Tuesday, November 25, 2014

Гербера

Гербера (лат. Gerbera) олон наст өвсөрхөг ургамал.
Бусад нэрс: Cleistanthium Kuntze, Piloselloides (Less.) C.Jeffrey
Эх нутаг: Өмнөд Африк, Магадаскар.
Овог: Asteraceae
Анх 1737 онд Голландын ботаникч Ян Гроновиус (1690—1762) энэ ургамлыг өөрийн хамтран зүтгэгч эмч, ботаникч Трауготт Герберын (1710—1743) нэрээр нэрлэжээ. Карл Линней ургамлын системчлэлийн тухай өөрийн бүтээлд энэ нэрийг ашиглаж 1758 хэвлэсэн байдаг. Олон улсын Ботаникийн Номенклатурын Кодексын дагуу 1753 оны 5 сарын 1-ний өдрөөс өмнө хэвлэгдсэн ургамлын нэрсүүд бүгд хүчингүүд тооцогдсон тул албан ёсоор Линней энэ нэрийг өгсөн гэж явдаг байна. Ургамлын бүртгэлд "Gerbera L." гэдэг байна.
Зарим зохиолд Гербера гэдэг нь "herba"  буюу "өвс" гэсэн латин үгнээс гаралтай гэж тайлбарласан байдаг.
Харин англичууд "transvaal daisy"-«трансвааль хонин нүд» «трансвааль ромашка» гэдэг байна.
АРЧИЛГАА
Гэрэл: Гербера нарны гэрэлд их дуртай, тод гэрэлд байлгадаг. Сайн агаарын солилцоо явагддаг өрөөнд ургуулдаг. Хэрэв өвөл нэмэлт гэрэл гаргаж өгөөд, дулаахан +20-24С хэмтэй газар байлгавал цэцэглэлт дуусахгүй үргэлжлээд байна. Харин агаарын дулааныг бууруулаад +10-12С  болгож, услагааг багасгавал - цэцэглэлт дуусаж, амралт үе эхлэнэ. 
Усалгаа: Гербераг зөвхөн бүлээн усаар усладаг. Услахдаа жигд, тогтмол, хангалттай сайн услана. Халуун газар байлгаад хүйтэн усаар услаад байвал өвдөж, яваандаа илжирч эхэлдэг.
Хөрс хатааж болохгүй. Мөн хэт устай байлгаж болохгүй. Услахдаа савны захаар, ирмэгээр нь услана. Суурь тавагруу урсаж гарсан усыг шууд асгаж байна. Услах ус заавал бүлээн +20 хэмтэй байна. Хүйтэн усаар услах аюултай. 
Бундуу цэцгийг усаар шүршиж болохгүй. Харин навчийг бол өдөрт 1-2 удаа заавал шүршиж байна. Услахдаа бутны голруу ус оруулж болохгүй.
Усалгаа дутвал аалзан хачиг, цагаан ялаа, ширх гарч ирнэ, ихэдвэл хөгц, мөөгөнцөр ургана.
Агаарын чийгшил: Герберагийн навчийг тогтмол шүршиж байвал дуртай байдаг. Зуны улиралд өдөртөө 4-5 удаа ч шүршиж болно. Хуурай халуун агаарт дорхноо трипс, аалзан хачиг, улаан хачиг гээд гараад ирдэг. Навчны ар талыг шүршиж өгснөөр энэ бүгдээс сэргийлж өгч байгаа юм.
Сардаа нэг удаа бүлээн шүршүүрт оруулж угаавал бас зүгээр. Том далбагар навчтай тул шүрших усандаа сулхан бордоо найруулж шүршвэл навчаар бордоо хүлээж авахдаа илүү байдаг. Дандаа үндэс бордоогоор түлээд байхгүй сайн талтай. 
Агаарын дулаан: Цэцэглэж байхад +16-20°С. Зун нь гадаа тагтан дээр гаргах сайн, эсвэл өрөөндөө сайн агаар оруулж байх хэрэгтэй. Өвөл цэцэглэлт дуусангуут сэрүүн газар тавьж +12-14С хэмд 2 сар хүртэл байлгадаг.
Гербера тод гэрэлд дуртай, өглөө, оройны нарны шууд тусгал сайн. Дулаан улиралд заавал гадаа гаргана. Цэвэр агаарт дуртай, нэвт салхинаас айдаггүй. 
Тасалгааны хуурай, халуун агаар герберад зохидоггүй. Өвөл +12С хэмээс бууж болохгүй. Үндсэн арчилгаа нь ойр ойр навч шүрших, өрөөний агаарын солилцоог сайжруулах, гэрэлтэй цонхон дээр байлгах, жигд услаж байх.
Шилжүүлэн суулгах: Хэрэгцээт үед нь хавар шилжүүлж суулгана. Хэт том саванд суулгах хэрэггүй. Багавтар саванд амархан цэцэглэнэ.
Тасалгааны гербера арчилгаа айхтар шаарддаггүй, гэхдээ нэг онцлог байдаг. Цэцгийн хүлэмжинд ургуулсан цэцэгтэй, гоё гербераг гэрийн нөхцөлд дасгах хүнд үе байдаг. Маш их стресст ордог. Иймээс дэлгүүрээс дөнгөж авсан цэцгийг шууд савыг нь сольж бүүр стрессдүүлэх хэрэггүй. 14 хоног хүлээж байж савыг нь солих хэрэгтэй. Хэрэв танай гэрт удаж байгаа бол шилжүүлэн суулгалтыг хавар хийнэ. Шилжүүлж суулгахдаа үндэсийг гэмтээж болохгүй. Хөрс гөвөлгүй, шууд том саванд хийгээд, завсараар нь шинэ хөрсөөр дүүргэдэг. Савны ёроолд заавал дренаж хийнэ. Шилжүүлж суулгасны дараа тогтмол, жигд услаж байна. 
Хөрс: саармаг, тэжээллэг. Навчин хөрс, хүлэрт хөрс, элс эсвэл хөвд (2:1:1). Органик бордоо, малын бууц битгий хийгээрэй. 
Тайралт: Шаардлагагүй.
Бордоо: Сард 3-4 удаа сул найруулсан комплекс минерал бордоо хэрэглэдэг. Үрээр тарьсан бол саванд тусгаарлаж суулгаснаас хойш нэг сарын дараа анх бордож эхэлдэг. Шингэн бордоо ашигласан нь дээр. Идэвхитэй ургалт үед тогтмол бордож байвал сайн ургадаг, эсэргүүцэл сайтай цэцэг болж ургадагаас гадна цэцэглэлт удаан байдаг.
Ялзмаг хөрсөнд хийхгүй. Хэт их бордоо хэрэглэвэл навчны өнгө өөрчлөгдөж үхэж болно.
Асуулт - Хариулт: Герберагийн цэцэгнээс үр шиг сэвсгэр юм гараад унаад байх юм. Суулгавал ургах уу?
Герберагийн үржилтэнд оролцдог эр эм эрхтэнүүд нь зэрэг хөгжиж боловсордоггүй тул тасалгаанд өөрөө үр гаргах чадваргүй. 5-8 сард олон төрөл, сортууд цэцэглэсэн үед хооронд нь тоос хүртээж болдог.
Герберагийн тоосыг шилэн саванд хадгалахад 100 хоног үр тогтоох чадвартай байдаг гэнэ. Тоос хүртээхдээ эрүүл, том, үзэмжтэй, чанга цэцгүүд шилж авна.
Нэг цэцэгнээс дунджаар 70 ургах чадвартай үр гардаг. 1 граммд 200-400 ширхэг үр байдаг байна.
Тоос хүртээснээс хойш 3 — 4 долоо хоног үр боловсорч дуусдаг. Ургах чадвар нь дорхноо алдагддаг тул шууд суулгах хэрэгтэй. Хураасан үрийг 2-4 дэх долоо хоногт нь суулгавал жигд ургаж гарч ирдэг. Түүж авсан үрийг хуурай газар +20° С хэмд хадгална. Хадгалах хугацаа 2 сар.
Хэрэв та дэлгүүрийн ууттай бэлэн үр авсан бол хуучирсан гэж санаа бүү зовоорой. Үйлдвэрийн аргаар гадуур нь тусгай бодисоор бүрхсэн байдаг тул удаан хадгалагддаг.
Герберагийн үрийг хавар хүртэл хөнгөн хөрсөнд суулгадаг. Гэхдээ хангалттай их гэрэл гаргаж өгч чадвал, нэмэлт гэрэлтүүлэгний асуудал шийдэж чадвал намар өвөл ч суулгаж болно.
Хөрс: навчин болон хүлэрт хөрс 2 хэсэг тус бүр, дээр нь нэг хэсэг элс авч холино. Хөрсний рН = 5,5—6,5. Үрийг 0,2—0,3 см гүнд суулгана. Бараг ил байна гэсэн үг. Үр суулгахдаа шовх үзүүрийг нь доош харуулж, нөгөө талын үзүүрийг ил гаргаж гэрэл үзэхээр байрлуулна. Хэвтээ байрлалтай байсан ч болно. Гэрэл соёолход маш чухал үүрэг гүйцэтгэдэг. + 18—20 С хэмд 7—8 хоногийн дотор соёолно.
Би гербера үрээр тарихдаа "Эпин эсктра"-тай бүлээн халуун усанд зузаан салфетка норгоод, дээр нь бүх үрнүүдээ байрлуулаад, салфеткаар хучаад, гялгар уутанд хийгээд бүлээн, амьтай төдий пааран дээр тавиад байсан. Өдөр бүр агаар оруулж задлаж байна. Хатсан байвал Эпинтэй усаар шүршээд, боогоод пааран дээрээ тавиад байсан. 4 дэх хоног дээр бүх үр соёолсон. Ер нь Эпинд дэвтээсэн үр ургахдаа амархан байдаг.
15—18 хоногийн дараа жинхэнэ навч нь гарна. Энэ үед нь тусгаарлаж жижиг үрсэлгээний савнуудад суулгана. Үрсэлгээг +18-20 С хэмд ургуулах тохиромжтой. Зун хурц нарнаас халхалж байна, харин өвөл нэмэлт гэрэл гаргаж өгнө. Шүршилт зайлшгүй хэрэгтэй. Өдрийн 4-5 удаа.
4-5 дахь навч гарч ирэхлээр том саванд суулгаж болно. Суулгахдаа үндэсний хоолойг хэт доор байрлуулж болохгүй, хөрснөөс дээр байх ёстой. Доор суулгасан бол сайн ургадаггүй, цэцэглэдэггүй, заримдаа ургамал үхэж ч болдог.

1. Зөв суулгасан, 2. Буруу: Хэт доор, гүн суулгасан. Ургах цэгийг булсан тохиолдолд ургалт гацаж, цэцэг ургадаггүй, үхдэггүй, зогсонги байдалд ордог, 3. Буруу: Хэт дээр, ил суулгасан.

Үрээр суулгасан гербера 10—11 сарын дараа цэцэглэнэ. Зарим тохиолдолд суулгаснаас хойш 6—7 сарын дараа ч цэцэглэж байдаг. Улирлаас маш их хамаарна. 6 сард суулгасан үр 11 сард цэцэглэдэг. Харин намар суулгасан гербера дараа жиийн зун цэцэглэдэг. Тасалгаанд ургадаг гербера жилийн аль ч улиралд цэцэглэж болно.
Үрслүүлэх арга: Хавар үрээр 18-20 С хэмд ургуулдаг. Мөн бутыг хуваах, навчтай мөчирөөр үрслүүлдэг байна. Үрээр ургуулахад эх цэцэгнээс өөр шинж тэмдэгтэй цэцэг гарж болдог. 
Эх цэцэгтэй адилхан цэцэг гаргаж авна гэж байгаа бол бут хуваасан нь дээр.
3-4 настай гербераг хавар хуваадаг. Хуваасан хэсэг болгонд 2-3 ургах цэг байх ёстой. Хуваасан хэсэг үндэслээд, цэцэг дэлгэртэл 10-11 сар зарцуулагддаг.
Үрийг мөн хавар суулгана. Хамгийн сайн хөрс бол ширгэн хөрс, навчит хөрс, ялзмаг (2:1:1) бага зэрэг элстэй. 2-3 дахь жинхэн навч ургахад эхний тусгаарлалтыг хийдэг.
Дараагийн тусгаарлалтыг 4-5 дахь жинхэн навч ургахад хийнэ. Энэ удаад тус тусад нь саванд суулгана. Үр суулгахаас цэцэг дэлгэртэл 9-11 сар болно. Залуу герберагийн цэцэглэлт 3-4 сар үргэлжилдэг.
Амралт үе ихэвчлэн цэцэглэлт дуусангуут эхэлдэг. Амралт үед навч ихээр ургана, ургамал хүчээ нөөцөлж дараагийн цэцэглэлтэндээ бэлдэж байдаг. Ойролцоогоор 2 сар үргэлжилнэ. Амралт үеээс гараад, ургаж эхлэнгүүт борддог. Сард 2 удаа минерал бордоогоор услана. Хэрэв өрөөний дулаан, усалгааг хоёрыг охируулаад, нэмэлт гэрэлтүүлэг хийж гэрлийн өдрийг урт болгож өгвөл өвөл ч гэсэн цэцэглэсээр байдаг.
Асуулт - Хариулт: Гербера 12 сард цэцэглэж байхад нь авсан, одоо цэцэглэдэггүй. Гадаа тагт дээр байгаа, бордож услаж байгаа. Бүтэн жил цэцгтэй байлгаж болох уу? Цэцэгнээс нь үр хурааж авч болох уу?
Бүтэн жил цэцэглэдэг гербера гэж байхгүй. Заавал амралт үед орж дараагийн цэцэглэлтэд бэлтгэж хүчээ хуримтладаг. Тасалгаанд ургадаг герберагаас үр бараг гарахгүй. Тоос хүртээж чадвал гарна.
Герберагийн цэцэглэлт өдрийн уртаас хамаарна. Өдрийн гэрэл богиносож эхлэнгүүт бундуулдаг тул 8 сар хүртэл хүлээх болно. Ер нь бол зуны сүүл сараас 10 сар дуустал цэцэглээд амардаг. Жилд нэг удаа л цэцэглэнэ. 10 сараас 2 сар хүртэл сэрүүн газар +12-15С хэмтэй орчинд өвөлжүүлнэ. Сэрүүнд өвөлжүүлэх цэцэглэлтэнд чухал!
Мөн хангалттай их ногоон навч ургуулаагүй, шингэхэн бут бол цэцэглэхгүй, дараа жил хүртэл хүлээх болно.
Гербераг тод сарнисан гэрэлтэй газар байрлуулна. Усалгааг тохируулж хийх чухал. Хэт их устай хөрсөнд амархан мөөгний өвчинд баригддаг. Ялзмагтай, компосттой хөрсөнд суулгавал илжирнэ. Дренаж заавал хийнэ.
Цэцэг авахдаа навчны ар талыг заавал шалгадаг
Өвчлөлт, хорхой шавьж: цагаан ялаа, "гурилан" өт - мөөгөнцөр, улаан аалзан хачиг.....
Хэт их услалт, ус навчинд болон хөрсөнд удаан хуримтлагдах, муу эсэргүүцэл зэрэг нь мөөг/мөөгөнцрийн өвчин үүсэх шалтгаан болдог. Тогтмол усаар холоос шүршиж байх сайн. Холоос шүршихэд навч, цэцгэн дээр усны дусал тогтохгүй. 
Асуулт - Хариулт: Навч шарлаад, цагаан хөвсгөр хөгц шиг юм ургаад байна. Юунаас ингээд байна вэ?
Энэ бол "гурилан" өт юм. Эхэндээ арчиж үз. Хэрэв хөгшин, хатаж байгаа навчин дээр бол тэр навчийг тайраад хаяж болно. Мөөгний эсрэг хор цацах нь дээр.
http://greenhome.org.ua/

No comments:

Post a Comment