Tuesday, November 1, 2011

Ногоодой - Хлорофитум

Латин нэр: Chlorophytum 
Монгол нэр: Ногоодой
Англи нэр: Spider Plant
Орос нэр: Хлорофитум
Liliaceae овгийн ургамал. Грек гаралтай үг: chloros-ногоон, phyton-ургамал гэсэн утгатай. Нийт 220 төрөл олон наст ногоодой байдаг байна. Ногоодой нь булцуу маягийн бүдүүрсэн үндэстэй, навчны урт 60-70 см хүрдэг, өргөн нь 3 см, цэцэгний ишний урт 20-50 см хүртэл. Навчны энгэрээс жижигхэн ногоовтор цагаан өнгийн цэцэг гардаг.
1794 онд Өмнөд Африкаас гаралтай хэдэн төрлийг анх тэмдэглэгдсэн байна. XIX зуунд ногоодойг Европд авчирснаар дорхноо тархсан байна. 
Ногоодойн ангилал, төрөл зүйлийг тогтоох их хүндрэтэй байдаг, халуун бүсийн ширэнгэн ойд маш олноор ургадаг. Тайлагдаагүй төрөлүүд бас байдаг байна.
Хлорофитум нь унждаг цэцэг дундаас хамгийн түгээмэл, сайн тархсан цэцэг юм. Эхэлж байгаа цэцэгчдэд тохирсон цэцэг. Ногоодойг хэр баргийн зүйл үхүүлэхгүй, ямар ч хүний гарын ая даадаг. Ургалт хурдан.
Ногоодой ургуулах дуртай байдаг шалтгаан:
1. ургалт маш хурдан, үзэмжтэй урт навчтай, хавар зуны улиралд цэцэглэдэг,
2. юм юманд тэсвэртэй, олон юм шаарддаггүй. Хүйтэн, дулаан, гэрэлтэй, гэрэлгүй, хуурай гээд ямар ч газар ургаад байдаг,
3. арчилгаа огт шаарддаггүй. Услахаас өөр зүйл үгүй,
4. орчны агаарын чийгшил нэмэгдүүлдэг, улмаар тоосжилтыг дардаг,
5. хлорофитум нь агаар маш сайн шүүж, цэвэрлэдэг, агаар дахь хорт бодисыг устгадаг. Судлагаагаар 15 ногоодой ердийн гэр орны агаар дахь токсины хэмжээ, тэр дундаа формальдегидыг 100% устгадаг байна. ДСП тавилгаас ялгардаг токсик хорт бодисуудыг хлорофитум өөртөө шингээж авч шүүдэг байна.
Ногоодойгийн навч нь нэг цагаан судалтай, хоёр цагаан судалдтай, дан цулгай ногоон, эсвэл шар хүрээтэй гээд олон янз байдаг. 
Үндэс нь цагаан, булцуурхаг махлаг, шүүслэг ба үүний хүчинд туршлагагуй цэцэгчид улсахаа мартаад хэд хоносон ч үндэснээсээ чийгээ авч хэрэглээд байдаг.
ТӨРӨЛ
1. Хлорофитум хохлатый - Chlorophytum comosum (Thunb.) Jacques
Chlorophytum comosum -ийн зарим үзэмжтэй төрөл сортууд байдаг:
vittatum — навчны голоор цагаан зураастай
variegatum — навчны хоёр захаар цагаан зураастай
maculatum — навч шар зураастай
Сорт "Curly Locks" буржгар алаг навчтай
Coрт "Bonnie"
2. Хлорофитум капский - Chlorophitum capense (L.)
Синоним: Антерциум крылатый (Anthericum elatum Aiton), Асфоделус капский (Asphodelus capensis L.), Х. крылатый (Chl. elatum (Aiton) R. Br.)
 
Олон наст булцуурхаг үндэстэй ургамал. Хлорофитум хохлатый- гаас ялгарах нь цэцэгний иш дээр зулзаган бутнууд үүсдэггүй.
3. Хлорофитум крылатый - Chlorophytum amaniense Engl., Chlorophytum orchidastrum Lindl.
Энэ төрлийн илүү тод өнгөтэй үзэсгэлэнтэй сортууд байдаг. Навчны тод өнгийг хадгалахын тулд цэцэгний ишийг шууд тасдаж байх нь дээр. Хэрэв үр хурааж авах бол үлдээж болно. 
Сорт "Fire Flash"
Сорт "Green Orange"
Chlorophytum "Katana" / Chlorophytum sp.Charlotte
 
Chlorophytum sp. Wilbur
4. Chlorophytum suffruticosum
5. Chlorophytum macrophyllum
 
6. Chlorophytum tuberosum - доороо булцуутай төрөл
 
АРЧИЛГАА
Дулаан: Тохирсон агаарын дулаан нь +16-25°C. Агаарын хэмийн хэлбэлзлийг даахдаа сайн. Гэхдээ нэвт салхинд дургуй. Амралт үе гаргаж өгөх хэрэггүй. Агаарын хэмийг +5-8°C-ээс доош буулгавал ургамал үхэх аюултай.
Гэрэл: Гэрэлсэг ургамал. Гэхдээ сарнисан тод гэрэлд илүү сайн ургана. Хагас сүүдэрхэг газар ургаж чадна. Хангалттай хиймэл гэрэлтүүлэг хийж өгч чадвал цонхгүй орчинд ч ургана. 
Гэрэл дутагдсан бол навч нимгэрч цайраад өнгөгүй болдог. Алаг навчтай төрлүүдийн эрээн хээ нь алдагдаж, жигд ногоон өнгөтэй болдог. 
Наранд навч түлэгдэхээс гадна өнгө нь мөн ганддаг, алаг навчтай төрлүүдийн алаг өнгө нь цайраад, үзэмж мууддаг. Иймээс урд зүгрүү харсан цонхон дээр нарнаас халхалж байна, хойшоо харсан цонхон дээр нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгсөн нь дээр. Хамгийн тохирсон нь баруун болон зүүн зүгрүү харсан цонх.
Усалгаа: Хөрс байнга бага зэрэг чийглэг байх нь дээр. Усархаг цэцэг. Жилийн турш сайн услаж байна. Тогтмол жигд улсаж байна. Нэг услаад, нэг хатаагаад байвал үндэс бүдүүрч эхэлдэг. Ингэж ургамал өөртөө ус хуримталж эхэлдэг. 
Ургамлын гадаад байдалд энэ нь ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүй ч бүдүүрсэн үндэс цаашид томорсоор сав байн байн солих болдог.
Усалгаанд заавал зөөлрүүлсэн, хлоргүйжүүлсэн, тасалгааны агаараас 2-3 хэмээр бүлээн ус хэрэглэж байна.
Агаарын чийгшил: Ямар нэгэн онцын шаардлага тавьдаггүй. Хуурай агаарт навчны үзүүр хатдаг. Усаар шүршээд байж болно, Доор нь чийгтэй хайрга, керамзит тавьж болно. Эсвэл чийгшүүлэгч аппарат ажиллуулж болно.
Сард нэг удаа бүлээн шүршүүрт оруулж байх хэрэгтэй. Ингэж навчны тоосыг арилгадаг.
Тэжээл: 2 долоо хоногт нэг удаа шавчаар гоёдог ургамлын эрдэс-минералын комплекс бордоог сулхан найруулж услана. Ногоодой нь ургалт хурдан тул тэжээл их шаарддаг, гэхдээ нэг дор их бордоо өгөх буруу. Учир нь ногоодой нь давс хужирт дургуй. Хөрсөнд хэт их давс хуримтлагдахаас сэрэмжилж байх нь дээр. Иймээс бордооны заавар дээр бичсэн тунгаас 3-4 дахин бага найруулж хэрэглээрэй.
Хөрс: РН баланс саармаг. Хөвсгөр, хөнгөн, агаар сайн нэвтрүүлдэг хөрс байхад болно. Бусдаар хөрсөнд айхтар шаардлага тавьдаггүй. Доор нь дренаж хийж өгнө.
Шилжүүлэн суулгах: Ургалт хурдан, үндэс дорхноо томордог тул жил бүр шилжүүлж суулгана. Хэт том савтай цэцэг - 2 жилд нэг удаа.
Үндэс амархан бүдүүрч томордог тул өргөн, батгаамжтай сав авна. Шилжүүлж суулгахдаа үндэсийг нь сайн шалгана. Хэрэв маш олон том том бүдүүрсэн хэсгүүд байвал усалгааг жигд хийдэггүйг харуулна. Зарим бүдүүрсэн хэсэгүүдээс тайраад авчихсан нь дээр.
Харласан, зөөлөрсөн, гэх мэт хэсэг байвал цэвэрлээд, модны нүүрсний нунтаг түрхэнэ.
Шилжүүлж суулгахдаа бут хувааж үржүүлж болно. Үндэснээс болгоомжтой салгаад хэд хэдэн бут болгоно. Дорхноо бүгдийг нөхөөд ургуулчихдаг тул айх хэрэггүй.
 
 
Үрслүүлэх аргууд: Ногоодойг хамгийн амархан үржүүлж болох арга нь агаарт унжсан зулзаган бутнуудыг салгаад суулгах.
  
1. Зулзага усанд болон шууд хөрсөнд үндэслүүлж үрслүүлэх 
   
Үндэслэнгүүт багавтар савтай хөрсөнд суулгаж сайн услана. 
 
 
Заавал урт үндэс гарахыг хүлээгээд хэрэггүй. Тайрсан зулзагаа 3-4 хоног усанд байлгаад, дараа нь хөрстэй жижиг саванд суулгаад сайн услаад байна. Эсвэл шууд чийгтэй хөрсөнд суулгаж болно. Эхний хэдэн өдөр хүсвэл вакумдаарай.
  
Дараагийн нэг арга нь зулзагнуудыг эх цэцэгнээс нь салгалгүй үндэслүүлэх арга.
2. Нахиа дарж үрслүүлэх арга
Агаарт унжсан зулзаган бутнуудыг шууд эх цэцэгний хажууд хөрсөнд суулгах, эсвэл усанд хийж үндэслүүлж болдог. Үндэслэнгүүт эх цэцэгнээс нь тасдна.
3. Шилжүүлж суулгах үед бут хувааж, үржүүлж болдог. Дээр тодорхой бичсэн байгаа.
 
 4. Үрээр үрүүлж болно. 
 
Үрээр тэр бүр ургуулдаггүй. Үрээр ургуулахад сортын шин чанар хадгалагддаггүй. Ялангуяа алаг навчтай төрлүүдэд. Үрээр "Хлорофитум Крылатый - Chlorophytum amaniense"-ыг л үржүүлдэг. Бусад төрлүүдийг агаарт унжсан зулзаган бутаар болон бут хуваах аргаар үрүүлдэг. Эдгээр арга нь хамаагүй түргэн бөгөөд сортын шин чанарыг бүрэн хадгалаж үлддэг юм.
Хорхой шавьж: Трипс гэсэн хорхойнд баригддаг юм байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор аль болох чийгтэй агаар бүрдүүлж өгөх, цэцгээ тогтмол сайн шалгаж байх хэрэгтэй. Трипсын эсрэг хор авахдаа ширх "тля" гэсэн хорхойны эсрэг хор авч хэрэглэж болно. 8 хоногийн зайтаагаар 4 удаа шүршинэ. Трипс нь хуурай, халуун агаарт гарч ирдэг юм. Гэмтсэн навчнуудыг тасдаж авах. Трипс нь нафталинаас их айдаг. Иймээс эмзэг хэдэн цэцэгнийхээ хажууд нафталины бөмбөлөг тавьж болно.
 
Гарч болох хүндрэлүүд: 
Навчны үзүүр борлоод байна1. Механик гэмтэл байж болно, 2. Тэжээл дутсан, 3. Хэт халуун хуурай агаар.
Навчин дээр бор толбо үүсээд байна - Хэт халуун агаарт (жишээ нь, өвөл тасалгаанд халуун хуурай, бөгчим) хэт их услаад байхаар  үүсдэг.
Навч унжийгаад цайраад байна - 1. Гэрэл дутсан, 2. Хэт халуун агаартай байна, 3. Тэжээл дутсан.
Навчин бут голоосоо ялзарч эхэлсэн - 1. Хөрс хэт их услаад байсан, ялангуяа өвөл хэт услаад байвал, 2. Хөрс дэндүү шаварлаг, хүнд, нягтаршсан байвал.
Навчны алаг хээ алдагдах, бараандуу ногоон болсон - Гэрэл дутсанаас.
Цэцэглэхгүй байна - 1. Хэт жижиг багадсан савтай бол, 2. Эсвэл дэндүү залуухан ургамал бол цэцэглэх болоогүй байгаа.
http://greenhome.org.uа
http://www.supersadovnik.ru/masterclass.aspx?id=421
http://indasad.ru/dekorativnolistnie/chlorofitum-chochlatiy-chlorophytum-comosum

No comments:

Post a Comment