Wednesday, December 10, 2014

Гузмания

Гусмания (Гузмания — Guzmania) — Bromeliaceae овгийн мөнхийн ногоон өвслөг ургамал. Испаний ботаникч, зоологч, аялагч Анастасио Гусманы (испаниар Anastasio Guzmаn) нэрээр нэрлэсэн. Тэрээр 1802 онд анх энэ ургамлын тухай бичсэн байна. 
Байгальд Төв Америк, Венесуэл, Энэтхэг, Бразилд ургадаг. Экзотик төрхөөрөө ямар ч өрөө тасалгааг чимэж "өнгө оруулдаг" цэцэг.
Эх нутагтаа бол өөр мод, ургамал дээр тогтож ургадаг эпифит. Эпифит нь модны иш, мөчир дээр тогтож ургадаг, ус тэжээлээ орчин тойрноосоо өөрөө олж авдаг, паразит бус ургамал. Гусманиягийн үндэс нь зөвхөн тогтох үүргийг гүйцэтгэдэг тул маш сул хөгжсөн. Навчны уганд хуримтлагдсан уснаас чийг тэжээлээ олж авдаг. Энэ онцлогийг нь гэртээ ургуулж байхдаа ашиглах хэрэгтэй.
ТӨРӨЛ
Нийт 130 төрөл байдаг. Хамгийн их тархсан нь: 
Guzmania donnell-smithii

Guzmania sanguinea

Guzmania musaica

Guzmania nicaraguensis Mez.

Guzmania monostachia Mez.

Guzmania lingulata Mez.
Фен-шуй
Стресс тайлдаг, "нүд баясгаж" ерөнхий биеийн байдлыг сайжруулдаг, тайвшруулдаг, бие сэтгэлийн амгалан тайванг тэнцвэржүүлдэг, гармони авчирдаг гэнэ.
Эр энергийг илүү хурцалж өгдөг, ялангуяа цэцэглэж байхдаа. Амьдралд тэмцэх хүч зориг сул, шинэ нөхцөлд дасан зохицохдоо муу, бүрэг, өөрийгөө байнга хянасан, шүүмжилсэн, дотоод "Би"-гээ байнга ухсан интроверт хүн ургуулвал илүү тохирно гэжээ.
Агаар дахь тоос багасгадаг. 
Арчилгаа
Ургах явцдаа нэг л удаа цэцэглэдэг. Цэцэглэлт дуусмагц эх бутнаас хэд хэдэн хажуугийн нахиа ургаж томроод, харин эх цэцэг үхдэг. 
Гэрэл
Гусмания гэрэлсэг цэцэг. Баруун, зүүн талын цонхон дээр зуны хурц нарнаас хамгаалж тавьхад тохирно. Нарны тод гэрэлд зун навч түлэгдэх, өнгө цайрч бүдэгрээд, цаас шиг нимгэн хатуу болдог. Тод сарнисан гэрэлд илүү сайхан ургана.
Агаарын дулаан
Зун + 28 °C хүртэл, өвөл + 20°C.
Хөрс
10—12 см диаметртэй саванд хүлэрт хөрс, модны нүүрс, хар шороо, элс (1:1:0,5:0,5) хольж хийнэ. Шилмүүст модны холтос үүрүүлж хийж болно. Мөн хөвд илүүдэхгүй. Савны доор заавал зузаан дренаж дэвсэнэ.
Эпифит ургамал тул цахирмаа цэцэгний хөрс ч таардаг.
Усалгаа
Бромелийн овгийн ургамлууд сул хөгжсөн үндэстэй байдаг. Хөрсөө хэт чийгтэй байлгаад байвал цэцэг үмхийрдэг. Услахдаа навчны дотор ус хийж болохгүй. Үүнээс болж үмхийрдэг гэдэг. Байгальд бол навчин таваг дотор хуримтлагдсан борооны уснаас хамаг тэжээл, ус чийгээ авдаг. Иймд таараагүй, хэт их хар шороотой хүнд хөрсөнд суулгаад усалгаагаа хэтрүүлээд байвал дорхноо үндэс ялзраад хаяхаас өөр аргагуй болдогийг анхаараарай.
Цэцэглэлт үе 3 сараас 8 сарын хооронд болно. Энэ үед навчин тавагны дотогш усладаг. 2 см ус хийнэ.

Цэцэглэлт дуусангуут амралт үед орно. Бутны дотогш услахаа болиод, савны ирмэгээр услаж байна. Энэ үед усаар шүршихээ зогсооно. Усалгааг багасгаад, тааруулж хийж байна. Услахдаа зөөлөн, бүлээн ус хэрэглэнэ. 
Агаарын чийгшил
Бороо хур ихтэй, чийглэг ойд ургадаг тул агаарын чийгшилт маш өндөр байх ёстой байдаг. Навч нахиа ургаж эхлэхэд хажууд нь агаар чийгшүүлдэг аппарат ажиллуулах, эсвэл тогтмол шүрших хэрэгтэй болно. Хавар, зун шүршихээс гадна навчийг чийгтэй алчуураар арчиж байна.
Бордоо 
3 долоо хоногт нэг удаа универсал бордоогоор бордно. Цэцэглэлт үед - 10 хоногт нэг удаа. Энэ нь цэцэглэлтийг удаашруулдаг байна. 
Шилжүүлж суулгах
Дэлгүүрийн гусмания (жишээ нь Хятадаас шууд оруулж ирсэн) худалдаж авсан бол 2-3 долоо хоногийн дараа шилжүүлж суулгах хэрэгтэй.
Ер нь бол 2—3 жилд нэг удаа, хавар эсвэл зун шилжүүлж суулгадаг. Харин жил бүр хөрсөө солих хэрэг гардаг. Гусманиягийн үндэс маш өнгөцхөн байдаг, гүехэн ургадаг. Иймээс хэт гүнзгий өндөр биш, мөн хэт өргөн далбагар биш саванд суулгадаг. Шилжүүлж суулгахдаа хөрсийг доош дарж чигжиж, нягтруулах хэрэггүй. 
Үрсэлгээ
Үржүүлэхдээ үрээр болон бут салгах, зулзага үрслүүлэх аргууд хэрэглэдэг. Үрээр маш амархан ургуулдаг. Гэхдээ хамгийн хялбар, цаг хэмнэсэн, төвөггүй арга бол зулзага салгаж суулгах. Цэцэглэж байгаа ургамлыг тойроод жижиг жижиг шинэ нахиа ургаж эхэлдэг. Эдгээр нь томорсоор 1,5-2 сарын дараа өөрийн гэсэн навч, зөөлөн үндэстэй болдог. Яг энэ үед эх цэцэг өөрөө хатаж эхэлнэ. Зулзагнууд эх цэцэгнийхээ 1/3 хэмжээтэй болоод ирэхлээр салгаад, тасалгааны хэмтэй дулаан газар тус тусад нь суулгана.
Хөрс: элс, навчин хөрс, нарсны холтосны үүрмэг (1:3:1) зэргээс бүрдүүлнэ. Үрсэлгээгээ дулаахан (+26-28 С) газар байрлуулаад вакумдна. Зулзагнууд хурдан өсөж томордог. Агаарын чийгшил өндөр (80%) байна. Хавар-зуны улиралд услахаас гадна шүршиж байна.
Гарч болох хүндрэлүүд 
Гузмания орчны чийг, дулаанаас болж амархан мөөгний гаралтай өвчинд өртдөг.
Навчны уганд хэт их ус хийвэл ургамал амархан үхнэ, үндэс болон ишний уг илжирнэ. Иймээс навчны голруу цэцэглэлт үед л ус 2-2,5 см хийж байна. 
Хөрсрүү хэт их ус хийвэл үндэс илжирнэ, үмхийрнэ. 
Нарны шууд тусгалд байлгавал навч түлэгдэж толбо үүснэ. 
Хуурай агаараас болж аалзан хачиганд баригддаг. "Щитовка" гэх шавьж иш, навчийг бор хүрэн толбоор бүрдэг. Энэ толбонууд дээр ширх амархан үржиж яваандаа нялцгай зүйл ялгаруулна. Дээр нь цагаан хөвсгөр хөвөн шиг зүйл ургадаг. Ийм ургамлыг савантай усаар угаах, бүлээн шүршүүрт оруулах, хор цацах зэрэг арга хэмжээ авна.
Навчны үзүүр хатах нь - агаарын чийгшил маш бага байна, навчин таваг дотор ус алга байна, эсвэл хэт хатуу усаар услаад байна гэсэн шалтгаануудаас болдог.
Хэт хатуу, шохой ихтэй усаар шүршээд/услаад байхаар цагаан хээ, толбо навчин дээр үлддэг. Заавал зөөлрүүлсэн, эсвэл шүүсэн, эсвэл хэдэн өдөр задгай саванд байлгаж хлоргүй болгосон бүлээн ус хэрэглэнэ.
Ургамал үхсэн - хөрс хэт нойтон байлгаснаас. Хэт услаад хүйтэн газар тавьсан. Мөн цэцэглээд дуусахдаа угаасаа ургамал үхдэг. Энэ бол хэвийн явц.

No comments:

Post a Comment