Friday, November 7, 2014

Гипоэстес

Гипоэстес (Hypoestes) нэр нь грек хэлнээс: hypo — доорх, estia — гэр, байшин. Гипоэстесийн цэцэгний хэлбэрээс ийм нэртэй болсон гэнэ.
Овог: Acanthaceae
Англи нэршил: Polka Dot Plant, Freckle Face, Measles Plant. Мeasles Plant гэдэг нэр нь хөөрхөн юм. "Салхин цэцэгтсэн" гэсэн утгатай. :-)) 
Нийт 150 төрөл байдаг. Африк, Мадагаскарт их тархсан ургамал. Селекцийн аргаар маш олон сорт, төрлийг гаргаж авсан. Тасалгаанд ихэвчлэн Hypoestes phyllostachia тарьдаг.
Ургалт: хурдан.
Цэцэглэлт: зун болдог.
Амралт үе: мэдрэгдэхээр амралт үед ордоггүй.
Дэлгүүрээс авсан тод алаг өнгийн навчнууд нь танай гэрт ирээд бүдэгрээд, цайраад байвал битгий гайхаарай. Өнгийг нь тод болгох гэж хүчтэй зүйлээр борддог юм. Яваандаа танайд дасаад сэргээд ирнэ. Тасалгаанд ургуулах амархан.
АРЧИЛГАА
Агаарын дулаан: Дулаанд сайн ургана. Зун хамгийн тохирсон хэм +22-25°C, бөгөөд +18°С-аас бууруулж болохгүй. 
Намар-өвөл +17°С-аас дээш хэмд байлгана. Гипоэстес агаарын хэм огцом өөрчлөгдөх, халуун хүйтэн агаарын хэлбэлзэлд маш мэдрэмтгий. Навчаа шууд гөвдөг. +15°С-ас доош хэмтэй, сэрүүн газар байлгавал өвчилж эхэлдэг.
Хүйтэн агаарын урсгал, нэвт салхинаас хамгаалж байх шаардлагатай. Ялангуяа өвлийн улиралд. Халаах төхөөрөмж, халуун хүйтнээр үлээх кондиционеруудын дэргэд байрлуулж болохгүй.
Гэрэл: Дөрвөн улирал жигд дулаантай, гэрэлтэй газар байлгадаг. Навчны толбон хээ гэрлээс шууд хамаарна гэж хэлж болно. Тод сарнисан гэрэлд сайхан ургана. Харин зуны халуунд, мөн хурц наранд үхэж болох тул хамгаалж байна. Зуны наранд түлэгднэ. Иймээс зүүн зүгийн цонх илүү тохирдог.
Гипоэстесын өнгөний тод, бүдэг нь гэрэл, бордооноос шууд хамаардаг. Сүүдэрт навч цайрдаг. Өвөл харин нарны илч буураад урд зүгрүү харсан цонхны тавцан тохирно. Өвөл өдөр богино тул гэрэл ихээр дутагддаг, үүнээс болоод навчны толбон хээ алга болж болно. Хавар яваандаа өнгө зүс нь тодроод, сайжирна.
Тайралт, чимхэлт: Гипоестес хурдан ургадаг. Харамсалтай нь доод навч нь дорхноо унаж үзэмжгүй харагдуулна. Үүнээс сэргийлэх нэг арга бол ургалт үед тогтмол чимхэлт хийж байна. Энэ нь шинэ шинэ тод толботой навч гаргахад хүргэдэг. Тайралтаас гарсан мөчирнүүдийг үрсэлгээнд хэрэглэж болно.
3 сарын эхээр шинэ нахиа үндэснээс цухуйж ургана. Энэ үед маш сайн тайралт хийдэг. Ишнээс нь 2—3 см урт үлдээж тайрна.
Тогтмол чимхэлт, тайралт хийгээд байхаар та гипоэстесыг цэцэглэж байхыг харахгүй нь мэдээж. Гэхдээ санаа зоволтгүй. Цэцэг нь жижигхэн, нүдэнд тусахааргүй, навчаар нь гоёсон нь дээр. Тэгээд ч цэцэглэсэн ургамал дорхноо хөгширч, үзэмжээ алддаг.
Агаарын чийгшил: Гипоэстес хуурай агаар даахдаа муу. Иймд, бүтэн жилийн турш өдөр бүр усаар шүршиж байна. Өвөл халаалтын төхөөрөмжүүд ажиллаж байгаа үед буцалсан бүлээн усаар өдөрт 2-3 удаа шүрших хэрэгтэй.
Навч гялалзуулдаг лак хэрэглэж болохгүй. 
Усалгаа: Хавар, зуны цлиралд усалгааг сайн хийж байна. Гэхдээ хөрсний өнгөн хэсэг хатсан үед дараагийн усалгааг хийдэг. Хавар тайралт хийсний дараа ус ууршуулах олон навч байхгүй тул усалгааг багасгадаг. Навч нөхөж ургах явцад бага багаар нэмээд байна.
Намар 10 сараас эхлээд усалгааг багасгаад, цөөлдөг. Хөрсний өнгөн үе хатсаны дараа 1-2 хоног хүлээгээд усалдаг. Гэхдээ хөрс хатааж огт болохгүй.
Олон навчтай тул ууршуулах талбай их. Иймээс ус уухдаа сайн. Хөрс хатааж болохгүй. Нэг удаагийн хөрс хаталт бүх навчаа гөвөхөд хүргэж болдог.
Мөн нөгөөтэйгүүр хөрсний хэт их ус чийг үндэс амархан илжрүүлдэг.
Шилжүүлэн суулгах: Ургуулах сав нь намхан, хавтгай байвал илүү тохирно. Ийм саванд нэг дор хэд хэдэн төрлийг алаглуулж үзэмжтэй зохиомж хийж болдог. Савны ёроолд илүүдэл ус урсаж гарах нүх заавал байх ёстой. Мөн зузаан дренаж дэвсэж өгдөг. 
Хөрс хөнгхөн, тэжээллэг байна: ялзмаг, навчин хөрс, хүлэрт хөрс, том ширхэгтэй голын элс (1:1:1:1).
Гипоэстесыг жил бүр хавар шилүүл суулгадаг. 2-3 жилийн настай ургамал доод навчнууд нь унасаар нүцгэн иштэй гоё харагдахаа байдаг. Гипоэстесийг жил бүр, эсвэл 2 илд нэг удаа шинэчилсэн нь дээр. Хуучин ургамлынхаа үзүүрээс үрслүүлээд шинээр бут ургуулж авах гэсэн үг.
Бордоо: Та өөрт байгаа минерал бордоонуудаа хольж, туршиж байж гипоэстест таарах бордоогоо олж авсан нь дээр. Туршиж байх явцад навчны толбоны хэмжээ, өнгө зүс өөрчлөгдөж болно. Цагаан толбо нь ягаан болж хувирна.
Хавар, зуны турш 3-4 долоо хоногт нэг удаа борддог. Өвөл бордох хэрэггүй. Калий илүү агуулсан комплекс минерал бордоо байхад болно. Калий буюу "К" гэсэн үзүүлэлтийг бордооны уутан дээрх найрлагаас нь хараарай. Калий нь навчны алаг тод хээг хангаж өгдөг. Гэхдээ бордоо хэтрүүлсэн бол навчны өнгөт толбонууд цайрдаг.
Органик бордоонд мөн дуртай. Хөрсөнд нв ялзмаг хольж болно.
Үрслүүлэх арга: 
Мөчирний хэсгээр +22—24°С хэмд, хөрсөнд шууд суулгаад, вакумдаж үндэслүүлдэг. Мөн мөчрийг усанд үндэслүүлж болно.
 
Гипоэстесийг үрээр мөн ургуулдаг.
  \
Үр суулгаад 7 хонож байгаа байдал
1 сартай
 
2 сартай
Гарч болох хүндрэлүүд:
Намар, өвөл - хэт услаж үхүүлэх аюултай. Усалгаа ихэдхэд навч шарлаж, унжийгаад, үхдэг. Хэт хуурай агаарт, эсвэл хэт их тод гэрэлд навч үрчийдэг. Хорхой шавьжинд баригдах нь цөөн.
Гипоэстес, Фиттония -ийн ялгаа:
Гипоэстес (Hypoestes)                                                        Фиттония (Fittonia)
Гипоэстесийг адилхан навчаар гоёдог Фиттония-тай андуурдаг. Ялгаж болнo: гипоэстес нь будаг цацсан мэд толбонуудтай бол, фиттония нь зураасан судалтай.
Зураг flickr.com: rohini_kamath, jerryoldenettel, Tralamander, **heidi**, afriorchids, Faaxaal, knoxilla, photocheck2, vanstaffs, quadrapop, Samantha Kotz, Moosetrackz, dana.bee, www.yandex.ru

No comments:

Post a Comment