Wednesday, November 2, 2011

Стрептокарпелла - Streptocarpella

АСУУЛТ - ХАРИУЛТ: Энэ юу гэдэг цэцэг вэ?
Одноо, явуулсан зураг дээр стрептокарпелла гэдэг Геснерийн овгийн цэцэг байна. Юүлүүргэнэ, баримгана, боргтолжин, нил цэцэгтэй "эгч, дүүсүүд".
Латин нэр: Streptocarpella saxorum 
Хэвшсэн нэр: Streptocarpella, False African Violet, Cape Primrose
Орос нэр: Стрептокарпелла 
Овог: Gesneriaceae
Эх нутаг: Өмнөд Африк.
Зуун жилийн өмнө XX-р зууны эхэнд Стрептокарпелла-г Стрептокарпус гэсэн бүлээс тусгаарлаад тусад нь нэг төрөл болгосон байна. Ампель унждаг олон наст ургамал. Үсэрхэг навчтай, 20 см өндөр, 30 см диаметртэй бут болдог.
Цэцэглэх дуртай. Юүлүүргэний цэцэгтэй төстэй, хэмжээ нь жижиг, цэнхэр ягаан өнгийн дэлбээтэй. Нэг цэцэг дунджаар 3-5 өдөр байгаад хагдардаг.
Цэнхэрээс гадна улаан, цагаан өнгийн цэцэгтэй сортууд гаргаж авсан байна. Жишээ нь,
Streptocarpella Butterscotch
Streptocarpella White Butterfly
Streptocarpella caulescens pallescens - эгц ургасан суккулент иштэй
Streptocarpella Glandulosissimus - суккулент улаан хүрэн өнгийн иштэй
Сорт Streptocarpella Blue Concord өөр нэг нэр нь Баварын хонхон цэцэг
Streptocarpella saxorum variegated
АРЧИЛГАА:
Арчилгаа маш хялбар, урамтай хурдан ургадаг, маш амархан үрждэг, цэцэглэх дуртай, маш удаан цэцэгтэйгээ байдаг. Муудсан цэцгийг тэр дариу тасдаж байвал шинэ цэцэг гарч ирэх нь хурдан, мөн гарсан цэцэг удаан байдаг. Унждаг бут хэлбэрээр ургуулсан нь дээр.
Усалгаа багавтар, гэхдээ хөрс хатааж болохгүй. Хэт услаад байвал навч муудаж эхэлдэг. Өөрөөр бол өвчилдөггүй.
Байнга цэцэгтэйгээ байдаг тул өвөл зунгүй, тогтмол цэцгээр гоёдог ургамлын бордоогоор бордож байх хэрэгтэй. Худалдаанд байдаг «Агрикола» их тохирдог. Жил бүрийн хавар мөчирний үзүүрээс тасдаж үрслүүлээд ургамлаа шинэчилж байх хэрэгтэй. 
Үндэслүүлхэд усанд, гэрэлтэй, дулаан газар тавьна. Эсвэл шууд хөрсөнд зоогоод үндэслүүлнэ. Үндэс 10-12 хоноод гарна. Хөрс хөвсгөр, сийрэг, агаар нэвтрүүлдэг, тэжээллэг байх ёстой. Заавал дренаж хэрэглэнэ. Нартай, гэрэл ихтэй газар ургах дуртай, нарны шууд тусгалаас хамгаална.
Үндэслүүлэхдээ дээрээ 2-3 хос навчтай мөчирний үзүүрээр үрслүүлдэг. Хөрсөнд шууд зоосон бол дээгүүр нь гялгар уутаар бүтээгээрэй. Өдөр бүр сөхөж агаар оруулж байна. 3 сарын дараа цэцэглэж эхэлнэ. Өвчлөлт, хорхой шавьжинд өртдөггүй амар цэцэг байна.
Маш олон тооны цэцэг гаргадаг, зөв арчилвал 4 улирал цэцэглэнэ. Цэцэг үнэргүй, урт иштэй, нэг цэцэглэхдээ 3-5 хоног байгаад үхдэг.
Өөрөө л ургаад байдаг, анхаарал шаарддаггүй, амар цэцэг. Ургуулах нөхцөл нь нил цэцэгтэй төстэй. 
Сарнисан тод гэрэлд сайхан ургана. Нэвт салхи, хүйтэн агаарт харин дургуй. Нарны шууд гэрэлд навч түлэгднэ, толбо үүснэ. 
Хүйтэн усаар усалсан, навчинд ус хүргэсэн үед ийм толбонууд үүсдэг. Усалгааг хэтрүүлээд байвал дорхноо ялардаг. 
Сагсаалгаж ургуулахын тулд тогтмол чимхэлт хийж байна. Залуу бутанд чимхэлт хийхэд цэцэглэлт хойшлогдно гэдэгийг санаарай. 
Хөрс хөвсгөр, сийрэг, хөнгөн, тэжээллэг. Хөвд, элс, модны нүүрс хийсэн байх ёстой. Вермикулит, эсвэл перлит хийж бас болно. Үндэс маш гүехэн ургадаг. Иймээс өндөр сав авах хэрэггүй. Намхан хавтгай, доороо маш олон дренажны нүхтэй байхад болно.
Сайн цэцэглүүлэхийн тулд 2 долоо хоногт нэг удаа универсал бордоогоор услаж байна. Гэхдээ бордоогоо заавар дээр зааснаас 2 дахин сул найруулж хэрэглэдэг. Хэт их бордоод байвал, эсвэл хэт их тунгаар бордоод байвал сунаж ургадаг.
Жил бүрийн хавар шиүүлж суулгана.
Сайн гэрэл ихтэй цонхон дээр тавьна. Бусад ампель ургамлуудын адил хананаас зүүдэг саванд ургуулж цонхны хажууд зүүвэл илүү тохирно. Зундаа тагтан дээрээ нөмөрт гаргаж байрлуулна.
Усалгаа тогтмол, багавтар, хөрс хатааж болдоггүй. Хөрс хатахад навч эргэлдэж, хумигддаг. Харин хэт их уславал навч илжирч үхдэг. Илүүдэл ус удаан байлгаж болохгүй. Доод суурь тавагны усыг асгаж байх хэрэгтэй. 

No comments:

Post a Comment