Monday, October 28, 2013

Сингониум (Syngonium)

Сингониум (Syngonium) 
Araceae овог.
Мөлхөө, ороож ургадаг навчаар гоёдог ургамал. Төв болон Өмнөд Америкийн халуун уур амьсгалтай ширэнгэн ойд ургадаг. Сингониум филодендроны ойрын хамаатан. Аль аль нь өндөр мод, ургамлыг ороож гэрэлрүү дээш тэмүүлдэг эпифит. Иймээс илүү үзэмжтэй ургуулна гэвэл голд нь ороож ургах тулгуур хийж болно. Сингониум нь 1,5 — 1,8 метр урт болдог тул ампель буюу унждаг хэлбэрээр мөн ургуулж болно.
Сингониум—өвсөрхөг ургамал, нарийхан иштэй, агаарт үндэслэдэг. Залуу ургамлын навч шовх хошуутай, нэг бүтэн байдаг. Хөгшрөх тусам навч 3 – 5 хэсэгтэй болдог. Залуу навч илүү тод алаг хээтэй. Навчны нэг онцлог нь ирмэгээрэй дагаад судалтай байлаг. Цэцэг ягаавтар цагаан өнгийн нөмрөгтэй, тасалгааны нөхцөлд цэцэглэдэггүй.
ТӨРӨЛ
Syngonium wendlandii

Syngonium podophyllum

Syngonium auritum

Сингониум 'White Butterfly'
АРЧИЛГАА
Гэрэл: Сингониум нарны гэрэлд дургуй, хагас сүүдэрхэг газар сайн ургана. Нарнаас заавал хамгаална. Зүүн болон баруун зүгийн цонх таардаг. Хагас сүүдэрхэг газар ногоон навчтай төрлүүд илүү ургадаг. Алаг навчтай сингониум арай гэрэлсэг. Хэт тод гэрэлд, эсвэл наранд тавьхад ногоон навч бүдгэрдэг. Өвөл сайн гэрэлтүүлнэ. Тэгэхгүй бол навч жижигрээд, өнгөө алдаж эхэлнэ. Иймд өвөл цонхонд ойр тавьна. 
Сингониум 'Emerald Gem'
Агаарын дулаан: Хамгийн тохиромжтой орчин +18-24°C, өвөл +17-18°C, богино хугацаанд +10°C хүртэл сэрүүн агаар дааж чадна.
Агаарын чийгшил: Сингониум чийг ихтэй орчинд сайн ургадаг. Зун зөөлөн, бүлээн усаар заавал шүршиж байна. Навчийг чийгтэй алчуураар арчиж байна. Өвөл халаах төхөөрөмжнөөс хол байрлуулна. Хэрэв доор нь чийгтэй керамзит, эсвэл хайргатай поднос тавьж байгаа бол ус цэцэгний савны ёроолд хүрэх ёсгүйг анхаараарай. 
Сингониум 'White Butterfly'
Усалгаа: Хавар - зундаа сингониумыг сайн услана, заавал зөөлөн, хлоргүй, жаваргүй усаар. Ус доод суурь саванд удаан байж болохгүй. Услаад 20 минутын дараа суурь тавагны усыг асгаж байна. Хөрсний дээд өнгөн үе хатсан тохиолдолд дараагийн усалгааг хийнэ. 
Намар услахаа багасгана. Өвөл тохируулж багавтар услана. Сэрүүн орчинд байлгаж байгаа бол хөрс бараг хуурай байх ёстой. 
Сингониум Regina
Бордоо: Сингониумыг хавар-зун 2-3 долоо хоногт нэг удаа шингэн бордоогоор бордно. Навчаар гоёдог ургамлын бордоо хэргэлнэ. Азот түлхүү, кальций бага агуулсан байх ёстой. Өвөл бордохгүй. 
Сингониум 'Pixie'
Хөрс: саармаг, эсвэл маш бага хүчилтэй (рН 6-7), хөвсгөр, ус агаар сайн нэвтрүүлдэг навчин, ширгэн, хүлэрт хөрсний холимог, бага зэрэг элстэй (1:1:1:0,5).
Сингониум Neon Pink
Шилжүүлэн суулгалт: Залуу ургамлыг жил бүрийн хавар шилжүүлж суулгадаг. Дараа нь 2-3 жилд нэг удаа. Илүү үзэмжтэй, өтгөн харагдуулахын тулд нэг саванд хэд хэдэн мөчир суулгадаг. 
Сингониум 'Cheery'
Үрслүүлэх арга: Сингониум мөчирний хэсгээр амархан үндэслэдэг. Том ургасан сингониумын мөчирний үзүүрээс дээр нь 2-3 навчтай тасдаж аваад үндэслүүлнэ. Шууд хөрсөнд нь хатгаад суулгачихад болдог. Хүсвэл усанд үндэслүүлж болно. Үлдсэн эх цэцэг илүү салааж мөчирлөөд, өтгөнө харагдна.
Усанд үндэслүүлсэн байдал
Харин доор шууд хөрсөнд суулгаж болох арга харууллаа:
Доод навчийг аваад, үзүүрийг нь хатаагаад, үндэслүүлэгчинд дүрээд, суулгахад бэлэн.
Хөрсөнд шууд суулганa.
Суулгаад 4 сарын дараа ургасан байгаа байдал сүүлийн зураг дээр

Үндэслүүлэх хөрс ямарч байсан болно: цэвэр элс, эсвэл хүлэрт хөрс, вермикулит гээд. Үндэслүүлэх орчин +24—26°C. Үндэслэсний дараа 7—9-см саванд нэг нэгээр нь, эсвэл хэд хэдээр нь суулгаж болно. Мөчирлүүлэхийн тулд залуу үрсэлгээг 6 дахь навчны дараа чимхнэ.
Сингониум 'Candy'
Анхаарах зүйлс: Ароидын төрлийн бүх цэцгийн адил сингониум хортой. Сүүн шүүс нь зөөлөн салстын үрэвсэл үүсгэж болно.
Өвчлөлт, хорхой шавьж: Заримдаа бөөс, ширх, щитовка-д баригддаг. Хорхой үүрэлсэн цэцэгний навч өнгөгүй болж бүдгэрээд, хэлбэр нь өөрчлөгдөж, шарлаад хатаад унана. Щитовка — навчны 2 тал, иш, мөчир дээр үүрэлдэг. Ургамлын ургалт зогсоно, навч бүгд хатана. 
Устгахын тулд савантай уусмалаар угаагаад, хор цацна (Фитоверм, Децис, Актеллик, Интаввир г.м). Ер нь бол 2 өөр төрлийн хор авч ээлжилж цацдаг. Хэт их үржсэн бол давтдаг.
Хэт халуун агаарт, мөн хэт хуурай орчинд маш амархан ширх гарч ирнэ. Навчны ар талд үүрэлдэг ба, навчны өнгөн талд цагаан цагаан толбо үүсдэг. Яваандаа дээл тал нь мөнгөлөг туяатай саарал бор өнгөтэй болдог. Мөн л дээр дурдсан хорноос цацаж устгана.
Гарч болох хүндрэлүүд:
Навчны үзүүрт усны дусал үүсээд байна — хэт чийгтэй өрөөнд байна (агаарын чийгшил бууруулах гэж оролдсоны хэрэггүй).
Навны үзүүр, болон ирмэгээр бор толбо үүсээд, навч унаад байна - хэт хуурай агаар
Навч шарлаад, гэхдээ унахгүй байна — тэжээл дутсан
Иш, мөчир илжрээд байна — сэрүүн хүйтэн орчинд хэт их усалсан
Навч бүдэгрээд, гялалзахгүй, үзэмжгүй харагдаад байна - усалгааг багасгах хэрэгтэй. 
Залуу навч жижиг, үзэмжгүй гараад байна — бордоо болон гэрэл дутаад байна
Навчны өнгө бүдэгрээд байна — гэрэлтэй газар байрлуул, эсрэгээр хэт тод нарны гэрэлд байна.
Syngonium podophyllum 'White Butterfly'
Онцлог чанарууд:
Хувьсамтгай шинж чанартай ургамал. Нас ахих тусам гаднах төрх нь өөрчлөгддөг. Залуу навч — илүү тод хээтэй, эрээн алаг, тод ногоон, мөн хэлбэр нь нэг бүтэн навчтай, богино бариултай байдаг бол хөгшрөх тусам өнгө, хэлбэр, хэмжээ гээд бүх зүйл нь өөрчлөгддөг. «Бүх юм өөрчлөгддөг» — гэсэн уриатай цэцэг. Орчин тойрондоо мөн сонин нөлөө үзүүлдэг. Шинэ уур амьсгал оруулж ирдэг.
Сингониум Охины ордныхны цэцэг
Хуучинсаг үзэл бодолтой "эртний" хүн амьдардаг гэр бүлд нэгийг ургуулахад гэмгүй гэнэ. Гадуур маш их өөрчлөлт, шинэчлэлт болж байгааг анзаарахыг хүсдэггүй, мөн өнгөрсөн амьдралаа бодож суудаг, бүх юм хуучнаараа байгаасаа гэсэн, бүх шинэлэг өөрчлөлтүүдийг үгүйсгэдэг хүнтэй айлд хэрэгтэй ургамал. Хэрэв танай гэрт «Урьд бол ингэдэг байсан…» гээд л яриад суудаг хүн байвал, мөн бүх сайн юм болоод өнгөрсөн, ирээдүйд сайнаар юм эргэхгүй гэсэн үзэл бодолтой хүмүүс амьдардаг бол суулгаарай. 
Эдгээр хүмүүсийн бүх бодол санаа, энергийг өөртөө шингээж шинэ цагийн өөрчлөлт оронд нь өгдөг гэнэ. Сингониум тэдэнд: «Өнөөдрөөр амьдар, маргааш бас нар гарна» гэж шивнэж байдаг гэнэ. Сингониум ургадаг гэрт хүмүүс илүү орчин үеийн сэтгэхүйтэй, илүү залуу, хөнгөн шингэн байдаг юм байна. Сингониумыг унтлагын өрөөнд ургуулах бол хар дар зүүдлэх нь бага байдаг.
Өөрчлөлт
Навчинд нь шингэсэн өөрчлөмтгий шинж чанар Меркурий (самгарди хэлээр - Буд, төвдөөр - Лхагва, латинаар - Меркурий) гараг юм. Оюун ухаан удирдагч, хэл, бодол, харьцаа зэрэгт нөлөөлнө.
Харин иш, мөчирт шингэсэн Сатурн (самгарди хэлээр - Санчир, төвдөөр - Бямба, латинаар - Сатурн) гараг нь өөртөө итгэлтэй, хатуу үзэл бодолтой байлгадаг байна.
Өөрчлөмтгийн сингониум хүнд өөрийнхөө "комплексуудыг" давхад тусалдаг. 
Сингониум өөрийн заншил болсон зүйлээс салдаггүй, олон жилийн өмнө олсон мэдлэгээ гүнзгийрүүлдэггүй хүмүүст тустай. Шинийг сурах, ойлгож шингээхэд тус болдог.
Эрдэмтэн, багш, судлаач гээд мэдээ, мэдээлэл, мэдлэгтэй харьцдаг хүмүүс ургуулвал нэн тохиромжтой. Хурдан сэтгэдэг болгодог гэнэ.
Буд гараг ямар ч орчинд дасан зохицох чадвартай болгодог. Ямар ч хүнтэй харьцаж чаддаг болгодог.
Санчир гараг ааштай, хэцүү хүнийг зөөлрүүлдэг.
Шүүслэг мөчир, иш нь Усан мах бодьтой холбоотой. Ороож ургадаг, дандаа нэг юмруу тэмүүлдэг, байнгын хөдөлгөөнд байдаг тул хэт ургаш тэмүүлэхэд тусалдаг.
Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө: 
Охины ордны бусад бүх ургамлуудын адил сингониум гэдэс, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө.
Гэрийн амьтад:
Хүнд хортой ургамлууд гэрийн тэжээмэл амьтдад мөн хор хөнөөлтэй байна. Энэ нь муур, нохой, зурам, огтоно, шувуу, усан гахай гээд гэрт амьдардаг хөдөлдөг бүх амьтан байж болно. Муур гадагш гардаггүй бол тасалгааны ургамал мэрж иддэг. Гундаахай, сүүт өвсийн төрлийн ургамал идсэн бол маш хүчтэй хордлогод ороод үхэх ч аюултай.
Амьтад өөртөө хортой зүйлийг мэдрээд иддэггүй гэсэн ойлголт буруу. Олон мянган жил гэрт амьдарсаар амьтадын тэр шинж чанар нь алдагдсан байдаг. Мууранд заавал өвс тусад нь ургуулж өгөх хэрэгтэй. Хоргүй циперусыг идэх дуртай. Циперус нь хурдан ургадаг тул идсэн/мэрсэн мөчирүүдийг шинээр нөхөөд байдаг. Хатгууртай өргөстэй ургамал нь шархлуулдаг. Ялааны хойноос хөөж яваад муур өргөсөнд өртдөг. Жижигхэн шархыг эмчлэх гэж хэдэн долоо хоног болно. Нохой гэхэд агавагийн үзүүрт дандаа хатгуулдаг. Шувуу бол кактусны өргөсөнд. Хэрэглэсэн бордоо, илүүдэл доош урссан ус зэрэг хордож болдог.
Ямар ч цитрусын төрлийн жимсний үнэр муурыг үргээдэг
Иймээс гэрийн амьтнаа хамгаалах хэрэгтэй. Сингониумын шүүс хортой. Муур жишээ нь жүрж, нимбэгний хальс тойруулаад тавьсан байхад ойртдоггүй. Мөн ургамлаа лимоны шүүстэй усаар шүрших юм бол оролдохгүй.
Хордсон хамгийн эхний шинж тэмдэг — бөөлжих, гүйлгэх, гэдэс базлах. Хортой ургамал идсэнээс болсон гэж итгэлтэй байгаа бол сайн бөөлжүүлэх хэрэгтэй. Үүний тулд перманганат калийн маш сул уусмалыг уулгаад (амруу нь цутгаад), дараа нь яаралтай эмчид хандана.
http://greenhome.org.ua/, http://www.botanichka.ru/

No comments:

Post a Comment