Tuesday, October 25, 2011

Соланум (Solanum)

Соланум (лат. Solánum)(орос Паслён )
Solanaceae овогт ордог. Нийт 1500 төрөл байдаг. Хавар жижигхэн цагаан цэцэг гаргадаг, өвөл тэр нь улбар шар/улаан жимс болдог. Айхтар арчилгаа шаарддаггүй, гол нь өвөл сэрүүн байлгах ёстой. Жижигхэн бут нь яваандаа хэдэн тийш хэлбэргүй ургаж үзэмжгүй харагдна. Маш амархан үр авч болдог тул үзэмжгүй болсон бутыг хаяаад үрээр шинээр ургуулсан нь дээр.
Жимсийг идэж болохгүй - хортой. Бага насны хүүхэдтэй айлд байх дэмий - болгоомжтой байхгүй бол хүүхэд навч, жимсийг нь идэж хүчтэй хордлогод орж болно.
Бидний хүнсэнд хэрэглэдэг төмс (Solanum tuberosum), хаш (Solanum melongena) мөн улаан лооль бүгд энэ соланумтай нэг овогт багтдаг.
Тасалгаанд чинжүүн хэлбэртэй Solanum capsicastrum, Solanum pseudocapsicum гэсэн хоёр төрөл ургуулдаг. Эдгээр нь үзэмжтэй өнгө өнгийн жимс гаргадаг тул хүмүүс тарих их дуртай байдаг. Ихэвчлэн олон наст байдаг, хаяа нэг наст тааралддаг.
Жимс навч нь хортой гэдэг ч Соланумыг "Ангины мод" гэж нэрлэдэг байна. Хатаасан жимсний хандаар ангин өвчин анагаадаг гэнэ. Үүний тулд 1 цайны халбага хатааж нунтагласан жимс дээр буцалсан халуун ус нэг аяга хийнэ. Хандласны дараа шүүгээд, хоолойгоо өдөрт 3-4 удаа зайлна. Хандлаж хэрэглэнэ, буцалгаж болохгүй.
ТӨРӨЛ
Solanum jasminoides
Solanum giganteum
Solanum seaforthianum
Solanum wendlandii
Solanum crispum
Доорх хоёр төрлийг тасалгаанд ургуулдаг:
Solanum pseudocapsicum
Solanum capsicastrum
Solanum capsicastrum "Variegatа"
АРЧИЛГАА
Цэцгийг нь зохиомлоор тоос хүртээж жимс амархан гаргаж авч болно. Эсвэл сайн салхилдаг газар байрлуулж тоос хүртээж болно. Мөн зундаа гадаа гаргаж тавьбал илүү тохирно. 
Өвлийн сүүл гэхэд жимс гүйцэд боловсорч, навч шарлаж эхэлдэг, энэ үед сайн тайралт хийж богиносгоод, шинэ хөрсөнд шилжүүлж суулгана.
Ер нь бол нэг нас шиг ургуулвал цэвэрхэн зөв хэлбэртэй үзэмжтэй бут харагдна. Олон наст шиг ургуулах бол сэрүүнд өвөлжүүлэх, арчилгааг зөв хийж байх хэрэгтэй болно. 
Гэрэл: Соланум гэрэлд дуртай. Тод гэрэлд сайн ургадаг. Зуны халуун хурц нарнаас хамгаалж байх хэрэгтэй.
Агаарын дулаан: Зун сэрүүвтэр, +18-25°С хэтрэхгүй байвал сайн. Намар - өвөл хүйтэн сэрүүн орчинд байлгана + 12-15°С, доод тал нь +10°С. Ингэж өвөлжүүлэхэд илүү жимс гаргана. Намар - өвөл цонхны хүйтэн агаараас салхи авч өвчилдөг, хүйтэнд мэдрэмтгий. Гэхдээ цэвэр агаар зайлшгүй шаардлагатай.
Агаарын чийгшил: Тогтмол шүршиж байх хэрэгтэй. Орчны агаарын чийгшлийг ихэсгэх хэрэгтэй: доор нь чийгтэй керамзит, тойруулж устай сав тавих, чийгшүүлэгч аппарат ажиллуулах, гэх мэт. Агаарын чийгшил 65% байх ёстой. 
Усалгаа: Идэвхитэй ургалт үед хөрсийг байнга чийгтэй байлгана. Өвөл бараг услахгүй. 4-р сараас 9-р сар дуустал их услана. Хөрсний дээд хэсэг хатаж эхлэхэд дараагийн усалгааг хийнэ. Тасалгааны нөхцөлд (10-р сараас 2-р сар хүртэл) албадлагаар амрах болдог. Учир нь гэрэл бага, агаарын чийгшил бага, иймд 10-р сараас эхлээд гэрэлтэй, сэрүүн, агаарын чийгшил өндөртэй газар байрлуулна. Ийм нөхцөлд усалгааг бага хийдэг. 2-р сард шинэ нахиа гарч ирэхлээр усалгааг ихэсгэдэг.
Бордоо: 5-р сараас эхлээд 9-р сар дуустал 2 долоо хоног бүр цэцгээр гоёдог ургамлуудын шингэн бордоогоор бордно. Мөн улаан лоольны бордоо хэрэглэж болно.
Хөрс: ширгэн, навчин, хүлэрт хөрсийг адилхан хэмжээгээр авч хэрэглэнэ. Дараагийн хувилбар: 2 хэсэг шаварлаг хар шороо, 2 хэсэг ялзмаг, 1 хэсэг навчин хөрс, 1 хэсэг элс.
Шилжүүлэн суулгалт: Жил бүр 2 сард хийдэг. Сайн дренаж доор нь дэвсэнэ.
Үрслүүлэх арга: Мөчрөөр 3-4 сард, мөн үрээр 2-3 сард. Үрийг хавар хөрсөн дээр ил цацаад, дээгүүр нь том ширхэгтэй элсээр 0,5мм хучина. Үрслүүлэх өрөөний хэм +20-22°С. Вакумдна. 
14-15 хоноод соёолдог. Ургах явцад хоёр удаа тусгаарладаг. Заавал чимхэлт хийнэ. Сайн салаалж мөчирлүүлэхийн тулд зуны турш хэд хэдэн удаа тайрдаг.
Үрээр ургуулсан бут хүч чадалтай болдог, олон жимс өгдөг бол мөчрөөр үрслүүлсэн нь хүч чадлаа хуримтлах гэж арай удаан хугацаа шаарддаг байна. 
Хавар, зун мөчрөөр үрслүүлж болно. Чийгтэй элс, перлит, эсвэл хүлэрт хөрс, элс адил хэмжээнд авч суулгана. Үндэслэнгүүт заавал шууд чимхэнэ. Сайн ургуулахын тулд зуны турш хэд хэд тайрна.
Тайралт: Өвлийн сүүлээр нийт өндөр/уртын 1/2 богиносгоно. Намар харин цэцэглэхгүй байгаа мөчирнүүдийн үзүүрийг чимхэх хэрэгтэй. 
Өвчлөлт, хорхой шавьж: "Цагаан далавчит" эрвээхэй болон ширхэнд баригддаг. 3 өдрийн давтамжтай хор цацаж устгана, гэмтсэн цэцэг, навчийг түүж авна. Хэт хуурай агаарт аалзан хачиг гарч ирдэг.
Гарч болох хүндрэлүүд:
 Навчаа гөвсөн бол - гэрэл дутаад байна;
 Цэцэглэлт муу, жимс жижигхэн бол – сэрүүдээд байна, дулаан дутагдаж байна;
 Навч мушгиралдаад байна – хэт их нарны гэрэлд байлгаад байна;
 Навч унжийгаад байна – усалгаа дутсан, эсвэл хэт халуун газар байлгасан;
 Жимс үрчийгээд байна – хөрс хуурай байлгаад байна, дутуу услаад байна;
 Навчны өнгө гандаад байна – бордоо дутсан;
 Ногоон масс нь бор толботой болоод байна – магний дутагдсан;
 Жимслэхгүй байна - тоос хүртээгээгүй байна. Цэцэглэж байхад бийр, хөвөнгөөр амархан тоос хүртээж болдог;
 Навч мушгиралдаж ороогдоод, шарлаад, унаад байна - аалзан хачиг, ширхэнд баригдсан. Тохирсон хор системтэй цацах.
Арчилгаа (орос хэл дээр)
                                            
http://greenhome.org.ua,  http://ogorodsadovod.com/entry/1970-sekrety-ukhoda-za-paslenom-komnatnym

No comments:

Post a Comment