Monday, November 10, 2014

Ацидантера - Анхилуун арилдий

Acidanthera murielae
Ацидантера (Acidanthera) буюу Анхилуун арилдий, мөн Абиссин арилдий гэдэг.
Эх нутаг: Африкийн халуун бүс.
Этимологи: грек хэлнээс 'acidos' — хурц, шовх, 'anthos' — цэцэг. Дэлбээний хэлбэрээс ийм нэртэй болсон байна.
Сонгинон булцуутай олон наст ургамал. Гаднах төрхөөрөө Арилдий буюу Гладиолустай төстэй. Нийт 40 төрөл байдаг. Үүнээс нэг л төрлийг нь тарьдаг. Энэ бол "Хоёр-өнгөт Ацидантера" - Acidanthera bicolor Hochst - Acidanthera murielae.
Acidanthera bicolor Hochst
Acidanthera bicolor Hochst -ын эх нутаг нь Эфиоп. Өндөр нь 120 см хүрдэг. 1886 оноос тарьж эхэлсэн. Анхилуун гладиолус ч гэж нэрлэдэг. Английн селекцчин Кельвей (Kelwey) 1885 онд энэ ургамлыг "Гладиолус Муриели" (Gladiolus murieli) гэсэн нэртэй худалдаанд гаргажээ.
Харин 1930 онд Т. А. Перри (Т. A. Perry) "Acidanthera bicolor var. murielae Perry" гэж бүртгэсэн байдаг.  Зарим голландын эх үүсвэрүүдэд "Acidanthera х tubergenii hort." гэж тааралддаг. Энэ нь илүү том цэцэгтэй эрлийзүүлсэн хэлбэр юм.

   
Ацидантераг жирийн арилдийтэй эрлийзжүүлж анхилуун үнэртэй арилдийний шинэ сортууд гаргаж авах туршилтууд олноор хийгддэг. Нилээн олон шинэ сортууд гаргаж авч чадсан байна:
Австралийн селекцчин Джоан Райт (Joan Wright) жишээ нь ийм туршилтын үр дүнд тетраплоид гибрид гаргаж авч Гладантера (х Gladanthera Lucky Star) гэж нэрлэжээ. Гладантера нь ацидантера, гладиолус хоёрын аль альных нь шинж тэмдэгүүдийг шингээж чадсан юм байна.
Гладантера
АРЧИЛГАА
Acidanthera murielae
Ацидантерааг задгай талбай, цэцгийн мандал, тагтан дээр, тасалгаанд гээд хаана ч ургуулж болдог. Хавар хөрсний цочирол хүйтрэлт дуусангуут булцууг гадаа 10 см гүн суулгадаг. Элсэрхэг, шаварлаг, ялзмагтай хөрс байна. Цэцэг хоорондын зай булцууны том жижигээс хамаараад 12-20 см.
Хүйтэн, бороо хуртай богино зун болохоор бол хүлэмжинд, эсвэл саванд суулгаж дотор ургуулсан нь дээр.
Тасалгааны цэцэг шиг ургуулж байгаа бол жил бүр шинэ хөрсөнд шилжүүлж суулгадаг. Үүнийг хавар эрт хийдэг.
Хөрс:
2 хэсэг навчин хөрс,
1 хэсэг ширгэн хөрс,
2 хэсэг ялзмагтай хөрс,
1 хэсэг том ширхэгтэй голын элс гэж авдаг.
Байршил:
Гэрэлд маш их дуртай. Наранд ил байхыг эрхэмлэдэг. Хагас сүүдэрт ч мөн ургаж чаддаг. Зун үдийн халуун хурц наранд навч түлэгддэг тул нарнаас хамгаалах нь дээр. Тасалгаанд ургуулж байгаа бол нартай, маш их гэрэлтэй цонхон дээр байрлуулна.
Агаарын дулаан:
Дулаан газар ургадаг. Зуны халууныг сайн давдаг. Тасалгаанд ургуулах нөхцөлд +20°С хэмээс доош бууруулж болохгүй. Тасалгаанд ургуулдаг бол зун нь гадаа гаргах хэрэггүй. Нэвт салхи үздэггүй. Арилдийний адил бага зэргийн хүйтэн агаарыг тэвчиж чаддаг.
Хэрэв гэртээ томруулж ургуулаагүй, шууд гадаа суулгасан бол хүйтэн өдрүүдэд бороо салхинаас хамгаалж хучиж байгаарай.
Цэцэглэлт:
Цэцгийг уяагаар сойх, боох хэрэг байдаггүй. Цэцэглэж дуусангуут навч амархан гандаж хатдаг. Цэцгийн баглаанд ашиглах гэж байгаа бол цэцэг дэлгэрэхээс өмнө тайрч авч усанд хийдэг.
Ацидантерагийн гол давуу тал нь ихэнх булцуутай, сонгинотой цэцгүүд цэцэглээд дуусахад цэцэглэж эхэлдэг. Цэцэглэлт зуны сүүлээр болдог. Цэцэгнээс гарах үнэр гиацинт, хонхондой цэцэг шиг нялуун хурц биш, намуухан тайван, дулаан, гэхдээ хүчтэй, удаан хадгалагддаг гэнэ.
Усалгаа:
Тогтмол, хөрсний дээрх үе хатахад дараагийн усалгааг хийдэг. Булцуутай тул хэт их услаж болохгүй. Намар услагааг багасгадаг.
Үрслүүлэх арга:
Үрээр болон булцуугаар. Намар зулзаган булцуунуудыг салгаж авна. Зулзаган булцуунуудыг хөвсгөр хөрсөнд суулгаад томруулахаар тайван ургуулна. 2-3 жилийн дараа цэцэглэдэг.
Булцууны том жижиг хэмжээнээс болоод гадаа суулгахдаа хооронд нь 12-20 см зай авдаг. Суулгах гүн 8-12 см. Эртхэн цэцэг хармаар байвал 3 сард саванд суулгаж эхэлдэг.
12-15 см диаметртэй саванд 3-6 булцуу 3-4 см гүнд суулгадаг. Хүлэмж, эсвэл гэрэлтэй цонхон дээр ургуулна. Хөрсний цочир хүйтрэл дуусангуут 6 сарын 10-даар цаг агаар ажиглаж байгаад гадаа савнаас нь гаргаад суулгана. Ийм ургамал их хүчтэй, чадалтай болж ургадаг. Цэцэглэлт нь ч удаан үргэлжилдэг, мөн том том цэцэг гаргадаг.
  
Үрээр бол хавар хөвсгөр хөрсөнд өнгөцхөн тарьдаг. Үр стратификаци хийх хэрэггүй. Үндэс олон оролдоход дургуй, эмзэг хүлээж авдаг тул аль болох олон шилжүүлэн суулгалт хийхгүй байх хэрэгтэй. Үрээр тарьсан байхад 1-2 дахь жилдээ цэцэглэдэг.
Өвчлөлт, хорхой шавьж:
Булцуун дээр хөгц ургах, мөөгөнцөр үржих амархан. Энэ нь хонхойсон хар, хар том толбо болж илэрдэг. Иймд суулгахын өмнө мөөг, мөөгөнцрөөс хамгаалах фунгицид бодисоор шүршээд, хатааж байгаад суулгаарай. Навч цэцгийг ширх идэх дуртай. Хор цацаж устгана.
Булцуу хадгалах: 
Цэцэглээд дуусангуут навчнуудыг үлдээгээд цэцэгний ишийг нь тайрдаг. 9 сарын дундуур хүйтрээд, +5-6°С хэмтэй жиндүү болоод ирэнгүүт булцууг ухаж авдаг. Хөрснөөс дээш байсан хэсгийг тайрч салгаад, булцуунуудаа бүтэн сарын турш +20°С хэмтэй дулаахан хуурай өрөөнд хатаадаг. Дараа нь бүх хатсан хальс, үндэснээс нь салга цэвэрлээд сонинд боогоод +15-16°С хэмтэй, агаарын солилцоо сайн явагддаг газар хадгална. Үүнээс хүйтэн сэрүүн газар хадгалвал булцуу "унталт үед" ордог. Сайн хүч тэжээл нөөцлөөгүй булцуунууд тэр бүр бүгд хавар хүртэл байдаггүй, хатдаг.  
Жирийн гладиолус болон бусад сонгинотой цэцгүүдийн булцууг хүйтэн газар хадгалдаг бол ацидантерагийн сонгиныг дулаан газар хадгалдаг байна. Гэхдээ дээрх хэмээс илүү дулаахан, эсвэл хүйтэн байвал дараа жил нь цэцэглэхгүй. Эхнээсээ тасалгаанд ургуулдаг бол өвөл амралт үеээр нь савтай сонгиныг харанхуй сэрүүн газар 15°С байлгана.
Бордоо:
Задгай талбайд суулгахын өмнө хөрсөнд нь сайн минерал болон органик бордоо хийнэ. Ингэснээр цэцэглэлт сайн болдог ба булцуу томордог, тэжээл сайн авдаг.
Хавар-зун долоо хоногт нэг удаа минерал бордоогоор борддог. Цэцэглэлт үе дуусангуут усалгааг багасгаж бордоог дараа хавар хүртэл зогсоодог.
Саванд ургуулж байгаа бол илүү их бордоо тэжээл, усалгаа хийж байх ёстой гэдэгийг анхаараарай.

No comments:

Post a Comment