Thursday, April 22, 2010

Монстера

Монстера (лат. Monstera) — зүссэн, хэрчсэн навчтай, халуун орны ороож мөлхөж ургадаг ургамал. Анх ботаникчид монстераг Филодендрон овогт багтаадаг байж, харин 1763 оноос Araceae овог болгож тэмдэглэжээ.
Эх нутаг: Америкийн халуун бүс.
XVIII-р зуунд анх Европд оруулж ирсэн байна. Харин XIX-р зуунд Английн колончлогчид Энэтхэгт авчирснаар Азид ургуулж эхэлсэн байна.
Этимологи: "Монстера" гэдэг нь латин "monstrosus" гэдэг үгнээс гаралтай юм байна. Энэ нь "Хачирхалтай", "Сонин", "Аймшигийн" гэсэн утга агуулсан. 
Заримдаа энэ ургамлыг "уйланхай" гэж нэрлэдэг гэнэ. Бороо хуртай өдөр, ялангуяа чийг ихтэй өрөөнд байвал навчнаас нь том том усны дусал гарч эхэлдэг гэнэ. Монстераг ажиглаж байгаад маргааш бороо орох үгүйг хэлж болдог гэнэ. Бороо цас орохын өмнө навчнаас нялцгай зунгааралдсан шүүс гарч эхэлдэг байна. 
Монгол нэр: Лагийн хуяг цэцэг, мөн зарим нь Мангалзаа ч гэдэг. Монгол бас нэг өөр нэр байдагийг нь мартаж. Ургамлын номнууд уншиж байхад нийт 3 өөр нэрээр бичээд байсан. 
Тасалгааны нөхцөлд монстерагийн навч ойролцоогоор 30 см урт ургадаг. Заримдаа том навчны хэмжээ 50 см хүрдэг. Монстера нь ороож ургадаг мөлхөө мод, иймд эгц ургуулахын тулд түүнд тулгуур хийж өгнө. Тулгуур голоо ороож дээш ургах нь талбай ч мөн хэмнэдэг юм. Ингэхдээ агаарт байгаа ил үндэс нь хөрсөнд хүрч байх ёстойг анхаараарай. Агаарт байгаа ил үндэсийг шууд хөрсөнд хүргэж өгч болно. Эсвэл үндэс болгонд хөрстэй тусгай уут бэлдэж өгдөг. Агаарт унжсан ил үндэсүүдийг тайрч болохгүй. Ургах цэг нь мөчирний үзүүрт байралдаг.
Жимсийг нь иддэг байна
ТӨРӨЛ
Нийт 50 гаруй төрөл байдаг.
Monstera deliciosa Lieb.
Monstera friedrichsthalii - Swiss Cheese plant
Monstera obliqua
Variegated Split-leaf Philodendron 'Albo Variegata' (Monstera deliciosa)
Yellow Variegated Split-leaf Monstera 'Borsigiana, Aurea Variegata' (Monstera deliciosa)
Variegated Monstera deliciosa
АРЧИЛГАА
Цэцэглэлт
Цасан цагаан нөмрөгтэй, годонтой цэцэг нь тэр бүр тасалгаанд гардаггүй. Цэцэглэснээс нэг жилийн дараа чернилэн ягаан өнгийн жимс бий болдог, амт нь хан борогцоог санагдуулдаг байна. Жимсийг шууд идэж болдог, мөн салат г.м -д хийдэг байна.
Ургалт: хурдан.
Агаарын дулаан
Түр зуурын агаарын дулаан хүйтний хэлбэлзлийг тоохгүй даадаг. Өвөл байх тохиромжтой агаарын хэм +16-18°С. Жилийн турш агаарын хэм өндөр байлгавал ургалт нь хурдан байдаг. Навчны хэмжээ бүүр томроод, далбаагаад, илүү их хэрчилттэй, гоёмсог болно. Мод улам дээш ургана.
Гэрэл
Нарны шууд тусгалд байж чаддаггүй. Сарнисан гэрэлтэй, эсвэл хагас сүүдэрхэг газар ургуулна.
Усалгаа
Өвөл хөрсийг үл ялиг чийглэг байлгадаг. Хэт чийгтэй байлгаж болохгүй. Усалгаа хооронд хөрс бага зэрэг хатсан байх хэрэгтэй. Бусад улиралд сайн, хангалттай усладаг. Гэхдээ доод тосгуурт илүүдэл ус удаан байлгаж болохгүй. Өвөл халаах төхөөрөмж, хэрэгслүүдээс хол байлгана.
Агаарын чийгшил
Агаарын чийгшил ердийн. Зөвхөн зөөлрүүлсэн бүлээн усаар шүршиж байх хэрэгтэй. Навчийг чийгтэй зөөлөн даавуугаар арчиж тоос болон дээрх бактери, микробуудаас салгана. Услах болон шүрших ус нь шүүлт багатай, шохойгүй, зөөлрүүлсэн, бүлээн ус байна. Заримдаа шүрших усандаа сулхан бордоо найруулж навчаар бордоо өгдөг. Энэ нь илүү үр дүнтэй байдаг.
Хөрс
Хар шороо+ялзмаг+хүлэрт хөрс+элс 1:1:1:1 гэж авна. Доор нь заавал дренаж хийж өгнө. Бордоог 4 сараас 8 сар дуустал өгч байна. Навчаар гоёдог цэцгийн минерал комплекс бордоогоор.
Шилжүүлэн суулгалт 
Залуу ургамлыг жил бүрийн хавар шилжүүлж суулгадаг. 3-4-нас хүрсэн бол 2 жилд нэг удаа. 5-аас дээш насны ургамлыг 3-4 жилд нэг удаа, гэхдээ жил бүр хөрсний өнгөн хэсгийг хусаж авч шинэ хөрс нөхөж хийж байх хэрэгтэй. 
Хөрсний бүтэц: ширгэн хөрс, ялзмагтай хөрс, хүлэрт хөрсийг элстэй 1:2:1:1 харьцаатай авж хэрэглэнэ. Том саванд илүү сайн ургадаг. Саванд суулгахдаа савны голд эхнээсээ тулгуур зоож өгдөг. Голын урт нь 70-100 см байна. Үүнийг хөвдөөр ороож өгдөг, хөвдөө гадуур нь төмөр утас, уяагаар боож бэхэлнэ. Хөвд байнга чийглэгдүү байна. Үүнээс хөрсөнд хүрдэггүй агаарт унжих ил үндэс чийг, тэжээлээ олж авна. Ингэсээр үндэс урт болж яваандаа хөрсөнд хүрэх урттай болдог байна. Гол тулгуур хийж өгөхгүй бол халиурч мөлхсөн, талбай их эзэлсэн навч хэдэн тийш ургана.
Үрслүүлэх арга
Ароидын төрлийн бусад бүх ургамлууд шиг мөчирний дээд үзүүрээр илүү сайн үрсэлдэг. Мөн мөчирний дунд хэсгээр үрслүүлж болдог. Шууд усанд үндэслүүлж болно. Доод навч унасаар яваандаа үзэмжгүй болдог. Ийм ургамлыг шинэчлэх, залуужуулах хэрэгтэй.
  
Мөчирний хэсэг бүрт доод тал нь нэг навчны зангилаа байх ёстой. Усанд, элсэнд, хөвдөнд үндэслүүлж болдог. Хурдан үндэслүүлэхийн тулд дээрээс нь гялгар уутаар хучиж болно. Дулаан-халуун газар байлгадаг 24-30°С. Үндэслүүлэх хөрс нь угаасан том ширхэгтэй голын элс, эсвэл жирийн элс хүлэрт хөрсийг хольж хэрэглэж болдог. Үндэслэлт 25-30 хоногт болно.
Энэ тухай "Аглаонемагийн үрслүүлэх арга" гэсэн хэсэгээс тодорхой уншина уу.
Агаарт сайн үндэслүүлж авах:
Агаарт ил унжсан, цухуйсан үндэс байдаг. Үүнийг нь сайн хөгжүүлж байгаад дараа нь эх цэцэгнээс тайраад, хөрсөнд суулгаж болно. Жишээ нь, устай сав тогтоогоод усанд үндэслүүлж байгааг доорх зургаас харна уу: 
Үндэс нилээн сайн үндэс хөгжсөний дараа эх цэцэгнээс таслаад суулгахад бэлэн болсон байгаа нь:
Үндэс цухуйсан хэсгийг эсвэл мөчирний зангилаатай үеээр усанд биш чийгтэй хөрстэй уутанд ороож боох, эсвэл чийгтэй хөвдөөр ороож гялгар уутаар боох зэрэг аргаар үндэс ургуулаад, дараа нь эх цэцэгнээс тайрч авч хөрсөнд суулгана. Энэ тухай "Аглаонемагийн үрслүүлэх арга" гэсэн хэсэгээс тодорхой уншина уу.
Нахиа дарж үндэслүүлэх:
Хөрстэй саванд мөчрийг нь доош дарж хэвтээгээр байрлуулж тогтооход яваандаа дарсан нахиа бүрээс үндэс гарна.   
 Байгальд ийм аргаар үрсэлж байгаа нь:
Сайн үндэслээд ирэнгүүт шинэ нахиа, навч ургаад гарсан хэсэг бүрээр нь хуваагаад суулгаж болно.
Үрээр үржүүлэх:
  
Үрээр бараг үржүүлдэггүй. Энэ нь их удаан, тэвчээр шаардсан ажил. Сонирхогчид л хийх байх. Үрийг дулаахан гэрэлтэй газар суулгахад 2— 4 долоо хоноод ургаж эхэлдэг. Эхэндээ нялх навч гардаг. Нялх навч нь бүтэн байдаг. Харин 5-8 сартай үрсэлгээнээс жинхэнэ салбархай навч ургаж эхэлдэг. Үрээр тарьсан монстера 2 нас хүрч байж насанд хүрсэн тооцогдно. 2 настайдаа маш сайн хөгжсөн үндэстэй, 3-5 нялх навчтай, 2-4 салбархай навчтай байна.
Монстера гэрт 
Тасалгааны уур амьсгалыг сайжруулдаг, агаар чийгшүүлж, озон, аэроион болон хүчил төрөгчөөр баяжуулдаг. Бидний орчин тойронд байгаа ДСП, пенопласт, хуванцар нийллэг эдлэлүүдээс ялгардаг формальдегид гэх өнгөгүй хийг шүүж сорж авдаг сайн талтай юм байна. Мэдрэлийн системийн доголдолтой, ядаргаанд орсон зэрэг хүмүүст эерэгээр нөлөөлдөг. Толгойны өвчин бууруулдаг, зүрхний хэмнэл алдагддаг хүмүүст ач тустай, мөн үүнээс гадна хордлогоос хамгаалдаг цэцэг гэж үздэг байна.
Арчилгаа бага шаарддаг ургамал тул айл албан газруудад их тархсан. Монстераг саруулхан албан тасалгаанд, хүлээн авах танхим, коридорт ургуулах тохиромжтой. Оросын нэгэн нийтийн номын санд хийсэн судалгаагаар монстера олноор ургуулсан уншлагын танхимд хүн илүү их цуглардаг, илүү сууж ном уншдаг гэнэ.
Дизайнерууд монстерагийн навчийг усанд хийж интерьерийн чимэг болгодог. Усанд хийсэн навч хэдэн сараар үзэмжтэй эрүүл байдаг байна. Гол нь усаа ойр ойр сольж, шилэн саваа сайн угааж байх хэрэгтэй.
Фенг Шүй
Маш эмх замбараагуй гэр оронтой айл монстераг ургуулах сайн гэнэ. Эмх замбараагүй орчны долгионыг шүүж авдаг, ундуй сундуй байдлыг цэгцэлдэг, хоорондын харьцааг тэгшилж тэнцвэржүүлдэг юм байна.
Монстера нь Охины ордныхны цэцэг (8 сарын 24 - 9сарын 23). Бүх ороож, мөлхөж ургадаг ургамлуудын адил цахилгаан соронзон туяа цацрагуудыг шүүхдээ бусад цэцэг ургамлаас илүү байдаг. Иймд ТВ, компьютер зэрэг хэрэгслүүдтэй өрөөнд байрлуулах сайн гэнэ.
Хорхой шавьж
Аалзан хачиг болон "щитовка" гэх гадуураа хатуу бүрхүүлтэй бор улаан өнгийн хорхой үрждэг. Аалзан хачиг нь халуун, хуурай агаараас үүсдэг. Агаарын солилцоо өрөөндөө сайн хийж байгаарай. Навчийг сайн савантай пoролоноор угааж, бүлээн шүршүүрт оруулж байх хэрэгтэй. 
Гарч болох хүндрэлүүд
Сүүдэр газар ургалт удааширдаг, навч унасаар халзан болдог.
Навчны ар талд олон бор толбо үүсээд байвал аалзан хачиг бий болсны шинж.
Бордоо тэжээл дутахлээр навч шарладаг.
Хэт усархаг хөрстэй байлгаад байвал навч шарлаад, илжирдэг.
Хэт хуурай агаар, эсвэл хэт багадсан савтай бол навчны үзүүр хатах, навч цаас шиг болох үзэгдэл ажиглагдна.
Хэт их нарны гэрэлд навч цайраад, бүдэгрээд, дээр нь шаргал толбо үүсдэг.
Гэрэл дутвал шинээр гарах навчны хэмжээ жижигрээд, бүдэгрээд, үе хоорондын зай уртсаад, сунадаг, мөн иш мушгиралдаж эхэлдэг.
Хэт их усархаг хөрстэй байвал ургамал "уйлах нь" их байдаг. Навчны гадаргуй дээр усны дусал гараад байдаг. Хөрсөө сайн хатааж байж дараагийн усалгааг хийгээрэй. Мөн ургамал уйлах үзэгдэл зүгээр бороо орохын өмнө болж болно.
Харанхуй газар байлгавал, мөн тэжээлийн дутагдалд орвол шинээр ургах навч бүтэн хэлбэртэй гардаг.
Хөгшрөх явцад доод навч унана. Энэ хэвийн үзэгдэл. Харин унахын өмнө навч хатаад, бор өнгөтэй болоод байвал үүний шалтгаан нь хэт их халуун өрөөнд байлгаж байгаагаас.
Хөгшин ургамал мош олон агаарын үндэс гаргадаг. Тэднийг нь тайрах хэрэггүй. Доошоо савтай хөрсрүү нь чиглүүлж өгвөл ус тэжээлээ аваад илүү сайн ургана.

No comments:

Post a Comment