Wednesday, November 17, 2010

Угсаргана - Зигокактус - Шлюмбергера

Шлюмбергера (Schlumbergera) буюу Зигокактус (Zygocactus) 
Овог: Кактусын Cactaceae Juss.
Хэвшсэн нэршил: Зул сарын кактус, Зул сар, Декабрист.
Монгол нэршил: Угсаргана
Анх үүнийг зигокактус (zygocactus) гэж нэрлэж байгаад, хожим нь Шлюмбергерын төрөлд (Schlumbergera) оруулдаг болжээ. Анхны гибридыг Англид 170 жилийн өмнө гаргаж авч байсан байна. АНУ-ын Массачусетсын Их Сургуулийн профессор Томас Х. Бойлын онолоор энэ кактусан цэцгийн ихэнхи гибридыг Schlumbergera truncata болон Schlumbergera russelliana гэсэн төрлөөс гаргаж авсан байна.
Шлюмбергера гэх сонин нэр нь нэрт эрдэмтэн, кактус судлаач, селекцчин Шлюмбергерын нэрнээс гаралтай юм байна. 
Угсаргана нь эпифит ургамал - өөр ургамал дээр наалдаж тогтдог, агаараас болон гаднах орчноосоо өөрөө тэжээл, усаа шүүж аваад байдаг. Байгальд модны үндэс, иш, мөчир дээр ургадаг.
Бразилийн халуун зуны адаг сард цэцэглэдэг. Тасалгааны нөхцөлд ч гэсэн энэ зуршилаа хадгалдаг. Ихэнхи тасалгааны цэцгүүд амарч байхад угсаргана цэцэглэж байдаг. 

Мэргэжилтнүүд угсарганыг 3 хэсэгт хуваадаг:
1. 10-11 сард цэцэглэдэг,
Thanksgiving cactus-Schlumbergera truncata cultivars

2. 12 сард Католик шашинтнуудын Зул сарын баяраар цэцэглэдэг,
Christmas cactus - Schlumbergera x buckleyi, 1840 онд  Англид William Buckley гаргасан гибрид.

3. 4 сард мөн л христос шашинтнуудын Easter-ийн баяраар цэцэглэдэг.
Easter Cactus ‘Sirius’ p.p. (Rhipsalidopsis hybrid)
Угсаргана нь кактусын төрлийн цэцэг. Гэхдээ цөлийн кактус биш, ойн кактус, уулын кактус гэж явдаг байна. Нийт 5 янзын угсаргана байдаг. Ампель хэлбэрээр эсвэл кактус хэлбэрээр ургуулдаг. Урт нь 50 см хүрдэг. Ургалт хурдан. Тасалгаанд 20-30 жил ургадаг. Урт настай цэцэг.
АРЧИЛГАА
Агаарын дулаан: зун +18 – 20С, өвөл +12 – 16С градус.
 
Агаарын чийгшил:
Манай нөхцөлд байнга шүршиж байна. Хэт их усалгаа нь угсарганыг үхүүлж болдог. Харин өдөр бүр шүршиж байх нь илүү сайхан ургахад хүргэнэ.
Гэрэл:
гэрэлсэг, сүүдэрт болон хагас сүүдэрхэг газар ургаж чаддаг, сарниулсан тод гэрэл тохирдог. Богино өдрийн ургамал. Богино, сэрүүн өдөр 2 сарын турш бий болгож өгснөөр цэцэглүүлдэг.
Усалгаа:
Цөлийн кактус шиг сар усгүй байгаад байж чадахгүй. Бараг навчит ургамал шиг усалгаа шаардагддаг. Хөрсний өнгөн хэсэг хатсан тохиолдолд дараагийн услагааг хийнэ. Савны ёроолд дренаж заавал хийж өгнө. Усалгаа хэтрүүлсэн бол төрөл бүрийн мөөгний өвчин, хөгц, илжрэлт үүснэ.
Бордоо: 
Бордоо шаардах нь харьцангуй бага. Гэрийн нөхцөлд жилдээ 2-4 удаа л борддог байна. Бордоо нь сайн чанарын, усанд уусдаг, азот-калий-фосфор болон бусад элементуудын орцтой байна. Бордооны уутан дээр 20-20-20 (N-P-K) гэсэн бичигтэйг аваарай. N-азот, P-фосфор, K-калий гэж байгаа. Жирийн крантны усаар услаад байвал хөрсөнд давс хужир ихээр хуримлагддаг.
Бордоог цэцэгний бундуу гарахаас 1 сарын өмнө зогсоодог.
Хавар-зун бордох хэрэггүй. Намар-өвөл бол 2 долоо хоноод нэг удаа. Кактусын бордоо хэрэглэж болно.
Үрсэлгээ:
2-3 угсарсан хэсэгтэй мөчрөөр хавар 4-5 сард үрслүүлдэг. Тасдаж авсан навчийг 2-3 өдөр зөөлрүүлж ил, тасалгааны температурт, нарны гэрлээс хол тавьна. Хугалсан хэсэгт шилэрхэг гадаргуй үүсэнгүүт элс эсвэл хөрсөнд суулгаж үрслүүлдэг.
  
Шилжүүлэн суулгалт: 
 
Ургалт үе эхлэхээс өмнө хавар, эсвэл бундуу гарахаас өмнө намар шилжүүлдэг. Органик хүлэрт хөрсөнд сайн ургадаг. Хөрс маш хөвсгөр, сийрэг, хөнгөн, агаар сайн нэвтрүүлдэг байх ёстой. Хөрсний хүчил рН = 5,5 -6,5.
Тайралт: 
Цэцэглэлт дуусангуут мөчирний үеүүдээс тасдаж хэлбэржүүлж өгнө. Тасдахдаа доод үеийг барьж байгаад, дээд тасдах үеийг эргүүлж мушигдаг. Хутга, хайчаар тайрч болохгүй! Тасдаж өгөх нь цэцэглэлт олон болгодог ба олон цэцэг даах чанга иш бий болгодог.

Зөв хэлбэржүүлсэн, арчилсан угсаргана нь удаан насладаг. Зарим угсаргана 20 болон түүнээс удаан жил насладаг байна. Удахлээр иш нь модорхог болдог.
Хорхой шавьж, өвчлөл:
бусад цэцгүүдэд гай болохоор хорхой шавьжинд баригдаад байдаггүй. Маш ховор тохиолдолд шүүсэрхэг зүйл ялгаруулдаг нялцгай биетэнд халдагддаг. Мөөгний ялаа, трипс, үндэсний өт – ийм зүйлүүдэд өртөж болдог. Гэхдээ эдгээр нь бүгд хэт их усалснаас бий болдог. Авах арга хэмжээ гэвэл - ургамлыг бүхэлд нь устгах, шатаах. Дэлгүүрүүдэд зарж байгаа хор хэрэглэж болно. Гэхдээ устгахыг зөвлөж байна гэнэ.
Өвчилдөг гол 5 өвчин: шилбэний хуурай хөгц, саарал илжрэлт, некротик толбоны вирус, үндэсний илжрэлт фитофтора, питиоз үндэсний илжрэлт.
Зарим бактерийн болон мөөгөнцрийн гаралтай өвчнүүдэд өртдөг. Бактерийн гаралтайгаас Erwinia группийн бактерийн өвчин - ишний доод ёроолд хар өнгийн нялцгай, нойтон хар толбо үүсдэг. Дээшилсээр бүх ишийг бүрхдэг. Зарим тохиолдолд иш өнгөгүй болж, улаавтар туяатай болно. Тийм газарыг барьж үзэхэд гулгамтгай, нялцгай. Бактерийн эсрэг хор тэр бүр тус болдоггүй. Гэмтсэн хэсгийг тайрч хаяхаас өөр арга үгүй. Ер нь бол гэмтсэн хэсгийн дээрх эрүүл үзүүрээс мөчир хугалж авч үрслүүлээд, өвчтэй цэцгийг устгах хэрэгтэй.
Мөөг болон мөөгөнцрийн өвчнөөс фузариоз, фитиум, фитофтора байна. Фузариоз нь мөчирний үзүүрийг тасдахад халдвар ордог, эсвэл хорхой шавьж хазсан нүхээр халдвар ордог байна.
Фитиум, фитофтора нь ариутгаагүй хөрсөөр дамжиж халдварладаг - ихэнхидээ үндсийг устгадаг өвчин юм байна. Өвчилсөн шинж тэмдэг - чийгтэй хөрстэй мөртлөө унжийсан байвал. Ургамлын өнгө нь бүдэг саарал туяатай болдог.
Гэрийн тэжээвэр амьтад идсэн байхад айлтгүй. Угсаргана нь токсик биш. Бөөлжүүлэх, загатнаа, маажуур үүсгэх, хордуулах ямар нэгэн бодис байхгүй. Гэхдээ маш ховор тохиолдолд заримдаа муур, нохой бөөлжсөн, туулгасан байдаг. Энэ нь магадгүй таны хэрэглэсэн шавьжны хор, эсвэл бордооны үлдэгдэл ургамал дээр байсан байж болно.
Easter cactus
Цэцэглэхгүй байна:
Энэ кактус, суккулент ургамал гэдэг ч жинхэндээ сэрүүн орчинд илүү таатай ургадаг. Халаах төхөөрөмжүүдээс хол байлгана. Сэрүүн орчинд байлгавал илүү удаан цэцэглэдэг. Нэвт салхи, хүйтэн агаарын урсгалаас халхалж байна. Агаарын хэм дээш доошоо хэлбэлздэг газар байлгавал бундуу унана. Тохиромжтой орчин +20°С.
Цэцэгүүлэхийн тулд гэрэл хэрэгтэй. Нарны хурц тод гэрэлд тавих хэрэггүй. Навч түлэгднэ. Зун гадаа сүүдэрт тавьж болно.
Thanksgiving cactus
Угсарганы хуанли
Өвөл. 12 - 1 сард өвөрмөц хэлбэрийн цэцгээрээ таныг баярлуулна. Тогтмол услаж, бордож байна. Кактусын бордоогоор борддог. Цэцэглэж байхад нь гар хүрч болдоггүй. Эргүүлж, зөөж, байршлыг нь өөрчилж болохгүй.
2 сараас усалгааг багасгаад сэрүүн өрөөнд байлгадаг. Энэ нь амралт үе юм. Амралт үе нь ойролцоогоор 3 сарыг дуустал болдог. 
Хавар. 4 сарын сүүл-5 сард үрслүүлээд, шилжүүлж суулгадаг. Хөрс: навчин хөрс, шигдэн хөрс, элс 2:1:1. Мөн дээр нь модны нүүрс нэмнэ. Заавал дренаж савны доор хийнэ.
Зун. Агаарт гаргасан нь дээр байдаг - жишээ нь балкон дээрээ гаргах. Тод, хурц гэрлээс хамгаалж өгнө. Зөөлрүүлсэн усаар хөрс хатсан үед сайн услаж байна.
Намар. Цэцэглэлтэнд бэлтгэдэг. Бундуу үүсгэх гол нөхцөл:
1. богино өдрийн горимд оруулах,
2. сэрүүвтэр агаар, 
3. усалгаа багасгах.
Угсаргана "термо-фото хэмнэлтэй" ургамал. Цэцэглэлт үерүү оруулахын тулд өдрийн гэрэлийн урт, агаарын температур хоёрыг уялдуулна. Хамгийн чухал зүйл өдрийн гэрлийн хугацааг богиносгох. Өдөр 10 цаг гэрэлд байлгаад харанхуй шөнө болгоход ургамал цэцэглэх цаг болж байна гэсэн дохио авдаг. Цэцэгний бундуу бүрэлдэж эхлэхэд хоногийн 14 цаг харанхуйд байлгадаг. Шөнө, оройн цагаар гэрэл огт асаадаггүй өрөөнд байлгахыг зөвлөдөг.
Гэрэлд маш мэдрэмтгий ургамал. Өдөр 10 цаг цонхон дээр байлгаад, дараа нь харанхуй, огт гэрэл чийдэн асаадаггүй өрөөнд өглөө хүртэл байлгана. Цонхоор тусах замын гэрэлтүүлэг цэцэглэхэд нь саад болдог ч гэж бичсэн байдаг. Иймээс зүгээр битүү, зузаан цаасан хайрцганд хийгээд зузаан материалаар дээгүүр нь бүтээж болох юм. Бундуу цухуйгаад ирсэн бол харин орой гэрэл асаахыг тоодоггүй.
Зузаахай, мөнгөний мод болон бусад крассулагийн төрлийн суккулентуудын адил богино өдрийн горимыг сэрүүн +13-15°С агаартай хослох хэрэгтэй. Үүний тулд 8 сарын сүүл - 9 сард усалгааг багасгаад, цөөрүүлээд, сэрүүн газар (+10-15°С градусаас дээшгүй) тавьна. 
11 сард бундуу үүсэж эхэлдэг тул усалгааг ихэсгэж өгнө. Мөн дулаахан газар байрлуулна. Агаарын дулаан +15° С градусаас доошгүй байна.
Өөр нэг анхаарах зүйл: цонхруу харсан навчны үзүүрүүдэд эхэлж бундуу цухуйдаг. Нөгөө талд нь адилхан бундуу гаргах гээд хүмүүс савтай цэцгээ эргүүлдэг. Энэ бол алдаа. Бундуулж байгаа цэцгийг огт оролдож болохгүй. Эргүүлчихвэл гарсан бүх бундуу унаж болно, гарах байсан бундуу гацаад цухуйхгүй.
Температурын өөрчлөлтөөс болж цэцэгний өнгө хувирдаг. 
Хэрэв шөнөдөө агаарын хэм +10-12°С-ээс доош буувал, цагаан, шар болон бүдэг цайвар өнгийн цэцэгнүүд ягаан туяатай, ягаан өнгөтэй болж ирнэ. Иймч учраас 11 сард дулаан өрөөнд оруул гэж дээр заасан байгаа. 11 сарын дундаас дулаахан газар байрлуулвал ийм өнгөний хувирал явагдахгүй. Ягаан өнгө гарч ирэхгүй.
Мөн ягаан өнгийн цэцэгтэй угсарганыг дээрх аргаар арчилвал ягаан өнгө зонхилох больж, цагаан алаг, ганган цэцэгтэй болно.

No comments:

Post a Comment