Tuesday, November 16, 2010

Годонхой: арчилгаа


Anthurium andreanum Princess Alexia Blue
Антуриум (Anthurium)
Монгол нэршил нь Годонхой. Araceae - Ароидын овгийн ургамал. Aнтуриумыг дотор нь цэцгээр гоёдог, навчаар гоёдог гэж хуваадаг. Навчаар гоёдог цэцгүүд нь дотороо алаг навчит, ногоон навчит гэж хуваагддаг байна.
Цэцэгний содон хэлбэр нь "фламинго цэцэг" гэж нэр өгөхөд хүргэжээ. Антуриум гэдэг нь латин гаралтай үг юм байна: "anthos"-"цэцэг, "oura"- "сүүл    "сүүлт цэцэг".
Цэцгийн хүлэмжинд чийгтэй, дулаан газар ургуулахад илүү тохирдог, харин гэрийн нөхцөлд хуурай халуун агаарт зарим хүндрэлүүд үүсдэг.
Нийт 800 гаруй янзын годонхой байдаг байна. Ароидын овгийнхоос хамгийн их ургуулах дуртай цэцэг. Ихэвчлэн тайрч цэцгийн баглаанд ашигладаг байна.
ТӨРӨЛ
1. Anthurium scherzerianum Schott
Годонхой дундаас тасалгааны нөхцөлд хамгийн их дасаж зохицсон төрөл бол - Шерцерын антуриум (Anthurium scherzerianum Schott.). Ихэнхидээ хавар цэцэглэдэг.
 
Годон нь мушгиралдсан, шаргалаас улаан хүртэл төрөл бүрийн өнгөтэй. Нөмөрөг нь тод улаан, зарим төрөл нь цагаан, мөн толботой алаг.
2. Anthurium magnificum Lind.
 
Гэрийн нөхцөлд дажгүй ургадаг өөр нэг годонхой - Эрхэмсэг антуриум (Anthurium magnificum Lind.) юм. Хилэн хамбан, гүн ногоон навчтай цэцэг.
3. Anthurium Andreanum - Антуриум Андрэ
4. Anthurium rothschildianum – Антуриум Родшильдианум
  
Anthurium Andreanum, Anthurium magnificum хоёроос гаргасан гибрид. Цагаанаас хүрэн улаан өнгө хүртэл төрөл бүрийн өнгөтэй цэцэгтэй, цэцэгний хэмжээ том.
5. Anthurium scandens Engl
   
Бусад годонхойнуудаас тэс өөр төрөл бол - Мөлхөө годонхой (Anthurium scandens Engl). Мөлхөө, урт иштэй (1 м урт), агаарт үндэсээ ихээр гаргадаг. Навч том биш, цайвар ногоон нөмрөгтэй, шаргал ногоон годонтой. 
6. Anthurium pentaphyllum G. Don
Ороож ургадаг годонхой дундаас Таван салаа навчит годонхойг (Anthurium pentaphyllum G. Don) дурдаж болно.
7. Anthurium Crystallinum
Навчаар гоёдог төрлийн годонхойгоос нэг л цэцгийг тасалгаанд ургуулдаг байна – Болор Антуриум - Anthurium Crystallinum. Нас ахих тусам навчны улаан-боронзон өнгө нь хар-ногоон болж хувирдаг байна. 
Болор антуриум буюу Антуриум хрустальный
АРЧИЛГАА
Годонхой нь эпифит ургамал. Эпифит гэдэг нь өөр ургамал дээр тогтож ургасан, орчин тойрноосоо ус, тэжээлээ өөрөө олж авдаг ургамлыг хэлдэг. Наалдаж ургасан ургамлаасаа тэжээлийг нь шүүж авдаг ургамлыг паразит гэдэг. Годонхой нь бол паразит биш, эпифит. Энэ онцлог нь тасалгааны цэцэг болгож ургуулахад хүндрэл учруулдаг. Агаарт үүсэх үндэсийг чийгтэй хөвдөөр ороох хэрэгтэй болдог. Байнга шүршиж өгнө. Годонхойг ургуулах хамгийн тааламжтай орчин бол хүлэмж, цэцэрлэг байдаг. 
 
Аnthurium andreanum "Black queen"
Хөвсгөр, том том ширхэгтэй хольцтой хөрсөнд суулгадаг. 2-3 см хэмжээтэй туйпууны үүрмэг, модны холтос, модны нүүрсний хэлтэрхий, хүлэрт хөрс, шилмүүст хөрс, навчит хөрс, мөн дулаалгын цагаан хөөсөнцөр (пенопласт) үүрмэг, керамзит, элс зэргийг хөрсөнд хийвэл үндэс хурдан ургаж, хөгжихөд маш их нэмэр болдог. Тогтмол борддог. Өвлийн улиралд нэмэлт гэрэл гаргаж өгөх нь хурдан ургаж, сайн цэцэглэхэд нөлөөлдөг байна. Нэвт салхинаас хамгаалж байна.
  
Агаарын дулаан
Дулаан газар жилийн турш байлгана. Зуны улиралд 20-28°C байдаг, 18°С доош байж болохгүй. 9 сараас 2 сар хүртэл 15-16°С -тай газар өвөлжүүлнэ, 15°C-аас доош бууруулж болохгүй. Өвөл халаадаг төхөөрөмжүүдээс хол байлгана. Халуун хүйтнээр үлээдэг кондиционерээс хол тавьна. Хэрэв эрт цэцэглүүлэх хүсэлтэй байвал 1 сараас эхэлж 20-25°С-тай газар байрлуулдаг. Бүх годонхойнууд нэвт салхи, хүйтэн агаарын урсгалд туйлын мэдрэмтгий!

Хөрс
Хөрсний рН баланс 5,5-6,5 байх буюу үл ялиг хүчиллэг байна. Тэжээллэг хөрсөнд суулгадаг. Жишээ нь:
- хүлэрт хөрс, навчин хөрс, элс (1:1:0,5);
- эсвэл хүлэрт хөрс, ширгэн хөрс, хэрчсэн хөвд, элс (4:2:1:1),
- эсвэл ялзмаг, шигшээгүй навчин хөрс, хүлэрт хөрс, элс (2:1:1:0,5) хэмжээтэй авч дээрээс нь дараах зүйлүүдээс нэмнэ: 
  
туйпууны үүрмэг, малын бууц, модны нүүрс, жижиглэсэн хөөсөн хавтан-пенопласт, модны холтос, вермикулит, хөвд сфагнум.
  
Эдгээр нь нийт хөрсний 10-15% эзэлнэ. Ингэж хөрсийг агаар, ус сайн нэвтрүүлдэг болгодог. 
Гэрэл
Годонхой нь байгаа газартаа амархан дасдаг. Нарны шууд гэрэлд дургуй, гэхдээ тод гэрэл шаарддаг. Сарнисан нарны гэрэл тохирно.
Тод гэрэлтэй байж дэлбээний өнгө илүү гүн, тод болдог. Хагас сүүдэрхэг газар ургаж чадна. Зүүн зүгрүү, мөн баруун хойш харсан цонхон дээр тавьбал тохирно.
  
Давхар дэлбээтэй сортууд
Усалгаа
Тогтмол, сайн услаж байна. Хөрс байнга өлөн чийглэгдүү байх ёстой. Доод саванд илүүдэл ус удаан байж болохгүй. Услаад хагас цагийн дараа доош урсаж гарсан илүүдэл усыг заавал асгаж байгаарай. 
 
Бүх зүйл зөв усалгаанаас л шалтгаалдаг. Ус нь 2-3 өдөр том амсартай задгай саванд хонуулсан зөөлөн ус байх ёстой. Задгай саванд хонуулж крантны усны хлорыг ууршуулж гаргаж байгаа юм. Мөн усанд байгаа зарим хүнд хольц доош тунаж үлдэнэ. Хэрэглэхдээ талыг нь буцалсан ус авч болно. Өрөөний агаарын дулаанаас 2-3 хэмээр дээгүүр, жаваргүй усаар услаж, шүршиж байна. Хөрсөө хатааж болохгүй.
 
Хүйтэн сэрүүнд хэтрүүлж усалдаг бол ийм навчны толбо үүснэ. Ингээд толботоод ирсэн бол үндэс илжирч эхэлсний шинж тэмдэг.

Амралт үе
Сайн цэцэглэлт гаргахын тулд 9 сараас усалгааг багасгаж, агаарын чийгшлийг 80-85% байлгана, харин агаарын дулаан нь сэрүүвтэр 16-18°С байна. Хамгийн их гаргадаг алдаа-хөрсийг хэт их чийгэлдэг. Энэ нь үндэс ялзруулж болох аюултай.  
Бордоо
Хавраас намар хүртэл хоёр долоо хоногт нэг удаа бордож байна. Минерал болон органик бордоог ээлжилж хэрэглэнэ. Цэцэглэж дуусангуут шинэ шинэ навч олноор ургаж эхэлдэг. Энэ үед бордоо чухал байдаг. Чийглэг, халуун орноос гаралтай бүх цэцэгнүүдийн адил годонхой нь хөрсөнд хуримтлагдсан давс, минерал бодисыг дийлдэггүй. Иймд бордоог 2-3 дахин шингэрүүлж байж хэрэглэнэ.
 
Давхар дэлбээтүүд
Годонхойд бордоо хэтрүүлж хэрэглэж болдоггүй. Иймээс хэрэглэх бордоогоо маш сайн шингэлж, сулавтар болгоно. Минерал давс, шохой ихэдвэл өвчлүүлдэг ба ургалт зогсоодог. Бордоог үндэсээр болон навчаар өгч болдог. Долоо хоног бүр усанд бага тунгаар найруулаад навчруу шүршиж бордож байх сайн байдаг.
  
Давхар дэлбээтүүд
Агаарын чийгшил
Өдрийн хэд усаар шүршиж байна. Цэцэглэж байх үед цэцгэнд ус битгий хүргээрэй, бор толбо үүсээд үзэмжинд муугаар нөлөөлдөг. Агаарын чийгшил бага байвал навчны иш мушигралдаж эхэлнэ. Услах болон шүрших ус нь дээр бичсэнээр зөөлрүүлсэн бүлээн байна. Чийглэг орчин бүрдүүлэхийн тулд нойтон хөвдөөр доогуур нь ороох, эсвэл том подносонд ус хийж хажууд нь тавьж болно.
Бүх годонхойнууд хуурай агаарыг тэвчихдээ муу, ялангуяа гоёмсог өнгөтэй, нарийхан навчтай (Болор антуриум, Эрхэмсэг антуриум) төрөлүүд. Годонхойны ишийг чийгтэй хөвдөөр ороож болно. Энэ бүгд нь агаарыг чийглэхээс гадна агаарт гарсан үндэснүүдэд ус хүргэдэг юм. Навчны тоосыг чийгтэй зөөлөн алчуураар арчиж байна. Бүлээн шүршүүрт угааж байх сайн, навчны тоос болон наалдсан элдэв хорхой шавьж байвал арилна. 
Шилжүүлэн суулгалт
Сав, цэцэгний харьцаа. Савны 1/4 нь дренаж байна гэдэгийг мартаж болохгүй.
Өргөн, хавтгай саванд суулгавал тохирно. Сайн дренаж хийж өгнө. Суулгасны дараа нарны гэрэл тусахааргүй газар байрлуулна. 5-6 навчтай цэцгийг 7-9 см диаметртэй, доороо 3 см зузаан дренажтай саванд суулгана.
Годонхойгийн үндэс маш эмзэг тул болгоомжтой суулгаарай. Залуу цэцгийг жил бүр савыг нь томруулж, доорх дренажийг улам зузаан болгож суулгана. Том цэцэг бол 3-4 жилд нэг удаа шилжүүлнэ.
Хөрсний температурыг агаарын температуртай адил байлгахын тулд шавар савны оронд хуванцар саванд суулгасан нь дээр байдаг. Усны илүүдлийг гаргаж, тунасан усыг асгаж байхгүй бол цэцэглэлт мууддаг. Суулгасны дараа дулаахан, нарны гэрэлд өртөхгүй, гэхдээ гэрэлсэг газар тавьна.
Цэцэглэлт
Өвөл сэрүүн +15-16°С өвөлжүүлвэл цэцгийн бундуунууд сайн бүрэлддэг. Зөв арчилвал зуны турш цэцэглэнэ. Андре сортын гибридууд бүтэн жилийн турш цэцэгтэйгээ байдаг. Цэцэглэж дууссан цэцгийн ишийг тайрах хэрэгтэй. Үр тогтсон бол боловсруулж байна гэж ургамлын хамаг хүч тамирыг авдаг. Иимд тайрсан нь дээр.
Годонхойн тайрсан цэцгийг усанд 3-5 долоо хоног байлгаж болдог байна. Хэрэв тайрах үед цэцэг эрүүл бус байсан, эсвэл буруу хөгжсөн байсан бол 2—3 хоног л болдог байна.
Годонхой нь агаар чийгэлдэг. Мөн агаараас ксилол, толуол, аммиак зэрэг хорт бодисууд шүүж авдаг. Үүнээс гадна тасалгааны энергийг сайн зохицуулж чаддаг.
Анхаарах зүйлс: Ароидын бүх ургамлуудын адил годонхой нь хортой (ялангуяа залуу навчинд илүү их хортой) шүүстэй. Шүүс нь бөөлжүүлэх, туулгах, арьс загатнуулах, дерматит үүсгэх зэрэг үр дагавар авчирдаг юм байна.
Үрслүүлэх арга
Годонхойг үрээр, ишний үндэстэй хэсгээр, хажуугийн үндэслэсэн бут салгаж үржүүлж болдог байна. Үрээр үрслүүлэхээс бусад арга нь хурдан хугацаанд цэцэглэсэн ургамалтай болгодог түргэн арга юм байна. Гэхдээ гарах шинэ цэцгийн тоо цөөн байдаг байна.
Хавар годонхойг шинэ сав/хөрсөнд шилжүүлж суулгахдаа салаалсан олон бут ургасан бол түүнийг нь салгаж, эсвэл ишний үндэстэй хэсгийг сайн үндэслэсэн бол эх цэцэгнээс нь салгаж аваад тохирох хэмжээний саванд нэг нэгээр нь суулгадаг.
Шинэ гарсан цэцэг бүрийг гэрэл ихтэй (гэхдээ шууд наранд биш), дулаахан газар тавьдаг. Өдөртөө хэд хэдэн удаа шүршиж байна.
Бут болгонд "ургах цэг" гэж байгаа. Энэ нь шинэ навч ургаж гарч ирэх гол цэг гэж ойлгож болно. Үрсэлгээг суулгахдаа шинэ цэцэгчид энэ ургах цэгийг шороогоор булчихдaг.
Ургах цэг нь хөрснөөс дээш товоож байж үрсэлгээ ургадаг. Хэрэв ургах цэгийг шороогоор дарсан бол навч нэмэгдэхгүй, томрохгуй, ургахгүй, мөн үхэхгүй, хөдөлгөөнгүй цэцэг байгаад л байдаг. Эхнээсээ зөв суулгаарай.


Годонхойг хэрхэн үрслүүлэх тухай:
 
Заримдаа эх цэцгээс үндэстэй үрсэлгээ гаргаж авахын тулд бут болсон багц хэсэг навчийг эх цэцгээс салгалгүй, тусгаарлаж нойтон хөвдөөр ороогоодог гадуур нь гялгар уутаар бооно. Энэ жижиг бутныхаа зарим навчнаас нь тайрч өгвөл хурдан үндэслэдэг. 3-4 сарын дараа сайн хөгжсөн, чанга, хүчтэй үндэс гарсан байдаг. Эх цэцгээс тайрч аваад туслгаарлаж саванд суулгана.
Цэцгээ "шинэчлэх" хэрэг гарвал: Иш дээш сунаж явсаар (хажуугаас нь харахад бут дээшээ хөөгдөж ургасан мэт байна) доод үзүүрээс нь агаарт үндэс гарсан байдаг. Ийм бутыг хурц хутгаар тайрч аваад, доод 1-2 навчийг авч хаяад, элс юм уу перлитэнд суулгаж сайн үндэслүүлдэг. Үрсэлгээг дулаан газар 20-25 °С байршуулна. Гадуур нь гялгар уут углаж тавьна. Эсвэл хүлэмжний орчин бүрдүүлж өгдөг. Ийм үрсэлгээ 2-3 долоо хоногт сайн үндэслэнэ. Шинэ навч ургаж эхлэнгүүт саванд суулгаж болно. Ийм аргаар хавар, мөн зуны эхэнд үрслүүлдэг. 
Мөн агаарт үүссэн үндэстэй бутыг эх цэцгээс салгалгүй хөвдөөр ороож, сайн үндэслүүлж байгаад, хөвдийг нь салгалгүй хамтад нь тасдаж авч саванд суулгаж болдог. Ингэж шинэ цэцэг гарна, харин үлдсэн доод эх цэцэг нь шинээр салаалж хэд хэдэн бут гаргана. Томроод ирэхлээр нь тэднийг бас тайрч үндэслүүлж үрслүүлнэ.
Дээр бичсэнчлэн агаарт үүссэн үндэстэй бутыг салгаад, харин доод эх цэцгээ хөрснөөс гаргаад, үндэсийг нь хэсэгчилж хувааж хэд хэдэн цэцэг гаргаж болно. Мөн л элстэй, перлиттэй саванд суулгаад хүлэмжинд хийнэ. 2-3 долоо хоноод үндэс хөгжөөд ирэхлээр саванд суулгана. 
Үрээр үржүүлэх:
Үрээр үрслүүлэх нь ажиллагаа ихтэй бөгөөд удаан байдаг. Тасалгааны нөхцөлд үрийг хиймэл аргаар зөөлөн бийрний тусламжтай гаргаж авдаг. Үр гаргаж авах оролдлогоо хэдэн өдөр давтаж хийдэг. Үүнээс хойш 8-12 сарын дараа тод, тод өнгийн жимс боловсорч дуусдаг. Жимс болгонд 1-4 үр байдаг. Хөгц ургахаас сэргийлж үрийг усаар угаагаад, 2 цаг марганцын сул уусмалд дүрнэ. Дараа нь шууд суулгах хэрэгтэй. Эхлээд нойтон зөөлөн даавуунд ороож соёолуулж болдог. Гадуур нь гялгар уутанд хийнэ.
2 долоо хоноод хүлэрт хөрс, хар шороо, элс гэсэн хөрсөнд суулгадаг. 1,5-2 сарын дараа хоёр дахь удаагаа хөрсөө солидог ба хооронд нь 3-4см зайтай тусгаарлаж суулгадаг.
Цаашид томрох явцад нь 2 удаа бас шилжүүлж суулгаад, хоорондын зайг ихэсгээд байна. Үрсэлгээ нь 5-7 см диаметртэй болохлээр 200 гр саванд суулгана. Хөрс энэ бүх суулгалтанд нөгөө л элс, хүлэрт хөрс, хар шороо гэсэн хольцтой байна. Туйпууны үүрмэг, том ширхэгтэй, шигшээгүй хөрс авч болдог.
Ийм олон удаа сав, хөрс солиод байдаг шалтгаан нь - годонхойгийн үндэс тодорхой хязгаарлагдмал орчинд сайн ургадаг. Хэт том саванд эхнээсээ суулгавал - ургаж өгөхгүй, үхэх магадлал өндөр байна. Бага багаар үндсийг ургуулж өгч байж үрсэлгээг томруулдаг.
Үрээр гаргаж авсан годонхой нь 4 жилийн дараа л цэцэглэдэг. Үрээр ургасан цэцэг тэр бүр эх цэцгээ дууриадаггүй. Ялангуяа гибрид сортууд огт өөр цэцэг гаргадаг. Эх цэцэгтэй адил цэцэгтэй болмоор байвал иш, хажуугийн бут зэргээр үрслүүлсэн нь дээр.
Цэцэгний навч шарлаад байвал
Бага усалсан эсвэл хэт усалсны шинж, хүйтэн салхинд тавьсан, нэвт салхинд тавьсан. Байршилыг нь өөрчлөөд усалгаагаа жигд, нэг хэмнэлтэй болго. Зуны цагт навч шарлаад, хатаад байвал - наранд түлэгдсэн, нарны шууд тусгалаас хамгаалж өгөх хэрэгтэй.
Өвөл навч шарлаад байвал
Гэрэл дутсаных, өвлийн улиралд урд талын цонхонд тавьж болно. Навчин дээр хар цэг үүсээд байвал - агаар хэт хүйтэн байгаагийн шинж тэмдэг. Дулаан газар байрлуул.
Навчин дээр шар толбо гарч ирвэл
Хэрэв навчны хэмжээ урд байснаасаа эсвэл жижгэрч, эсвэл томорч, том шар толбонууд навчны гадаргуугаар нилэнхүйд нь жигд тарсан байвал – бордоог тохируулаагүй байна.
Цэцгийн бундуу дэлгэрэхгүй байвал – бордоо, тэжээл дутсанаас.


Аалзан хачиганд идэгдсэн навч
Хорхой шавьж
Хэрэв жижиг шар толбо үүссэн, гэрэлд нэвт гэрэлтэж харагдаад байвал - аалзан хачиг гарч ирсэн байна. Заримдаа навч, шилбэн дээр ширх гарч ирдэг. Савантай усаар угаах, бүлээн ширшүүрт оруулах, хор цацаж арилгана. Арилгах арга - саван, сармисны уусмалаар арчих, сонгино сармисны хандаар шүрших, улаан тамхины хандаар шүрших гэсэн аргууд байдаг байна. Мөн тохирсон хор авч цацах.
Годонхойн гол дайсан - цагаан мөөгөнцөр. Навчны доод талд, мөн навч, цэцэгний иш, шилбэн дээр цагаан толбо үүсч гардаг. Арилгахын тулд спиртэнд норгосон хөвөнгөөр арчина. 
Саяхан авсан годонхойг шилжүүлж суулгаснаас хойш навч шарлаад, хумигдаад байна?
Годонхойн үндэс гэмтсэн байж болно. Худалдаж авсанаас хойш 3-4 долоо хоног хүлээж байж сав, хөрс сольж шилжүүлэн суулгадаг. Өвлийн цагт чийгтэй нойтон хөрстэй цэцэг зөөвөрлөж болохгүй, хөрс даарах, хөлдөх аюултай. Энэ нь үндэс дааруулж илжрүүлдэг. Хүйтэнд үндэс хайрагдсан бол навч шарлаад, хумигдаад, хатаад байна. Годонхой дулаанд дуртай цэцэг. Иймд хүйтний улиралд худалдаж авах хэрэггүй.
Хавар годонхойн үндэс савыг бүрэн дүүргэсэн байвал шилжүүлж суулгадаг. Өвөл дулаан агаар, дулаан хөрс байх хэрэгтэй. Цонхны завсраар сийдэг бол цэцэгний сав, цонх хоёрын хооронд юм хавчуулж өгөх хэрэгтэй. Шохойтой усаар услаж огт болохгүй. Хөрсөнд ус удаан байх ёсгүй. Доод саванд тунасан усыг шууд асгаж байх.
Навч шарлах нь хөрсийг хэт усалсан байна гэсэн үг. Мөн навч шарлах нь үндэс гэмтэж эхэлсний шинж бай болно.
Навч хумигдах нь - агаар хэт хуурай байгаагийн шинж, мөн нарны шууд гэрэлд байгаагаас бас болдог.
Том цэцэгнээс тасдаж авсан зулзаган үрсэлгээ 9 сар болоход ургадаггүй, үхдэггүй. 2 жижигхэн навчтай-2-3см. Саванд суулгаж үзлээ, усанд авч хийлээ, цахирмаа цэцэгний хөрсөнд суулгалаа, нэмэргүй. Яах вэ?
1. Тэжээллэг хөрсөнд суулгахгүй бол болохгүй. Цахирмаа цэцэг нь модны холтосноос бүрдсэн хөрсөнд л байдаг тул хангалттай тэжээл байхгүй байна. Хөрс жишээ нь: - хүлэрт хөрс, навчит хөрс, элс (1:1:0,5); эсвэл хүлэрт хөрс, ширгэн хөрс, хэрчсэн хөвд, элс (4:2:1:1) дээрээс нь модны холтос, модны нүүрс нэмнэ. Үрсэлгээг гүн биш, навтгар саванд суулгана. Доор нь сайн дренаж хийнэ. Вакумдна. +18С хэмээс буурдаггүй дулаан газар байрлуулна. Агаар оруулж байх ёстой. Хэт услаж болохгүй.
2. Сав томдсон бол ургалт гацна. Годонхой жижиг саванд ургадаг.
Ургах цэгийг хэт булж доош суулгаж болохгүй, хэт өндөр гозоолгож болохгүй.

3. Өөр нэг шалтгаан нь - ургах цэгийг булсан байна. Ургах цэг буюу, шинэ навч ургаж гарах үзүүрийг хэт булаад суулгавал ургамал ургахгүй, үхэхгүй, гацчихдаг. Иймээс ургах цэгийг, үндэсний хоолой гартал чөлөөлж өгөх хэрэгтэй.
Ягаан өнгийн годонхой цэцэг маань шилжүүлж суулгасны дараа ногоон нөмрөгтэй болчихлоо, яах вэ?
Ургамлын цэцэгний өнгө хувирч болдог. Энэ нь гэрэл өөрчлөгдсөнөөс (гэрэл дутагдвал өнгө нь бүдгэрч, цайрна), хэрэглэж байгаа бордооноос, услаж байгаа усны найрлаг, хөрсөн дэх бодис гээд төрөл бүрийн хүчин зүйлээс шалтгаалж болно. Харин хэрэв арчилгаанд огт өөрчлөлт ороогүй байхад ногоороод байвал бага зэрэг хүлээгээд үзээрэй (хэсэг хугацааны дараа өнгө нөхөгдөөд, эргээд ягаан болж магад). Шинэ хөрсөнд суулгахад цэцэгний дэлбээ өөр өнгөтэй болж болдог.
Навчин дээр ийм толбо үүсэх нь:
Хуурай агаараас болдог. Халаалт ирсэн үед паарнаасаа хол байлгах, онгорхой цонхноос хол байлгах, өвөл сийдэг, хүйтнээр үлээдэг цонхны тавцангаас холдуулах.
Харин доорх зураг бол үндэс гэмтэж эхэлсэн цэцгийг харуулж байна:
Үндэс илжирч байгаа цэцэгний навч ийм болно. Үндэс юунаас илжирдэг вэ? Хэт их усалдаг, хүйтэн газар тавьж үндэсээ дааруулсан, хөлдөөсөн, хөрс тохироогүй бол. Жишээ нь, хөрс их шаварлаг, хар шороотой, хүнд харагдаж байна. Хамгийн эхэнд бичиж байсан - Годонхой нь эпифит ургамал. Агаарын үндэс ихээр гаргадаг, Иймээс хөвсгөр, хөнгөн хөрс шаарддаг. Ийм хүнд шаварт амьсгал чадахгүй, үндэс илжирнэ. Ийм хөрс усаа өөртөө удаан барьдаг, энэ нь годонхойд муу. 
Бас нэг хэлэх зүйл бол - сав том байна. Энэнээс хамаагүй жижиг сав авна. Мөн л дээр бичсэн байгаа, үндэс бага багаар савандаа дасаж ургадаг тул савыг дэс дараалалтай томруулж үндэсээ ургуулж авдаг. Гэнэт ийм том саванд, ийм их хөрсөнд суулгавал ургамал дийлэхгүй. Хэрэв ийм саванд суулгахаар шийдсэн бол тал нь дренаж байх ёстой болно.
Цэцэгчин савны хэмжээгээр их ус хийчихгээд байдаг нэг аюул байдаг. Ийм савтай цэцгийг долоо хоногт нэг услахад ч хөрсний доод хэсэг чийгтэй хэвээр байна.
Савнаас гаргаад, үндэсийг цэвэрлээд, харалсан, зөөлөрсөн хэсгүүдээс салгана. Бут хуваахаар бол ингээд салгаж хувааж болно. Марганцтай усанд үндэсийг угаах сайн.  
 
Дээрх навчнуудаас хатсан, муудсан хэсгийг мөн тайрна. Үндэсийг модны нүүрсний нунтгаар бүрнэ. Модны нүүрсний нунтаг нь гэмтсэн хэсгүүдийг ариутгадаг, ямарваа нэгэн мөөгний өвчин, хөгц, илжрэлт, бактерийн халдвараас сэргийлнэ. Олон жижиг хэсэгт хуваасан тул нэг нэгээр нь үрсэлгээний жижиг саванд суулгасан нь дээр. Хөрсөө тааруулаарай.

6 comments:

  1. сайн байна уу миний годонхой өвөл хөлдөөд хатчихсан аймар болгосон одоо услаад арчлаад арай дээр ургаж байгаа ч гэсэн улаан цэцэг нь гарахгүй юм бордвол улаан цэцэг нь гарах уу? бордоо бэлэн гадуур зардаг уу? навчаар яаж борддог юм бэ дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна туслаач

    ReplyDelete
    Replies
    1. Sain baina uu, sayhan huldood, odoo sergeed urgaj baigaa bol stress-eesee sain gartal n taavaar n bailgasan n deer bolov uu. Yu yugui tsetsegluuleh geed yuhuudee. Ugaasaa odoo sariin daraa sav hursoo solih asuudal garna. Shiljuulen suulgan=lt hiihdee undesee sain shalgaad, huldsun haralsan undesnii hesguudiig tairch hayaad, shine hursund deer bichseneer suulgaarai.
      Shine hursund suulgachihval 3 doloo honog bordood hereggui. Hurs ooroo tejeeltei bgaa. Sariin daraa harin taarsan bordoo hereglej bolno. Tsetsegiin delguuruuded bordoo turul bureer bgaa.
      Navchaar bordono gedeg n bordoo shingeesen usaar navchnuudiig n shurshih, esvel toosiig n archihdaa bordootoi usaar archij bolno.
      Zoolon gerel, dulaan gazar, taarsan usaar tohiruulj uslaad, hetruulehgui baga zereg bordood ugvul tsetsegleed l baidag urgamal.

      Delete
    2. Saviig n 9sard tomruulj solison teheer dahiad solih heregtei yu?

      Delete
    3. Sav zaaval solih hereggui ee. Hemjee n bolj bvl hursoo l solihod bolno.

      Delete
  2. Ямар нэртэй бордоо хэрэглэх вэ
    Одоо бордож болох уу

    ReplyDelete
    Replies

    1. Сайн байна уу, Дэлгүүрүүдэд юу зарж байгааг сайн мэдэхгүй байна. Зун Экстра орос худалдааны төв орсон. Тэнд бол төрөл бүрийн бордоо хямд байсан. Ароидын төрлийнх байсан, Антуриум тусдаа байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Гэхдээ очоод асуугаарай.
      Ер нь бол 2-3 сараас 8 сарыг дуустал 7 хоногт 2 удаа борддог. Огт бордоо хэрэглэдэггүй хүмүүс ч байдаг. Хавар ургалт сэргээд эхлэнгүүт навчаар гоёдог цэцгүүдийн бордоогоор 2 дахин шингэрүүлсэн, маш сул уусмалаар 2-3 удаа услаарай. хоорондоо 7 хоногийн зайтай.
      Дараа нь цэцгээр гоёдог ургамлын бордоо хэрэглээрэй. Орос бордооноос (Фертика-люкс, Агрикола, Унифлор-бутон, Покон цэцэгт ургамлын г.м.). Антуриум нь шимтэглээ, усан цэцэг энэ тэр шиг зөөлөн, хурдан ургалттай, хурдан шингээж авдаг ургамал биш тул бордоог 2-3 дахин бага авч, шингэн найруулж, маш сул уусмалаар услана шүү. Хэтрүүлвэл мөд цэцэглэхгүй, үндэс түлэгдээд, ургалт удаашраад, цэцэглэлт гацаад, навч жижигрээд, өнгөө алдаад эсрэгээрээ юм болно шүү.

      Delete