Tuesday, October 29, 2013

Стефанотис - Stephanotis

Стефанотис (Stephanotis) мөнхийн ногоон авирч ургадаг хагас бутархаг ургамал. Хойя шиг мөлхөө суккулент. Asclepiadaceae овог. Эх нутаг нь Мадагаскар болон Малайн арлууд.
Стефанотис хэмээх нэр нь грек хэлнээс орчуулхад «stephanos» – титэм, толгойн чимэг, «otos» — чих гэсэн утгатай.
Навч нь зууван, хар ногоон өнгийн. Цэцэг анхилуун үнэртэй, цасан цагаан өнгийн. Үзэмжтэй цэцэгнээс нь болж тарьдаг. Том, хүчээ авсан ургамал 6 сараас 10 сар дуустал тасралтгүй цэцэглэдэг. Агаарын дулаан болон гэрэл, усалгааг зохицуулж чадвал өвөл ч цэцэгтэй байж болдог. Гэрэл маш их шаарддаг. 
Ургалт: дунд зэрэг / хурдан. Авирч, юм ороож ургадаг тул тулгуур заавал хэрэгтэй болно.
ТӨРӨЛ
Stephanotis гэх овогт нийт ойролцоогоор 15 бутархаг авирч ургадаг лиан байдаг. Гэхдээ тариж ургуулдаг нь ганцхан Stephanotis floribunda юм. "Floribunda" гэдэг нь "их цэцэглэдэг", "цэцэглэх дуртай" гэсэн утгатай. Нэрэндээ таарсан олон цэцэг гаргадаг, цэцэглэлт удаан үргэлжилдэг.
Stephanotis floribunda-ааг мөн Мадагаскарын жасмин гэж нэрлэдэг. Байгальд 5 м урт ургадаг. Навчны урт 10-12 см, өргөн 4-5 см, шовх хурц үзүүртэй, зузаан, хатуу. Гялгар гадаргуйтай, өнгө нь хар ногоон, дундуураа цайвар судастай. Цэцэг нь 5-7 ширхэгээрээ багцалж гардаг. Цэцэгний хэмжээ 4 см урт, 5 см өргөн, цагаан өнгийн, нялуун үнэртэй.
Гэрийн нөхцөлд ургуулах маш хэцүү, ааштай ургамал. Хамгийн тохирсон орчин бол хүлэмж. Зуны улиралд гадаа гаргасан нь дээр (caйн гэрэлтэй, гэхдээ бороо салхинаас хамгаалсан нөмөр газар). Гадаа сэрүүсээд, агаарын дулаан +10°С хэмээс буураад ирэнгүүт гэрт оруулна. 
Хуучин цэцэгний иш дээр дахин бундуу гарч болдог, гэхдээ маш ховор.
БАЙРШИЛ: 
Тод гэрэл маш ихээр шаарддаг, гэхдээ нарны шууд тусгалаас халхалж байна. Цэцэглэлтэнд эерэг нөлөөлөх хамгийн сайн тохирох газар - баруун болон зүүн зүгрүү харсан цонхны тавцан. Урд зүгрүү харсан цонх намар өвөл тохирно. Харин хавар, зун заавал сарнисан гэрэл бий болгож нарнаас хамгаална. Хойд зүгрүү харсан цонхон дээр гэрэл дутсанаас болоод цэцэглэхгүй. 
Нэвт салхи, хүйтэн салхи, агаарын урсгалаас байнга хамгаална. Туйлын мэдрэмтгий.
АГААРЫН ДУЛААН:
Зун тохирсон хэм +18-20°С, өвөл +13°С. Ямар ч тохиолдолд агаарын хэм 0°С хэмээс буурч огт болохгүй. Ургамал нь халуун хүйтэн хавсарсан, агаарын дулааны эрс өөрчлөлт, хүйтэн салхи, нэвт салхи, хүйтэн цонхноос сийх зэрэгт навчаа гөвдөг. Гурилан шүүдэрт баригдах, навч олноор унах, мөчир халзрах гээд үзэмжинд муугаар нөлөөлж болно.
Стефанотис хурдан ургадаг ургамал. Хамгийн гол нь жигд нэг дулаанд байлгах ёстой. Агаарын хэмийн хэлбэлзэлд маш мэдрэмтгий. 
Стефанотист цэвэр агаар маш их хэрэгтэй байдаг тул өрөөний цонх онгойлгож байх хэрэгтэй.
УСАЛГАА: 
Усалгаа зуны улиралд долоо хоногт 2-3 удаа хангалттай их услана. Хэт их нойтон болгож хэтрүүлж услаж болохгүй. Ер нь хөрсний өнгөн үе хатаж эхлэхээр л дараагийн усалгааг хийхэд тохирдог. Өвөл хөрсийг үл ялиг чийглэг байлгахад болно. Стефанотис шүлтлэг хөрсөнд дургуй. Иймд крантны хатууллаг ус тохирдоггүй. Хамгийн сайн тохирох ус - борооны ус.
Хавар зундаа сайн усалдаг бол өвөл маш бага. Бага усалснаар цэцэглэлтийг сайн өдөөж өгдөг байна. Өвөл хэт их услаад байсан ургамал хавар цэцэглэхдээ тааруу, цөөн цэцэг гаргадаг. 
Усаа заавал 2-3 өдөр том амсартай саванд задгай хонуулж хлоргүй болгосон, зөөлрүүлсэн байна. Жаваргүй бүлээн усаар уcлана.
Навчны гялгар толигор байдлыг хадгалахын тулд тогтмол жаваргүй усаар шүршиж байхад болдог. Мөн навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байх, усанд оруулж байх. Навч гялалзуулдаг лак шүршиж болохгүй.
Бундуу үүсэж байх үед огт оролдож болохгүй, байршил солих байтугай савыг нь эргүүлж болдоггүй гэнэ. Үүнээс болоод бундууны ургалт шууд гацаж, цааш гарах бундууны тоо цөөрдөг.
Бундуулсан үед савтай цэцгээ эргүүлж тойруулаад байвал бүх бундуу, цэцэгээ гөвдөг гэдэг. Гэвч гэрэлрүү тэмүүлээд бүх бундуй нь цонхруу харж ургаад байвал яах вэ? Бундуулаад дууссан, бүх бундуу нь цэцэглээд эхэлсэн үед, цэцгийн иш сайн хөгжсөн бол эргүүлж тойруулж болдог байна.
ГЭРЭЛ:
Стефанотис тод сарнисан гэрэлд дуртай. Намар - өвөлдөө аль болох нартай цонхон дээр тавих, эсвэл нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх хэрэгтэй. Нэмэлт гэрэлтүүлэгт мэдэгдэхүйц ургалт идэвхиждэг.
Зун нарны шууд тусгалаас халхална, байнга навчийг нь шүршиж байна. Халуун хуурай өрөөнд өвөлжүүлвэл аалзан хачигтдаг. Хэрэв навч шарлаад, унаад эхэлсэн бол шалтгаан нь гэрэл дутсан, эсвэл үндэс гэмтсэн, магадгүй сав томосгож шинэ хөрсөнд суулгах цаг болсон.
Зузаан хатуу навчтай боловчиг наранд түлэгдэхдээ амархан тул нарнаас заавал халхалж байх хэрэгтэй.
ЦЭЦЭГЛҮҮЛЭХ  НӨХЦӨЛ:
Гарах цэцэгний тоог олшруулж, цэцэглэлтийг илүү сайжруулахын тулд сэрүүнд (+15-17C) өвөлжүүлж амраана. Бордоо хэсэгийг мөн уншаарай.
АМРАЛТ ҮЕ:
10 сараас 2 сар дуустал. Гэрэлтэй сэрүүн газар (+14-16°C) амраана, усалгааг багасгана.
ҮР:
Хэрэв танай стефанотис жимсэлж байгаа бол, та үрээ боловсруулж дуусгах сонирхолтой байгаа бол, хугацаанаас нь өмнө тасдахыг хүсэхгүй байгаа бол, эсвэл боловсорсон үрнүүд таныг байхгүйд задраад хийсээд алга болчихгүй байгаасаа гэвэл жимсний гадуур "шилэн трико"-гоор хийсэн уут угалчих. Ингэвэл жимс задрахгүй, үр хийсээд алга болохгүй.
ХӨРС:
Тэжээллэг хөрс хэрэгтэй. Навчин, шаварлаг ширгэн, ялзмагтай хөрс болон элс (3:2:1:1). рН 5,5-6,5.
АГААРЫН ЧИЙГШИЛ:
Агаарын чийгшил өндөр байх ёстой. Хавар, зун бүлээн усаар шүршиж байх. Агаарын чийгийг ихэсгэх бусад арга хэрэглэх. Өвөл сэрүүн өвөлжүүлж байгаа бол шүрших хэрэггүй. 
Амархан салаалж мөчирлөдөг тул дулаан орнуудад стефанотисоор амьд хашаа, хана хийдэг байна.
БОРДОО:
Стефанотис айхтар их бордоо тэжээл шаардаад байдаггүй. Азотын оронд калийтай бордоо илүү зохидог. Азотын бордоо нь иш, мөчир, навч ургуулаад байхаас цэцэглүүлдэггүй, өвөлжихдөө муу байдаг. Учир нь азот нь ургалтыг өдөөсөөр навч иш шинээр гаргаад байдаг тул өвөл амарч амждаггүй. Сүүлдээ ийм урт урт цэцэггүй ишийг тайрч хаях болдог. Тайрахгүй бол энэ нь дараа жилийн цэцэглэлтийг удаашруулж гацаадаг.
Цэцэглэлтийг хурдасгаж, ихэсгэхийн тулд цэцэгт ургамлуудад зориулсан минерал бордоо, микроэлементууд, эсвэл калийн давсны уусмал болон суперфосфат хэрэглэдэг. Үүнийгээ 5 сард цэцэглэлт эхлэхээс өмнө 1-2 удаа хийнэ.
3 сараас 8 сарыг дуустал 2 долоо хоногт нэг удаа минерал болон органик бордоог ээлжилж хэргэлэдэг. 4-5 сард цэцэг бүрдэж эхэлдэг, иймд бундуй үүсэх хөгжих үед азотгүй (калий-фосфортой) бордоо хэрэглэнэ. Намар болон өвөл бордохгүй.
ТАЙРАЛТ:
Хавар шилжүүлэн суулгалт хийхдээ тайралт хийдэг. Ишний талыг тайрна. Цэцэглэлт 6 сараас 9 сарыг дуустал үргэлжилдэг. Цааш 10 сар дуустал цэцэглүүлэх бол 7 сард мөчир нахиаг нь чимхэх хэрэгтэй. Мөчир, иш бүр дээр 8 хос навч үлдээгээд тайрхад болно.
ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ:
Хүнд хөрсөнд суулгадаг: навчин, шавархаг ширгэн, хүлэрт (эсвэл ялзмагтай) хөрсийг элстэй 3:2:1:1 харьцаатай авдаг. Сав сонгохдоо том, багтаамжтайг шилж авна. Стефанотисын үндэс маш хүчирхэг, том тул чөлөөтэй сав байх хэрэгтэй. Доор нь заавал дренаж хийнэ. Хөрс бага зэрэг хүчиллэг байна. Шүлтлэг ихтэй хөрсөнд цэцэглэхгүй.
  
Залуу ургамлыг жил бүр савыг нь томруулж шилжүүлэн суулгана. Харин хөгшин ургамлыг 2—3 жилд нэг удаа өвлийн сүүлээр хийхэд болно. Ингэж 2-3 жилд нэг удаа хөрсийг нь сольж байгаа ургамалд жил бүр шинэ, тэжээл ихтэй хөрс хийж байна. Мөн шинээр ургасан мөчир нахианд тулгуур хийж өгнө.
Залуу ургамлыг жил бүр шилжүүлж суулгасаар савны хэмжээ 25-30 см голчтой болонгуут цаашдаа сав томруулахгүй, зөвхөн хөрсний дээд хэсгийг хусаж аваад, шинэ тэжээллэгээр сольж байна.
АСУУЛТ: Шилжүүлж суулгасны дараа навч шарлаад эхэллээ. Яах вэ?
ХАРИУЛТ: Цөөн тооны хэдэн навч унавал зүгээр, тоохгүй байж болно. Хэрэв олноор шарлаж унаад байвал суулгаснаас хойш 2-3 долоо хоноод "төмөрийн хелат"-аар услах, эвсэл "Эпин"-аар шүрших. Саяхан шилжүүлж суулгасан, стрессээс гарч амжаагүй байгаа ургамлыг халуун шүршүүрт оруулж болохгүй.
ҮРСЭЛГЭЭ ХИЙХ УЛИРАЛ: 
Хавар - зуны улирал гэдэг. Үрслүүлэхдээ мөчирний дээрх үзүүрээс биш, түрүү жилийн модорхог мөчирний хэсгээс тайрч авдаг. Намар өвөл үндэслүүлэх гэж оролдоход 1,5-4 сар үндэслэхгүй байж болно. Харин хавар, зуны эхэн сард үрслүүлвэл 2-3 долоо хоноод үндэслэдэг.
МӨЧРӨӨР ҮРСЛҮҮЛЭХ АРГА: 
Хавар 4-5 сард түрүү жилийн хагас модорхог болсон, сайн ургасан хүч чадалтай навчтай, хажуугийн цэцэглэдэггүй мөчирнөөс 1-2 зангилаатай 10см урт хэсэг тайрч авдаг. Доод зүсэлт нь навчны зангилаанаас 2 см доор байхаар тайрна. Учир нь үе/зангилаа хоорондын зайнд үндэс ургаж гардаг юм. Үүнийгээ элсэнд ташуудуу далий 1-1,5 см гүн суулгана. Мөн элс, хүлэрт хөрсний холимогт үндэслүүлж болно.
   
Агаарын хэм +18-20°С байх ба чийглэг орчин бүрдүүлж өгнө. 6-8 долоо хоногийн дараа үндэс гардаг. Үүнээс хойш том ургамал шиг арчилна. Арай том саванд суулгана.
Гэхдээ стефанотисыг үндэслэхдээ муу гэж тооцдог. Үндэслүүлэгч фитогормон (орос бүтээгдэхүүнээс Гетеоауксин, Корневин) хэрэглэж болно. Доод үзүүрээ фитогормонд дүрээд, элсэнд суулгаж, вакумдна. Доороос нь хөрсөө халааж өгвөл арай түргэн үндэслэнэ.
Үндэслэсэн үрсэлгээнүүдээ 7—9 см диаметртэй саванд суулгана. Гэрэл ихтэй, өдөртөө +16—18°С, шөнөдөө +14°С хэмээс буурахгүй газар байрлуулна (үүнээс дулаахан газар байлгавал цэцэглэлт муу гардаг).
Нэг саванд олноор нь суулгаж ургуулах хэрэггүй. Нэгд хурдан ургадаг, томордог, мөн үндэс нь хүчирхэг, зай их эзэлдэг тул нэг саванд нэг үрсэлгээ суулгах нь дээр. 
Жил бүрийн урсгал арчилгаа - саваа томруулж шилжүүлэн суулгах. Эхний жил 9 см диаметртэй савыг 12 см болгох жишээний. Салаалж мөчирлүүлэх үүднээс дээрх ургах цэгийг чимхэдэг. Дараа жил нь 14—15 см саванд суулгана.
ҮРЭЭР ҮРСЛҮҮЛЭХ АРГА:
Стефанотис үрээр мөн үрждэг, гэхдээ үр тогтох нь маш ховор. Жимс нь 2 хэсэгтэй хайрцагтай, дотор нь шүхэр шиг олон тооны үр байдаг. Үр боловсрох хугацаа 12 сар. Боловсроод дуусангуут хайрцаг задарч үр хэдэн тийш хөөрөн нисдэг. Үр нь бүтэн жилийн турш ургах чадвараа 100% хадгалдаг.
Хэрэв өөрийн цэцэгнээс боловсорч гарсан үрийг шууд тарих гэж байгаа бол эхлээд 24 цаг түүнийгээ тасалгааны нөхцөлд хатаана.
Үрнүүдээ хүлэрт хөрс элсний холимогт суулгана. Булах хэрэггүй, хуруугаараа жоохон дарж шигтгээд болоо. Вакумдна. Нартай, гэрэлтэй, +26°С хэм дулаан газар байрлуулна. Үр 2 долоо хоногоос 2 сар соёолж болно. Хөрс хэт их нойтон, чийгтэй байж болохгүй. Дараагийн усалгааг хийтэл хөрс бараг хатсан байх ёстой. Услахдаа шүршигч хэрэглэсэн нь дээр.
ФЕНГ ШҮЙ:
Ургамлын энергийн талаар юм бичдэггүй гэж олон гомдол ирдэг тул стефанотисын талаар олсон ганц зүйлээ орууллаа. "Гэрт байгаа уур хилэн, түрэмгий, дарангуйлсан энергийг саармагжуулдаг ургамал" гэнэ.
Цасан цагаан өнгөнөөс нь болоод хуримны чимэглэлд ихээр хэрэглэдэг. "Сүйт бүсгүйн цэцэг" гэж нэрлэж болно.
АНХААРАХ ЗҮЙЛ:
Амжилттай ургуулах нэг гол зүйл нь залуу мөчирнүүдийг тулгуурт уяж тогтоох. Ихэнхдээ зай талбай бага тул дугуй цагариг хэлбэрийн тулгуурт тогтоож ургуулдаг. Энэ бичлэгийн зургуудыг албаар сайн харагдахаар том оруулсан нь тулгуурууд ямар хэлбэртэй байж болох, яаж хийж болох талаар санаа аваг гэж бодсон юм. 
Модорхог ишний урт 2-2,5 м хүрч болдог. Хэрэв өвлийн цэцэрлэгт суулгавал 4-6 м урт ургаж болдог. Том цонхтой цэцгийн хүлэмжний цонхыг хүрээлж ургуулвал гоё тохирдог. Хагдарсан цэцгийг тасдаж байх хэрэгтэй. Ургамал нь өөрийн энергийг эрүүл шинэ мөчир навч гаргахад зарцуулдаг.
АСУУЛТ: Дэлгүүрээс цэцэглэж байгаа гоё стефанотис авсан одоо яах вэ? Цэцэглэлт дуусахыг хүлээх үү, эсвэл одоо шууд шилжүүлээд суулгах уу? 
ХАРИУЛТ: Юуны түрүүнд хөрсийг нь сайн ажиглаарай. Хэрэв одоо байгаа хөрс, савандаа эрүүл сайхан ургаж байвал, мөн хөрс нь зүгээр бол юу ч хийх хэрэггүй: шилжүүлж суулгаад эхэлвэл цэцэглэлт алга болно. Хэрэв хөрс сэжиг бүхий, хэт их усалсан, ялзарсан үнэртэй, хэт их давс хужир хуримтлагдсан, нягтаршсан, хөгцөрсөн зэрэг бол яалтачгүй шилжүүлж уулгах хэрэгтэй. Дренажны нүхнээс үндэс цухуйгаад байгаа нь тэр дор нь том саванд суулга гэсэн дохио бас биш. Хавар хүртэл хүлээж болно.
Дараагийн нэг анхаарах зүйл нь өдийд 11 сарын сүүлээр бундуулсан стефанотис худалдаж авсан бол байгалийн цэцэглэлтийн горим нь 1-2 жилдээ алдагдана гэж санаарай.
ХОРХОЙ ШАВЬЖ:
Төрөл бүрийн хорхой шавьжинд амархан баригддаг - навч эхлээд шарлана, дараа нь өнгө нь алдагдаж гандана, яваандаа ургамал бүхэлдээ үхдэг. Эхлээд спирттэй хөвөнгөөр навч, иш, мөчир гээд ар өвөргүй арчина. Үүний дараа тохирох бодис, хороор шүршинэ. Урьдчилан сэргийлэх үүднээс жилдээ 1-2 удаа хор шүршихэд илүүдэхгүй.
Навчин дээр шар шар цэг/толбо үүсээд, томорсоор томорсоор нилэнхүүдээ шар өнгийн навч болдог. Энэ нь хачиг үүрэлсний шинж тэмдэг. Энэ тохиолдолд тохирох хор цацна. Цаашид орчны агаарын чийгийг ихэсгэх тал дээр анхаарна.
Стефанотис ширхэнд бас баригддаг. Устгахын тулд хор цацаад болоо. Жишээ нь, манайд зардаг "Актеллик" гэх орос хор болно.
Хамгийн хэцүү нь аалзан хачиг, учир нь нэлээн хожуу үржиж үүрэлснийг нь олж мэддэг. Үүнээс болоод ургамал гүн өвчилсөн байдаг. Навчны дээд болон ар талыг сайн шинжиж, шалгаж байх хэрэгтэй. Навчин дээр цэгэн нүх, цайвар мөнгөлөг өнгийн толбо/цэг үүссэн байвал дариу арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнд:
- Савантай уусмалаар угаах;
- Бүлээн шүрүүрт оруулах;
- "Актеллик" эсвэл "Фитоверм"-аар шүрших. Эрүүл ургамалтай байхыг хүсвэл хэт бөгчим халуун өрөөнд биш, тогтмол цэвэр агаар оруулдаг, агаарын солилцоо сайн явагддаг өрөөнд ургуулах хэрэгтэй!
ГАРЧ БОЛОХ ХҮНДРЭЛҮҮД:
Навч шарлаад байна:
1. хэт их шохойтой, хатуу ус хэрэглэснийх. Энэ тохиолдолд хлороз өвчин үүснэ.
2. гэрэл дутсанаас болно,
3. салхинд тавьсанаас болно.
Цэцэглэхгүй байна — гэрэл муу, агаарын хэм огцом өөрчлөгдөх, халуун хүйтэн хавсрах.
Бундуу унаад байна — нэвт салхи, усалгаа дутсан. Бундуу бүрэлдэж байх үед байршилыг нь солих, савтай цэцгээ эргүүлэх, оролдоход мэдрэмтгий. Бундууны хөгжил шууд зогсдог, гацдаг. Иймээс жишээ нь гэрэл дутсан гэж үзвэл бундуу цухуйсан, цэцэглэлт ойртсон үед савтай цэцгээ ийш тийш зөөхийн оронд гэрэлтүүлэг дээр нь тавьж өгдөг.
Ус дутах, өрөөний температурын хэлбэлзэл, нэвт салхи, сийдэг хүйтэн цонх зэрэг нь бундуу унахад хүргэдэг. 
Хичнээн сайн бордоод байгаа ч гэрэл дутсан, өрөөний дулаан хүйтэн халуун гээд хэт хэлбэлзэж өөрчлөгдөөд байвал цэцэг огт гарахгүй байж болдог.
Усалгаа дутсан үед гүйцэд дэлгэрээгүй бундуу задарч амжилгүй хагдардаг.
Өвөл зарим навчис шарлаад унадаг, мөн түрүү жилийн зарим мөчир хатаж алга болдог. Энэ нь хэвийн үзэгдэл: нар буцаж гэрэл дутаж эхэлсэнтэй холбоотой. Нийт навчны 50% ийм янзаар унаж болно. Гэхдээ дараа нь шинэ нахиа навч байсан газраас ургаж гардаг.
Навч унжийгаад, гялгар гадаргүй нь алдагддаг, гэхдээ шарлаагүй - энэ нь хэт их усалсанаас болдог. Ургамлаа савнаас нь гаргаад үндсийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрэв үндэс эрүүл бол хуурай хөрсөнд суулгаарай. Ингэхдээ тайралт хийж өгнө.
http://floradania.dk/en/planter/pg/1/data/stephanotis/
http://greenhome.org.ua/
http://sflowerru.ru/html/frame-flowers.html?http://sflowerru.ru/html/flowers/home/stefanotis.html

4 comments:

  1. Bayrlalla. Tanii ajil uils butemtei bj eruul enh, sain saikhniig husye!!!

    ReplyDelete
  2. Навч мөчир нь Хойятай адил юм байна, тасалгаанд ургуулахад ааштай хайрхан байх нь ээ, гэхдээ манайхан ямар ч ургамлыг нутагшуулаад ургуулж байгаа нь сайхан санагддаг шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Harin th. Hoya urgaad bgaa yum chin ene zugeer bh oo.

      Delete