Friday, November 2, 2012

Méntha piperíta, Melissa Officinalis

АСУУЛТ - ХАРИУЛТ: Гааны тухай оруулна уу.
Манай цэцэгчдийн тасалгаанд ургуулдаг "гаа", "зүрхэн цэцэг" гээд байгаа нь жинхэндээ хэд хэдэн төрлийн ургамлууд байдаг. Заримаас нь танилцуулъя.  
Латин нэр: Melissa Officinalis
Англи нэр: Lemon Balm
Орос нэр: Мелисса лекарственная, Мята лимонная
60 см өндөр өвслөг ургамал. Цагаан цэцэгтэй, үсэрхэг навчтай. Нимбэгний гавар үнэртдэг. Гадаа ургуулахад 6-9 сард цэцэглэдэг.
Мелиссаг 2000 жилийн өмнөөс хэрэглэж ирсэн байна. Чанартай зөгийн бал өгдөг, нимбэгний зөөлөн үнэртэй, эмчилгээний ургамал гэж үнэлэгддэг. Мелисса гэх нэр нь грекээс "Бал өгдөг зөгий" гэсэн утгатай гэнэ.
Мелиссатай 1 га газраас 150 кг зөгийн бал гардаг байна. Мелиссагаар зөгийний үүрийг арчихад зөгий тайвширдаг, дайрах нь бага байдаг. Бал хураагчид мелиссагаар гараа арчсан байхад зөгий хатгадаггүй гэнэ. Харин шинэ үүр арчихад зөгий дотор нь дуртай суурьшдаг байна. Зөгийний үүрэнд мелиссагийн мөчир хийхэд зөгийний дайсан болох шоргоолж, чихүүр хорхой, лав эрвээхэй зэргийг үргээдэг байна. Мөн могой үргээдэг гэнэ.
Эмчилгээний зорилгоор навч болон ишний үзүүр хэсгийг цэцэг, бундуутай нь хэрэглэдэг. Бундуулж байх үед, цэцэглэлт дөнгөж эхэлж байхад түүж авдаг. Энэ үед бүх бодисуудаа зарцуулаагүй, цэцэглэлтэнд хуримталсан байдаг. Хэт цэцэглэсэн ургамал тохиромжгүй байдаг.
Авиценна мелиссагийн тухай "амьдрах эрч хүч өгдөг, уйтгар гуниг, бухимдлыг тайлдаг. Зүрх чангалж сэргээдэг, зүрхний хэмнэлийг тогтворжуулдаг, хоол боловсруулахад тус болдог, мөн зогисоход хэрэглэдэг" гэжээ.
Грекууд мелиссаг үс унах, халзралтын эсрэг хэрэглэдэг гэнэ.
Ардын уламжлалт анагаах ухаанд мелиссаг эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчинд болон сарын тэмдэг алдагдахад хэрэглэдэг байна.
Зүрх дэлслэх, зүрхээр өвдөх, даралт унах, гэдэс ходоод өвдөх, архаг өтгөн хаталт, метеоризм, цус багадалт, подагра, цэвэршилт зэрэгт мелиссаг хандалж уудаг байна. Үүний тулд паалантай саванд 200 мл буцалсан халуун ус, 2 хоолны халбага хатаасан мелисса хийгээд, таглаад, 15 минут халуун устай том саванд давхар хийж 45 минут байлгана ("усан ванн"-аар зөөлөн халааж өгч байгаа гэх үү дээ). Шүүгээд, 200 мл ханд болтол нь дээрээс нь буцалсан ус нэмнэ. Хэрэглэхдээ бүлээнээр нь өдөрт 2-3 удаа хоолны дараа: том хүн — 1/3-1/2 стакан, хүүхдэд наснаас нь хамаараад — 1 цайны халбагаас 1/3 стакан хүртэл. Харин хоол боловсруулах талын өвчинд — хоол идэхээс 15-30 минутын өмнө уудаг.
Энэ хандыг сарын тэмдэг бага ирэх, хэмнэл нь алдагдах үед уудаг ба мелиссатай бүлээн усанд давхар ордог байна. Мелиссатай ванн: 200 г дөнгөж тайрсан өвсийг 2 л буцалсан усанд хийгээд, нэг цаг хандалдаг. Шүүгээд 36-38°С хэмтэй ванны усанд хийгээд унтахын өмнө ордог. Эмчилгээний нэг курс - 10-12 удаа. 2-3 өдрийн зайтай ваннд орж байх.
Эмчигээний ваннд орох бол өвсийг нь шүүж хэрэглээрэй гэсэн байсан :-))
Холимог өвстэй ванн илүү үр дүнтэй байдаг. Үүний тулд мелиссаг төлөгч өвс (тысячелистник), гаат өвс батрааш, нарсны нахиа, гэх мэтээс тус бүрээс 20 г аваад 4-5 л усанд 30 минут маш зөөлөн гал дээр битүү буцалгана. Хөргөөд, шүүгээд ваннтай усанд хийнэ. 37 хэмийн усанд 10-15 минут хэвтдэг. Хэт удаан хэвтэж болохгүй.
Ийм ванныг бодисын солилцоо алдагдсан үед, арьсны экзем, дерматит, нейродермит, псориаз, маажуур, харшлын гаралтай дерматоз зэрэг арьсны өвчнүүдэд хэрэглэдэг.
Мелиссатай цай: 3 цайны халбага жижиг хэрчсэн навчийг 250 мл буцалсан усаар 10 минут хандлаад ууна. Өдөрт 3 аяга (250 мл) цай ууна. Зөгийн бал хутгаад уувал тайвшруулах, унтуулах үйлчилгээ нь ихэсдэг.
Фурункулезын дээр навчнаас нь наадаг. Мелиссатай нойтон жин гадуур хэрэглэж болно. 3-4 хоолны халбага жижиглэсэн навч, ишийг буцалсан халуун усаар шалзлаад марльд ороогоод хэрэглэдэг. Ревматизм, битүү гэмтэл, яр шарханд ийм бигнүүрээр жин тавьдаг.
Цагаан мах гарах, өтгөн хатах зэрэгт мелиссатай клизм тус болно — 1 цайны халбага мелиссагийн шүүсийг 1 стакан буцалсан бүлээн устай хольж хийнэ.
Даралт ихтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх ёстой. Бусдаар онцын хориглох заалт байхгүй. 
Мелисса нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, хий хөөдөг, тайвшруулдаг, таталтын эсрэг үйлчилдэг, өвчин намдаадаг, даралт буулгадаг, шээс хөөдөг. Мөн ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг, дотор эвгүйрэх, бөөлжих, огих зэрэгийг дардаг. Зөгийд хатгуулахаас сэрэмжилдэг.
Мелиссагаар зүрх судасны өвчин, невроз, тахикардия, цус багадалт зэргийг эмчилдэг.
Багтраа / Астма: 4 хоолны халбага навч цэцэгийг 2 стакан буцалсан усаар дараад, 4 цаг битүү саванд байлгаад, шүүж хэрэглэнэ. Өдөрт 3 удаа ½ стаканаар хоол идэхийн өмнө ууна.
Буульны үрэвсэл: Буульны үрэвсэл (пародонтоз), шүдний өвчин, амны хөндийд цэврүү үсэрсэн, стоматит, амнаас эвгүй үнэртэх зэрэгт мелиссагийн хандаар амаа зайлна.
2 хоолны халбага жижиглэсэн өвсийг 1 стакан буцалсан ус хийж таглаад, хандлаад, шүүгээд, амаа зайлна.
Хөхүүл эх сүү багатай байвал: 5 г өвсийг 1 стакан буцалсан усанд хийж нэг цаг тавиад өдрийн турш уух.
Ухаан алддаг: Мэдрэлийн гаралтай ойр ойрхон ухаан алддаг бол хатаасан мелисса, алтан цэгцүүхэй (зверобой), далдуу модны (липа) цэцэг хандалж ууж байх.
Сэтгэл тавгүй байх: 1 хоолны халбага хатаасан жижиглэсэн навчийг 1 стакан буцалсан усаар дарж таглаад, үдээс хойш ууна.
Стенокардия: 3 г хатаасан өвс дээр 1 стакан буцалсан ус хийгээд 1,5 цаг хандлаад, шүүгээд, өдөрт 2 удаа ½ стаканаар ууна.
Уушигны эмфизем: 50 г хатаасан жижиглэсэн мелиссаг, 20 г "сивец луговой"-ын хатаасан цэцэгтэй 1 л хуурай цагаан дарсанд хийж нэг хонуулна. Ойр ойрхон авч сэгсэрч байна. Дараа нь шүүгээд, өдөрт 2 удаа ½ стаканаар ууж байна. Мөн өвчин хурцадсан үед хэрэглэнэ.
Архаг энтероколит: 4 хоолны халбага навч, цэцэг бундуутай үзүүр хэсгүүдийг аваад, дээр нь 1 стакан буцалсан ус хийнэ. Халуун саванд 4 цаг байлгана. Шүүгээд өдөрт 4-5 удаа хоолны өмнө 1 хоолны халбагаар.
Чихний үрэвсэл - Отит, мөн буульны үрэвсэлд: Чихний үрсэвсэлд 2 хоолны халбага навчийг 1 стакан архинд хийгээд 7 өдөр харанхуй газар байлгана. Чихэнд 6-8 дусал дусаана. Хэрэглэхийн өмнө +37С хэмтэй болгож бүлээсгэнэ. Отит-ын үед дорхноо үрэвслийг дараад чихээр хатгах нь намддаг. 
Энэ хандаар ам зайлж болно. Буульны үрэвслийн хүнд хөнгөн байдлаас болоод 1 стакан усанд 10-20 дусал ханд дусааж хэрэглэнэ.
Хатаасан мелисса
Мелисса биеийн эсэргүүцлийг сайжруулна:
1 цайны халбага хатаасан мелиссаг 1 стакан буцалсан усанд хийж 20 минут байлгаад, шүүгээд, ууна. Зөгийн балтай хэрэглэж болно.
Цай хийх арга:
далдуу модны цэцэгийг мелиссагийн цэцэг навчтай, мөн нохойн хошууны жимстэй 2:4:4 харьцаатай аваад, үүнээсээ 2 цайны халбагыг 1 стакан буцалсан усанд хийж цайны ханд хийнэ. Ханднаасаа буцалсан устай хольж ууна.
Навч болон залуу нахиаг нь хүнсэнд амтлагч болгож хэрэглэдэг. Шинээр нь бөгөөд хатаасан хэлбэрээр салат, шөл, 2-р хоол амталдаг. Ялангуяа загасны мах, мөөгтэй хоолонд илүү тохирдог.
Шинэхэн тайрсан гаат өвс дорхноо мууддаг тул хөргөгчинд хадгална. Харин хатаасан гааг хуурай харанхуй газар шил, эсвэл шаазан саванд битүү таглаж хадгалдаг. Халуун хоолонд хийхэд маш хурдан үнэр, амтаа алддаг тул хоол аяглахын өмнө хийгээрэй.
Цай, ликёр, архи дарс, ундаанд үнэр оруулах гэж мөн хэрэглэж болно. Өргөст хэмх, улаан лооль дарахад хэрэглэнэ. Ялаа, өтнөөс хамгаалахын тулд загасны болон амьтны махыг мелиссагийн хандаар шүршдэг.
Мелиссагаас эфирийн тос ялгаруулж авдаг. Энэ нь үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд өргөнөөр хэрэглэгддэг. Мөн эвгүй үнэртэй эмийг мелиссагаар дардаг байна.
Мелиссагийн үр дэлгүүрүүдэд байдаг
Дараагийн гаат өвс нь:
Латин нэр: Mentha piperita
Англи нэр: Peppermint
Орос нэр: Мята Перечная
Гаа — хүчтэй үнэртэй жижгэвтэр өвслөг ургамал. Олон янзаар хэрэглэдэг. Үйлдвэрт жишээ нь тос ялгаруулж авдаг байна. Харин гэр орон, ахуй амьдралд гаат өвсийг цай, ундаа, хоолны амтлагчаас эхлээд ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг.
Мелисса, мята хоёр нь хоёр өөр ургамал. Оруулсан зургуудаас ялгааг нь хараарай. Хэрэглээний хувьд ч гэсэн мелисса нь эмчилгээний ихэвчлэн зориулалттай байсан бол мятагийн ийм шинж чанар арай бага. Мятагийн үнэр илүү хүчтэй, хүйтэн, сэнгэнсэн байдаг. Мелиссагаас бол нимбэг үнэртдэг. Мелиссаг хэрэглэхэд хорих заалт бараг байхгүй, харин мята-д доор тавьсан урт жагсаалт бий. Мэдээж хорих зүйл байхгүй байсан гээд мелиссаг хэтрүүлж ихээр хэрэглэж болохгүй.
Гаат өвсийг хэтрүүлж, мөн зогсоо зайгүй бүх юманд хэрэглээд байж болохгүй. Мята-г хориглодог заалтууд: 
1. Хурц хүчтэй үнэртэй тул гаатай зарим бүтээгдэхүүнийг хэтрүүлвэл гуурсан хоолой хорсох, амьсгал боогдох зэрэг болж болно. 
2. Хэт ихээр хэрэглэхэд нойргүйдэлтэй болно. 
3. Буруу хэрэглэвэл зүрх өвддөг болно.
4. Даралт багатай хүмүүс хэрэглэх хэрэггүй. 
5. Хөлний судасны бүдүүрэл - варикозтой бол хориотой.
6. Үргүйдэлд, ялангуяа түүний эсрэг эмчилгээ хийлгэж байгаа үед бүүр хориотой.
7. Жирэмсэн эмэгтэйчүүд ууж болохгүй.
8. Бага насны хүүхдүүдэд (6 нас хүртэл) хориотой.
Мята хүнсэнд
Маш хүчтэй үнэртэй өвс. Буцалсан усанд хийгээд анхилуун үнэртэй цай болно. Шинэхэн тайрсан навчаар цай хийх нь хатаасан хэлбэрээсээ илүү амттай бөгөөд сайхан үнэртэй байна. Ийм шинэ цай нь кафеин агуулдаггүй ба олон төрлийн аминдэмтэй, антиоксиданттай, биенээс элдэв хортой бодис гадагшлуулдаг.
Гааны навчийг шөл, 2-р хоол, салат, десерт, ундаа гээд бүх зүйлд хийж болдог.
Ароматерапи:
Шинэхэн тайрсан, эсвэл хатаасан гаатай таваг тавьхал өрөөний эвгүй үнэр дарагдна, сэнгэнсэн сэргээсэн гавар үнэртддэг. Толгой өвддөг, хамар хоолойн өвчтэй хүмүүс орныхоо хажууд ийм таваг тавьбал шөнө тайван унтаж чаддаг.
Хүчтэй үнэртэй ямарваа нэгэн ургамал гэртээ тарихын өмнө юуны түрүүнд танайд харшилтай хүмүүс байгаа үгүйг сайн бодоорой.
Зэрлэг мятааг гэртээ авчраад ургуулж болно. Гаат өвсөнд анхаарах гол зүйл - ус чийг. Хөрс хатааж болохгүй. Гэхдээ хэт их усанд байлгаад байж болохгүй. Өдөр бүр услана. Өглөө оройны нар хардаг, гэрэлтэй цонх таарна. Урд зүгрүү харсан цонхны тавцан зун арай тохирохгүй. Хэт хурц нарнаас халхлах нь дээр.
Мятагийн үндэс хүчирхэг, түрэмгий, хурдан ургадаг. Гэртээ ургуулахдаа яг юунд хэрэглэх гэж байгаагаа бодож байж сортоо сонгоорой.
Хар мята
2 янзын мята байдаг: хар, цагаан. Хар нь улаан-чернилэн өнгийн иш, навчтай. Харин цагаан нь цайвар өнгийн навч иштэй. Цагаан нь хараасаа илүү түрүүлж цэцэглэдэг. Гэхдээ үнэр сул, эфирийн тос бага. Иймээс ихэнхдээ хар төрлөөс нь ургуулдаг. Гаат өвснүүд бүгд фитонцид ургамлуудын тоонд ордог. Агаар дахь өвчин тээгч нян, эгэл биет, бактери, вирусыг устгадаг био идэвхитэй бодис ялгаруулдаг юм.
Мөн өөр нэг анхаарах зүйл бол зарим гибрид сортууд нь үр өгдөггүй. Иймээс зөвхөн вегетатив хэлбэрээр л үрждэг. Ийм төрлийн гаат өвснөөс нэг жижигхэн үзүүр чимхэж аваад ургуулсан нь дээр. 
Ямар төрөл/сорт сонгож тарих вэ: Дэлгүүрээс үр авахад тань тус болох байх гэсэн үүднээс орос латин нэрүүдийг нь орууллаа.
Méntha piperíta - Мята перечная
Тод, хурц үнэртэй. Цай болон бусад хүнсний зүйлд хэрэглэх бол энэ төрлийг ургуулахад тохирно. Сонгодог классик гаат өвс гэж хэлж болно. Хүйтэн сэрүүн сэнгэнсэн амттай, гаварны өвөрмөц үнэртэй. Энэ мятагаас эфирийн тос гаргаж авдаг. Архи, согтууруулах ундаа, бохь, чихэр амттан зэрэгийг энэ төрлийн гаат өвсөөр амталдаг байна.
Хоол амтлахад хонины маханд илүү тохирдог гэж үздэг. Гэхдээ ихээр хийдэггүй. Хоолонд бэлэн болохоос 5-6 минутын өмнө хийдэг.
Мята курчавая - Mentha crispa
Дээрх мята шиг хүйтэн сэнгэнсэн амт, үнэргүй. Үнэр нь зөөлөн. Салат, шөл, сүмс, 2-р хоол гээд бүгдэд нь хийдэг. Мөн ногоо, алим дарахад хэрэглэдэг. Ангийн махаар хоол хийх гэж байгаа бол энэ төрлийн гаат өвс илүү тохирно. Цайнд хийж уудаг.
Ананасная мята - Mentha suaveolens, Ananasminze
Бусад ургамлуудтай хамт тарихад энэ илүү түрэмгий ургадаг. Зөөлөн хан борогцойн үнэртэй.
Мята длиннолистая - Mentha longifolia L. Huds.
маш зөөлөн үнэртэй. Мөн л хоол, хүнсэнд хийнэ. Квас, компот, морс зэрэг ундаанд хийдэг.
Яблочная мята - Mentha rotundifolia
Мята блошница - Mentha pulegium
Энэ хоёр төрлийг Кавказ болон дундад Азийн орнуудад хоол амтлахад хэрэглэдэг. Сүмс, бяслаг, хонины махтай хоолонд хийдэг. Шинэхэн салат, ундаанд яг таардаг.
 
Пряная мята - Elsholtzia patrinii, Elsholtzia cristata
Хүнс, хоолонд ихэнхдээ хатаасан цэцэгийг нь хэрэглэдэг. Мах зөөлрүүлдэг. Хэтрүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Ихээр хийлээ гээд хоол гашуун амт орохгүй.
Лимонная мята - Mentha piperita var.citrata энэ сорт нь өвөрмөц нимбэгний үнэртэй. 
Тюрингская мята (Mentha piperita var.multimentha) их хүчтэй ментолын үнэр, амттай.
  
Үрслүүлэх арга:
Мелисса, мята гээд гаат өвсний төрлүүдийг ерөнхийдөө адилхан аргаар тарьдаг:
 
Үрээр тарьж болно. Үр жижигхэн тул хөрсөнд шигтгээд л болоо. Зөөлөн, тэжээл ихтэй хөрсөнд ургадаг. Ургалт хурдан. Суулгахын өмнө бүлээн усанд, эсвэл марганцын бүдэг ягаан уусмалд дэвтээвэл эфирийн тос нь ууршаад, илүү түргэн ургана. 
 
Мөн ургаж байгаа гаанаас жижиг үзүүр тасдаад авч болно. Эсвэл дэлгүүрт шинэ ногоо зарж байгаа тасагаас олж болно. Ийм хэмжээний үзүүр байхад болно:
Үзүүрээ усанд хийгээд үндэслүүлнэ. Дулаахан гэрэлтэй газар тавиад үндэслэхийг хүлээнэ. Ус уурших хэмжээгээр нэмээд нөхөөд байна. 
Цагаан үндэс гараад 5 см урт болтол нь хүлээгээрэй. Дараа нь хөрсөнд суулгаж болно.
 
Эсвэл хөрсөнд шууд суулгаад вакумдна. Эхний зураг дөнгөж суулгасны дараа, хоёр дахь зураг - 2 долоо хоносны дараа чангараад, дээшээ сөөтийгөөд ирсэн байгаа нь.
Саванд суулгахдаа доороо дренажны нүхтэй сав аваарай. Үндэсний ургалт хурдан тул үрсэлгээний саваа амархан томруулах хэрэгтэй болно. Навч нь томроод, бут овоо ургаад ирэхлээр тайрч болно. "Ургах цэг" буюу дээрх үзүүрийг нь чимхэж өгнө. Хажуугийн салаа олноор гарч ирнэ. Цаашид бол шинээр ургаж гарсан навчнаас тасдаж авч хэрэглээд байна. Чимхэх болон тайрахдаа навчны үе/зангилааны хэсгээс 1 см дээр тайраарай. Нэг тайрахдаа нийт навчны 1/3-аас хэтрүүлж авах хэрэггүй.
Зүүн зүгрүү харсан цонх илүү тохирно. Өдөрт 6 цаг нарны гэрэл үзэж байх хэрэгтэй. Хурц халуун нарнаас халхална. Нарны гэрэл байхгүй бол өвлийн улиралд үзүүрүүд нь хатаад үхээд байдаг.
Цэцэглүүлж огт болохгүй. Бүх тэжээл цэцэгрүү явдаг тул ургалт удааширна мөн тайрч авсан навчны үйлчлэх хүч суларсан байна.
2 жил болоод бут хувааж байх нь дээр. Хөрстэй бутыг хутгаар шууд зүсээд хуваана. Дараа нь хуваасан хэсэг бүрийг 20-30 см өргөнтэй саванд тусгаарлаж суулгана. Хэрэв том бутыг ингэж хуваахгүй бол ургалт гацаад, навч жижигрээд байна.
Савны ёроолд дренаж хийнэ. Үндэсийг нь тэжээллэг ялзмагтай хөрсөнд суулгана. Харин дээрх хэсгийг нь хөрснөөс 5 см өндөртэй үлдээгээд тайрна. Навч сайн гаргахын тулд гэрэлд ойр тавьна. Бүлээн, хлоргүй усаар услаж байна. Орчны агаарын чийгшил 80% байхад тохирдог. Жаваргүй усаар шүршиж байна.
Суулгасан савандаа дасаад, навч шинээр ургаад эхлэхлээр сулхан бордоо хийнэ. Өвөл бордохгүй. 2 сараас нар илүү ээж эхэлдэг. Энэ үеээс бордож эхэлнэ. Өвөл гэрэл багатай тул ургалт маш удаан. Орой 4 цагаас гадаа гэрэл багасаж эхэлнэ. Савтай өвснийхээ дээр нэмэлт гэрэлтүүлэг тавьж өдөр бүр 5-6 цагийн турш асаалттай байлгавал ургалт мэдэгдэхүйц хурдан явагддаг. 
Хүнсэнд хэрэглэх бол суулгаснаас хойш 2-4 долоо хоногийн дараа тайрч авна.

No comments:

Post a Comment