Friday, November 21, 2014

Чимхэлт, тайралт

Чимхэлт - механик аргаар ургах цэгийг тасдахыг хэлнэ. "Ургах цэг" буюу шинэ нахиа гарах үзүүр нь зөөлөн, нялх ногооноороо байгаа тул хайч, хутга хэрэглэхээс илүү хумсаараа чимхээд авчихдаг юм. Үүнээс болоод "чимхэлт" гэж нэрлэжээ.
Чимхэлт хийхдээ мөчирний ургах цэгийг доод хос навчтай нь хамт тасддаг. Нэг навч хумсаараа тасдахыг "чимхэлт" гэж ойлгож болохгүй.
Ургамлыг дээш өндөр ургуулахгүй, илүү бутлаг болгохын тулд, хажуугийн шинэ салаа мөчир олноор гаргахын тулд чимхэлтийг хийдэг.
Чимхэлт
- Хэрэв өтгөн, саглагар, бутлаг болгохыг хүсвэл шинэ нахиа, мөчирнүүдийн оройг чимхэж байна. Ихэнхи тасалгааны цэцэг бутлаг болно. Гэхдээ удаан ургалттай ургамлуудтай болгоомжтой байна. Жишээ нь, удамбор ялдам хоёрын чимхэлт хийсэн үр дүн өөр өөр байна.
- Хэрэв алаг навчтай ургамлаас дан ногоон навчтай мөчир ургаад эхэлвэл уг мөчрийг бүхэлд нь тайрна. Чимхэлтийг жилийн турш хийж болно. Гэхдээ хавар, зун хийвэл илүү тохирдог.
- Зарим ургамлын цэцэглэлтийг хойшлуулахын тулд зориудаар чимхэдэг.
1. Ургах цэгийг доод хос навчтай нь хамт тасдна
2. Чимхэлт хийснээр шинэ 2 нахиа гарч ирнэ. Өөрөөр хэлбэл нэг ургах цэг байсан бол хоёр болно.
3. Шинээр ургаж гарсан навч болгоны доороос шинэ нахиа ургана. Энэ нахиануудыг томруулж байгаад мөн чимхэнэ.
4. Чимхсэн нэг нахианаас хоёр шинэ ургана. Шинэ навч бүр шинэ нахиа буюу ирээдүйн мөчир өгнө гэсэн үг. 
5. 2 ургах цэг маань 4 болно. Гэх мэтээр цаашаа явна. 

Чимхэлтийн томъёо: 2:4:8:16:32

Чимхэлтийн талаар Carl F. Mieseke, АНУ-ийн Ялдам цэцэгчдийн Холбооны Ерөнхийлөгч асан (AFS) AFS сэтгүүлийн 1979 оны дугаарт бичсэнийг хүргүүлъе:
""Хэрэв эрүүл, зөв хэлбэржүүлсэн, сайхан цэцэглэсэн ургамалтай байя гэвэл чимхэлтийг суурьтай баримтлах хэрэгтэй. Чимхэлт гэдэг нь хэцүү зүйл биш. Гол хэдэн заалтыг нь санаж байх хэрэгтэй.
1. Гарах цэцэгний тоо шинээр ургасан үзүүрийн тооноос шууд хамаарна.
2. Навч гарсан цэгийг “үе/зангилаа” гэж цааш нэрлэж явъя. Навчны үе бүрийн доор гөлөглөх цагаа хүлээсэн дараагийн навч унтаж байдаг.

The British Fuchsia Society - show   "Jan Murray" сорт

3. Жишээ нь, ялдамын навчны үе бүрт ихэнхидээ хоёр тийш симметр ургасан 2 навч байдаг. Энэ нь доороо 2 нойрсож байгаа навчны гөлөгтэй гэсэн үг. 3-навчит ялдам нь 3 унтсан навчны гөлөгтэй гэсэн үг. 
Ялдам "Linda Graсe" сорт, цэцэгчин Брэнда Андрюс


4. Мөчир, юм уу ишийг тайрахад тасдсан үзүүрт хамгийн ойр байгаа навчнаас эхлэж эдгээр унтсан навчнууд нь сэрдэг. Энэ онцлогийг гарах мөчирний тоог удирдахад ашигладаг. Жишээ нь, цэцэгний ишийг навчны үений дээгүүр тайрсан бол энэ үенээс хоёр тийш шинэ хоёр мөчир ургана гэсэн үг. Энэ ургасан шинэ хоёр мөчрийг чимхвэл 4 шинэ мөчир ургана гэсэн үг. Гэх мэтээр чимхэлт хийх бүрийд мөчирний тоо хоёр дахин нэмэгдээд байна. Ингэж бид чимхэлтийн томъёог гаргаж авав: 2: 4: 8: 16: 32. (Доорх чимхэлтийн диаграммыг үзнэ үү)
5. Мөчирний урт нь чимхэлт хооронд үлдээсэн зангилааны тооноос шалтгаалдаг. Хэдэн зангилаа үлдээж чимхэх вэ гэдгээ цэцэгчин бүр өөрсдөө шийднэ. Хэрэв та том хэмжээтэй, саглаасан олон мөчиртэй цэцэг гаргаж авах бол 3 үе/зангилаа мөчир бүрт үлдээгээд чимхээд байсан нь дээр.
Хэрэв жижигхэн, авсаархан цэцэг гаргаж авах бол мөчир бүрт нэг нэг зангилаа үлдээх хэрэгтэй. 
Хэрэв зангилаа хоорондын зай урт бол үлдээх зангилааны тоо цөөн байж болно. Хэрэв зангилаа хоорондын зай богинохон бол илүү олон зангилаа үлдээж болно. Хэрэв цэцэг далий ургаад байвал богино хөгжсөн талд нь илүү зангилаа үлдээж зөв тэгш хэлбэртэй харагдуулах хэрэгтэй.

6. Ялдамын хэмжээ, хэлбэр нь мөчирний уртаас шалтгаалдаг. Чимхэхдээ аль болох бага зангилаа үлдээж чимхээд байвал жижигхэн, авсаархан ялдам гарна.
Хэрэв ялдамын орой хэсгийн мөчирний зангилаа нь хажуу талын мөчирний зангилаанаас бага байвал ялдам намхан, өргөн болно. Энэ нь ампель ялдамд илүү тохирно. Хэрэв мод шиг ургуулж байгаа бол эсрэгээр. Жигд хийсэн чимхэлтийн үр дүнд тэгш тэнцвэртэй ургасан ялдамтай болдог, гэхдээ цэцэгнүүд нь нэг газраа төвлөрөөд байдаг. Ялангуяа ампель ялдамд энэ нь ажиглагддаг.
Ялдам "Balcon Queen" сорт, цэцэгчин Дэвид, Жанет Хайкрофт

7. Цэцэгний тоо болон ургалтыг зөв хэрэглэсэн бордоо, тэжээлээр ихэсгэж болдог. Ямар ч амьд зүйлийг зөв хооллох юм бол томорч, өсөж байдаг. Ялдамд азот арай ахиу агуулагдсан бордоо дээр байдаг гэнэ.

8. Мөн гэрэл нэмээд өгвөл ургалт хурдасдаг. Савтай цэцгээ зөөлөн эргүүлж байвал цэцэг жигд хөгждөг. Тэгэхгүй бол гэрэл туссан зүгрүү тэмүүлж нэг талруугаа далийж ургадаг. Иймд ялдамыг өдөр бүр 90 градус нар зөв эргүүлж байх хэрэгтэй.

Эдгээр дүрмүүдийг сахих юм бол төлөвлөсөн цэцгээ гаргаж авах амархан байдаг. Дахин анхааруулахад “төлөвлөсөн” цэцэг гаргаж авах, зүгээр ургуулах биш. Ургах ялдамын эцсийн хэлбэр, хэмжээ, гарах цэцэгний тоо зэрэгийг ургуулж эхлэж байхдаа төлөвлөсөн байх ёстой. Тэр төлөвлөсөн цэцгээ гаргаж авах гэж та чимхэлтийг хаана нь яаж хийх вэ гэдгээ төлөвлөж гаргадаг. Ямар цэцэг гарахыг эхнээсээ мэдэж байгаа тул цэцэгчин өөртөө итгэлтэй байдаг.""

Тайралт
Харин ургамлын мөчир, иш богиносгох, хэлбэржүүлэхийг - тайралт гэнэ.
Тайралт нь ургалт хурдасгана, цэцэглэлт өдөөнө, олон цэцэг гаргана, гоё навчин титэм болгоно, хэлбэржүүлнэ.
   
Тайралтыг 3 тохиолдолд хийдэг:
- ургамлыг залуужуулах хэрэгтэй бол
- ургамалд хэлбэр оруулах бол
- ариун цэвэр сахих зорилгоор
Амралт үе дуусгаад, хавар тайралт хийнэ.
Ариун цэврийн тайралт: шарласан, хатсан, хагдарсан, үзэмжээ алдсан навч, цэцэг, нахиаг тайрна. Суларсан өвчилсөн нахиа нь мөөг, мөөгөнцөр, бактерийн үүрлэх дуртай газар болдог. 
Цаг тухайд нь тайрч байхгүй бол өвчин цааш явж ургамлыг бүхэлд нь өвчлүүлнэ. Гол нь эрүүл бус, эсвэл хөгширсөн хэсгүүдийг тайрах.
1.               2.  
1. Буруу хийсэн тайралт: Хагдарсан цэцгийг хэт дээгүүр тайрсан байна. Сулхан, туниа муутай нахиа тайрсан газраас ургаж эхэлдэг.
2. Зөв тайралт: Таван салаа навчны дээгүүр тайрна. Тайрахдаа шинээр гарах нахианы чиглэлийг бодолцох хэрэгтэй. Шинэ нахиа нь бутнаас гадагш харж ургах ёстой. Ийм навчны дээгүүр тайрдаг.

Залуужуулах тайралт:
 
Залуужуулах тайралтаар ишнээс нь сайн богиносгодог. Тайрдас дээр 2-3 ургаж байгаа нахиа үлдээж тайрна. Урт ишний 90%-ийг тайрсан ч болно.
Эрс богино болгохоос эмээгээд байвал үе шаттай хийж болно. Эхлээд бүх мөчирний 50%-ийг тайрна, эдгээр нь ургаад ирэнгүүт бүүр сайн тайрна. 
Залуужуулах тайралтыг ургалт үе эхлэхээс өмнө хийнэ. Тайралт хийгээд бордоорой. Тайралт хийсний үр дүнд маш олон хүчтэй шинэ мөчир ургадаг.
Хэлбэржүүлэх тайралт:
Нилээн туршлага шаардсан тайралт. Штамб мод, гоёлын тайралт, тусгай хэлбэр оруулсан тайралт гээд янз бүрээр сэтгэж болно.

Бут хэлбэржүүлэх
Залуу ургамлын гол ишнээс 6 - 7 см өндөр үлдээгээд ургах цэгийг тайрна. 
   
Салаалж гарсан хажуугийн мөчирнүүд нь ургаад 10 - 12 см хүрэхлээр мөн чимхэлт хийнэ. Ийм аргаар явсаар хүссэн хэлбэртэй бут гаргаж аваад, цаашдаа бутны дотогш харж ургаж байгаа нахиануудыг чимхээд, тайраад байна.
Өвлийн тайралт
Амралт үе шаарддаг, сэрүүнд харанхуй газар амраадаг ургамлыг сайн тайраад, бүх навчийг тасддаг. Гол санах зүйл - үндэс хатааж болохгүй.

Гэх мэтээр цааш олон янзын тайралт байна.

No comments:

Post a Comment