Wednesday, November 5, 2014

Гастерия

Гастерия (Gasteria) суккулент ургамал. Эх нутаг — Өмнөд Африк. Нэр нь латин «gasltron» — "гүзээтэй сав" гэсэн үгнээс гаралтай. Цэцэгний ишний доогуур бүдүүрсэн хэсэг байдагтай холбоотой гэнэ. 70 гаруй төрөл байдаг.
Gasteria excelsa
Навч хатуу, махлаг шүүслэг, гурвалжин эсвэл дугуй хэлбэрийн үзүүртэй, бараан ногоон өнгийн, дээрээ төрөл бүрийн цэг, толбо, зураас мэтийн хээтэй. Залуухан ургамлын навчин таваг нь цомхон, цэвэрхэн харагддаг бол томрох тусам бутны хэлбэр алдагдаж, үзэмж муутай ургадаг. 
Gasteria glomerata
Навчны урт 3,8-аас 25 см, гөлгөр гадаргуйтай. Цэцэг нь үзэсгэлэнтэй. Жижигхэн бутны хүртэл цэцэгний иш нь заримдаа 40-70 см өндөр сунадаг. Насанд хүрсэн бутанд бүтэн нэг эгнээ навч гарсны дараа нэг цэцэгний иш ургадаг. Цэцэг нь тод өнгөтэй, улбар шараас улаан, шар, ногоон зэрэгээр солонгорсон. Ар араасаа дэлгэрсээр бараг нэг сар цэцэглэдэг.
ТӨРӨЛ

Gasteria verrucosa
Gasteria carinata
Gasteria maculata
Gasteria liliputana
Gasteria acinacifolia
Gasteria armstrongii
Gasteria bicolor
Gasteria caespitosa
Gasteria marmorata
Gasteria trigona
АРЧИЛГАА
Гэрэл 
Сүүдэрт тэсвэртэй. Гэхдээ зуны улиралд тод гэрэл шаарддаг. Нарны шууд тусгалаас хамгаална.
Тохиромжтой байршил - зүүн болон баруун зүгрүү харсан цонхны тавцан. Хойд зүгрүү харсан цонхон дээр ургадаг ч цэцэглэхгүй байж болно. 
Зундаа гадаа агаарт гаргаж болно, нар бороо салхинаас хамгаалж нөмөрт тавьна. Хэрэв гадаа гаргах боломж байхгүй бол өрөөны цэвэр агаарын солилцоог байнга анхаарч байх.
Намар - өвөл гэрэлсэг газар байрлуулна. Нарнаас энэ үед халхлах шаардлагагүй. Хүсвэл нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгч болно. Үүний тулд өдрийн гэрэлтэй чийдэнг ургамлын дээр 30-50 см зайтай байрлуулна. Өдөрт 8 цаг асаалттай байлгана. 
Хэрэв цонхгүй, байгалийн гэрэлгүй өрөөнд ургуулах бол өдөрт 16 цаг өдрийн гэрэлтэй чийдэнгийн дор байлгах хэрэгтэй . 
Агаарын дулаан
Гастерияг хавар-зуны улиралд +18-25°С хэмд, харин өвөл амралт үед ордог тул сэрүүвтэр +6-12°С хэмд байлгадаг. Үүнээс дулаан өвөлжүүлвэл цэцэглэхгүй, эсвэл муу цэцэглэдэг. 
Намар - өвөлдөө +15-25°C хэмд байлгасан гастериягийн цэцэгний иш дээш сунаж гарч ирэлгүй бундуу хатаад байдаг.
Агаарын чийгшил
Хуурай агаар даахдаа сайн. Шүрших хэрэггүй.
Gasteria verrucosa
Усалгаа
3 сараас 10 сарыг дуустал усалгааг хөрсний өнгөн үе хатах бүрийд сайн хийнэ. Хөрсний хэт их чийгийг даахдаа муу. Тиймээс тохируулж усална, хөрс хатааж болохгүй. Намар - өвөл усалгааг багасгана /ялангуяа сэрүүн газар өвөлжүүлж байгаа бол/.
Gasteria batesiana variegated
Бордоо
Идэвхтэй ургалт үеээр бордоно. Ойролцоогоор 5-аас 9 сарын хооронд 2 долоо хоногийн зайтай. Кактус-суккулентуудын комплекс бордоог 2-3 дахин шингэлж хэрэглэнэ. Намар өвлийн улиралд бордохгүй.
Цэцэглэлт
Гастерия гэрийн нөхцөлд цэцэглэхдээ цөөн. Хойд зүгийн цонхон дээр ихэнхидээ цэцэглэдэггүй. Цэцэг хавар, эсвэл зун гардаг. Ягаан, улаавтар өнгийн хонхондуу хэлбэртэй цэцэгтэй. Ойролцоогоор нэг иш дээр 40-50 ширхэг цэцэг байж болно.
Хөрс
Агаар, ус сайн нэвтэрч болохоор ямар ч хөрс тохирно. Хөрсний Ph 5,5-7. Навчин, ширгэн, хүлэрт хөрс, элс (2:1:1:0,5 харьцаатай) аваад дээр нь тоосгоны үүрмэг нэмнэ. Кактусанд зориулсан бэлэн хөрс тохирно.
Шилжүүлж суулгах
1-2 жилд нэг удаа шилжүүлж суулгадаг. Үүнийг хавар, эсвэл зун хийнэ. Харин хэт том ургасан ургамлын савыг жил бүр томруулж байна. Ингэхдээ зулзагнуудыг нь салгадаг. Хурдан том ургуулах хүсэлтэй бол зулзагнуудыг нь салгаж байх хэрэгтэй. 
Гэхдээ гастерия хэт том саванд дургүй гэдэгийн санаж байгаарай. Том саванд ургалт удааширна, эсвэл бүүр зогсонго байдалд орно. Харин багавтар саванд илүү таатай ургадаг. Савны ёроолд заавал дренаж хийнэ.
Үржүүлэх арга
Гастерияг үрээр болон зулзага салгаж үржүүлдэг.
1. Үр хурааж авахыг хүсвэл цэцэгнүүдийг нь сэгсэрч, хөдөлгөж өгч байх хэрэгтэй. Ингэснээр тоос хүртдэг. Хэрэв үр хэрэггүй бол цэцэглээд дуусангуут цэцэгний ишийг тайрч байгаарай. Гастерия нь зуун насттай төстэй. Цэцэгний хэлбэрээрээ ч тэр. Зууннастын цэцэгний тоосыг гастерияд хүртээхэд үр тогтдог байна. Ийм аргаар олон янзын эрлийз гаргаж авчээ.
Чийгтэй элсэн дээр үрийг цацаад, вакумдаад, дулаан газар тавьна. Үрнүүдийг дээрээс нь хөрсөөр хучих хэрэггүй. Агаарын дулаан +15-20°С байхад болно. Тогтмол шүршинэ, агаар оруулна. Үр 1,5-2 сарын дараа соёолоод ургадаг. Ургаад ирэнгүүт нэг нэгээр нь жижиг саванд тусгаарлаж суулгана. Дараагийн шилжүүлэн суулгалтыг жилийн дараа хийнэ.
Үрсэлгээнүүд ургахдаа удаан байдаг тул ихэнхидээ гастерияг зулзага салгаж үржүүлдэг. Хаварын сүүлээр, зуны эхээр эх бутыг шилжүүлж суулгах, сав томруулах зэрэг ажил хийхдээ зулзагнуудыг нь салгадаг. Салгасан зулзагнуудаа эхлээд 24 цаг сүүдэр, өрөөний хэмтэй газар ил тавьж хатаана. Зулзагнуудыг суулгах хөрсний рН саармаг, сийрэг, хөвсгөр байвал дээр. Ширгэн болон навчин хөрсийг элстэй, мөн нүүрсний нунтагтай (2:2:2:1) холиход болно. 
Усалгааг цөөн, бага. Хэт их ус чийгтэй байж болохгүй, доод тосгуур таваганд ус удаан байлгаж болохгүй. Усалгаа хооронд хөрс сайтар хатсан байх шаардлагатай. Үндэс сайн хөгжөөд ирэхлээр усалгааг ойр ойрхон хийдэг. Эхний үед ургалт маш удаан байдаг. 2-3 жилийн дараа ихэнхи төрлүүд цэцэглэдэг.
2. Навчаар үржүүлж болно. Энэ нь шүүслэг навчтай ургамлуудад ерөнхийдөө төстэй байдаг. Навч тасдаад, ил 24 цаг байлгаж зөөлрүүлнэ, хатаана. Үүний дараа хүсвэл үндэслүүлэгч бодисд дүр болно. Өлөн чийгтэй элсэнд суулгана. Вакумдахгүй.
   
3. Эх бутны хажуугаас ургаж гарсан зулзага салгах
Gasteria 'Yellow' (Gasteria gracilis f. variegata)
4. Бут салгах

Өвчлөлт, гарч болох хүндрэлүүд
Хүндрэлүүд гарах нь маш ховор. Хамгийн түгээмэл гарч болох зүйл – хэт их усалснаас хөрс илжрэх. Энэ нь мэдээж үндэс ялзруулна, хөгц үүснэ, мөөгний гаралтай төрөл бүрийн өвчин, бактерийн халдвар бий болно. 
Навч зөөлөрч, сулрана, цайрна — ус чийг ихэдсэн. 
Зөөлөн бор толбонууд үүсэх - бактерийн гаралтай навчны өвчин. Халдвартай. 
Хуурай бор толбо үүсэх — зуны улиралд хөрсөө хэт удаан хуурай байлгасан, хатаасан.

No comments:

Post a Comment