Thursday, October 31, 2013

Гидрокотила (Hydrocotyle)

АСУУЛТ - ХАРИУЛТ: Энэ юу гэдэг цэцэг вэ?
Энэ Гидрокотила байна аа.
Латин нэр: Гидрокотила - Hydrocotyle
Англи нэр: Water pennywort, Indian Pennywort, Marsh Penny, Thick-leaved Pennywort, White Rot
Орос нэр: Щитолистник
Apiaceae овогт ордог ургамал. Хойд болон Өмнөд Америкийн дулаан уур амьсгалтай бүсэд ургадаг. Усанд, мөн зүгээр ил хөрсөнд ургаж чаддаг.
Аквариумд ургуулж болдог
Гидрокотила 3-4 см диаметртай тод ногоон өнгийн дугуй навчтай, 10 см хүртэл урт бариултай. Аквариумд үүнийг хамгийн наад талд, гэрэлд ойр байрлуулдаг. Үндэслүүлэх шаардлага байдаггүй, хөвөж байгаа байдлаар нь ургуулж болдог. 
 
Аквариумчдын дунд айхтар их дэлгэрээгүй, учир нь зарим хүндрэл бэрхшээл байдаг. Хэрэв ургах нөхцөлийг нь сайн гаргаж өгвөл аквариумд бүтэн жил ургадаг. Усанд ургалт удаан байдаг.
 
Аквариумны усыг бүлээн байлгана. Усны дулаан +20-24°C, заавал зөөлрүүлсэн, бага зэрэг хүчилтэй, эсвэл саармаг байна. Шүлтлэг хатуу усанд байж болдог, гэхдээ ургалт илүү удаан. Усны рН = 6-8 байна.
 
Тод гэрэлд дуртай. Аквариумд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх хэрэгтэй. Өдөрт нийт 12-14 цаг гэрэлтэй байхаар тохируулна. Үндэс маш зөөлөн, эмзэг. Иймээс хөрс нь элс байсан нь дээр. 
Гэхдээ хөрсөнд айхтар шаардлага тавьдаггүй. Дээш тэмүүлсээр усны гадаргуйг битүү навчаараа тагладаг. Аквариумны усаа ойр ойр сольж байхгүй бол муудаж үхэж болдог.
Үндэс хувааж үржүүлдэг. Агаар усанд амьдардаг амьтадад (жишээ нь, мэлхий) зориулсан палюдариумд хийх бол 4-5 навчтай мөчрөөр үрслүүлж болно. Аквариумд бол томорсон арваад навчтай ургамал суулгана. 
Аквариумд ургуулах бол бага багаар ус нэмэж дасгаж байж усанд ургуулна. Усанд суулгахад ургалт удаан хугацаагаар зогсдог. Уснаас эргээгээд агаарт ургуулах бол мөн л бага багаар доошлуулж аажмаар дасгаж байж шилжүүлнэ.
Агаарт бол ургалт хурдан. 50 см хүртэл ургадаг. Арчилгаа маш бага шаарддаг.
Энэ ургамлыг усан дотор, ус - агаарт, агаарт гэж ургуулж болдог. Агаарт цэцэглэдэг. Заримдаа усанд цэцэглэдэг, гэхдээ ховор. Агаарт ургуулж байгаа бол хөрс байнга чийглэг байх ёстой.

No comments:

Post a Comment