Tuesday, November 11, 2014

Неомарика - Neomarica

АСУУЛТ - ХАРИУЛТ: Энэ ямар цэцэг вэ? Цэцэглэдэг үү?
(Өөрийн болон хүмүүсийн явуулсан бүх зураг устсан тул интернетээс зээлээд байгаа)
Неомарика (Neomarica) — Iridaceae (цахилдаг) овогт багтдаг өвсөрхөг ургамал.
Нэрний гарал үүсэл: Эртний грек хэлнээс орчуулвал "нео-" νέος — шинэ гэсэн утгатай, харин латинаар Marica — Эртний Ромын домогт гардаг гол усны дагина. Магадгуй неомарика нь их услуулах дуртай тул ийм нэртэй болсон байх.
Неомарика 1928 онд анх бүртгэгдсэн байна.
Англи нэршил: Walking Iris, Apostle's Iris, Apostle Plant
Эх нутаг нь Өмнөд Америкийн халуун бүс, Африкийн баруун хэсэг. Неомарикаг "Алхаж байгаа цахилдаг" гэдэг "Walking Iris". Учир нь цэцэглэсний дараа цэцэгний (заримдаа бүүр 1,5 метр урт хүрдэг) ишний үзүүрт зулзага бий болдог. Яваандаа иш суларсаар доош унжаад газар хүрнэ. Зулзага газарт хүрэнгүүт тэндээ дорхноо үндэслээд ургаад ирдэг. Эх бутнаас нэг цэцгийн ишний зайтай ургадаг тул ийм нэртэй болжээ.
 
Өөр нэг нэр нь Apostle's Iris, Apostle Plant - Апостолын цэцэг. Христосын шашинд 12 апостол гэж байдаг. Үүнтэй зүйрлэж 12 навчтай болтол цэцэглэхгүй гэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл залуу бут цэцэглэдэггүй, олон навч гарч байж хүчээ авч байж цэцэглэх юм байна. 
Неомарика — зузаан, хавтгай, гүн ногоон өнгийн навчтай, дэвүүр мэт хэлбэртэй олноор ургадаг. Навчны урт 0,6-1,5 метр, өргөн 5-6 см. Цэцэгний иш шууд навчин дээрээ бий болдог. 3-5 цэцэг нэг дор гардаг. Цэцэгний нас богинохон 1-2 өдөр. Цэцэг сүүн цагаан, цэнхэр судалтай, диаметр нь 5 см хүрдэг, анхилуун үнэртэй. Цэцэг хагдарсны дараа оронд нь жижигхэн зулзаган бут бий болдог.
ТӨРӨЛ
Neomarica gracilis
Neomarica caerulea
Neomarica northiana
Неомарикаг өөр нэг цахилдагны төрөлтэй андууран нэгтгэдэг. Тримезия гэх шар өнгийн цахилдагны англи нэршлүүд нь хүртэл адилхан. Аль алийг нь "Алхаж байгаа цахилдаг", "Апостолын цэцэг" гэж дууддаг. Жинхэндээ ялгарах зүйл олон: үндэсний хэлбэр, навчны уг - хоолойн хэлбэр, навч болон цэцэгний ишний хэлбэр гээд бүгд өөр юм байна. 
АРЧИЛГАА
Гэрэл
Неомарика тод, гэхдээ сарнисан гэрэлд ургадаг. Өглөө, оройн шууд нар үзэх сайн. Зундаа 11-16 цагийн хурц нарнаас заавал халхалж байна. Өвөл нарнаас хамгаалах шаардлагагүй. 
Агаарын дулаан
Зун тасалгааны ердийн температур байхад болно. Өвөл харин сэрүүвтэр +8-10°С хэмд, усалгааг эрс цөөлнө. Ингэж сэрүүнд бага услаж амрааж өгснөөр цэцэглэдэг. Дулаахан өрөөнд, жирийн усалдаг шигээ услаад байвал цэцэг гарахгүй.
Агаарын чийгшил
Неомарика манай тасалгааны агаарт ургахдаа сайн. Гэхдээ өвөл дулаан газар өвөлжүүлж байгаа бол халаалт ирсэн үед өдөртөө нэг шүршиж байх хэрэгтэй. Зуны халуун өдрүүдэд мөн шүршиж байна. 1-1,5 сард нэг удаа бүлээн шүршүүрт оруулж угаана.
Усалгаа
Зун сайн услана. Намар багасгаад, өвөл сэрүүн газар цөөн бөгөөд бага услаж байна. 
Амралт үе
Намар 10 сараас өвөл 2 сар дуустал заавал амраана. Орчны агаар +5-10°C хэм байх бөгөөд гэрэл сайтай газар байрлуулна. 
Бордоо
Эх нутагтаа байгальд неомарика тэжээл муутай хөрстэй газар ургадаг. Тасалгаанд ургуулахдаа нээх бордоод байдаггүй. 5-6 саруудад цахирмаа цэцэгний бордоог 2-3 дахин сул найруулж сард 1 удаа бордож болно. Бусад үед шаардлагагүй. Огт бордохгүй байсан ч болно.
Цэцэглэхгүй байгаагийн нэг шалтгаан нь бордсоноос болдог.
Шилжүүлэн суулгалт
Залуу цэцгийг жил бүрийн хавар, насанд хүрсэн том бутыг — 2-3 жилд нэг удаа. Хөрсний бүтэц ширгэн, хүлэрт хөрс, элс (2:1:1), бага зэрэг шилмүүст модны унасан навч (зүүг) нэмэж болно. Хөрсний pH 5.0-6.0. Сав сонгохдоо хэт гүн өндөр биш, өргөнөөс нь шилж аваарай. Савны ёроолд заавал дренаж хийнэ. 
Үржүүлэх арга
Цэцэгний ишний үзүүрт хагдарсан цэцэгний оронд зулзаган навчис гарч ирдэг. Зулзаган бутаа дийлэхгүй цэцэгний иш доош унжиж эхэлдэг. Энэ үед доор нь хөрстэй жижиг сав байрлуулж зулзаган бутаа шигтгэж өгдөг. Хөрсөнд сайн наалдуулахын тулд төмөр дэгээ, хавчаар зэргийг ашиглаж болно. 2-3 долоо хоногийн дараа үндэслэсэн байдаг. Үндэслэнгүүт цэцэгний ишийг тайрч салгана.
 
Мөн бут хувааж үржүүлж болно. Эх бутны доогуур урга гарч ир байгаа зулзаган бутнуудыг салгаад суулга болно. Үржүүлж болох арга ийм олон тул маш ховор тохиолдолд үрээр тарьж ургуулдаг байна.
Цэцэглэхгүй байна:
1. Гол шалтгаан - сэрүүн газар амраагаагүй бол цэцэглэхгүй.
2. Бордоо хийх хэрэггүй. Бордоо огт шаарддаггүй ховор ургамлын нэг. Бордсон бол цэцэглэхгүй.
Одоо 11 сарын дундуур бүх цэцгийг амраадаг үе. Хаан шимтэглэй, неомарика, хятад сарнай гээд заавал сэрүүнд өвөлжүүлдэг ургамлуудаа амрааж аваарай. Тэгэхгүй бол дахиад л цэцэггүй хавар-зун өнгөрөөх болно.

No comments:

Post a Comment