Wednesday, December 3, 2014

Шимтэглээ - герань, энэдбэл - пеларгония



(Хуучин блогт байсан 4-5 бичлэг нэгтгэх гэж оролдсон тул зарим зүйл наана цаана давтагдсан байгаа.)
- - - - - - -

Энэ юу вэ? Шимтэглээ юу, энэдбэл үү? Яагаад шимтэглээ гэсэн нэрээр хоёр өөр ургамал нэрлээд байдаг юм бол?
Энэ бол энэдбэл буюу пеларгония юм. Пеларгония, герань хоёрыг хольдог нь эрт дээр үед ботаникчдийн хийсэн алдаанаас үүдэлтэй юм байна. 
Geranium гэсэн үг олон мянган жилийн өмнөөс хэрэглэгдэж иржээ. Эртний Грекийн зохиолуудад тусгагдсан байдаг байна.
Харин ийм нэртэй ургамлыг шведын ботаникч Карл Линней өөрийн бүтээсэн ургамлын системчлэлд анх бүртгэжээ. Бүртгэхдээ шимтэглэй, энэдбэл хоёрыг хамтад нь нэг нэрэн дор бичсэн байдаг. Пеларгонияг анх ботаникч Леритье де Брютель тэмдэглэсэн байна. XVIII-р зууны сүүлээс герань, пеларгония хоёрыг салгаж эхэлжээ.
"Geranos" гэдэг нь "тогоруу шувууны хошуу" гэсэн утгатай бөгөөд шимтэглэйн үрний хэлбэрээс бий болсон нэр. "Рelargos" нь бол "өрөвтас" гэсэн үгнээс гаралтай гэнэ. 
Нугын шимтэглээ, Мягмансанж - Герань луговая, Geranium pratense L.
Европ, Хойд Америк болон Азиас гаралтай —өвслөг, олон наст, задгай хөрсөнд өвөлждөг, намхан, ихэнхидээ газраар мөлхөж халиурсан, даруухан ургамал байдаг. Цэцэгний хэлбэр, дэлбээ зөв, тэгш, энгийн цэцэгтэй. Навч хөнгөхөн, сэвсгэр, хээтэй. Бараг үнэргүй.
Энэдбэл "Orange Frost"
Пеларгония нь Африкаас гаралтай нэг метр өндөр ургадаг. Цэцэг нь энгийн, хагас давхар болон давхар дэлбээтэй гэж байдаг. Пеларгониягийн навч мөн сонин содон хэлбэртэй байдаг: гөлгөр, гялгар байж болно, махлаг шүүслэг, эсвэл эсрэгээрээ үсэрхэг, үрчгэр, товгор гээд төрөл бүр. Ихэнхи пеларгония нь үнэртэй. 
Бидний цонхон дээрээ тарьдаг цэцэг жинхэндээ шимтэглэй биш энэдбэл юм. Гэхдээ бүгд тэдгээр цэцгийг шимтэглэй гэж нэрлэж заншсан. 
Энэдбэл, шимтэглэй хоёр Geraniaceae гэх нэг аймагт ордог хоёр өөр төрөл зүйл ургамал юм. Ялгаа нь:
1. Энэдбэл (Pelargonium)-ийн цэцэг буруу хэлбэртэй, дээд хоёр дэлбээ нь доод 3 дэлбээнээсээ ондоо, харин шимтэглэй буюу герань (Geranium)-ийн бүх дэлбээ ижил хэлбэртэй, адилхан хэмжээтэй, тэгш тойрсон байрлалтай. 
2. Бүх энэдбэл дулаанд дуртай, үүсэл гарал нь - Өмнөд Африк. Иймээс манай нөхцөлд зөвхөн тасалгаанд ургана. Харин шимтэглэйн (Geranium) дийлэнх төрлүүд Кавказ, Европ, Энэтхэг, Сибирь, Алс Дорнод, Монгол, Хятад, Хойд Америкт ургадаг тул задгай агаарт ургуулахад сайн ургадаг, байгальд ил задгай өвөлждөг. Хөрснөөс дээш хэсэг нь намар хатаад, хавар шинээр ургаж гардаг.
За, нэрний талаар мэдэж авсан тул цаашид дуудаж хэвшсэн нэрээр явъя.

Бүх төрлийн шимтэглэй нь хамгаалах чадвартай. Жишээ нь могойноос хамгаалдаг. Эрт дээр үеээс «шимтэглэй ургаж байгаа газар могой байдаггүй» гэдэг байж.
Тасалгаанд ургуулдаг шимтэглэй нь маш хүчтэй энергетиктэй. Улаан шимтэглэйг гэрийн гадаа тарьвал эрүүл мэндэд тустай, ягаан өнгийн цэцэгтэй нь гэрт хайр татдаг, хосуудыг бие биентэй нь холбох засалд хэрэглэдэг гэнэ. Харин цагаан цэцэгтэй шимтэглэй нь үр хүүхэдтэй болоход тус болдог юм байна.
Анхилуун үнэртэй ягаан шимтэглэйг уутанд хийж биедээ авч явбал муу нөлөө, уруу татдаг хүмүүсээс хамгаална гэнэ. 
Шимтэглэй нь фитонцид ургамал. Агаарт ялгаруулдаг био бодис нь хорт хавдрын эсрэг үйлчилдэг. Шимтэглэйн ялгаруулах эфирийн тос нь бактерийн эсрэг үйлчилгээтэй, уушиг амьсгалын замын өвчнөөс хамгаалдаг, бодисын солилцоог сайжруулдаг гэнэ.
Ардын эмчилгээ, гоо сайханд өргөнөөр хэрэглэгддэг. Үүнд үндэс, навч, цэцэг гээд бүгдийг ашигладаг. Авдар сав, өрөөнүүдийн эвгүй үнэр дарахад хүртэл хэрэглэж болдог байна.
Тосгоны эмээ нар өвөл идэх жимсний чанамал зэхэж байхдаа дээр нь шимтэглэйн мөчир тасдаж хийгээд тагладаг байж. Энэ нь хөгц ургахаас хамгаалдаг байсан байна.
 
Rose Pelargonium-ын навчнаас элсэн чихэрт хийж хадгалаад дараа нь цайнд хийхэд анхилуун шимтэглэй үнэртэнэ.
Зуны халуунд сэнгэнсэн үнэртэй ундаа хийж ууж болно.
Европын зарим оронд шимтэглэйн навчийг хоол амтлагч болгож яньшуйны оронд хийдэг.
 
Lemon Geranium-тай цөцгийн тос хийдэг байна.
 Хувцас угаахад зориулагдсан зөөлрүүлэгч-үнэр оруулдаг шингэн мөн хийдэг байна.
 
Кейкны чимэг бөгөөд амт, үнэр оруулагч

Дорнын анагаах ухаанд шимтэглэйн эфирийн тосыг хорт хавдрын эмчилгээнд ашигладаг. Мөн эфирийн тосыг "аромотерапи" буюу үнэрээр анагаахад хэрэглэдэг байна. Арьсны гэмтэл, өвчлөлд нэн тустай, жишээ нь: түлэнхий, яр, шарх, дерматит, экзем, псориаз, хаван, зөөлөн эдийн гэмтэлд. 
Шимтэглэйн тос тайвшруулах, сэтгэл санаа дээшлүүлэх, депрессийн эсрэг үйлчлэх увидастай. Өөртөө итгэлтэй, өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэхэд тус болдог. Эфирийн тос нь гэнэт үүсэх уур уцаар, уйламтгай, гомдомтгой, депрессдсэн үед тайвшруулж намдаадаг байна.
Оросын Петр I хааны шигдэж ургасан хумсыг шимтэглэйний навчаар эмчилж эдгээснээр оросуудын дунд дорхноо тархсан гэсэн сонирхолтой мэдээлэл байдаг байна.
АРЧИЛГАА
Агаарын дулаан
Тохирох агаарын хэм зуны улиралд +18-20ºС, харин өвөл сэрүүнд + 8-10º амраадаг. Хаан шимтэглэйг сэрүүн орчинд +8-10С хэмд заавал амраах ёстой бол бусад төрөл нь дулаан газар ургаад өвөлжиж болдог.
Усалгаа
Зун маш сайн услаж байна. Хөрсний дээд хэсэг 2-см гүн доош хатахаap дараагийн усалгааг хийнэ. Хэт чийгтэй хөрс муу. Өвөл усалгааг багасгана.
Цэцэглээгүй үед хөрс өлөн чийглэг байхад болно. Навч шүрших хэрэггүй.
Шимтэглэйг крантны жаваргүй усаар услаж болдог.
Ямар ч улиралд доод суурь тавганд тунасан усыг асгаж байна. Үндэс илжирч болдог. Шимтэглэйг бага зэрэг хатаах нь хэт их усласнаас илүү дээр. 
Гэрэл
Навч нь тойрсон дугуй хээтэй "Зональная герань" буюу "Бүслүүрт" гэх төрөл нь маш гэрэлсэг, нарны гэрэл даахдаа сайн. Хурц үдийн нарнаас хамгаалж байвал илүүдэхгүй, гэхдээ заавал биш. Бүслүүрт шимтэглэйн навчны өнгө, хээ наранд илүү тодордог бол хаан шимтэглэйг эсрэгээр нарнаас хамгаалж байх хэрэгтэй.
Үрслүүлэх арга
ХХ дугаар зуун хүртэл шимтэглэйг зөвхөн мөчрөөр үрслүүлдэг байж ээ. Яагаад гэхээр үрээр ургуулсан цэцэг нь эх ургамлынхаа шинж чанарыг хадгалдаггүй байсан гэнэ. Харин F1 гибрид гарч ирснээр мэргэжлийн цэцэгчдээс гадна сонирхогчид ч үрээр тарьдаг болсон байна.
Мөчрөөр үрслүүлэхэд түргэн цэцэглэдэг, эх цэцэгний бүх шинж чанарыг авч үлддэг. Ер нь үрсэлгээг жилийн аль ч улиралд хийж болдог гэдэг. Гэхдээ 11-12 сарууд хамгийн үндэслэх дургуй, амархан "хар хөлтдөг" үе байдаг. 2-3 дугаар саруудад, мөн 7-8 дугаар саруудад эрүүл ногоон мөчирний үзүүрийг авч үрслүүлсэн нь дээр байдаг. +25 С-аас дээш халуунд үндэслэх нь муу. Хэрэв сэрүүн, хүйтэн зун болж байгаа бол хэзээ ч үрслүүлсэн болно гэнэ.
1. Хөрсөнд мөчирний үзүүрээр үрслүүлэх: 2 сарын дундаас шимтэглэйг тайраад, хөрс солих, сав томруулах ажил хийдэг. Тайралтаас гарсан мөчирний үзүүрүүдийг үрслүүлж болно. Эсвэл жилийн аль ч улиралд мөчирний үзүүрээс үрслүүлэхээр авч болно.
1. 3-6 навчтай 7 см урт мөчирний үзүүр байхад болно. Нахиа байсан зангилааны доогуур тайрна. 
2. Дээрх 2-3 навчийг үлдээгээд, доор байгаа бусад бүх навчийг тасдана. Цэцэг, бундуу байвал мөн тасдаж авна.
3. Хөрсөнд суулгахад далд орох бүх дагуур навчийг тасдаж цэвэрлэнэ. Илжрэлт явагдахаас сэргийлж байгаа алхам юм.
4. Хэт том далбагар навчтай бол талыг нь тайрна, эсвэл зураг дээр үзүүлсэн шиг зөвхөн навчны ишийг үлдээж болно. Энэ нь уурших талбайг багасгаж өгч байгаа юм. Хэт их олон том навчийг усаар хангах гэж хамаг шим тэжээлээ зарцуулсаар байгаад үрсэлгээ сүүлдээ дийлэхгүй илжирдэг. 2-3 навч дээр нь үлдээнэ. Үндэс гартал эдгээрийн шим тэжээлийг хэрэглэх юм.
Үүний дараа тасалгааны хэмд 1-2 цаг ил тавьж хатаана. Наранд тавьж болохгүй. Үрслүүлж байгаа мөчирнүүдийг вакумдах, үндэслүүлэгч гормонд дүрэх хэрэг байдаггүй. 
5. Перлит, эсвэл хөнгөхөн сэвсгэр хөрсөнд суулгана. Хөрсөө үл ялиг чийглэнэ. Усархаг, нойтон хөрс байж болохгүй. +16-22ºС хэмд үндэслүүлнэ. 
Шинэ нахиа цухуйхаар үндэслэсэн гэж мэдэж болно. Үндэслэсэн үрсэлгээнүүдээ нэг нэгээр нь жижиг саванд суулгаад гэрэлтэй дулаан газар байрлуулна. Шууд нар тусахаар газар тавих хэрэггүй. Хавар, зуны нар илч ихтэй тул сарнисан гэрэлд байлгана. Хөрс: агаар сайн нэвтрэхээр хөнгөхөн хүлэрт хөрс, элс байна.

Нэг удаагийн стаканд талаар нь хөрс хийгээд үндэсүүлэвэл илүү хурдан байдаг. Хэт том сав, эсвэл стакан дүүрэн хөрс авахад илжрэх нь амархан байна.

2. Усанд мөчирний үзүүрээр үрслүүлэх:
Дээрх аргаар цэвэрлээд, хатаагаад бэлдсэн мөчирний үзүүрийг усанд үндэслүүлж болно. Мөн л нэг удаагийн стакан амар байдаг. Их усанд дүрэх хэрггүй. Мөчирний үзүүр усанд 1,5-2 см дүрэгдсэн байхад болно. Усандаа модны нүүрсний үүрмэг, хэлтэрхий ч юм уу хийхэд ус мууддаггүй, үрсэлгээний үзүүр илжирдэггүй сайн талтай. 
Наранд тавихгүй. Дулаахан гэрэлсэг, эсвэл хагас сүүдэрхэг газар тавьна. Гол нь өдөр наранд халаад, шөнө нь хүйтэн цонхноос жиндээд даараад байж болохгүй.  Өдөр, шөнийн агаарын дулаан нэг жигд байх ёстой. Зарим нь бор шилэнд илүү үндэслэдэг гэдэг. 2-3 хоноод усаа солиод байна.
Гадуур нь вакумдах хэрэггүй. Үндэслэнгүүт энэ стакандаа дээрээс нь хөвсгөр хөнгөхөн хөрс 1/3-1/2 дүүргэж хийгээд, сайн үндэс гаргаад авна. Дараа нь жинхэнэ хөрсөнд шилжүүлж суулгаарай.
3. Үр бойжуулагчинд үрслүүлэх:
Үр бойжуулагчинд суулгаад үрслүүлэх бол дараа нь саванд суулгахад хялбар байдаг. 
5. Үрээр үржүүлэх бол хавар суулгана. Гэхдээ хангалттай гэрэл гаргаж өгч чадвал хэзээ ч болно. Үрээр үрслүүлсэн шимтэглэйн цэцэглэлт удаан үргэлжилдэг. 
АСУУЛТ - ХАРИУЛТ: Шимтэглэйний үр ямар байдаг юм бэ? Би цагаан шимтэглэйн цэцэгнээс жад шиг зүйл гарахаар нь хатааж байгаад тэрнээсээ бор жижигхэн будаа шиг зүйл аваад хөрсөнд хийчихсэн. Тэр үр мөн үү?
Үр иймэрхүү байх ёстой. Үр яаж тарих тухай www.delgeen.com дээр шимтэглэйний мастер Н. Болормаагийн бэлтгэсэн дэлгэрэнгүй хичээл байгаа, олоод уншаарай.


Youtube дэх бичлэгүүдээс үзвэл:

Дэлгүүрт зардаг ууттай үр нь гадуураа хатах, хөгцрөхөөс болон мөөгний өвчлөлүүдээс хамгаалсан бүрхүүлтэй байдаг.

Үрсэлгээний арчилгаа
Үрсэлгээгээ жижиг саванд суулгасан нь дээр байдаг. Нэг удаагийн стакан тохирдог. Ургаад ирэнгүүт том саванд шилжүүлнэ. Шууд том саванд суулгаж болдоггүй. Энэ нь ургалтыг удаашруулдаг ба үндэс илжрэх нь амархан. Савандаа дасаж, үндсээр дүүргэх гэж дээшээ ургахгүй гацдаг. Цэцэглэхгүй уддаг.
Сав жижиг байх тусам сайн. Их хөрс хийх хэрэггүй. Үндэс хөрсийг бүрэн эзлэснээр цэцэглэж эхэлдэг. Сав жижиг байх тусам илүү сайн цэцэглэнэ. Харин том саванд навч л гаргаад байна.
Үндэслүүлэх явцад үрсэлгээний доод навч шарлаж болно. Оролдохгүй байлгаж байгаад шинэ нахиа гарч ирэхлээр шарласан навчаа тасдаад авчаарай.
Зөв хэлбэртэй болгохын тулд дээд үзүүрийг 8-10 дахь навчны дээгүүр тайрна. Хажуугийн нахиануудыг 6-8 навчны дараа чимхэнэ. Жигд ургуулахын тулд савтай цэцгээ эргүүлж байна. Нэг талаараа цонхруу харсан шимтэглэй далий ургадаг.
Стаканыхаа ёроолыг нүхлэнэ, үүгээр илүүдэл ус гарч, агаар орж байх болно. Шимтэглэйд ямар ч хөрс таардаг. Эхний 2 хоног сүүдэрхэг газар байлгаж байгаад дараа нь хамгийн сайн гэрэлтэй газраа байршуулна. Усалгааг тогтмол, жигд, бага хийдэг.
   
Оросууд шимтэглэйний тайрсан хэсгүүдэд эмийн санд зардаг шарханд түрхэдэг "зелёнка" хэрэглэдэг юм байна.
Зелёнка нь шинэ шарханд бохир оруулахгүй, ариутгадаг, түргэн хатаадаг үйлчилгээтэй. Хайтанд тайралт хийгээд мөн түрхэж болдог. Зелёнкагийн оронд шархыг модны нүүрсний нунтагаар бүрж болно.
Шилжүүлж суулгах, сав томруулах
Савыг үе шатлалтай томруулна. Савны ёроолд ус урсаж гарах нүх байх ёстой. 2-3 см зузаан дренаж хийж өгнө. Шимтэглэй нь дренажд дуртай байдаг. Дренаж-нд туйпууны үүрмэг, керамзит, шавар савны хэлтэрхий, модны нүүрс, өндөгний хальс гээд юу ч хэрэглэж болно.
Шимтэглэйгээ 2-3 цагийн өмнө усласан байх шаардлагатай. Бэлдсэн том савныхаа дренаж дээр бага зэрэг хөрс хийгээд үрсэлгээгээ суулгадаг. Тасалгааны шимтэглэйг бага зэрэг гүн суулгаж болно. Гэхдээ хэт гүн суулгавал иш илжирч болно. Сөн хэт гүн суулгасан бол ургалт гацдаг, зогсдог. Хоолойг нь цэвэрлээд, дээшлүүлээд өгөхлээр шууд ургаад эхэлдэг.
Үндэс оролдогүй шилжүүлж суулгаарай. Сав томруулах тухай энд дараад уншаарай.
Хамгийн сүүлд услана. Услахдаа голруу нь ус хийх хэрэггүй, харин захаар нь шинээр нэмсэн хөрсөө норгож услаж өгөөрэй. Үүний дараа гэрэлсэг цонх, тагтан дээр гаргаж болно.
Хөрс
Ердийн ургуулах, олон цэцэг гаргах, цэцэглэлт удаан үргэлжлүүлэхийн тулд хөвсгөр, сайн дренажтай, тэжээллэг хөрсөнд суулгана. Ихэнхи шимтэглэй бага зэрэг хүчиллэг, саармаг гэсэн хөрсөнд ургадаг.
Тайралт:
Хавар ургалт үе эхлэхийн өмнө хийж болно. Мөн намар сайн тайраад, сэрүүн гэрэлсэг газар амрааж болно.
Шимтэглэй юунд дуртай вэ?
- нар (хагас сүүдэрхэг газар ургаж чадна);
- дулаан (намар хөнгөхөн цочир хүйтрэлийг давж чадна);
- цөөн гэхдээ сайн усалгаа;
- зузаан дренаж;
- тэжээллэг биш хөрс (хэт их тэжээлтэй хөрсөнд ногоон масс ургаад байна, цэцэг бага гарна);
- тогтмол бордоо;
- хагдарсан хатсан цэцэг навч түүж байх.

Навч шарлах шалтгаан:
- навчны зөвхөн захаар шарлаад байвал — ус чийг дутсан;
- навч суларсан, илжрээд байвал — ус чийг ихдүүлсэн.
- гэрэл дутагдаад байж болно. Аль аль үед навч унана.
Иш халзраад, доод навч унаад байвал — гэрэл дутсан.
Зун гадаа агаарт гаргаж байх – тагтан дээр, эсвэл задгай хөрсөнд гадаа суулгах арга хэмжээ авна. Гадаа шимтэглэй илүү томроод, хүчээ аваад сайхан ургадаг.
Наранд навч заримдаа ягаавтар туяатай болдог – энэ ердийн үзэгдэл.
Намар +10-12 С хэмийн сэрүүнд маш тааламжтай ургадаг. Эхний цочир хүйтрэл болтол гадаа байлгаж болно. +2-5С хүртэл хэмийг дийлдэг. Үүний дараа тайраад, хэрэв ил талбайд ургуулж байсан бол ухаж аваад саванд суулгаад сэрүүн +10-12С хэмтэй гэрэлсэг газар өвөлжүүлнэ. Эсвэл бага багаар тасалгааны халуун агаарт дасгаж байж гэртээ оруулна. Ургалт үргэлжилсээр, цэцэглэсээр байдаг.
Навч улаан өнгөтэй болох, цэцэглэхгүй байх - хүйтэнд даараад байна гэсэн дохио. 
2 жилд нэг удаа шинэчилж, залуужуулж байх хэрэгтэй. 
Сайн цэцэглүүлэхийн тулд чимхэлт хийж байна. 
Ер нь шимтэглэйг нэг наст ургамал шиг ургуулах нь дээр. Нэгээс дээш жил ургасан шимтэглэй халзан далий, үзэмж муутай харагддаг. Иймээс жил бүр мөчрөөр шинэчилж, эсвэл залуужуулсан нь дээр.

No comments:

Post a Comment