Tuesday, November 5, 2013

Бенжамина удамборын навч унаад байна

АСУУЛТ - ХАРИУЛТ: Manaih Bendjaminy udombortoi. 2-3 jil urgal bgaa yum. Sayahnaas dood talyn navch n' sharlaad bna. Yaval deer ve? Neg heseg joohon gerel muutai gazr bailgasan yum ternees bolson yum bolov u? 
Бенджамина Фикус (Ficus benjamina)
Навч шарлаж болох олон шалтгаан байдаг: 
1. Байгалийн жамаар шарлаж болно
Навч нь мөнхийн биш. Навчны нас ойролцоогоор 2-3 жил. Үүний дараа навч шарлаад унадаг. Залуу фикусын ихэнхидээ доод навч шарлаж унадаг, иш, шилбэний доод хэсэг нь модорч хатуурдаг. 
2. Ургах нөхцлийг өөрчилсөн
Фикусын байршлыг өөрчилсөн, сав сольсон, шилжүүлж суулгасан гэх мэтийн өөрчлөлтүүдээс болоод ургамал стресст ордог. Навч шарлаж унах нь үүний нэг илрэл нь юм. 
Шилжүүлж суулгахдаа алдаа гаргасан байж болно: буруу хөрс сонгосон, буруу суулгасан, хэт том саванд суулгасан, шилжүүлж суулгангуутаа шууд усалсан, үндэс гэмтээсэн гэх мэт.
Хэрэв фикусын байршлыг саяхан сольсон бол (1-2 долоо хоногийн өмнө), хуучин байсан газар нь эргүүлээд тавих хэрэгтэй. Фикус байршил сольход дургуй. Шинэ нөхцөлд дасан зохицохдоо маш муу. Ялангуяа шинэ байршил нь хуучнаасаа гэрэл муу бол навч шарлана.
3. Буруу усалгаа
Фикусыг хэт чийгтэй байлгаж болохгүй. Усалгаа хооронд хөрс хатсан байх ёстой.
Хэрэв хэт усалснаас болж үндэс илжрээд эхэлсэн бол 2 долоо хоног усалгааг зогсоох хэрэгтэй. Энэ хугацаанд сайжрах зүйл ажиглагдахгүй бол шинэ хөрсөнд шилжүүлж суулгана. Ингэхдээ муудсан үндэсийг тайрч хаяна. Ихэнхи тохиолдолд навч шарлах нь буруу усласнаас болдог. 
4. Буруу арчилгаа/нөхцөл
Таны мод хэт хүйтэн, эсвэл хэт харанхуй газар ургаж байж болно. Фикусын эх орон нь халуун тропик. Гэрэлсэг газар дуртай. Нэвт салхинаас болж стресст ихээр ордог. Нарны шууд гэрэлд байлгах хэрэггүй. Гэхдээ намар-өвлийн улиралд нарнаас халхалах хэрэггүй. 
Агаарын дулаан +18-20°C байвал хамгийн тохиромжтой. Агаарын хэм хэт хэлбэлзэж болохгүй. Жигд дулаантай өрөөнд байх нь дээр. Үлээх, халаах төхөөрөмжүүдийн хажууд байршуулах хэрэггүй. 
5. Хортон шавж
Навч бөгөөд хөрсийг сайн ажиглаарай. Ямар нэгэн хорхой шавьж олдвол тусгай бодисоор устгана. 
За эдгээр зүйлүүдээс юу юу буруу байсныг олж мэдэж болох байх. Цаашид ургах нөхцлийг тогтмол хэвийн байлгавал зүгээр ургаад байна. Навч болон мөчирөн титэмийг “Эпин”, “Циркон” зэргээр шүршвэл уналтыг зогсоож болно. (Гэхдээ ургах нөхцлийг сайжруулалгүй зүгээр шүршээд нэмэргүй).
http://flowers.cveti-sadi.ru/pochemu-u-fikusa-zhelteyut-listya/


Удамборыг залгаж бонсай хийх арга
Энэ аргын гол зарчим нь - генетикийн хувьд нэг төрөл/сортын, адилхан нэг хэмнэлтэй/хурдтай ургадаг ургамлын мөчирнүүдийг хооронд нь залгахад оршино. Үүнд алаг навчтай Бенжамины удамборын Наташа сортыг (Ficus benjamina 'Natasja') ашиглав.
Нарийхан туяхан ишнүүдийг нийлүүлж, чанга спиральдаж эргүүлж ороож боодог тул Бенджамины удамбор хамгийн тохирсон материал болно. 
1. Алаг навчтай удамбороос 25 см урттай ижил есөн үрсэлгээ шилж авлаа.

2. Бие биенээс нь салгаад илүүдсэн навч, салаа мөчирнүүдийг тайрна.

3. Бэлэн болсон есөн үрсэлгээгээ ямар нэгэн гол/тулгуур (жишээ нь, модон савх)-ыг тойруулаад жигд байрлуулна.

4. Хооронд нь чанга наалдуулж спиральдаж эргүүлж байгаад төмөр утсаар орооно.

5. Эцсийн үр дүнд ийм жижигхэн мод болох ёстой. Одоо есөн ишнүүд маань хоорондоо наалдаад залгагдахыг хүлээх үлдлээ.

Бенджамины удамборын арчилгаа:
Усалгаа
сайн, өвөл багасгах; өдөр бүр шүрших 
Бордоо
6 - 9 сарын хооронд 4 долоо хоногт нэг удаа, 10 - 3 саруудын хооронд 6-8 долоо хоногт нэг удаа тус тус удаан задардаг органик бордоогоор; эрүүл ургамлыг өвөл нэг удаа бордож болно. Шингэн, хатуу бордоог ээлжилж хэрэглэх сайн. 
Шилжүүлэн суулгалт
2 жилд нэг удаа, шилжүүлж суулгахдаа үндэсний 1/2 тайрч богиносгодог. 
Тайралт
Мөчрөн титэмийн шингэрүүлсэн тайралт хийж шинэ мөчир нахиаг богиносгоно. Зүсэлтээс цагаан сүүн шингэн ялгардаг тул тайрсан газруудыг усаар шүрших хэрэгтэй. 
Төмөр утсаар мөчир чиглүүлэх
Мөчир амархан хугардаг тул бусад бонсай шиг мөчирнүүдийг төмөр утсаар чиглүүлэх хэрэггүй гэдэг. 
Агаарын хэм
Тасалгааны; дулаанд дуртай ургамал 
Гэрэл
Гэрэлтэй газар, нарны шууд тусгалаас халхална; сүүдэрхэг газар ургаж чадна. 
Анхаарах зүйл
Ялгарах сүүн шүүс нь хортой. Аллерги үүсгэж болно.
Бенджамины удамбор агаар сайн цэвэрлэдэг ургамал. Ургахдаа хурдан, салаалж мөчирлөхдөө сайн, арчилгаа шаардаад байдаггүй, хөрс голдоггүй - бонсай ургуулж эхэлж байгаа цэцэгчинд хамгийн тохирсон ургамал.
Хэлбэржүүлэлт
Тайралт, болон төмөр утсаар титэмийг ямар ч хэлбэрт оруулж болно. Тайрах тусам титэм илүү өтгөн, шигүү болдог.
Онцлого
Фикус нэвт салхинд байж чаддаггүй - навчаа гөвнө. Чийгтэй агаарт илүү дуртай. Гэрэлсэг ургамал. Сүүдэрхэг газар байж чаддаг, гэхдээ ургалт удааширна. Алаг навчтай сортууд илүү их гэрэл шаарддаг. Сард нэг удаа чихэртэй усаар усладаг (1 цайны халбага элсэн чихэр 1 литр усанд наруулна).
Гарч болох хүндрэлүүд
Ойр ойрхон байршил солих, агаарын хэмийн огцом өөрчлөлт, нэвт салхи, хүйтэн салхинаас навч унадаг.
http://www.bonsaichik.ru/bonsai_view_25

No comments:

Post a Comment