Tuesday, December 9, 2014

Асплениум (Asplenium)

Асплениум (Asplenium)
Оймын төрлийн өвслөг ургамал.
Овог: Aspleniaceae
Дэлхийгээр нэг тархсан. Ихэнхи нь халуун бүсэд ургадаг.
Газраар мөлхөж, хад чулуун дээр авирч, эсвэл эпифит гээд олон янз байдаг байна. Одоог хүртэл биологчид зарим төрлийнх нь ангилал дээр маргалдаад нэг шийдэлд хүрээгүй байгаа гэнэ.
Хамгийн их тархсан нь Asplenium nidus. Энэ нь эпифит ойм юм.
Асплениумын ургалт маш хурдан. Сайн арчилвал навчны урт 60-100 см хүрдэг. Хөгшрөх тусам навч өргөн, далбагар болдог. Бутны голоос шинэ шинэ навч гарсаар байна. Навчыг нь оролдоход дургүй.
Өөр нэг тарих дуртай төрөл Asplenium bulbiferum. Энэ тэс ондоо харагддаг асплениум. Навч нь өд маягийн, зүсэгдсэн, салбархай хэлбэртэй.
ТӨРӨЛ
Asplenium nidus
Asplenium viviparum
Asplenium bulbiferum
Asplenium scolopendrium
АРЧИЛГАА
Asplenium nidus 'Antiquum'
Гэрэл
Асплениум тод гэрэл шаардаад байдаггүй. Хойд болон баруун зүгрүү харсан цонхон дээр тавьж болно. Өрөөний гүнд гэрлээс хол байрлуулах хэрэггүй. Өвөл сүүдэрт байлгах нь дээр байдаг.
Агаарын дулаан
Асплениум — дулаанд дуртай ургамал. Хамгийн тохиромжтой агаарын хэм +19-24°С. Нэвт салхи, хүйтэн агаар, мөн агаарын дулааны хэлбэлзэл зэрэгийг даахдаа муу. Өдөр халуун наранд шарагдаад, шөнө нь хүйтэн цонхны доор дааруулаад байвал ургахгүй, өвдсөөр үхэж болно. Тоос үзэж чаддаггүй. Навчны тоосыг чийгтэй даавуугаар арчиж байна.
Агаарын чийгшил
Асплениум чийгтэй агаарт ургадаг. Агаарын чийгшил доод тал нь 60% байна. Ойр ойрхон усаар шүршиж өгнө. Зун (+22°С-оос дээш хэмд) хуурай агаарт байлгаад байвал шинэ навч цухуйнгуутаа хатаад байдаг. Хуучин навчнууд ч гэсэн хатаж эхэлдэг. Ийм тохиолдолд өдөрт хэд хэдэн удаа шүршиж байна. Шүршээд байхад шинэ навч хурдан гардаг.
Голруу ус хүргэж болохгүй.
Гэхдээ бутны голруу ус оруулж болохгүй. Өвөл өдөр бүр зөөлөн бүлээн усаар шүршинэ. Хэрэв сэрүүнд өвөлжүүлж байгаа бол, эсвэл халаалт ирээгүй, гэрт сэрүүн хүйтэн байгаа бол шүрших хэрэггүй. Хөгц ургана.
Усалгаа
Зун тогтмол, сайн услаж байна. Хөрс хатаж болохгүй. Хөрс хатаавал навч үхэж эхэлдэг. Хөрс мөн хэт чийгтэй, усархаг байлгаж болохгүй.
Тохиромжтой усалгааны арга нь савтай цэцгийг хувинтай усанд дүрэх. Хөрсний дээгүүр ус гялалзаад ирэнгүүт хувинтай уснаас гаргаад, илүүдэл усыг урсаж дуустал хүлээгээд, байнга байдаг газар нь тавьна.
Хлортой, хатуу ус хэрэглэж болохгүй. Тасалгааны дулаантай адилхан хэмтэй усаар услана.
Цэцэг нь
Өвөл усалгаа багавтар. Танай гэрийн нөхцөлд хэрхэн дасан зохицсон, тухайн ургамлын шаардлага болон өрөөний агаарын хуурайшилтад тааруулж услаж байна.
Усалгаанд зөөлөн, бүлээн ус хэрэглэнэ.
Аsplenium nidus variegated
Бордоо
4 сараас эхлээд 9 сарыг дуустал хоёр долоо хоногт нэг удаа минерал болон органик бордоогоор (заавар дээрх заалтаас нь 2 дахин сул найруулж) услаж байна. 
Хөрс
Залуу ургамал зөөлөн, мэдрэмтгий үндэстэй байдаг. Үүнд хөвд, навчин хөрс, ялзмаг, элс (2:2:2:1) гэж авна. Харин хөгшин том хэмжээтэй ургамлыг ширгэн хөрс, навчин хөрс, хөвд, ялзмаг, элс (2:3:3:1:1) гэж хольно. Бэлдсэн хөрсөндөө модны нүүрсний нунтаг, мөн туйпууны хэлтэрхий зэрэг хийх сайн. Хөрс бага зэрэг хүчиллэг байна.
Хүнд шаварлаг, хар шороотой хөрсөнд сайн ургахгүй. Цахирмаад тааруулсан бэлэн хөрс хэрэглэж болно. Гол нь агаар сайн нэвтрүүлдэг, амархан хатдаг, хөвсгөр хөрс байх ёстой.
Шилжүүлэн суулгалт
Үүнийг хавар сав багадсан тохиолдолд хийдэг. Шилжүүлж суулгахдаа үхсэн үндэснээс цэвэрлэнэ. Зарим ургамлын үндэс хэт ургасан байвал тайрч богиносгодог. Харин асплениумын үндэс тайрдаггүй. Үндэсний ургалт маш удаан тул болж өгвөл оролддоггүй.
Хөрсөө дээрээс нь дарж чигжих хэрэггүй. Хөвсгөр сийрэг хөрс байна. Суулгасны дараа бүлээн усаар услаад, шүршдэг.
Өргөн сав илүү тохирно. Хэт том сав авах хэрэггүй. Үндэс гүехэн ургадаг. Савны ёроолд зузаан дренаж дэвсэж өгнө. Жил бүр эсвэл жил өнжиж шилжүүлж суулгадаг. Эпифит ургамал тул савны хананд жижигхэн нүхнүүд гаргаж өгөх зүгээр.
Тайралт
Зөвхөн гэмтсэн, эсвэл хөгшин навчийг тайрдаг.
Үржүүлэх арга
Үндэс хуваах, хажуугийн шинэ нахиа, спор зэрэгээр үржүүлж болдог. Үндэс хуваахыг хавар шилжүүлж суулгахдаа хийдэг. Хэдэн ургах цэг байгааг анхаарна. Хэрэв нэг ургах цэгтэй, эвсэл цөөн тооны бол хуваах хэрэггүй. Оролдвол ургамал үхэж болно. Хувааж суулгасан залуу ургамал нэг хэсэг ургахгүй гацдаг.
Амьд зулзага гаргадаг төрөл хамгийн төвөггүй үрждэг. Зулзага унасан газараа өөрөө үндэслээд, ургаад ирнэ.

Навчны ар талд байгаа споруудаар үржүүлж болдог. Хавар эртхэн хөрсөнд суулгадаг. Доороос нь бүлээн зүйл дээр тавьж халаагаад хөрсний дулааныг тогтмол  +21°С байлгахад тохирдог.
Үүний тулд навчны ард байгаа спорыг ховхолж аваад дренажтай хөрсөнд суулгана. Хөрсөө урьдчилаад ариутгасан байна.
Вакумдаад дулаахан, харанхуй газар тавьна. Өдөр бүр нээж агаар оруулна. Хөрс хатааж болохгүй. Нахиа гартал харанхуйд байлгана. Нахиа 4-12 долоо хоногийн дараа гардаг.
Нахиалсан бол гэрэлтэй газар тавиад вакумнаас нь гаргана. Том ургаад эхлэхлээр илүү сайн ургасан үрсэлгээг үлдээнэ. Үрсэлгээ хоорондын зай 2-3 см байхаар холдуулна. Холдуулснаар илүү хурдан ургаж эхэлнэ. Ургаад томронгуут хүлэрт хөрстэй савнуудад тусгаарлан суулгана. Нэг саванд 2-3 үрсэлгээ суулгаж болно.
Гарч болох хүндрэлүүд
Ихэнхи өвчлөл буруу усалгаанаас болдог. Саарал хөгц, навчны бактериоз зэрэгийг бага, тохируулж усалснаар урьдчилан сэргийлж болно.
Навчны толботох нь буруу бордсоноос болдог. Хэт өндөр тунгаар найруулсан, буруу тохирохгүй хөрс хэрэглэсэн (хөрс саармаг, хүчиллэг багатай байх ёстой байдаг).
Бор хүрэн толбо үүсэх нь навчинд нематод үүрлэсний шинж тэмдэг. Энэ тохиолдолд ургамлыг устгасан нь дээр. Нематод буюу хялгасан өттэй тэмцэх хэцүү.
Эрүүл навчин дээр спор боловсрох явцад хүрэн цэг, толбо, зураас үүсдэг. Энэ бол ердийн зүйл.
Навч доод угнаасаа шарлаж, толботож эхлээд хатаж байвал — хуурай агаараас болж байна.
Навчны үзүүр хатах — хуурай агаараас.
Навч сулрах, унжих  — усалгаа буруу хийснээс.
Навчны өнгө цайраад, бүдэгрээд, навчин дээр түлэгдсэн толбо үүсэх — нарны гэрэлд тавьсан. Зун нарны хурц гэрлээс хамгаалж байх хэрэгтэй.
Хэрэв навч ороогдож хумигдсанч хатахгүй байвал — хөрсөө хэт услаад нэвт салхинд тавьсан, хүйтэн сэрүүн газар байлгасан, дааруулсан байна.
Асплениум бол оймын төрлийн ургамал гэдэгийг санаж байх хэрэгтэй. Агаарын чийг өндөр байж ургамал тааламжтай ургана. Агаар хуурайшаад эхлэхэд навч толботоод, хатаад, өвчлөөд ирнэ. 
Усаар ойр ойрхон шүршиж байх хэрэгтэй, гэхдээ өбутны голруу ус хүргэж болохгүй. Голыг нь услаад байва дорхноо илжирнэ.
Агаарын хэмийн огцом өөрчлөлтийг даахдаа муу. Нэвт салхинд байж чаддаггүй. Хүйтэн агаар өвчлүүлнэ. 
 
Навч шарлах, бор толботой болох - хэт халуун өрөөнд байна, +25°C хэмээс дээш дулаантай гөзөр байлгах хэрэггүй. Хэрэв агаар халуун бол агаарын чийгшилийг мөн ихэсгэх хэрэгтэй. Өөр нэг шалтгаан нь тогтмол бус усалгаа, дутуу усалгаа.
Навч шарлах, ургалт зогсох - агаарын чийгшил бага. Халуун хүйтнээр үлээдэг төхөөрөмж, халуун паарны дэргэд тавьснаас болно.
Навч өнгөгүй, унжсан, нимгэн цаас шиг болсон - хэт их хурц нарны гэрэлд байлгаад байна.
Навч бүдэг, цайрсан, өнгөгүй, навчны үзүүр шарлаад, борлоод, ургамал бүхэлдээ ургахгүй байвал - тэжээл дутсаных, эсвэл хэт том саванд суулгасан, хэт их хөрсөнд суулгасан, сав багадсан, мөн хөрс таараагүй.
Навч шарлах, борлох, хумигдах, ороож мушгиралдах, унах, шинээр гарсан навч унжийгаад, үхээд байх нь - маш хүйтэн сэрүүн газар дааруулаад байна. Нэвт салхинд тавьсан байна, хүйтэн усаар эсвэл хатуу хлортой усаар усласнаас тус тус болдог байна.
http://greenhome.org.ua/; http://www.floralworld.ru/; http://en.wikipedia.org/wiki/Asplenium; http://hardyfernlibrary.com/ferns/listSpecies.cfm?Genus=Asplenium

No comments:

Post a Comment