Tuesday, November 5, 2013

Платикодон - Platycodon / Валенбергия - Wahlenbergia

Платикодон (Platycodon) өөр нэг нэр нь Валенбергия (Wahlenbergia grandiflora Schrad)
Англи нэр: Canterburry Bells
Эх нутаг - Зүүн Ази. Цагаан, ягаан, хөх өнгийн цэцгүүдтэй, дан болон давхар дэлбээтэй Кампанулатай төстэй энэ цэцгийг ихэнхидээ гадаа талбайд ургуулахад тохиромжтой. Намхан давжаа сортуудыг тасалгаанд саванд ургуулж болдог. Үндэс сайн хөгжсөн. Гол үндэс нилээн хүчирхэг, чадалтай. Платикодон нь 50-80 см хүртэл өндөр ургадаг. 2-5 цэцэг багцалж гардаг. Цэцэгний диаметр 7-8 см.
Платикодон гэдэг үг нь грек хэл дээр "далбагар, өргөн хонх" гэсэн утга агуулж байгаа гэнэ.
 
Platycodon                                                 Campanula carpatica
7 сарын дундаас эхэлж цэцэглэдэг. Цэцэглэлт ойролцоогоор нэг сар үргэлжилдэг. Үр боловсрохдоо хурдан. Өвөл иш шилбийг тайраад, дээрээс нь хучиж тавьдаг. Платикодоныг гадаа суулгах бол хоорондын зай ойрхон байх нь дээр. Учир нь маш туяхан иштэй тул хүчтэй салхи, ширүүн бороонд амархан хугарах гээд байдаг байна. Ер нь бол чимэглэлийн зориулалтаар гадаа ургуулдаг.
Платикодоныг манай цэцэгчид "бэр, хүргэн" цэцэг гэж нэрлээд байдаг Кампанулатай андуураад байдаг. Аль аль нь нэг Campanulaceae овогт ордог ургамлууд.
Гэрэл: 
Платикодон тод гэрэлтэй газар ургадаг. Гэхдээ хөнгөн сүүдэрхэг газар ургаж чадна. Зуны хэт халуунд (+30С хэмээс дээш бол) хурц наран дор цэцэгний дэлбээ амархан түлэгддэг.
Үрслүүлэх арга: 
Үрээр, үндэсний хэсгээр мөн ногоон зөөлөн мөчрөөр үржүүлж болдог байна. Үрийг намар болон хавар тарьдаг. Үр суулгахын өмнө стратификацид оруулдаг. Үүний тулд чийгтэй элстэй саванд үрнүүдээ хийгээд 1-3 сар хөргөгчинд байлгана, эсвэл гадаа цасаар хучиж тавьна.
 
Стратификаци хийхгүй ч суулгаж болдог. 3 сард элстэй хар шороотой хүлэртэй хөрсөнд 2-3 мм гүн суулгана. Вакумдна. Өдөрт нэг удаа нээж агаар оруулна. Хөрс хатсан бол чийглэж байна. Хөрсийг хэт чийгтэй, устай байлгаж болохгүй. 2,5-3 долоо хоноод соёолно. 2-3 дахь жинхэнэ навч гарангуут нэг нэгээр нь тусгаарлаж жижиг саванд салгаж суулгана. Шилжүүлэн суулгалтанд дургуй тул үндэсийг олон оролдохгүй байх нь дээр. Иймээс нэг удаагийн стаканд суулгаад, ургаад томроод ирэхээр нь стаканаа хайчлаад үндэс, хөрсийг аль болох хөндөхгүй том саванд шилжүүлж суулгана.
Салгаж суулгахдаа маш болгоомжтой байгаарай. Үндэс, иш зэрэг нь амархан тасардаг, туяхан нарийхан байдаг. Гадаа тарих бол манай нөхцөлд 6 сарын дундуур дулаарсны дараа суулгасан нь дээр. Бут хоорондын зай 25-30 см байна. Зарим цэцэг нь 8 сард цэцэглэж болно. Гэхдээ ихэнхидээ үрээр ургуулсан бол 2 дахь жилээсээ л цэцэглэнэ.
Үндсээр үрслүүлж үржүүлэх гэж буй бол үндэстэй хэсгийг болгоомжтой ухаж гаргаад, дээрээ 2-3 ургах цэгтэй хэсгийг тасалж авна. Зүссэн, тайрсан хэсгүүдийг модны нүүрсний нунтагаар түрхэж өгөөд, хөрсөнд суулгана. Дээрээс нь хэт хучих хэрэггүй. Хөрсний чийг - багавтар байх ёстой. 
Залуухан ногоон мөчрөөр үрслүүлж болдог. Үүнийг 5-6 сард тайрч авч үндэслүүлдэг.
Хамгийн гоё мөч - бундуу дэлбээлээд бүрэн задрахыг тэсэн ядан байн байн очиж харах
Хөрс: 
Ус, агаар сайн нэвтрүүлдэг тэжээл сайтай хөрс байх ёстой. Гадаа шилжүүлж суулгахдаа компост эсвэл ялзмаг сайн хийнэ. Хэрэв хэт хүнд хөрстэй газар бол элс сайн нэмж өгнө. Борооны дараа хөрсийг тогтмол сийрэгжүүлж байх хэрэгтэй.
Усалгаа:
Платикодоныг тохируулж багавтар услах хэрэгтэй. Хамгийн тохирсон арга нь - цөөн боловч нэг услахдаа маш сайн услаад үлдээх. Ус тогтож үлдэх муу, гүний ус, гол горхиос хол суулгадаг. Үндэс илжрэх нь амархан байдаг. Хөрс хэт хатах нь мөн л муугаар нөлөөлдөг. Ургалт зогсоно, навч болон цэцэгний хэмжээ жижигрээд, намхан ургадаг, мөн гарах цэцэгний тоо цөөрдөг.
 
Бордоо:
Платикодоныг жилдээ 3 удаа борддог: эхнийх нь - үр соёолонгуут (1 цайны халбага суперфосфатыг 10 л усанд), 2 дахь нь - бундуу гарахад (цэцэгт ургамлын комплекс минерал бордоогоор зааврын дагуу), 3 дахь нь - цэцэглэлт дуусангуут (мөн л калий ихээр агуулагдсан минерал бордоогоор).
Шилжүүлэн суулгалт: 
Хавар эрт, нахиа гараагүй байхад хийдэг. Залуу ургамал шилжүүлэн суулгалтыг даахдаа арай дээр. Харин хөгшин ургамлыг ер нь оролдох хэрэггүй байдаг. Шинэ газар дасан зохицохдоо муу. Намар шилжүүлж суулгаж болохгүй. Үндэс шинэ газраа сайн дасаагүй тул хөлдөх нь илүү байдаг.
Өвөлжилт: Платикодоныг гадаа өвөлжүүлэх бол тайраад, үндсээ компост, эсвэл хуурай мөчир, хатсан навчаар хучина. Хавар хучилтаа аваад, үндэс илжрэхээс сэргийлж хөрсөө сийрэгжүүлж өгнө. Нахиа гарах гэж уддаг тул тэвчээртэй хүлээгээрэй.
Нэг бут ойролцоогоор 6-7 жил ургадаг. Энэ хугацаанд шилжүүлж суулгалгүй нэг газраа ургаад байж чаддаг.
Үрлэхдээ амархан, маш олон үр гаргадаг.
Баглаа цэцгэнд хэрэглэх бол хамгийн эхний бундуу дэлгэрч эхлэх гэж байхад тайрдаг.
Гол өвчлөл нь хэт их ус, чийгээс үүдэлтэй байдаг. Үндэс, үндэсний хоолой амархан илжирдэг, хөгц ургадаг. Навч толботой болно. Харин хорхой шавьжнаас хамгийн их үрждэг нь аалзан хачиг юм байна.
 
Platycodongrandi floras
Эмчилгээний зорилгоор:
Хөрсөн дор урга байгаа хэсгүүд нь алкалоид, флавоноид, глюколютеолин зэрэг бодис ихээр агуулдаг. Навч болон жимсэнд нь стероид, сапонин, алкалоид, флавоноид цинарозин зэрэг бодисууд байдаг бол цэцгэнд нь - платиконин агуулагддаг байна. 
Хятад болон солонгос ардын уламлалт анагаах ухаанд үндэсээр нь ханд бэлдэж цэр ховхлох, багтраа өвчний эсрэг, архаг болон хурц бронхит, уушигны үрэвсэл, толгой өвдөх, тонзиллит, скарлатин, гэдэсний хадварт өвчин, суулгалт, холер, гастрит зэрэгт хэрэглэдэг байна. 
Үүнээс гадна биенээс хий гаргах, тонус сайжруулах, зүрх судасны өвчнүүдэд, гэдэсний суулгалт, өндөр даратын эсрэг, хялгасан цагаан хорхойны эсрэг, таталтын эсрэг, хөлс гаргадаг, болон биеийн ерөнхий байдал сайруулдаг, эсэргүүцэл дээшлүүлдэг гэх мэтээр хэрэглэдэг.
10% найрлагтай тосон түрхлэгийг зарим орнуудад салхин цэцэг болон арьсны зарим өвчнүүдэд хэрэглэдэг. Платикодоны үндэсний тухай Япон, Хятад, Солонгосын анагаахын сударуудад ихээр бичсэн байдаг.
Бэлтгэх болон хэрэглэх заавар:
1. 8 г жижиглэсэн үнсийг 200 мл буцалсан усанд хийгээд, савтай нь халуун усанд 12-15 минут байлгаж 1 цаг хандалдаг. Үүний дараа шүүгээд хэрэглэхэд бэлэн болно. Өдөрт 3 удаа 1/3 -1/2 стаканаар уух.
2. 10 г жижиглэсэн үндэс 1 стакан буцалсан усанд хийгээд 2 цаг хандалдаг. Шүүгээд өдөрт 3 удаа, хоолны өмнө 0,5 стаканаар ууж байх.

No comments:

Post a Comment