. Өвлийн цагт сэрүүн газар буюу +15-18 С дулаантай газар байлгадаг. Энэ нь цэцэглэлтэнд шууд нөлөөлөх тул аль болох сэрүүн газар өвөлжүүлнэ.
Шилжүүлэн суулгалт
3 сард эухарисын сонгиныг 3-4 ширхэгээр нь нэг саванд суулгадаг. Суулгахдаа 10 см гүн булна. Заримдаа туршлага муутай цэцэгчид бүх арчилгааг номоор нь хийсэн, тэгэхэд бүтэн жил зарим тохиолдолд түүнээс дээш хугацаа өнгөрхөд цэцэглэхгүй байна гэж гомдолдог. Ихэнхдээ энэ нь буруу суулгасанаас шалтгаалдаг. Хамгийн гол алдаа - хэт том саванд суулгасан. Сав сонгохдоо өндөр сав сонгох нь дээр байдаг. Заавал доороо дренажны нүхтэй байх ёстой. 
Сав дотороо сонгиноор дүүрсэн үед л цэцэглэдэг. Ийм ч учир шилжүүлэн суулгалтыг 3-4 жилд нэг удаа хийдэг байна. Шилжүүлж суулгах үед зулзага сонгинуудыг салгаж авна. Сонгино болгоныг нэг нэг саванд суулгана. Шилжүүлж суулгаад 10 хоног услалгүй сэрүүн, хэт дулаан биш өрөөнд сүүдэрт тавьж богино хугацааны амралт хийж өгдөг. 
Бордоо
Бордоог зөвхөн зуны цагт, ургалт ид явагдаж байхад хийх хэрэгтэй. Долоо хоног бүр иж бүрэн минерал бордоогоор услана. Цэцэгт ургамалд зориулсан бордоогоор бордох ба заавар дээр нь бичсэнээс 2 дахин бага найруулж хэрэглээрэй. Азотоор хэт бордсон бол цэцэглэлт зогсож навч түлхүү гарч ирдэг.
 Азоттой бордооны дараа цэцэг жижигрээд, эсвэл огт цэцэг гарахгүй, дан навч ургана
Азот N навчаар гоёдог ургамлын бордоонд илүү их тунгаар байдаг. Азот нь ургамлын ногоон хэсгийг ургуулдаг гээд тогтоочихож болно. 
Хөрс
Хөрс хөнгөн, ялзмагтай хар шороон хөрсийг голын элстэй холиод таардаг. Хар шороо нь малын бууц, шувууны сангас гээд тэжээл ихтэй байхад сайн. Хөрс, саваа ариутгаарай. 
Хорхой шавьж
Хамгийн гол дайсан нь щитовка гэх навчны шүүс сорж амьдардаг паразит. Дээгүүрээ яст мэлхий шиг хатуу бүрхүүлтэйбайдаг тул зүгээр хороор арилгах тун хэцүү. Гараар түүх болдог. Хэрэв навчны ард бор жижигхэн (том жижгээрэй шорооны ширхэг шиг) зүйл наалдсан байх юм бол шууд арга хэмжээ авна. Архи, спирт, эсвэл хумсны лак арилгагчийг хөвөнд шингээгээд навчны ард наалдсан зүйлийг нэг нэгээр нь сайтар түүж, арчиж өгнө. Мөн тамхи усанд өтгөн хандлаад хөвөнд шингээж навч ишийг арчина. Өөр нэг дайсан бол ширх байна. 
Цэцэглэлт үед аль нэг навч шарлаж хатдаг. Энэ нь навчны шим тэжээлийг цэцэглэлтэнд, 
эсвэл шинэ навч гаргахад зориулж байгаа нь. 
Харин өвчний хувьд буруу услалтаас навчин дээр толбо бий болох, сонгино илжрэх гэсэн түгээмэл зүйлүүд байна. 
Үрсэлгээ
Ихэвчлэн шилжүүлэн суулгахдаа гаргаж авсан зулзаган сонгинуудаар үрслүүлнэ. 

Усалгаа
Амралт үеээр услах хэрэггүй. Хэрэв эухарисыг өвөл цэцэглүүлэх бол амралт үеийг шилжүүлэх хэрэгтэй. Үүний тулд эсрэгээр зун 8 сард усалгааг зогсоож амралт гаргана. Ид ургалт үед сайн усалдаг, гэхдээ ус хэтрүүлхэд сонгино илжирч муудна. Цэцэг гартал навчийг өдөр бүр усаар шүршдэг. Долоо хоногт 1-2 удаа навчны тоосыг нойтон алчуураар арчиж өгнө. 

Эухарисыг зөв услах хэрэгтэй. Усалгаа - багавтар. 3-4 хоноод нэг удаа бага усаар услахад болно. Цэцэглэлт дуусангуут усалгааг зогсоож амрааж өгч байх хэрэгтэй. Энэ нь ойролцоогоор нэг сар байна. Амралт үе дууслаа гэдгийг шинэ навч гаргаж мэдэгддэг. 
Цэцэглэлт
Амралт үеийг зөв хийсэн бол дараагийн цэцэглэлт илүү удаан, олон цэцэгтэй болдог. Дараагийн цэцэглэлт нь 5-6 сарын дараа болох ёстой.
Эухарис багадсан жижиг саванд сайн цэцэглэдэг. Том саванд суулгасан бол удаан хүлээх болно.
Туршлагатай цэцэгчид жилдээ хоёр удаа цэцэглүүлдэг. Харин оросын ТВ-ээр 3 удаа жилд цэцэглүүлж болдог гэж байсан.
Дараах материалын эх үүсвэрийг ашиглав: 
http://shkolazhizni.ru/   http://www.home-flowers.ru/     iplants.ru    floralworld.ru     gardenia.ru    leto.tomsk.ru 

No comments:

Post a Comment