Monday, November 24, 2014

Цикас — Cycas

Асуулт - Хариулт: Sain bn uu. Ta nadad zuvluguu ugch tuslaach. Minii ene urgamald neg zuil tohioldson ym shig bn. Yu gedgiig ni bi meddeggui ee. Ug ni saihan urgaj bsan ym. Iim bolood bn. Yasan ym bol oo. 
Навч шарлах, хатах шалтгаанууд:
1. Үндэс болон "боргоцоо" илжрэхэд. Хэт их усалснаас болно.
2. Хуурай агаараас. Зөөлөн бүлээн усаар шүрших, хажууд нь устай сав байрлуулах, агаар чийгшүүлэгч төхөөрөмж ажиллуулах гэх мэт арга хэмжээ авах.
3. Буруу усалдаг. Усалгааг өвлийн цагт бага бөгөөд цөөн (10 хоногт нэг удаа) хийнэ. Борогцоонд ус хүргэж болохгүй. Доод усалгааг хэрэглэсэн нь илүү үр дүнтэй. Хэт их усалснаас навч шарлаж унадаг.
4. Буруу өвөлжүүлсэн бол. Өвөл сэрүүн газар байлгадаг. Тэгэхгүй бол өвчилж эхэлдэг ба навчны ихэнхи шарлаад унадаг.
5. Байршил буруу сонгосон. Тод нарны гэрэлд навч түлэгдэж шарлаад, хатаж унадаг. 
6. Хөрсөнд байсан минерал бодис, тэжээл дууссан. Тогтмол тэжээл өгөх ёстой байдаг. Кальци, магнийн давс агуулаагүй бордоо хэрэглэх. 
7. Шилжүүлэн суулгалтыг буруу хийсэн үед навч шарлаж унадаг. Залуу ургамалыг жил бүр шилжүүлж суулгадаг. 5 нас хүрсний дараа 4-5 жилд нэг удаа шилжүүлж суулгахад болно. Ингэхдээ борогцоог хэт далд булж болохгүй.
8. Хорхой шавьж үүрэлсэн бол мөн навч унадаг.
Хэрэв үндэс эрүүл бол удаан хүлээсний эцэст навч шинээр ургана. Гэхдээ маш удаан ургадаг ургамал гэдэгийг санаарай. 1-2 жилд нэг эгнээ/үе навч ургадаг. Иймээс том ургасан цикас дэлгүүрүүдэд үнэтэй зарагддаг. 
Орос бараа зардаг дэлгүүрүүдэд "Эпин экстра" ("Циркон") гэж байдаг. Түүгээр шүршиж болно.
Цикас — Cycas
Цикас нь маш эртний ургамал. Бүүр динозавруудтай нас чацуу юм байна. Байгальд нэг мод нь 5000 жил насладаг гэнэ. Дорнын анагаах ухаанд навч нь хорт хавдрын эсрэг, зөөлөн эд эсийн гэмтэлд, харин модны дээд хэсэг цус өтгөрүүлэх, шээс туух зэрэгт хэрэглэгддэг байна. Модноос гаргаж авдаг цардуул шиг зүйлийг нас уртасгадаг гэж үздэг. 
Цэцэглэлт: 
Тасалгааны нөхцөлд бараг цэцэглэдэггүй.
Агаарын хэм:
Дулаан болон сэрүүн агаарт ургаж чаддаг. Өвөл сэрүүвтэр газар байлгах хэрэгтэй +12-16°C. Гэхдээ +8°C-ээс доош хүйтэнд байлгаж болохгүй. Зундаа гадаа агаарт гаргавал дээр, нар салхинаас хамгаалсан нөмөрт байлгана. Гадаа байлгах нь тэсвэртэй, эсэргүйцэлтэй болгохоос гадна навч ургахад нөлөөлдөг.
Гэрэл:
Цикас сарнисан тод гэрэлд дуртай. Баруун, зүүн, хойд зүгрүү харсан цонхон дээр ургуулахад тохирдог. Урд зүгрүү харсан цонхны тавцан дээр байгаа бол зуны улиралд нарнаас хамгаалж байна. Зун гадаа агаарт гаргавал илүү дээр байдаг. Гэрлийн өөрчлөлтөнд бага багаар дасгаж байж гаргана.
Усалгаа:
Зун сайн усалдаг, тогтмол борддог. Ус саармаг, давс хужир багатай, зөөлрүүлсэн, хлоргүй байна. Хэт их давс үндэс өвчлүүлдэг. Улмаар навч унах, үхэхэд хүргэдэг. Крантны ус хатуу тул болж өгвөл борооны ус, эсвэл мөс хайлуулж хэрэглээрэй.
Хавар-зун-намар тохируулж усална. Хөрсний дээрх өнгөн үе 2-4 см гүн хатсан тохиолдолд дараагийн усалгааг хийнэ. Хөрсийг бүрэн хатааж болохгүй. 
Өвөл усалгааг цөөлдөг. Энэ үед хэт их услах маш аюултай. Жаваргүй зөөлөн усаар услана.
Агаарын чийгшил:
Чийглэг агаарт дуртай. Иймд заавал шүршинэ. Заримдаа доод хөрс болон борогцоог гялгар уутаар бүрж байгаад бүлээн шүршүүрт оруулж болно. Борогцоонд их ус хүргэж болдоггүй.
Бордоо:
4-өөс 8 сарыг дуустал 2 долоо хоногт нэг удаа комплекс органик, минерал бордоогоор тэжээл өгдөг. Бордоонд кальций болон магнийн давс байх ёсгүй. 10 сараас эхлээд сард нэг удаа зун хэрэглэж байсан бордоогоо 2 дахин шингэлээд борддог.
Амралт үе:
Өвөл амралт үедээ ордог. Сэрүүн гэрэлтэй газар байлгана. Сортоосоо хамаарч + 10-12°C хэмд ч өвөлжүүлэх хэрэг гардаг. Харин зарим төрлийг +16-18°С хэмд байлгана. Сэрүүнд өвөлжүүлж байгаа тул усалгааг маш болгоомжтой тааруулж хийнэ.
Шилжүүлэн суулгах:
Хөгшин ургамлыг жил бүр хөрсний дээд хэсэгийг хусаж аваад шинэ хөрсөөр сольж байна. 5-аас дээш настай ургамлыг 4-5 жилд нэг удаа, эсвэл савандаа багтахаа байсан үед шилжүүлж суулгадаг.

Хөрс:
Хөрс - ширгэн, навчин, хүлэрт, ялзмагт төрлийн хөрсийг элстэй хамт 2:1:1:1:1 харьцаатай авч хэрэглэнэ. Шилжүүлж суулгахад тохирсон улирал - шинэ ургалт үе эхлэхийн өмнө буюу хавар.
Савны ёроолд заавал дренаж хийнэ. Сав хэт том байж болохгүй. Багтахгүй байна уу гэмээр багавтар сав авна. Том саванд хөрс ялзардаг. Хэт их хөрсөнд илүү их ус хийх болдог тул үндэс өвчлөх нь амархан.
Анхаарах зүйл: 
- хэт их ус, чийг дааж чаддаггүй.
- дулаан өвөлжүүлдэггүй.
Үрслүүлэх арга:
Цикасыг үрээр (ихэвчлэн хүлэмжинд) үржүүлдэг. Мөн боргоцооны хажуугаар ургаж гарсан зулзагнуудыг салгаж үрслүүлдэг.

Зулзагаар үржүүлэх арга
Салгасан зулзага болон эх боргоцооны зүссэн, ил шархтай бүх хэсгүүдийг, мөн сайн үндэслүүлэх зорилготой хийсэн нэмэлт зүсэлтүүдийг фунгицид бодисоор бүгдийг түрхэнэ. Илжрэлтээс сэргийлж байгаа нь энэ. Дараа нь үндэслүүлэгч бодис түрхэдэг. 
Үүний дараа цэвэр, угаасан элсэнд эсвэл перлитэнд суулгадаг. Элсээ/перлитээ үл мэдэгдэхүйц чийгтэй байлгана. Үндэс гарах хугацаа заримдаа 8 сар ч үргэлжилж болно.
1. Эх цэцгийг савнаас нь гаргана. Үндэс гэмтсэн, илжирсэн эсэхийг шалгаад, гэмтсэн бол тэр хэсгийг нь тайрна. Хурц хутгаар зулзаган булцууг тасдаж авна.
2. Тасдаад авсан зулзаган булцууг хэдэн секунд гормоны уусмалд дүрнэ. Жишээ нь "Корневин" байж болно. Ийм уусмал нь бактерицид болон фунгицид үйлчилгээ үзүүлдэг юм.
3. Энэ фото-хичээлд хөрсөнд том ширхэгтэй цэвэр перлит авсан байгаа.
Зулзагнуудаа перлитэнд суулгана.
4. Перлитэнд суулгахдаа боргоцооны 75% булна. Жижигхэн хэмжээтэй зулзагнуудыг бүүр гүн суулгадаг. Эхний долоо хоног 2-3 удаа услана. Үүний дараа усалгааг эрс багасгаж, цөөлдөг. Доод тосгуур саванд ус удаан байлгаж болохгүй. Доор нь ус тунаж удаан байхад цикас муудаж эхэлнэ.
5. Үндэслэлт 3-9 сар үргэлжилдэг. Үндэслэнгүүт перлитээс гаргаад жирийн хөрсөнд суулгана. Хөрс: 1/4 элс, 1/4 жижиг ширхэгтэй чулуу, хайрга, 1/4 перлит, 1/4 гумусан компост.

Хорхой шавьж, өвчлөлт:
Щитовка - хүрэн өнгийн шимэгч. Навч өнгөө алдаад, хатаад үхдэг. Устгахын тулд "Актеллик" хороор алга болтол нь хэд хэд давтаж шүршинэ.
Аалзан хачиг — хуурай агаараас  гарна. Аалзны тор бий болдог. Навч унжийгаад, сулраад, шарлаад үхдэг. Савантай поролооноор шүүрдэж угаагаад бүлээн шүршүүрт оруулна. Урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол усаар шүршиж байх ёстой. Хэт их үржсэн бол 0,15% найрлагтай "Актеллик" хороор (1-2 мл нэг литр усанд) хэд хэдэн удаа системтэй шүршинэ.
Трипс - хэт халуун, хэт хуурай агаарт гарч ирдэг. Навчны ар талд үрждэг, навчны дээд талд олон тооны цагаан цэг харагддаг. Яваандаа навчны өнгөн тал саарал хүрэн өнгийн мөнгөлөг туяатай болдог. Ийм ургамлыг хор цацаж аварч болно. Хэд хэдэн удаа үе давтамжтай Фитоверм, Децис, Актеллик, Инта-вир гэх мэт хор хэрэглэнэ.
Гурилан өт
"Гурилан өт" - улирал солигдох үеээр, ихэвчлэн бохир ургамал дээр хуурай агаарт гарч ирдэг. Нүдэнд харагдахаар том хэмжээтэй. Чихэрлэг зүйл ялгаруулдаг. Энэ нялцгай шүүсэн дээр дараа нь хөө шиг хар мөөгний спор ирж наалдна. Ургамлын шүүсийг сорж ургалтыг гацаадаг, сульдаа болгодог тул аль болох үржүүлэхгүй байх хэрэгтэй. 
Хэт их үржээгүй бол 60°-ийн спирттэй уусмалд норгосон хөвөнгөөр арчиж арилгана. Мөн шар айраг буюу пивонд, эсвэл савангийн уусмалд дүрсэн хөвөнгөөр мөн цэвэрлэж болдог. 
Хэрэв хэт ихээр үржсэн бол парафин буюу вакс агуулаагүй имидаклоприд бодисоор устгадаг. Үүнийг 8—10 хоногийн зайтай 6 долоо хоног хийнэ.
Хөгц, илжрэлт - хөрсөнд хэт их ус чийг байвал гарна. Эсвэл боргоцоонд ус хүрсэн бол мөн өвчилдөг. Үндэс болон навч өөрчлөгдөж эхэлдэг. Навчны өнгө бор хүрэн болно. Үндэс илжирнэ, хөгц ургаж эхэлснээр ургамал үхдэг.
Шалтгаан нь
- агаарын хэм хэт доогуур, хүйтэн байна. 
- хөрс хөвсгөр сийрэг биш, нягтаршсан, хатуу, хүнд. 
- хэт их усалдаг, 
- савандаа дренаж хийгээгүй.
Үндэс илжрэх - буруу арчилгаанаас болдог. Хэт хүйтэн сэрүүн газар байрлуулж хэтрүүлж услаад байвал. 
Аврах гэж оролдож болно: савнаас нь гаргаад, үндэсийг сайн шалгана, муудсан илжирсэн хэсгүүдийг тасдаад хэдэн минут фунгицид бодистой уусмалд дүрнэ. Тасдсан үндэсний хэсгүүдийг модны нүүрсний нунтагаар бүрнэ. Шинэ саванд, шинэ хөвсгөр сийрэг хуурай хөрсөнд суулгана. Савандаа дренаж хийхээ мартав. Усалгааг маш багаар хийнэ.
Навчин дээр толбо үүсэх нь:
- халуун хүйтэн агаарын эрс өөрчлөлт, хэлбэлзэлд орсон бол гардаг. 
- хуурай агаараас 
- тэжээл дутсан бол.



No comments:

Post a Comment