Tuesday, October 18, 2011

Тилландсия (Tillandsia)

АСУУЛТ - ХАРИУЛТ: Энэ юу гэдэг нэртэй юм бол? Арчилгаа нь хэр вэ? Хүнээс авах гээд гайхаад сууна.
Тилландсия (Tillandsia) нь Bromeliaceae овогт ордог ургамал. Шведийн ботаникч Э. Тилландсын (1640—1693) нэрээр нэрлэсэн. Нийт Tillandsia гэх 400 гаруй олон наст өвсөрхөг ургамал байдаг. Эх нутаг нь Өмнөд Америк.
ТӨРӨЛ
Саарал, ногоон гэсэн хоёр ерөнхий төрлийг ялгадаг. Саарал төрлүүдийг нь эпифитууд гэж нэрлэж болох юм. 
Tillandsia usneoides
Мөн бас "Агаарын тилландсия" гэдэг байна. Бараг үндэс гэж байхгүй, нарийхан урт урт навчнууд нь жижигхэн хайрсаар битүү бүрхэгдсэн байдаг ба үүнийхээ тусламтай агаараас ус тэжээлээ шүүж авдаг байна. Эдгээр хайрс нь гэрэл ойлгохдоо ургамлыг саарал өнгөтэй харагдуулдаг байна.
Агаарын чийгшил өндөртэй флорариум, гэрийн хүлэмжинд ургуулах тохиромжтой. Өвөл сэрүүн өвөлждөг.
Хамгийн их тархсан "Агаарын" төрлүүдээс танилцуулахад:
Tillandsia usneoides – "агаарын" төрлийн хамгийн их тархсан нь. Үүнийг мөн "өвгөний сахал", "испани хөвд" гэж нэрлэдэг байна. Хэдэн метр урт ургадаг нарийхан иштэй. Утас шиг навчнууд нь 1 мм өргөн 5 см урт. Иш болон навчнууд нь битүү хайрсаар бүрхэгдсэн тул саарал өнгөтэй мэт харагдна. Үндэс байхгүй, модноос унжиж байдаг. Ийм тилландсияг албаар юманд тогтоож бэхлэх хэрэггүй, зүгээр өлгөчихөд болдог. Өөрөө доошоо унжиж ургана. Зун шар ногоон өнгийн үзэмж муутай цэцэгнүүд гардаг.

Tillandsia ionantha - эпифит ургамал, авсаархан жижигхэн мөнгөлөг навчин таваг үүсгэдэг. Зун цэнхэр-нил өнгийн цэцэг гарах үед дунд байгаа навчнууд улаан өнгөтэй болдог.

Tillandsia argentea - эпифит ургамал, нарийхан сахал шиг навчтай. 

Tillandsia caput-medusae — эпифит ургамал, булцуу шиг хэлбэртэй. Бүдүүрсэн булцуу шиг хэсэгт нь навчнаас урсаж ирсэн ус чийг хуримтлагддаг. Цэцэгний өмнөх нөмрөг тод улаан, харин цэцэг нь өөрөө тод цэнхэр өнгөтэй байна.

Tillandsia juncea - эпифит ургамал, шүүр шиг багцаар ургасан навчтай.

Tillandsia stricta — жижигхэн эпифит ургамал. Шигүү ургасан навчнууд нь битүү хайрсаар бүрхэгдсэн. Навчны урт 7 - 20 см, өргөн нь 0,5-1 см. 
Tillandsia tricolor — жижигхэн эпифит ургамал. Навч нь 20 см хүртэл урттай, 1 см өргөнтэй, маш олон жижигхэн хайрсаар бүрхсэн.


Харин ногоон тилландсия нь Бромелийн төрлийн ургамлууд шиг жирийн хөрсөнд ургадаг, үндэс сайн хөгжсөн байдаг. Ногоон тилландсиягийн хамгийн их тархсан төрлүүдээс:
Tillandsia cyanea - Дэлгүүрт түгээмэл худалдаалдаг энэ тилландсия нь ногооны нэг төрөл болох Tillandsia cyanea юм. Жижигхэн эпифит ургамал. Зун цэцэглэдэг. Зэрэг 1-2 цэцэг дэлбээлдэг, ихэнхидээ оройноосоо эхэлж цэцэглэдэг. Цэцэг уддаггүй. Урагмлын өндөр 25 см хүрдэг.

Tillandsia dyeriana

Tillandsia lindenii

Ногоон болон зарим хайрстай төрлүүдийг хөрстэй саванд ургуулж болно. Хамгийн тохиромжтой нь шилэн сав, террариум, флорариумд ургуулах нь. Харин эпифит төрлийн саарал тилландсияг хөрсөнд суулгах хэрэггүй. Ихэнхидээ үүнийг чулуу, мод, модны холтост тогтоож ургуулаад зардаг. 
АРЧИЛГАА
Агаарын чийгшил: Агаарын чийгшил 60% байх хэрэгтэй байдаг. Агаарын солилцоо сайн явагдаж байх ёстой. Зөөлөн бүлээн усаар өдөртөө хэд хэд шүршиж байна. Сайн ургуулахын тулд сардаа нэг удаа маш сул найруулсан шингэн бордоотой усаар шүршиж өгнө.
Агаарын дулаан: Дулаан бүсийн ургамал тул өвөл +18-22°С-ээс доош хэмтэй газар байлгах хэрэггүй. +15°С хэм нь бүүр аюултай болно. Зун +17°С хэмээс сэрүүн газар байлгаж бас болохгүй.
Зуны цагт гадаа гаргаж болно. Гэхдээ бороо, салхи, нарнаас хамгаалж нөмөрт тавьдаг. Цэвэр агаар маш их шаарддаг тул тасалгаанд ургуулахдаа агаар сайн оруулж байх хэрэгтэй.
Тилландсия Tenuifolia
Гэрэл: Юуны түрүүнд таарсан тохирсон байршлыг сонгоно. Тод, сайн гэрэлтэй газар байрлуулна, гэхдээ шууд нарны тусгалаас заавал халхална. Зундаа хойд зүгрүү харсан цонхны тавцан сайн тохирдог. Харин намар, өвөл - зүүн болон баруун тийш харсан цонх тохирно.
Tillandsia bulbosa
Ногоон төрлийн (савтай хөрсөнд ургадаг) тилландсияг нарнаас хамгаалсан тод гэрэлтэй газар байрлуулна. Саарал ("агаарын") төрлийг сүүдэрхэг газар ургуулж болдог. 
Тилландсия Линдена
Саарал тилландсия ("агаарын") маш өндөр агаарын чийгшил шаардна. Учир нь навчаараа агаараас ус чийг, тэжээлээ олж авдаг тул. Өдөр бүр усаар шүршиж өгч байх хэрэгтэй. Агаарын хэм +15°C -ээс дээш бол өдөрт хэд хэдэн удаа зөөлрүүлсэн усаар шүршинэ. Үүнийг өглөөгүүр хийх нь дээр байдаг.
Ногоон төрлүүдийг нойтон хайрга, керамзиттай сав дээр тавьж болно. Хүйтэн сэрүүнд болон цэцэглэлт үед шүрших хэрэггүй. 
Тилландсия цэнхэр Pink Quill
Усалгаа: Саарал тилландсияг усалдаггүй. Өдөр бүр усаар шүршихэд хэрэгцээтэй ус чийгээ шүүгээд авчихдаг. Ногоон тилландсияг тохируулж багавтар усалдаг. Хөрс байнга өлөн чийглэг байх ёстой.
Зун усалгааг тааруулж багавтар хийнэ. Услахдаа усаа навчин тавагны голруу, навчнуудыг норгож хийнэ.
Өвөл болгоомжтой услаж байна. Хөрс бүрмөсөн хатсаны дараа дараагийн усалгааг хийнэ. Тэгэхгүй бол үндэс илжирч болно. Тилландсияг заримдаа бүлээн зөөлөн усанд дүрж өгөх сайн байдаг.
Хэрэв навчнууд нь хумигдаад, ороогдоод байвал чийг дутаж байгаагийн шинж. Чийгээ хадгалах гэж аржийж хумигддаг байна. Ийм болсон ургамлыг савтай усанд битүү дүрж хонуулдаг байна. Үүний дараа жигд услаж байна.
Заавал зөөлрүүлсэн ус хэрэглэнэ. Хэт хатуу усаар усалсаар байтал навчны ёроолоор хужир давс, шохой хуримтлагддаг.
Тилландсия cacticola
Бордоо: Ногоон тилландсияг зуны цагт сард 2 удаа цэцэгт ургамлын бордоог хоёр дахин шингэлж, сулхан найруулж борддог. Мөн цахирмаа цэцгийн бордоо хэрэглэж болно. Бордоог услах усандаа найруулж болно. Гэхдээ үндэсээр бус бордох (навчруу шүрших) нь илүү дээр.
Саарал тилландсия нь агаараас тэжээлээ авдаг тул хавар - зуны улиралд шүрших усандаа шингэн бордоо найруулаад сардаа 2 удаа борддог. Бордооны заавар дээр бичсэн тунг 4 дахин шингэлж байж хэрэглэнэ. Өвөл бордох хэрэггүй.
Tillandsia juncea "Juncifolia"
Цэцэглэлт: Төрөл төрлөөсөө хамаараад цэцэглэлт янз бүр байдаг. Цэцэглэлтийг өдөөхийн тулд бордоо, идэвхижүүлэгч бодис зэргийг шүрших усандаа хийж хэрэглэдэг. Заримдаа 4 - 8 долоо хоногийн турш шүрших болдог.
Хөрс: Цахирмаатай адилхан хөрс хэрэглэж болно. Хөрс нь жижиглэсэн нарс модны холтос, хэрчсэн хөвд, навчин ялзмаг, хүлэр, оймын үндэс зэргээс бүрддэг.
Шилжүүлэн суулгалт: Саарал тилландсияг шилжүүлж суулгах хэрэггүй. Бусад төрлүүдийг хэрэгтэй гэж үзвэл, хэт их ургасан буттай болсон бол, эсвэл үндэс савнаасаа гараад эхэлсэн бол г.м. шалтгаанаар 2-3 жилд нэг удаа хавар шилжүүлж суулгаж болно. Жил бүр харин хөрсний дээрх өнгөн үеийг сольдог. Үндэс сул, жижигхэн, өнгөцхөн ургадаг тул сав сонгохдоо хэт гүнзгий биш, өргөн далбагарыг аваарай. Ер нь багавтар хэмжээний сав авдаг. Үндэс, бага зэргийн хөрс орохоор л байхад болно.
Цэцэгний иш нь гарсан том ургамал худалдаж авсан бол шилжүүлж суулгах хэрэггүй. Цэцэглэсний дараа эх цэцэг үхэж, оронд нь олон тооны зулзагнууд үлддэг.
Үрслүүлэх арга: Үрээр, хажуугийн үрсэлгээ салгах, эх цэцэгнээс гарсан зулзагаар гэж үржүүлдэг байна. Залуу урагмлыг эх цэцэгний хэмжээний 1/2 хүрч ургахад салгаж болдог. Үүнийг хавар-зун хийнэ. Ийм ургамал 1,5—2 жилийн дараа цэцэглэдэг.
Хөрс маш сийрэг, хөнгөхөн, агаар сайн нэвтрүүлдэг байх ёстой. Шилмүүст модны холтосны үүрмэг, навчин хөрс, ялзмаг, хөвд, хүлэр, элс, эсвэл перлит, модны нүүрсний үүрмэг зэргийг хольж болно. Үндэс маш өнгөцхөн, сул ургадаг тул саванд суулгаад ургамлаа сайн тогтоож өгөх хэрэгтэй.
Үрээр үржүүлж болдог. Гэхдээ энэ нь маш удаан, цаг авсан ажил болдог.
Сахлан төрлүүдийг бол дуртай хэмжээгээр салгаж аваад хүссэн газраа тогтоож болно. 
Гарч болох хүндрэлүүд: Ихэнхи бромелийн төрлүүд хорхой шавжинд баригдахдаа бага гэж үздэг ч ширх, мөөгний болон вирусын гаралтай халдварт өртдөг. Өвчилсөн навчийг түүж авах, савантай усаар угаах, гэрэл-дулаан-усалгааг тохируулах арга хэмжээ авч болно. Хорхойнд баригдсан бол спирттэй хөвөнгөөр арчиж арилгах, савантай усаар сайтар угаах хэрэгтэй.
Цонхон дээрх цэцгүүд хэт шигүү байралсан бол амархан вирусын болон мөөгний гаралтай өвчлөлүүд бий болдог.
Өрөөний агаарын солилцоог сайжруулах, тогтмол агаар оруулж байх, цэцэгнүүдээ хол хол зайтай байрлуулах, гэрэл сайн гаргаж өгөх нь ихэнхи өвчнөөс сэргийлдэг байна.

1 comment:

  1. гоё цэцэг бээжинд их байдаг авчраад даанч үхэхээр нь хаячихсан буруу арчилсан байнаа хө

    ReplyDelete