Saturday, November 8, 2014

Гептаплеурум уу, Шеффлера юу?

АСУУЛТ - ХАРИУЛТ: Гэрийнхээ саварганы навчийг тасдахад шарилж шиг үнэр ханхлaaд байна. Гэтэл манай ажил дээрх саваргана тэгэхгүй юм. Минийх саваргана мөн үү?
Гептаплеурум (Heptapleurum) — Araliaceae овгийн олон наст, модорхог, хурдан ургадаг, саварганатай төстэй харагддаг ургамал. Азийн дулаан, халуун бүсэд ургадаг, тасалгаанд ихэвчлэн гурван төрөл нь л дэлгэрсэн. Шеффлератай "хамаатан" ургамал.
Саваргана буюу шеффлератай андуурдаг. Гол ялгаа нь - гептаплеурум нь мод шиг дээш эгц ургадаг. Ургах цэгийг чимхэхэд салаалж мөчирлөнө, шинээр нахиа энд тэндээс гарна. Харин шеффлера бол бут хэлбэрээр ургадаг. Мөн өөр нэг ялгаа нь гептаплеурумын навчнаас шимтэглэйрхүү үнэр ялгардаг. Саваргана - үнэргүй.
Шеффлерагийн навч арай зөөлөн, уян. Гептаплериум нь гадуураа лааны тос түрхсэн мэт навчтай.
Гэхдээ энэ хоёр ургамлыг туршлагатай цэцэрлэгчид ч заримдаа ялгаж мэддэггүй. Навч тасдаж үнэртэж байж ялгадаг гэнэ.
Мөн дэлгүүрүүдэд "Шеффлера" гэсэн шошготой зардаг ургамлууд тэр бүр жинхэнэ саваргана биш байдаг гэнэ. Арчилгааны хувьд ер нь адилхан.
Ургуулхад төвөггүй тул цэцэг тарьж эхэлж байгаа хүмүүст тохирсон ургамал. Дулаанд дуртай, хамгийн тохиромжтой агаарын хэм +18-21 С-ээс дээш байна. Үүнээс доогуур хэмд байлгаж болохгүй. Өвөл амралт үед +17 С -ээс дээш хэмтэй газар байлгана.
Тогтмол усаар шүршиж байх хэрэгтэй. Навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байна.
Гептаплеурум - гэрэлсэг ургамал, гэхдээ нарны шууд тусгалаас хамгаалж байна. Сарнисан тод гэрэлд байрлуулна. Алаг навчтай сортууд нь илүү их гэрэл шаарддаг. Гэрэл дутвал алаг хээ алдагдаад жигд ногоон өнгөтэй болдог. 
Хавар, зун, намар сайн услаж байна. Өвөл хөрсийг цөөн бөгөөд бага услана. Хэт их ус чийг нь муугаар нөлөөлдөг гэдгийг санаж байх хэрэгтэй. 2 долоо хоногт нэг удаа минерал бордоогоор бордоно. 
Тасалгаанд 2 метр өндөр ургадаг. Цэцэглэлт тасалгааны нөхцөлд ховор болдог. Цэцэг цагаан өнгөтэй, үзэсгэлэнтэй харагддаггүй тул тасдаж болно.
Гептаплеурумыг мөчрөөр болон үрээр үржүүлж болдог. Үрийг дулаан хөрсөнд суулгаж ургуулдаг. Хөрс сэвсгэр, хөвсгөр агаар чийг сайн нэвтрүүлдэг байх ёстой. Орчны хэм болон чийгшэлт маш өндөр байх ёстой. Дулаан орчинд ургахдаа амархан. Томорсон үрсэлгээг нэг нэгээр нь тусгаарлаж суулгана.
Мөчрөөр үрслүүлэх бол хүлэрт хөрс, элсний холимогт суулгана. Дулаахан газар байрлуулна. Дээгүүр нь вакумдна. Сүүдэрхэг газар байрлуулна. Наранд болон тод гэрэлд тавих хэрэггүй.
Шилжүүлэн суулгалтыг жил бүр хийж байна. Хэт том савтай, том ургасан бол хөрсний дээд хэсгийг сольж байна.
Амралт үе - өвөл болж өнгөрдөг. Энэ үед усалгааг багасгаж цөөрүүлнэ.
Хүйтэн салхи, нэвт салхи, хүйтэн сэрүүн өрөөнд байж чаддаггүй. Навчаа гөвөөд байдаг.
Гарч болох хүндрэлүүд: улаан аалзан хачиг, бөөс, ширх, гурилан өт, үндэсний хар хорхой зэрэгт баригддаг. 
Навч унаад байвал - хэт их усалсан, эсвэл нэвт салхинд тавьсан, эсвэл хэт хуурай агаартай өрөөнд байна. 
Мод хэлбэртэй ургуулах бол тулгуурт уяж байх хэрэгтэй. Бут болгож ургуулах бол ургах цэгийг чимхэж байна.
Xортой шүүстэй. 

No comments:

Post a Comment