Friday, November 19, 2010

Гиацинт

ГИАЦИНТ (HYACINTHUS L.) - Liliaceae овгийн олон наст булцуутай ургамал. Задгай талбайд, мөн тасалгаанд ургуулдаг. Гиацинт — Эртний Грекийн Аполлон бурханы хайрлаж байсан залуугийн нэр гэнэ.
ТӨРӨЛ
Гиацинтын 30 гаруй төрөл байдаг. Эдгээрийн 3 нь Өмнөд Африкт, бусад нь Дундад тэнгисийн орчмоор ургадаг байна. Хүмүүсийн хамгийн их мэддэг төрөл Гиацинт восточный - Hyacinthus orientalis.
Hyacinthus orientalis 
Дараагийн түгээмэл төрөл нь Hyacinthus romanus (Bellevalia romana) - Бельвалия римская. Франц, Итали, Алжирт ургадаг. Жижгэвтэр хэмжээтэй ч илүү тод үнэртэй, гоёмсог цэцэгтэй. 
Hyacinthus romanus
Мөн цэнхэр, цагаан өнгийн цэцэгтэй Hyacinthus leucophaeus гэж бас сайн тарсан гиацинт:
Hyacinthus leucophaeus
АРЧИЛГАА
Цэцэглээд хагдарчихлаа, одоо булцуугаа яах вэ? гэж байнга асуудаг. Эхлээд энийг уншина уу:
Гиацинт тасалгааны ургамал биш гэдэгийг санах хэрэгтэй. Энэ гадаа мандал, цэцэрлэгт ургуулахад тохирох ургамал. Тасалгаанд байнга ургуулаад байна гэвэл буруу ойлголт.
Тасалгаанд ургуулж цэцэглүүлэхийн тулд зун амрааж хүч оруулсан булцуу авах хэрэгтэй. Булцуу нь эрүүл, хатуу, ямарваа нэгэн гэмтэлгүй, 4-5 см диаметртэй том байх ёстой. Үүнээс жижиг булцуу цэцэглэхгүй, цэцэглэсэн ч жижиг цэцэг гарна, туниа муутай цэцэглэнэ.
Булцууг тасалгаанд ургуулахын тулд төрөл бүрийн комплекс арга хэмжээ авдаг. Үүнийг "хүчээр ургуулах" гэж нэрлэж болно. Байгальд ийм зүйл байхгүй. Зохиомлоор ургалтыг нь өдөөж өгч, хүчээр цэцэглэлтийг удирдах нь мэдээж булцууны хамаг хүч тамирыг авчихдаг.
Тасалгааны нөхцөлд саванд ургуулж цэцэглүүлсэн булцуу дахин цэцэглэх чадал байхгүй. Гиацинт, алтан зул, крокус, нарцисс гээд хавар цэцэглүүлэх булцуунууд нэг удаагийн л хэрэглээнийх гэж ойлгож болно.
Дахин цэцэглүүлэхийн тулд та зун булцуунуудаа гадаа задгай хөрсөнд суулгаж томруулж, хүч оруулах хэрэгтэй болно. 9 сард  булцуугаа хөрснөөс ухаж аваад, цэвэрлэж хатаагаад, хөргөгчинд, эсвэл сэрүүн, харанхуй, хуурай орчинд хэдэн сар хадгална.
11-12 сард булцуугаа савтай хөрсөнд суулгана. Арчилж тордож хавар цэцэглүүлнэ. Цэцэглэлт нь хуурай халуун гэрт сайндаа л 3-4 хоноод хагдардаг. Үүний дараа булцуугаа арчлах, хүч оруулах арга хэмжээндээ орно. Зарим сортууд ганц зуны дотор томроод, цэцэглэхээр тэжээл хуримталж амждаггүй ч байдаг.
Гэхдээ дэлгүүрт зарж байгаа "үйлдвэрийн аргаар" бэлтгэсэн булцуу нэг удаагийн л цэцэглэлтэнд тохируулсан байдаг
3-4 өдөр харж баясахын тулд энэ их ажил танд хэрэгтэй юу? Таны ургуулдаг цэцэг мөн үү үгүй юу гэдэгийг сайн бодоорой.
Хэрэв булцууг зун арчилж хүч оруулах ажил хийхгүй гэвэл таны худалдаж авсан булцуу хавар 3-4 өдөр цэцэглээд л хаяна гэдэгийг санаарай.
Цэцэглэлт
Цэцэглэх хугацаа сорт бүрт өөр өөр байдаг. Цэцэглэх хугацаагаараа эрт, дунд, хожуу цэцэглэдэг гэж хуваагддаг. Гэхдээ эдгээрийн ялгаа нь 10 хоногийн зайтай л байдаг гэнэ. Эхлээд цэнхэр өнгийн цэцэгтэй гиацинтууд цэцэглэдэг. Дараа нь ягаан, дараа нь цагаан, улаан, хамгийн сүүлд нил өнгийн цэцэгтэй дэлгэрдэг байна.
Булцуу суулгах:
Амралт үе
Булцууг нэгээр, эсвэл хэд хэдээр нэг саванд суулгаж болно. Сав сонгож авахдаа булцуу бие биендээ бараг хүрж байхаар – хоорондын зай 2-2,5 см байхаар тооцоолно. 
Савны ёроолд хийх дренаж 2-3 см зузаан байна. Дренажинд элс авч болно. Хөрс: хүлэрт хөрс, элс, компост байхад болно. Модны нүүрс заавал хийнэ.
Булцууны ⅓ хэсэг нь хөрсөн дээр ил байх ёстой. Бүтэн булж болохгүй. Хөрсний дээгүүр 0,5-1 см зузаан элсээр хучиж өгнө. Энэ нь хөгц ургах, илжрэлт явагдахаас сэргийлдэг юм.
Цэцэгний ишийг чанга, бадриун гаргахын тулд булцуу суулгасны дараа 0,2% кальцийн селитр найруулж услана. Үүний дараа савтай булцуугаа 6-10 долоо хоног харанхуй, сэрүүн газар тавьна. Агаарын хэм +5-9°С. 
Гэрэлээс хамгаалж зузаан, хар цаасан уутаар бүтээж болно. Ингэж намар гадаа ургахад ямар байдаг вэ, тэр орчныг бүрдүүлж өгч байгаа юм. Би цаасан уутанд хийгээд хөргөгчний ногоо хадгалдаг тасалгаанд хадгалж байсан.
Заримдаа нээж шалгаж байна. Хөрс үл ялиг чийглэгдүү байна. Бүүр хатааж болохгүй. Мөн хэт чийгтэй байлгаж болохгүй. Булцуу ялзарна. Энэ үед доошоо үндэс ургадаг. Мөн яваандаа дээшээ соёолно.
Шилжилт үе
2-3 сарын дараа "хавар ирлээ!" гэсэн дохио өгнө. Соёолсон хэсэг 3-4 см өндөр болонгуут хөргөгчнөөс гаргаад, сэрүүн +12°С хэмтэй харанхуй газар 2-3 хонуулна. Дараа нь гэрэлтэй цонхон дээр гаргаж тавьна. Гэхдээ агаарын хэм +12°С хэвээр байна.
Хэдэн долоо хоногийн дараа цэцэгийн бундуу үүснэ. Энэ үеээс эхлээд байнгын газар нь байрлуулж болно. Гэрэлтэй, дулаахан орчинд байршуулна. +15-20°С-ээс дулаан, халуун газар тавьж бас болохгүй. Халаах, үлээх төхөөрөмж, "паар", онгорхой цонх, нэвт салхитай газраас хол байлгаарай.
Усалгаа
Чийглэг хөрсөнд дуртай. Усархаг биш. Булцуут ургамал тул хэт их чийг илжрүүлнэ гэдэгийг санаж байх хэрэгтэй. Доод суурь тавганд тунасан усыг асгаж байна. 
Дренажтай хөрсөнд суулгах маш чухал. Бундуу болон булцуунд ус хүргэж болохгүй. Навчны дотогш мөн ус оруулж болохгүй. 
Цэвэрхэн услах нэг арга - доогуур усалгаа.
Шилжүүлэн суулгалт
Жирийн тасалгааны ургамалд байдаг энэ ойлголт гиацинтад хэрэглэгдэхгүй. Учир нь булцуу нэг цэцэглэлтийн настай. Цэцэглэсний дараа булцууг хаяж болно. Эсвэл томруулахын тулд савнаас гаргаж задгай хөрсөнд суулгадаг.
 
Гэрэл
Ургаж байх үед тод гэрэл шаарддаг. Гэхдээ нарны шууд гэрэлд тавьбал цэцэг дорхноо хагдардаг. Сарнисан тод гэрэл байхад болно. Цэцэглэхэд сэрүүвтэр орчин байвал цэцэг илүү удаан амьдарна.
Агарын чийгшил
Шүршиж болохгүй.
Бордоо
Цэцэглэж байхад - сулхан найруулсан минерал бордоо, цэцэглэж дуусахлээр - фосфор, калий түлхүү агуулсан бордоо хэрэглэнэ.
Усанд ургуулах арга
Ихэвчлэн энэ аргыг гиацинт цэцгэнд хэрэглэдэг. Тусгай гиацинтын шилэн сав байдаг, гэрийн нөхцөлд өөр саванд хийж болно. Булцуу тогтохоор амсартай саванд бордоо найруулсан ус хийж дээр нь булцуугаа байрлуулна. Нэг саванд нэг булцуу суулгана.
Амралт үе дутуу гаргасан бол цэцэгний иш дээш ургадаггүй. Сонгины ёроолд ус хүргэвэл булцуу зөөлөрч харлаад илжирнэ.
Сонгины ёроолд ус хүрч болохгүй, ёроолоос 0,5-2 см зайтай ус хийж тавьна. Үндэс усруу тэмүүлж ургана. Ус нэмэхдээ ёроолд хүргэхгүйгээр нэмээд байна. 
Хөрсөнд суулгасантай адилхан горим хэрэглэнэ. Хар зузаан цаасан уутаар хөмөрч таглаад, гэрэлээс хамгаалаад, хүйтэн +5С газар байрлуулна. Ууршсан усыг нөхөж дүүргээд байна. Усандаа комплекс бордоо хийж байна. Жишээ нь азотын хүчилтэй калий, фосфорын хүчилтэй калий, хүхэрийн хүчилтэй магний 300:500:200 мг/л.
  
Хүйтэн горимын хугацаа дуусангуут +12С хэмтэй газар байрлуулна. Гэхдээ цаасан уутаа авахгүй. Соёолсон хэсэг 10 см өндөр болтол гэрэл нэвтэрдэггүй цаасан стаканаар хөмрөөд байлгана. 10 см навч ургаж гарсан бол угалсан стакануудаа авна. Нэг цэцэглэсэн булцуу дараа жил цэцэглэхгүй. Ер нь усанд цэцэглүүлсэн булцууг дахин ашигладаггүй.
Яагаад цэцэгний иш богинохон байна?
Зарим тохиолдолд цэцэгний иш сайн ургадаггүй, цэцэг шууд булцуунаас ургасан мэт байдаг. Үүнд 3 тайлбар байна:
а) Усалгаа дутуу хийсэн;
б) Амралт үе богино байсан. Амралт үе (хөргөгчинд +5С хэмд харанхуйд байх хугацаа) 90-95 доошгүй өдөр байх ёстой;
в) Амралт үеээс гаргаад шууд халуун, тод гэрэлтэй газар байрлуулсан. Жинхэндээ шилжилтийн үед нь +12С хэмтэй харанхуй газар байлгах ёстой. Соёоолж гарсан навч 10 см өндөр ургангуут +20-22°С хэмтэй тод гэрэлтэй, гэхдээ наранд биш, газар байрлуулна.
Яагаад цэцэгний иш болон навч булцуунаасаа сугарч унаад байна?
Навч оролдонгуут сугараад гарт чинь үлдэж, булцуу голдоо нүхтэй болсон байна.
Шалтгаан нь:
а) Булцуу илжирсэн;
б) Булцуу хадгалах температурын горим алдагдсан, буруу хадгалсан,  буруу амраасан. 
в) Хөргөгчинд байхад хөрс хатаасан.
Цэцэглээд дуусахлээр яах вэ? 
Цэцэг хагдрангуут цэцэгний ишийг тайраад, усалгаагаа үргэлжлүүлнэ. Навчны шим тэжээл доошоо булцууруугаа ордог. Навч шарлаад дуустал услаж бордож байна. Усалгааг хөрс хатсан тохиолдолд хийж байна. 
Навч хагдартал дараах бордоог хэрэглэнэ: 1 цайны халбага калийн давс, 2 хэсэг суперфосфата, 1,5 хэсэг аммиакны селитр. Энэ бэлдмэлийг 1-1,5 г нэг литр усанд найруулж услаж байна. 
Хөрснөөс дээш ургасан цэцэг навч бүгд хагдраад дуусахлээр булцууг савнаас гаргаад, хатаана. Хатсан навчны үлдэгдлийг тайраад, хуурай, нар тусдаггүй, агаарын солилцоо сайн явагддаг, +20°С хэмтэй газар 7 хонуулна.
Хатаасны дараа үхсэн хатсан үндэс, хөрсний үлдэгдэл зэрэгээс цэвэрлээд, хэрэв зулзаган булцуу салж байвал эхээс нь салгана. 
Хэзээ зулзаган булцуунуудыг салгах вэ?
Амралт үеийн өмнө. Гэхдээ өөрсдөө амархан салж байвал салгана. Салгахын өмнө эх булцууг дээр бичсэнээр хатаана. 
Жижигхэн булцууг томруулахаар хөрсний цочир хүйтрэл дуусангуут гадаа задгай талбайд суулгадаг. Тэгэхгүй бол цэцэглэх, ургах хүч байхгүй байгаа. Жижиг булцуу 2-4 жилийн дараа л цэцэглэх чадалтай болно.
Хэрэв зулзаган булцуу салахгүй бол эх булцуутай хамт суулгадаг.
Булцуут ургамлыг задгай талбайд суулгахад зориулагдсан тусгай сетка байдаг. Ийм сетканд суулгасан булцуу дараа нь хураахад амар, доошоо хөрсрүү гүн шигдээд алга болдоггүй.
Булцуу хүч орж томрох хэрэгтэй. Гэхдээ задгай хөрсөнд суулгаад, томруулсан ч энэ нь дахин цэцэглэнэ гэсэн баталгаа биш. Үйлдвэрийн булцуунууд бүгд тусгай бодис, бордоогоор шүршсэн, бэлтгэгдсэн байдаг. Тэр хэмжээний бэлтгэлийг гэрийн нөхцөлд булцуунд өгөх амаргүй. 

Источник: http://www.domrastenia.com/rasskazivaiut_tsvetovodi/giatsint_posle_vigonik
Үрслүүлэх арга
Үрээр болон зулзаган булцуугаар. Үрээр ургуулах удаан, 5-7 жил болж байж цэцэглэдэг, шинэ сорт гаргаж авахад түлхүү хэрэглэгддэг.


Гадаа мандалд ургуулах бол 
Юуны түрүүнд тэжээл ихтэй хөрс хэрэгтэй. Ялзмаг, компост, малын бууц хольж болно. Савтай хөрсөнд суулгаад сэрүүн газар бүтээж хадгална.
Хөрс гэсэж, хөлдөх аюул үгүй болонгуут гаргаж задгай талбайд суулгана. Цэцэглэж дуусангуут фосфор, калийтай бордоогоор борддог.
Өвчлөл болон хорхой шавьж
Шар навч  – нэвт салхи, эсвэл буруу усалгаа, гэрэл дутсан,
Бундуу дэлгэрэхгүй байна - бундуунд ус хүрсэн, усаар шүршсэн, эсвэл нямбаа услаагүй байна,
Урт, сул, хүчгүй навч - хэт удаан харанхуйд амраасан байна, эсвэл цэцэглэх үед гэрэл дутсан,
Ургалт удаан - амралт үеийг богино хийсэн байна, шилжилт үеийг хийгээгүй. Гэрэлтэй дулаан газар оруулахдаа дээрх навч 2,5-5 см дээш ургасан, ер нь бол 10 см ургасан тохиолдолд л шилжүүлнэ. Өөр нэг шалтгаан нь усалгаа багадсан,
Цэцэг байхгүй - хэд хэдэн шалтгаан байна: том хэмжээтэй булцуу шилж аваагүй. Жижиг булцууны хүч хүрэхгүй. Эсвэл хэт дулаахан газар байлгасан, мөн хөргөгчнөөс гаргаад шилжилт үед +12С сэрүүн газар удаан байлгалгүй гэрэлд гаргасан, эсвэл усалгаа бага хийдэг байсан,
Цэцэг буруу хөгжсөн - амралт үед хэт дулаахан газар байлгасан, хадгалах хэм +4-5С байх ёстой,
Цэцэг ялзарсан - хэт чийгтэй байлгасан.

Жижиг талбайгаас гайхалтай үр дүн
Цэцгийн үзэсгэлэн бүрээс цэцэгчид бие биенийхээ туршлага мэдлэгээс суралцаж авдаг. Германы Иппенбург цамхагт болсон цэцгийн үзэсгэлэн дээр булцуутай цэцгүүдээр мэргэшсэн голландын цэцэгчин Йерун ван ден Хук булцууг бага зайнд суулгаад, хэдэн сараар үргэлжилсэн, тасралтгүй цэцэгтэй байх маш сонирхолтой арга зааж өгч гэнэ. Нэг төрлийн цэцэг цэцэглэж дуусангуут өөр төрөл доороос нь гарч цэцэглээд байдаг гэнэ.
Үүний тулд – том хэмжээтэй сав, жишээ нь, доороо нүхэлсэн хувин, сийрэг хөвсгөр хөрс, голын том ширхэгтэй элс, 2-3 төрлийн хавар цэцэглэдэг булцуу хэрэг болно.
Түрүүлж сэрж цэцэглэдэг нь дээрээ
"Лазанья", эсвэл "сэндвич" аргын зарчим нь маш энгийн – булцуунуудаа нэг түвшинд биш дээр доор байрлуулж, ургахад бие биеэндээ саад болхооргүй шатрын хөлгийн байдлаар суулгах юм. Ингэхдээ булцууны хэмжээг авч хэлэлцэх хэрэгтэй ба мөн цэцэглэх хугацааг авч үзэх ёстой.
Энэ авсаархан цэцэрлэгийн гол давуу тал - жижигхэн талбайнд олон төрлийн цэцэг хэдэн сараар алаглуулж ургуулахад оршино. Ингэхдээ байнга хөрс шороо ухаад байхгүй нэг л удаа суулгана. Янз бүрийн цэцэглэх хугацаатай цэцгүүдийг нэг саванд суулгахад хамаг нууц байгаа.
"Лазанья" хийх жор
Бичил - цэцэрлэгийн гол анхаарах зүйл бол илүүдэл ус чийг гаргах асуудал. Учир нь булцуутай цэцгүүд хэт их чийгийг үздэггүй илжрэхдээ амархан байдаг. Иймд дренажны олон том нүхтэй сав байх хэрэгтэй. Дренажинд 3 см жижиг хайрга эсвэл керамзит хийгээд цэцэгний хөрс нэмнэ. Хамгийн том булцуунуудаа байрлуулна. Байрлуулахдаа хажууд нь модон савх зоож өгнө. Үүгээр булцуу хаана байгааг дараа нь мэдэж болох юм.
Булцуугаа 3см зузаан хөрсөөр хучаад дараагийн (өөр цэцэгийн) булцуу суулгана. Суулгахдаа шатрын хөлөгний байрлалаар суулгана. Доорх цэцэг ургахад дээд талын булцуу саад болохооргүйгээр сольбиж суулгана. Хоёр дахь үеийн булцуу суулгасны дараа модон савхнуудыг суглаж авч болно. Булцуугаа далд ортол хөрсөөр хучаад хамгийн жижигхэн, эрт цэцэглэдэг булцууг хамгийн дээр нь суулгана. Дараа нь усална.
  
Нарцисс, мускари, алтан зул                                                              Нарцисс, гиацинт
Жишээ нь хамгийн доор алтан зул буюу тюльпан суулгаад, дээр нь – гиацинт, хамгийн дээр нь – крокусууд.
   
Алагласан өнгө гаргахын тулд контраст өнгийн цэцгүүдийг хамт суулгаж болно. Жишээ нь цэнхэр өнгийн мускари (дээд үед), улаан өнгийн алтан зул (доод үед).
   
Мөн алтан зул гэхэд өөр өөр өнгө суулгахад улам тод алаглана.
Нимбэгэн шар нарцисс (доорх үе) өнгө өнгийн гиацинттай (дээрх үе) гоё зохицодог.
    
Та өөрийн хүссэнээр булцуугаа суулгаж болно.
  
Задгай талбайд мөн суулгаж болно. Үүний тулд дээр үзүүлсэн сетка хэрэглэх хэрэгтэй.
Хавар цэцэглэдэг булцуу нь зөвхөн нарцисс, гиацинт, алтан зул биш. Сүүлийн жилүүдэд аллиум, буюу чимэглэлийн сонгино их тархаад байгаа. Тод өнгийн том бөмбөлгөн цэцэгтэй. Дээрх аргаар суулгах бол аллиумын булцууг хамгийн доор суулгана.

No comments:

Post a Comment